Надад үлдээсэн нагацын их өв хөрөнгө
Миний халуут нагац Зэгвэ гэж ёстой л хүний хайлан, аавын дайтай ах, ахан дүүсийн манлай байлаа.
Миний халуут нагац Зэгвэ гэж ёстой л хүний хайлан, аавын дайтай ах, ахан дүүсийн манлай байлаа. Тэрээр бага балчир насандаа хийдэд сууж, шашны ном үзэж, бас ч төвд, монгол бичиг сурч ухаажиж байтал улс төрийн их дайрлага дайрч 1938 он гаргангуут эрдэм номтой, гавж цолтой гэсгүй мяндагтай төрсөн ах Бат-Очирыг нь баян чинээлэг том толгой шар феодол гэж шууд баривчлан, цаазлаж, бүх эд хогшил.мал хөрөнгийг нь хуу хаман ёстой л “Модыг нь бариулсан” гунигт хувь заяа угтжээ.
Гэвч 30 гаруйхан настай нагац маань сэтгэлийн их тэвчээр, биеийн их хүч гарган хар болж, хураалгаснаас үлдсэн арав тавхан малаа бөөцийлөн өсгөж, арга ухаан сүйхээлж, ур дарх хийн амьдралын их шуургыг сөрсөн гэдэг.
Аз таараад лам багш нь эрдэм номтой тулхтай сайн хүн байснаас гадна уран сийлбэр хийдэг ухаалаг хүн байсан нь их нөлөөлсөн байна.
1930-аад оны сүүлчээр залуу лам нарыг сүм хийдээс хөндийрүүлж, лам нарын артель (хоршин ажиллах нийгмийн сайн дурын байгууллага) бий болж түүнд элсэн орж модон болоод чулуун сийлбэр, алт мөнгөний дархан гээд аль тааралдсан бүгдийг хийж, улмаар сум аймагтаа “Уран” хэмээн үнэлэгдэж ажиллах урам зориг ч орж амжилт бүтээл, алдар нэрэнд хүрсэн гэдэг. Ийм л сайхан сэтгэлт, сайхан санаат халуут нагацын халамжинд өсч өндийснөө өөрийн аз заяа хэмээн одоо ч өвгөн би шүтэн биширсээр авай.
Энэ хүн “эд хөрөнгө түр зуурынх, эрдэм ухаан насан мөнхийх” гэж нялх настай нойтон үстэйгээс минь сургаж, юу ч сурсан эрдэм, ажил хөдөлмөр хүнийг авч явдаг юм хэмээн биднийг багад, эрт босгож орой унтуулж ногт чөдөр зангидах, уяа дээс томох, хонь хяргах, ямаа самнах, сааль сүү саахыг хүртэл заан сургаж байлаа.
Хүн ажил сурах, сурснаа хийж өөрийн болгох, хүний гар, ам харахгүй ажиллаж байхын чухлыг хар бага наснаас ингэж ойлгуулж байсан нь ач зээ бидэнд ёстой л үнэт хөрөнгө болсоор өдий хүрлээ дээ. Хүүхэд залуус та нар ажил эрдмээс гадна хүнийг сайхан хүндлэж, зөв харилцажддарсан зүдэрсэнд тус дэм болж хүн шиг л байж үзээрэй дээ. Хэзээ ч монгол хүнд "хүн чанар" гэж нэг юугаар ч сольж болдоггүй "эрдэнэ" бий шүү гэж сургаж, өөрөө үлгэрлэн дагуулж байсан нь зайлшгүй өвлөх их хөрөнгө байжээ гэж одоо ч үр хүүхэд ач гуч нартаа бид захисаар байдаг.
Тэр дундаа энэ цаг үед хүний мөс чанар ихэд хайлж, хүн хүнээ хүндаэхээ байсан, төр засаг түшмэл удирдлагаа тоохоо байсан, бараг хүн хүнээсээ айдаг болсон эдүгээ цагт жинхэнэ амин сүнс үг төдийгүй, үйл ажил болгомоор, өдөр тутамд хэрэгжүүлж хэвшүүлэхээр нэн ялангуяа ахмадууд, ахмадын байгууллага, төр олон нийтийн байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарал үүрэг зорилго болох ажил буюу. Аав, ээж, авга, нагац, ахмад настан хэн бэ гуайн ч энэ алтан сургаал айл өрх бүхэнд байсан юмаа.
Харин (байсан юм) гэж өнгөрсөн цаг дээр өгүүлж байгааг та бүхэн анхаарч анзаарч байгаа байх. Энэ нь нэг үгээр хэлбэл эцэг эх, ахмадууд, авга нагац нь үр хүүхдээ ач зээгээ хүмүүжүүлж хүн болох, хүн байх тэр арга замыг заахаа байчихсан.
Хатуу үгээр хэлбэл "ор тас хаячихсан" гэсэн үгээ!!!. Хүнийг байтугай хурга, ишиг, унага, тугал, ботго тормыг ч сайн малчин хүн их л анхаарч арчилж, ажиглаж байж бойжуулдаг шүү дээ. Хүнд эд хөрөнгө өвлүүлэх, байшин, орон сууц, машин тэрэг үлдээх бол амархан. Энэ тийм сайн өв хөрөнгө болж байна уу?,үгүй юу?.
Харин ухаан муутай хүмүүжил боловсрол багатай нь "хөрөнгөндөө сагаж хүнээ байдаг ч" явдал бас бий шүү!!.
Харин нагацын маань надад үлдээсэн хөрөнгө өв, хүмүүжил сургаал үе хойчдоо эзэмшүүлээд байвал нэгэн насны төдийгүй хэдэн зуунд ч үлдэх бөгөөд хулгайд үл алдах, үер, галд үл автах "үнэт эдлэл" бөгөөд үнэ цэнэ нь үл буурах юм л гэж хүн бүхэн ойлгомоор юм даа.
Монголчууд амны билэг сайтай, ашдын билгийг багаас нь эзэмшүүлдэг аргатай. Энэ бүхэнд аав, ээж, ах,эгч,авга нагац айл саахалтынхан, ахмадууд хэн хүнгүй анхаарч ажилладаг, хүүхэд залуусаа сайн удмын сайн хүн болгох гэж хичээдэг тэр л хүмүүжлийн их сургууль энэ үед их чухал боллоо доо !.
Энэ бүхнийг төр засаг.сургууль боловсрол, ахмад залуучуудын олон байгууллага бодоого боловсруулж зорилго тавьж, хамтын хүчээр айл өрх бүрт хүрэх тийм зохион байгуулалттайгаар ажиллавал бас ч үр дүн гарч үлгэр нөлөөлөл өсөх буйзаа хэмээн санана.
Хүнээ хөгжүүлэх гэвэл хүнээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүний хөгжлийг зөвхөн төгссөн сургууль,авсан дипломоор хэмждэг тэр цаг үе хойно хоцроод байна.
Харин хүний хөгжил гэдэг хүнлэг, хүмүүнлэг ухаалаг хүнийг л өсгөж бойжуулж чадвал тэр хүн эрдэм ажил сурна, эх орноо,эх хэл соёл уламжлал.ахуй амьдралаа авч явж чаддаг болму гэдгийг баттай, ноттой хэлж чадах байна.
З.ЦЭВЭЭНРАВДАН
/Монгол Улсын Гавьяат багш/
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.