МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр З.Мэндсайхан: Төрөө бүсээ чангалж, зардл...

З.Мэндсайхан: Төрөө бүсээ чангалж, зардлаа танаснаар иргэдийнхээ орлогыг хамгаалж, тэдэнд очих ачааллыг бууруулна

Сангийн сайд З.МЭНДСАЙХАНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Үнэн
Админ

Сангийн сайд З.МЭНДСАЙХАНТАЙ цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Энэ оны батлагдсан төсөвт тодотгол хийхээр УИХ-д өргөн барилаа. Ямар нөхцөл, шаардлагын үүднээс  тодотгол хийхэд хүрэв, гол зохицуулалт нь юу байх вэ?


-2026 оны батлагдсан төсвийн зардлаас хасаж, хэмнэлт хийхээр төсвийн тодотголыг өргөн барилаа. Энэ нь цаг үеийн буюу дэлхий дахинаа үүсээд буй түлш шатахууны хомсдол, үнийн өсөлттэй холбоотойгоор үүсэж буй асуудлуудыг  боломжит түвшинд шийдвэрлэх зорилготой. Шалтгааны хувьд нэгдүгээрт, гадаад эдийн засгийн шок. Тодруулбал, дэлхийн геополитик буюу Орос-Украины болон Иран-Америкийн дайнаас үүдэлтэй нефть бүтээгдэхүүн болон эрчим хүчний салбарт үүсэж буй үнийн өсөлт гадаад орчинд маш өндөр байна. 

Үүний зэрэгцээ мах, хүнсний ногоо зэрэг дотоодын хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалж инфляцын түвшин өндөр гарч байна. Ийнхүү инфляц өсөж байгаа нь эргээд иргэдийн худалдан авах чадварыг шууд муутгаж байна. Мөн шатах тослох материалын гол нийлүүлэгч улс болох ОХУ-д  дайнаас үүдсэн нийлүүлэлтийн тасалдал үүсэх болсон нь манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнчлэн 2026 оны төсвийг баталсны дараа багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг нэмж баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор зохицуулалт хийх буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүссэн. Ингэснээр тавдугаар сарын 1-нээс Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар багш, эмч нарын хоёр шатлалт буюу ойлгомжгүй цалингийн системийг цэгцэлсэн. Үүний тулд  салбарын сайд нарын батлагдсан зардлыг урагш татах байдлаар зохицуулалт хийсэн байсан. Улмаар оны эцэст дутагдах дээрх хоёр салбарын цалингийн асуудлыг  бүрэн шийдвэрлэх зорилгоор мөн төсвийн тодотголыг өргөн барьсан гэж ойлгож болно. Энэ бол төсөв тодотгох нэг үндэслэл. Хамгийн чухал зорилго нь иргэдийнхээ орлогыг хамгаалах явдал гэдгийг тодотгоё. Эдийн засгийн энэ тогтворгүй үед Засгийн газар  төсвийн тодотголоор дамжуулан иргэдийнхээ орлогыг хамгаалах бодлого гэж ойлгож болно. Нөгөө талдаа инфляцыг бууруулах зорилгоор хүнсний стратегийн нөөцийг бүрдүүлэх, мөн эрчим хүчний аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хангах үүднээс  энэ оны төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзлээ. 


-Төсвийн тодотголын 1.4 их наяд төгрөгийг хэнд, хэрхэн зарцуулах вэ гэдэг асуултад таны хариултыг сонсъё?


-2026 оны батлагдсан төсвөөс нэг их наяд 440 орчим тэрбум төгрөгийн зардлын шууд хасалт хийнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар байж болох бүх түвшинд таналт, хэмнэлт хийнэ гэсэн үг. Эрүүл мэнд, боловсролоос бусад бүх салбарт таналт хийнэ. Ингэснээр дээрх хоёроос бусад салбарын сайд нар үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэж таарна. Гэхдээ бид цалингаа тавиад, ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Ингэж хаана, хаанаа таналт хийснээр 1.4 их наядын орон зайгаар иргэдийнхээ орлогыг хамгаалж, ахуй амьжиргаанд нь асуудал үүсгэхгүйн тулд эрчим хүчний үнийг нэмэхгүй, гол нэрийн бараа бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн зэрэгцээ  соёл, спорт, шинжлэх ухаан зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлэхээр тодотголд тусгалаа. Учир нь,  үйлчилгээний албан хаагчдын цалин төрийн албаныхнаас ялгаатай болсон байсан тул үүнийг нэг түвшинд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн суурь тэтгэврийн хэсгийн хэрэгжих хугацааг нааш татаж, 2027 оны нэгдүгээр сар бус 2026 оны арваннэгдүгээр сарын 1 байхаар оруулж ирж, зардлын таналтаар санхүүжүүлэхээр тодотголд тусгасан. 


