МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг ОХУ-д бензины хангалт ямар нөхцөл байдал...

ОХУ-д бензины хангалт ямар нөхцөл байдалтай байна вэ?

Дэлхийн томоохон газрын тос олборлогч, экспортлогч ОХУ 2026 оны зунаас дотоодын зах зээлээ бензинээр тогтвортой хангах асуудалтай дахин нүүр тулаад буй билээ. Одоогийн нөхцөл байдлыг Орос даяар шатахуун бүрэн тасарсан “системийн сүйрэл” гэж тодорхойлох нь хэтрүүлэг боловч зарим бүс нутагт бодит хомсдол үүсэж, нийлүүлэлтийн сүлжээ улам эмзэг болжээ.

Үнэн
Админ

Дэлхийн томоохон газрын тос олборлогч, экспортлогч ОХУ 2026 оны зунаас дотоодын зах зээлээ бензинээр тогтвортой хангах асуудалтай дахин нүүр тулаад буй билээ. Одоогийн нөхцөл байдлыг Орос даяар шатахуун бүрэн тасарсан “системийн сүйрэл” гэж тодорхойлох нь хэтрүүлэг боловч зарим бүс нутагт бодит хомсдол үүсэж, нийлүүлэлтийн сүлжээ улам эмзэг болжээ. Үүний гол шалтгаан нь нефть байхгүйдээ бус, харин түүхий нефтийг бензин болгон боловсруулах хүчин чадал доголдож байгаатай холбоотой.


2026 оны наймдугаар сарын 13-нд Reuters агентлаг Оренбург мужийн Орскийн газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны цохилтын улмаас ноцтой гэмтэж, засвар нь хэдэн сар үргэлжилж болзошгүй талаар мэдээлэв. Тус үйлдвэр жилдээ зургаан сая орчим тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд бензин, дизель, онгоцны түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэр зогссоны дараа Оренбург мужийн 287 шатахуун түгээх станцын 80 орчим хувь нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд тусгай зориулалтын болон яаралтай тусламжийн тээврийн хэрэгслийг түлшээр хангахад давуу эрх олгож эхэлжээ.


Энэ бол ганц үйлдвэрийн асуудал биш. Сүүлийн саруудад Украины дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг системтэйгээр онилж байгаа нь тус улсын түлш үйлдвэрлэх хүчин чадалд тасралтгүй дарамт учруулж байна. Нефть олборлох нь нэг асуудал, харин түүнийг АИ-92, АИ-95 бензин, дизель түлш болгон боловсруулах нь өөр асуудал юм. ОХУ түүхий нефтийн асар их нөөц, олборлолттой хэвээр боловч боловсруулах үйлдвэрийн тодорхой хэсэг ажиллагаагүй болох үед дотоодын бензиний нийлүүлэлт шууд агшдаг.
Өөрөөр хэлбэл, Оросын өнөөгийн асуудлыг “нефтийн хомсдол” бус “боловсруулах хүчин чадлын хомсдол” гэж ойлгох нь илүү зөв.


Үүн дээр зуны улирлын өндөр эрэлт давхацжээ. Автомашины хөдөлгөөн, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн ажил нэмэгдэх үед бензин, дизель түлшний хэрэглээ өсдөг. Харин яг энэ үед хэд хэдэн боловсруулах үйлдвэр засвар, халдлага, үйлдвэрлэлийн сааталтай тулгарвал зах зээлийн нөөц хурдан багасна.
Нөхцөл байдал ноцтой болсны хамгийн тод илрэл нь Москва бензиний экспортоо хязгаарласан явдал юм. ОХУ-ын Засгийн газар 2026 оны эхнээс дотоодын түлшний зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин болон зарим төрлийн түлшний экспортод хязгаарлалт тогтоож байсан бөгөөд дөрөвдүгээр сард бензиний экспортын хязгаарлалтыг үйлдвэрлэгч компаниудад хүртэл хамруулсан. Засгийн газар үүнийг улирлын өндөр эрэлт, хөдөө аж ахуйн ажил болон гадаад зах зээлийн нөхцөлтэй холбон тайлбарлаж байв.


Харин долдугаар сарын сүүлээр ОХУ бензиний экспортын хоригийг 2026 оныг дуустал сунгахаар шийдвэрлэснийг S&P Global мэдээлсэн. Шадар сайд Александр Новакийн мэдэгдсэнээр дотоодын зах зээлийн нөхцөл аажмаар тогтворжиж байгаа ч зарим бүс нутагт хүндрэл хэвээр байгаа аж.
Үүнээс нэг сонирхолтой дүр зураг харагдана. Дэлхийн нефть экспортлогч томоохон улс өөрийн үйлдвэрлэсэн бензинийг гадагш гаргахыг хориглож, дотоодын зах зээлдээ үлдээх шаардлагатай болжээ.


