УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум дугуй ширээний болон бүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Дээд түвшний манлайллын хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан санаа, туршлагад тулгуурлан оролцогчид Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн авч хэрэгжүүлж болох бодит арга хэмжээг тодорхойлохоор дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, санал солилцов.
Парламентын төлөөлөгчид зургаан хэсэгт хуваагдан цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн боломжууд, хууль тогтоох, төсөв, хяналт, төлөөллийн чиг үүргээрээ дамжуулан Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгахын тулд ямар бодит арга хэмжээ авч болох, парламентын үйл ажиллагаанд саад болж буй гол бэрхшээлүүд, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэднийг манлайлагч болгоход ямар арга хэрэгсэл, мэдлэг, түншлэл шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.
Дугуй ширээний энэхүү хэлэлцүүлэгт монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нар оролцсон.
“Амлалтаас үйл хэрэгт:Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг хааж, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлгээр бид цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, нийгмийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт гэдгийг дахин нотолж байна гэлээ.
Мөн энэхүү форумын хэлэлцүүлэг, ажлын хэсгүүдээс гарсан гол санаа, парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд зөвхөн энд хэлэлцэгдээд үлдэх бус, улс орон бүрийн парламентын бодлого, хууль тогтоомж, төсвийн шийдвэрт тусгалаа олж, бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Монгол Улсын Их Хурал ч цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх, газар нутгаа нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр парламентын манлайллыг бэхжүүлж, энд дэвшүүлсэн санал, санаачилгыг ажил хэрэг болгоход идэвхтэй хувь нэмрээ оруулах болно гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга хэлсэн үгэндээ онцолж байсан.
Түүнчлэн тэрбээр COP17 бага хурлын хүрээнд парламентын дуу хоолойг улам хүчтэй хүргэж, парламент хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал гээд өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг хэмээлээ.
Дараа нь дугуй ширээ бүрээс гарсан үндсэн зөвлөмж, саналыг бүлгийн төлөөллүүд танилцуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга бүлгийн саналаа танилцуулахдаа, улс орон бүр үндэснийхээ хэмжээнд хууль эрх зүйн орчныг ойлгомжтой тодорхой болгосноор хэрэгжилтийг хангах, парламентын хяналтыг үргэлжлүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн санхүүжилт, технологийг ухаалгаар ашиглах нь зүйтэй гэсэн гол санааг гаргасныг тодотгохын зэрэгцээ улмаар олон улсын парламент хоорондын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцолсон.
Эдгээр зөвлөмжүүдийг нэгтгэн “COP17-ийн Дээд түвшний парламентын форумаас гарах гол мессежүүд болон парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”-ийг боловсруулна. Талуудын 17 дугаар бага хурлын үеэрх дээд түвшний парламентын форумаас тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүд нь цаашид цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал боловсруулахад тусгагдаж, Конвенцын хэрэгжилтийг дэмжих сайн туршлагын жишээ, хэрэгслээр парламентын гишүүдийг хангах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.