-Төсвийн тодотгол батлагд­санаар тодорхой түвшинд цалингийн нэмэгдэлтэй, Монгол Улс энэ өвөл гал алдахгүй, хүнсний хангамжийн дутагдалд орохгүй нь гэж ойлголоо. Тэгвэл хөрөнгө оруулалт хэрхэх вэ, энэ тухайд ямар бодлого баримталж байна вэ?


-Инфляцыг хамгаалах зорилгоор Төв банк бодлогын хүүгээ нэмсэн. Энэ бол зах зээл дээрх эдийн засгаа агшааж байна гэсэн үг. Сангийн яамны баримталж буй бодлого бол бид хөрөнгө оруулалтын ажлуудаа зогсоохгүй байх. Яагаад гэвэл, хөрөнгө оруулалтын төсөл болгоны ард хувийн хэвшил байдаг шүү дээ. Цаана нь компанийн бизнесийн орлого, ажилчдын цалин амьжиргаа байгаа учраас үүнийг хөндөхгүй. Дотоодод инфляцын өсөлтийг барьж чадах бүтээгдэхүүн юу вэ гэхээр дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамж. Тиймээс Засгийн газар мах, ногоо, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, цаашлаад хүнсний агуулах барих замаар хувийн хэвшлүүдээ дэмжье гэж байгаа юм. Үүнд төсвийн тодотголын хүрээнд нийтдээ 150 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн зардлаараа санхүүжүүлнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор ярихад өнгөрсөн хавар жишээлбэл, махны нийлүүлэлттэй холбоотой асуудал үүслээ шүү дээ. Тиймээс 2026-2027 оны өвлийг цаашлаад махны нийлүүлэлт багасдаг хаврын улиралд иргэдийн хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнийг өсгөхгүй байх, улмаар үүнийг дагасан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах зорилгоор 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан. Мөн дотоодын улаанбуудай тариалагч аж ахуйн нэгж, иргэдээсээ 100 мянган тонныг бэлтгэе гэж байгаа юм.

Энэ бол дэлхий нийтэд үүсээд буй дайн самуунтай холбоотойгоор  үүсээд буй эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд хүнсний нөөцөө бүрэн хангаж авах бодлого. Үүнийг дагаад инфляцын өсөлтийг хязгаарлая. Нэг талдаа Монголбанк мөнгөний бодлогоороо эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлаж байгаа бол нөгөө талдаа Засгийн газар нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хязгаарлая, ингэхдээ гол хүнсний нэрийн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтэд арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Ер нь хүнсний ногоог нөөцлөх шаардлагатай.

Энэ жил 20 орчим мянган тонн хүнсний агуулах барихад зориулж аж ахуйн нэгжүүддээ зээлийн хөнгөлөлтийн татаасыг өгөхөөр төлөвлөсөн. Мөн шатахууны нөөцийг бүрдүүлэх, үнийн хэлбэлзлээс хамгаалах хүрээнд өнгөрсөн онд УИХ-аар шатахууны нөөцийн сав барих боломж бүхий эрх зүйн зохицуулалтыг хийсэн буюу хуулиа баталсан. Үүний дагуу Засгийн газар зээлийн хүүгийн татаасыг шатахууны агуулах сав барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, нефть импортлогч компаниуд маань шатахууны нөөцийн сав бэлтгэх зорилгоор арилжааны банкуудаас зээл авахаар бол тухайн зээлийн хүүд Засгийн газраас татаас олгоод явна. Засгийн газрын хувьд 300 мянган тонн шатахуун нөөцлөх боломж бүхий нөөцийн сав барих ажил эхэлсэн. Энэ намраас эхнээсээ ашиглалтад орохоор ажиллаж байна. Энэ ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байна. Энэ бол стратегийн зарим бараа бүтээгдэхүүний нөөцийн хангамжийг тогтворжуулахтай холбоотой нэг ажил.


-Эдийн засгийн савлагаатай энэ цаг үед эрчим хүчний үнийг нэмэхгүй гэдэг сайн мэдээг Засгийн газраас дуулгалаа. Гэхдээ орлого нь зарлагаа нөхөж чадалгүй олон жил явж ирсэн энэ салбарт дутагдалтай санхүүжилтийг хэрхэн шийдвэр­лэхээр төлөвлөж байна вэ?


