МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээни...

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй болжээ

Үнэн
Админ


Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал ирүүлсний дийлэнх нь төрийн үйлчилгээний хүндрэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудлыг хөндсөн байсан. Эдгээрээс хамгийн олон давтагдсан нь Зээлийн мэдээллийн сан, иргэдийн нэрлэж заншсанаар “хар жагсаалт”-тай холбоотой асуудал байсан юм.


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, “хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн билээ.

Үүний дагуу Монголбанк зээлийн мэдээллийн үнэн зөв, шуурхай байдлыг сайжруулах, иргэдийн мэдээлэл авах болон алдаа залруулах үйлчилгээг цахимжуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж бодит үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн талаар өнөөдөр мэдээлэл өгөв.


Тухайлбал, иргэд зээлээ төлсөн даруйд зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт орж шууд шинэчлэгдэх болжээ.

Мөн үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээллүүд нь  зээлийн оноонд нөлөөлөхгүй болж, эдгээр мэдээлэл нь зээлийн лавлагааны "Бусад өр төлбөр" хэсэгт тусдаа харагдахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний төлбөрийг зээлийн онооноос тусгаарласан байна. Уг шийдвэрийн үр дүнд нийт 690 гаруй мянган өр төлбөрийн мэдээлэл зээлийн оноо тооцох тооцоолоос бүрэн гарсан аж.


Түүнчлэн төрийн үйлчилгээг цахимжилжуулах, хүнд суртлыг бууруулах хүрээнд есдүгээр сарын 20-ноос эхлэн Зээлийн мэдээллийн сангийн алдаатай мэдээллийг залруулах хүсэлтийг цахимаар хүлээн авч, тав хоногийн дотор шуурхай шийдвэрлэхээр болжээ. Улмаар зээлийн мэдээллийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэд үүнтэй холбоотой гаргасан өргөдөл, гомдлоо  өөрөө хянах тусгай цэсийг шинээр нэвтрүүлсэн байна.


Хяналт шалгалт, нөхцөл байдлын үнэлгээний хүрээнд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудад зээлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн, үнэн зөв нийлүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Мөн зээлийн чанарын дүн шинжилгээний тухайд Зээлийн мэдээллийн сангийн 2026 оны 07 дугаар сарын 31-ний мэдээллээр 1.5 сая төгрөг хүртэлх ангилал буурч, хаагдсан зээлтэй 27,975 зээлдэгч байгаагийн 77.1 хувь нь ББСБ-ын зээлдэгч байна. Бага дүнтэй болон финтек зээлийн онцлогт нийцүүлэн зээлийн дүн, хугацаа, эрсдэлээс хамаарсан ангилал болон скорингийн жинг ялгавартай тогтоох зохицуулалтыг судалж эхэлж байгаа талаар мэдээлэлд дурдав.


Цаашид бага дүнтэй зээлийн мэдээллүүдийн онооны ангиллыг уян хатан болгох, зээлийн дүн болон хугацаанаас хамааруулан ангилал, оноо зэргийг тогтоох журмыг шинэчилж иргэдэд ээлтэй болгохоор ажиллаж байгаа аж.


Түүнчлэн банкууд иргэнд зээл олгохоос татгалзсан гол шалтгааныг ойлгомжтой тайлбарлах нийтлэг шаардлага тогтоох журмын өөрчлөлтийг бэлтгэж байгаа талаар Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын дарга Л.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус сангүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.