Ачаалж буй салбарт “Цагаан алт”-аар өнгө нэмэх боломж
Хүн төрөлхтөн байгаль дэлхийг хэзээ ч шавхагдашгүй ундаргатай мэтээр эндүү бодсон тэр цагаас өнөөдрийн эхлэлийг тавьсан.
ЗАГВАРЫН САЛБАРЫН БҮДЭГ ГЭГЭЭ
Хүн төрөлхтөн байгаль дэлхийг хэзээ ч шавхагдашгүй ундаргатай мэтээр эндүү бодсон тэр цагаас өнөөдрийн эхлэлийг тавьсан. Нүхэлж, ухаж, тасдаж, сүйтгэж болох бүхэнд гар хүрч, эзэн сууснаар системийн өөрчлөлтөд шилжиж амьтай бүхний чухал хэрэгцээ болсон шимт бүхэн нөөцгүй болжээ. Өнгөрсөн хагас зууны хугацаанд зарим нь үгүйрэн барагдаж дахин сэргэхээргүй болсныг дурдах нь илүүц биз. Бас одоо энэ цаг хугацаатай уралдан хорогдож байгаа баялгууд нүдэнд ил байна. Энэ бүхэн ганцхан өнгөрсөн зууны алдаанаас улбаалаагүй. Хөгжил, хүний шунал хоёр савнаасаа хальсан тэр үеэс эхлэлтэй. Байгаль хүний хэлээр хүүрнэхгүй ч эд эсээрээ хариу үйлдэл үзүүлж анхааруулсаар байсан. Харамсалтай нь, түүнийг ойлгох ухаан хүнд байсан ч амин хувийн ашгаа эхэнд тавьснаас өнөөдөр ирээдүйн тухай ярихад бэрх болоод байна. Үүнийг хүмүүс ухаараагүй биш ухаарсан. Гэхдээ аливаа хорогдол, үгүйрэл хувийн амьдрал, аж байдалд нь тулгараад ирэхийн цагт алхам хийж эхэлсэн юм. Нэгэнт устаж, алга болсон зүйлийг дахин сэргээх боломжгүй.
Харин одоо байгаа бүхнээ хайрлан хамгаалж, өсгөж үржүүлж, судлан шинээр буй болгох нь нэн чухал. Үүнд дэлхийн улс орон болгоны хамтын ажиллагаа, хэл соёл, зан заншлаас үл хамааран хүн бүрийн оролцоо шаардлагатай. Ийм хамтач үзэл бодлын дор нэгдсэн бүхэн зорилгоо тодорхойлон бусдадаа нөлөөлөх арга хэмжээг авч эхэлснээс хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн. Гэсэн хэдий ч өнөөх хамаг бүхний тэргүүнд зогсож эзэн суух далд ухамсар нь өөрчлөгдөхгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Харин үүнтэй хамт нэг гараанаас эхэлсэн салбар салбарын хөгжлийн зураглалд “эко” нэр багтсанаар бүдэг гэгээ үзэгдэх боллоо. Ийм нэгэн салбарт хувцас загвар багтах бөгөөд хэрэглээнээс илүү үйлдвэрлэлийг өнгөрсөн хугацаанд зах зээлд гаргаснаа ойлгож хариу арга хэмжээ авч эхлээд байна. Тод жишээ гэвэл, Францын нийслэл Парис байгальд ээлтэй хувцас загварын хот болохоор төлөвлөөд удаагүй. Энэ хотод хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд “Paris Good Fashion” хөгжлийн бодлогыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр болжээ. Үүний туйлын зорилго нь Парисын загварын долоо хоногийг байгальд ээлтэй хувцас загварын цөм болгох гэж хэтийн төлөвөө гаргасан байна. Ингэснээр хувцас загварын салбарын шинэ ирээдүйг тодорхойлно хэмээн үзэж байгаа ажээ.
ҮНЭ ЦЭНИЙГ ИЛТГЭХ ЭНГИЙН БҮХНИЙ ТӨЛӨӨ...
Өөрчлөлт ганцхан сар эсвэл жилийн дотор бий болохгүй. Эхний алхмаа хийж бага ч атугай урагшилсны дараа урдах зам тодорно. Үүнээс юу ажиглагдсан гэхээр дизайнерууд тансаг хийцтэй атлаа аль ч цагт өмсөх загварыг гаргах болсон. Деталийг хувиргах замаар загварыг өөрчлөх боломжтой үйлчилгээг хүмүүст санал болгож хэтийдсэн үйлдвэрлэлээс илүү кутюр бүтээгдэхүүнд анхаарал хандуулж байна. Энэхүү өөрчлөлтийн дүнд хүмүүс хэрэглээндээ зориулан цөөн тооны сонголтыг оновчтой хийх болсон юм. Үр дүнд нь хувцасны шүүгээн дэх хэзээ өмсөх нь мэдэгдэхгүй хувцас цөөрч хэрэглэгчид минимал сонголт хийх боллоо. Бас байгальд ээлтэй материалыг сонгох хүсэл зорилго загварын салбарт онцгой ажиглагдаж байна. Шинэ сонголтыг дагасан шинэ мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ боловсон хүчнүүдийг бэлддэг салбарт дохио өгөх болжээ. Материалын эко мэргэжилтнүүдээс эхлээд сэтгэл судлалын чиглэлд “загварын” гэх тодотголтой судлаачийн эрэлт хэрэгцээ гарч ирлээ.