Үүгээр ч зогсохгүй ОХУ гаднаас бензин татах шаардлагатай болж эхэлсэн тухай мэдээллүүд гарч байна. Наймдугаар сарын эхээр Энэтхэгээс ОХУ руу бензиний анхны нийлүүлэлт орсон тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн. Мөн Казахстанаас бензин нийлүүлэх боломжийг ашиглаж байгаа ч долдугаар сард Казахстанаас ОХУ-д нийлүүлсэн хэмжээ есөн мянган тонн орчим байсан гэсэн мэдээлэл бий.
Энэ нь ОХУ нефтьгүй болсон гэсэн үг огт биш. Харин дайны нөхцөлд боловсруулах үйлдвэрийн тасалдлыг нөхөхийн тулд урьд өмнө төдийлөн шаардлагагүй байсан импортын сувгийг ашиглаж эхэлж байгааг харуулж байна.
Оросын хувьд асуудлын бас нэг эмзэг тал нь эвдэрсэн боловсруулах үйлдвэрүүдийг богино хугацаанд сэргээх боломж юм. Reuters-ийн мэдээлснээр Орскийн үйлдвэрийн гэмтлийг засварлахад хориг арга хэмжээний улмаас зарим импортын тоног төхөөрөмж, эд ангийг олж авах хүндрэл учирч байгаа бөгөөд үйлдвэр хэдэн сар зогсож болзошгүй байна.


Ингэснээр Украины стратеги ч тодорхой харагдана. Оросын нефтийн ордуудыг бүхэлд нь ажиллагаагүй болгох шаардлагагүй. Харин боловсруулах үйлдвэр, хадгалалтын байгууламж, логистикийн зангилааг тогтмол цохисноор нефть олборлож байгаа боловч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх боломжийг нь хязгаарлаж болно. Нэг үйлдвэр засагдаж дуусах үед нөгөө үйлдвэр ажиллагаагүй болох цикл үргэлжилбэл Оросын түлшний систем байнгын дарамтад орно.
Гэхдээ ОХУ маргааш бүхэлдээ бензингүй болно гэсэн үг бас биш. Тус улс асар том боловсруулах салбартай, үйлдвэрлэлээ бүс нутгуудаар дахин хуваарилах, стратегийн болон арилжааны нөөц ашиглах, экспортыг хязгаарлах, Беларусь, Казахстан зэрэг хөршүүдээс нийлүүлэлт татах боломжтой. Тиймээс Москва тодорхой хугацаанд дотоодын зах зээлээ зохицуулалтын аргаар тогтоон барих нөөцтэй хэвээр байна.


Харин ийм зохицуулалтын өртөг улам нэмэгдэнэ.
Нэгдүгээрт, бензиний экспортыг хаах тусам нефтийн компаниудын экспортын орлого хумигдана. Хоёрдугаарт, үйлдвэрүүдийг дахин дахин засварлах шаардлагатай болно. Гуравдугаарт, хол зайд орших бүс нутгуудад шатахуун хүргэх логистикийн зардал нэмэгдэнэ. Дөрөвдүгээрт, гаднаас бензин импортлох нь Оросын хувьд эдийн засгийн төдийгүй бэлгэдлийн хувьд таагүй үзэгдэл юм.


Эцэст нь хэлэхэд, 2026 оны наймдугаар сарын байдлаар ОХУ бензингүй болсонгүй. Гэхдээ дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгчдийн нэг дотоодын бензиний зах зээлээ тогтвортой байлгахын тулд экспортоо хориглож, импортын суваг ашиглаж, бүс нутгийн нийлүүлэлтийг дахин зохицуулах шаардлагатай болсон нь өөрөө анхаарал татах үзэгдэл юм.
Украины дроны цохилтууд үргэлжилж, томоохон боловсруулах үйлдвэрүүд ээлж дараалан ажиллагаанаас гарсаар байвал асуудал түүхий нефтийн хэмжээнд бус, “ОХУ олборлосон нефтиэ хэр хэмжээний бензин болгож чадах вэ” гэсэн асуултад төвлөрнө.
Монгол Улсын хувьд ч Орос бензинтэй юү гэдгээс илүүтэй дотоодын хэрэглээгээ хангачихаад Монголд нийлүүлэх хэмжээний илүүдэл бензинтэй хэвээр байх уу гэдэг нь ирэх саруудын хамгийн чухал асуудал болж байна.

 


М.Алтаннар
“Монголын үнэн” сонины 24705 дахь дугаар 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.