-Дэлхий нийтээр үүссэн энэ тодорхойгүй цаг үед эрчим хүчний найдвартай байдал маш чухал байна. Энэ тухайд Засгийн газрын баримталж буй бодлого бол иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэхгүй буюу эрчим хүчний салбарт тарифын өсөлт  үүсгэхгүй гэж байгаа юм. Товчхондоо,  дулаан цахилгааны үнэ өсөхгүй гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор өртгөөсөө доогуур борлуулж буй энэ зөрүүг буюу импортын хамааралтайгаар үүсэж буй тарифын өсөлтийг Засгийн газар эрчим хүчний салбарт татаас болгож өгч байгаа юм. Энэ нь дээр дурдсанчлан батлагдсан төсвөөс хэмнэж буй 1.4 их наяд төгрөгөөс санхүүжүүлэх нэг арга хэмжээ гэж ойлгож болно.  Энэ тухайд 107.3 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Ингэж нэг талдаа тарифын зөрүүг төр олгож байна. Нөгөө талдаа эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагаагаа хангах зорилгоор 92.7 тэрбум төгрөгийг эрчим хүчний  салбарт буюу энэ өвлийг амжилттай давах буюу системээ найдвартай ажиллуулах чиглэл болох засвар үйлчилгээнд зориулахаар тусгалаа. Ингээд эрчим хүчний салбарт үндсэндээ 200 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор олгохоор төлөвлөөд байна. 


-Засгийн газар төсөвт тодотгол хийж, таналт хийхээ зарласан ч тодорхой салбарын цалинг нэмэхээ мэдэгдээд байна. Боловсролын болон бусад салбарын цалингийн нэмэгдэлд хэчнээн төгрөгөөр зарцуулахаар төсөвлөсөн бэ?


-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөө мөдгүй эхлэх гэж байна. Энэ цаг үед  хүрэлцээнээс авахуулаад нэг анги дахь хүүхдийн багтаамж, зай талбайн асуудал хөндөгддөг. Тиймээс Засгийн газар “Хотхоны бага сургууль” гэдэг шинэ хөтөлбөрийг  2026-2027 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх гэж байна. Сургуулийн байр шинээр түрээслэх, багш ажилчид гэхээр мөн л эдийн засагт тэлэлт үүсээд байдаг талтай. Тиймээс “Хотхоны бага сургууль”-ийг байгуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Үүний тулд хувьсах зардлыг нь төр шийдээд явахаар буюу 50 тэрбум төгрөгийг тодотголд тусгалаа. Боловсролын салбарын тухайд цалингийн нэмэгдэлтэй холбоотой 674.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор мөн оруулж ирж байна.

Үүнийг төсвөөс хэмнэсэн 1.4 их наяд төгрөгөөс  санхүүжүүлнэ. Төр ингэж боловсролын салбарын багш, ажилчдын дунд үүссэн байсан цалингийн зөрүүг шийдэж байгаа юм. Ингэж боловсролын салбарынхны цалин хөлсийг 50 хувиар, мөн эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан. Энэ шийдвэр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс шууд хэрэгжиж эхлэхээр байна. Түүнчлэн өнгөрсөн жил эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалинг нэмсэн атал  нөгөө талд төрийн үйлчилгээний салбарынхны цалин хэвээр үлдсэн буюу орхигдсон. Нэг ёсондоо төрийн албаны цалингийн систем хөрөөний ир шиг болчихсон учраас ялгамжтай байдлыг арилгах үүднээс төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр мөн тусгаж оруулж ирээд байна. Үүнд 80.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон төрийн үйлчилгээний бүх төрлийн ажилтан, албан хаагчид маань цалингийн нэмэгдэлд хамрагдахаар болж байна.   


-Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн мөрдөх хугацааг наашлуулсан нь ямар учиртай вэ. Ахмадуудын тэтгэврийн нэмэгд­лийг цаг алдалгүй олгож эхлэх шаардлага үүссэн гэж үзсэн хэрэг үү?


-УИХ-ын хаврын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг гаргаж ирсэн юм. Ингэснээр  одоо бага тэтгэвэр авч буй иргэд маань илүү өндөр суурь тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсад олон жил ажилласан ч тэтгэврээ багаар тогтоолгосон олон мянган ахмад настан бий. Энэ зөрүүг арилгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр байсан. Энэ хуулийн үйлчлэлд 450 гаруй мянган ахмад настан хамрагдаж байгаа юм. Эдийн засгийн тогтворгүй бөгөөд инфляцын өсөлттэй энэ цаг үед Засгийн газар нэн тэргүүнд ахмадуудынхаа тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан олон өөрчлөлтөөс зөвхөн ахмад настантай холбоотой хэсгийг нааш татаж, тодотголд тусгаснаар ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадууд маань тэтгэврийнхээ нэмэгдлийг авах боломж үүсэж байгаа юм. Үүнд 196.3 тэрбум төгрөгийн төсөвлөлөө. Ингэснээр ахмадууд маань  100-300 мянган төгрөгийг тэтгэвэр дээрээ нэмж авах боломжтой болох юм. Бага дүнтэй тэтгэвэр авдаг ахмад настан дунджаар 300 мянган төгрөг, их авдаг бол 100 мянга ба түүнээс дээш гэх зэргээр шатлалтайгаар тэтгэврийн нэмэгдлээ авна. Мэдээж үүнийг Засгийн газар байж болох бүх хувилбараар танасан зардлаас санхүүжүүлнэ. 

 М.ӨНӨРЖАРГАЛ


"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.