Манай улсын хувьд хувцас загварын салбар өөрийн гэсэн онцлогтой. Жилийн дөрвөн улиралтайгаас хэрэглээ дагасан худалдан авалт хийдэг. Нийгмийн хөгжлийг дагасан тансаг зэрэглэлийн брэндүүд сүүлийн жилүүдэд түрэн орж ирсэн. Нөгөө талдаа инфляц дагасан үнийн хөөрөгдөл иргэдийн худалдан авалтад нөлөөлж хэмнэлтийн горимтой болоод удаж байгаа нь нууц биш. Ийм үед оновчтой сонголт хийдэг худалдан авагчид олширсон бөгөөд Монголын дизайнерууд тэдэнд зориулж “хувиргадаг” хувцас санал болгох болсон. Загварын энэ үзэгдэл дэлгэрээд удаагүй ч үр дүн нь муугүй. Ялангуяа 2000 оноос хойш төрсөн залуучуудын хэрэглээнд нийцэж байж магадгүйг худалдан авагчдын насны онцлогоос ажиглаж болох юм. Нөгөө талдаа сүүлийн жилүүдэд үндэсний дээлээ улирал харгалзахгүй өмсдөг соёлтой болж байна. Материалын хувьд энгийн, өнгө голдуу засварын дээл, хантааз хүн бүрийн шүүгээнд байдаг болсон. Мөн баяр ёслолын үед ч шүр, сувдаар чимэглэсэн энгэрийн зүүлт, толгойн гоёл, зүүлттэй хослуулан монгол дээлээ өмсөх соёл дэлгэрээд байна.
Монголын загварын салбарт идэвхтэй ажиллаж байгаа зарим дизайнер арьс ширээр давтагдашгүй загвар гаргаж байгаа юм. Хэдийгээр материалаа дотоодоосоо бүрэн шийдэж чадахгүй байгаа ч боловсруулж чадвал эрэлт хэрэгцээ байгаа гэдгийг тэд харуулж байна. Үүнтэй зэрэгцэн ноолууран бүтээгдэхүүн Монголын загварын салбарыг дэлхийд таниулах нэрийн хуудас болж байна. Эко бүтээгдэхүүний эрүүл мэндэд тустай байдал чанар, үнэ цэнийг илтгэх загварлаг бүтээгдэхүүнийг сонгох хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа юм.
ЗАГВАРЫН ӨНГИЙГ “ЦАГААН АЛТ”-ТАЙ СҮЛЬЕ
“Цагаан алт” гэхээр монгол хүн андахгүй. Малын гаралтай түүхий эдээ боловсруулан загварт оруулж хэрэглэгчдэд бүтээгдэхүүн болгон хүргэх хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг нэгтгэдэг санаа. Монгол Улсын Төрийн тэргүүн нь хүртэл “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан ноос ноолуур, арьс ширээ үнэд хүргэх, үүнтэй уялдуулан малчдын орлого, үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг алсдаа нэмэгдүүлэх гэсэн алсын бодлоор эхлүүлсэн ажил гараанаасаа гараад үргэлжилж байна. Үүнийг загварын салбартай уялдуулан монгол малын түүхий эдээр бүтсэн хувцас эдлэлээр дэлхий дахинд эрүүл хэрэглээг түгээн дэлгэрүүлэх боломж бидэнд байна. Ялангуяа энэ цаг үед Монгол Улсад зохион байгуулж байгаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлын үеэр онцгойлон харуулахаар болсон нь олзуурхууштай юм.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Fashion for Land” бизнес форум, загварын шоуг танилцуулахаар болоод байна. Монголын брэндүүд хог хаягдлын эсрэг нэгдэж байгаагаа зарлаж COP17-ийн "Ногоон бүс"-д орчин цагийн чиг хандлагыг илэрхийлсэн коллекцоо энэ сарын 19-нд танилцуулсан. Энэ үеэр монгол ноолуурын үнэ цэн, чанар болон байгальд ээлтэй хэрэглээ болохыг харуулснаараа онцлогтой байв. Монголын загвар, соёл, бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх хөтөлбөр энэ сарын 25-нд COP17-ийн "Цэнхэр бүс"-д үргэлжилнэ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын албан ёсны үйлдвэрлэлийн түнш болох “Nolur cashmere” энэ өдөр эко загваруудаа үзүүлэх нь. Харин үүний өмнө буюу 24-ний өдөр загварын салбарт ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байгаа төлөөллөөс бүрдсэн бизнес форумыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Форумын үеэр тавих илтгэлээс онцлох нь, “Capra Cycle” LLC гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнийн “Цөлжилтийг сааруулах материалын инновац”, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяагийн “Монголын хувцас загварын салбарын тогтвортой хөгжил”, “Түмэн торго” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Очирнямын “Mongolian Heritage and Sustainable Fashion Hub” сэдэв байна.
Энэхүү форум нь Монгол Улсын загвар, нэхмэл, хувцас үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгчид, дизайнерууд, стилистүүд, судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн болон мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглаж, өв соёл, үндэсний үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, байгаль орчин, загварын бизнесийн ирээдүй зэрэг асуудлыг нэг цогц ойлголтын хүрээнд хэлэлцэх зорилготой. Орчин үеийн загварын салбарт үйлдвэрлэл, хэрэглээний хурдац нэмэгдэхийн хэрээр хувцасны хэт хэрэглээ, богино хугацааны хэрэглээний мөчлөг, нэхмэлийн хог хаягдал, үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудлууд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед цагаа олсон форум болохыг оролцогчид хэлж байгаа юм.
Б.СИЙЛЭН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин