Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.08.25) Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, С.Лүндэг нар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж буй энэ цаг үед хуулийн төслийг өргөн мэдүүлж буй нь санамсаргүй хэрэг биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцолж, төсөлд тусгагдсан онцлох зохицуулалтуудыг танилцуулав. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжүүлж үр нөлөөг дээшлүүлэх, нэгдсэн бодлого, удирдамжаар хангах “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ” (National protected area network) гэх харилцааг хуулийн төсөлд шинээр тусгасан байна. Үндэсний сүлжээ нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын байгаль хамгааллын зорилго бүхий ангилалд орсон газар нутаг, Ойн тухай, Усны тухай хуулиудаар хамгаалагдсан бүсүүдээс бүрдэх ажээ.
Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгааллын чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, байгаль хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан зохицуулалгүй явж ирснийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна. Үндэсний сүлжээний нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх гол механизм нь мэдээллийн цахим систем болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө байх бөгөөд уг төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг хангах байгаль орчны бүсийн зөвлөлд нутгийн иргэдийн оролцуулахаар тусгажээ. Мөн тус бүс нутагт газар ашиглахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаж, экосистемд сөрөг нөлөөгүй, танин мэдэхүйн болон байгальд түшиглэсэн аялал жуулчлал аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр заасан байна.
Төсөв санхүүгийн дутагдалтай байдал нь тусгай хамгаалалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелэлтийг хангахад хүндрэл учруулж буйг өөрчилж, олон улсын нийтлэг жишгийн дагуу олон эх үүсвэрээс бүрдүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, хамгаалалтын захиргааны тогтвортой санхүүжилтийн шинэ механизмуудыг бий болгох замаар өөр өөрийгөө санхүүжүүлж төсвийн дарамтыг бууруулах боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.