"Үнэн" сониноо 70 жил захиалан уншиж, 60 жил хэвлэн нийтлэгч болсон минь
Монгол түмний ууган хэвлэлийн анхдагч, утга төгөлдөр билиг зохист яруу, ард зондоо соёлын гэрэлт мөр цацраасан их хувьсгалын үзэл санааг тунхаглан зарлаж гэгээн үйлсэд нийт олноо уриалан дуудаж ардач хэвлэлтэй ураг холбон садан хэдийнэ болсон хэмээн би өөрийгөө бардаагаар хэлж сүсэлж явдаг.
Монгол түмний ууган хэвлэлийн анхдагч, утга төгөлдөр билиг зохист яруу, ард зондоо соёлын гэрэлт мөр цацраасан их хувьсгалын үзэл санааг тунхаглан зарлаж гэгээн үйлсэд нийт олноо уриалан дуудаж ардач хэвлэлтэй ураг холбон садан хэдийнэ болсон хэмээн би өөрийгөө бардаагаар хэлж сүсэлж явдаг. “Үнэн" нэртэй байх үеэс захиалагч уншигч болж, улмаар хэвлэн нийтлэгчээр олон арван жилийг туулсандаа бахархдаг. 1950 оны дунд хэрээс ЕБС-ийн долдугаар анги төгсгөөд хүндэтгэх шалтгаанаар үргэлжлүүлэн суралцаж амжилгүй жил өнжсөн тул сумын захиргааны өгсөн чиглэл, сумын ХЗЭ-ийн хорооны шийдвэрээр багт ухуулагч, хэсгийн ахлагчийг хавсран хийх даалгавар авсан тул миний бие АИХ-ын депутат Ш.Лувсанжанцан гуайн багт ажиллах болсон юм.
Дарга: -За чи чухал үүрэг хүлээсэн залуу хүн юм чинь сайн ажиллана шүү. Сайн ажиллавал урамшилтай шүү гэж урам хайрлаж билээ. Би ухуулагч болж айлаас айлд, хэсгээс хэсэгт ард иргэдийг цуглуулж ярих сэдвээ тайлбарлана. Ингэж явахдаа аймгийн “Эрх чөлөө" сонин, "Үнэн" сонины ухуулагчийн “Өврийн дэвтэр“ зэргийг цүнхлэн үүрч явна. Ухуулагч хийхдээ сум оронд болж байгаа зорилтоос таниулан ярьж, "Үнэн" сонины хуудас дэлгэн уншиж тайлбарлана. Олон нийтэд ярих сэдвээ тэмдэглэн авснаа товч тодорхой ярина. Үүнийгээ багийн даргад танилцуулна. Урмын хариу өгнө.Ухуулга хийж байхад зарим хүн асуулт тавьж хариулт хүснэ.Жишээлэхэд, нэг өвөгжөөр хүн босож, "Атомын бөмбөг аюултай, хөнөөлтэй гэж хэвлэл номд бичээд л радиогоор яриад байх юм. Аль зэрэг гайхалтай эд вэ, тэр чинь хэлээд өгөөч хүүхээ!" гэв. Энэ зэвсгийн хор уршгийн талаар мэдлэг дутмаг байсан тул би "Энэ талаар мэдэж аваад танд дараа уулзахдаа хариу өгье" гэв. Тухайн хүний асуултад хариу өгөхийн тулд сумын дунд сургуулийн физикийн багш Даштай уулзаж тэмдэглэж авснаа түүний тухай багш гоц гойд хариулт өгөөгүй ч надаас хавьгүй дээр байсан тул өвгөнд хариулт болгосон юм.
Ерөөс “Үнэн", “Эрх чөлөө“ хоёр сонин л надад зөвлөх нөхөр маань байв. Ухуулагч хийхээс гадна залуу хүмүүсийн дунд зохиох ажил олонтой. Энэ нь хэсгийн ахлагчийн зохиох ажил тул цана, чаргаар гулгана. Тэдний дунд уралдаан зарлана. Хавар төл бойжуулах ажил, намар хадлан бордоо бэлдэх ажил өрнөнө. Энэ цаг үеийн компанит ажилд залуучууд хошуучлах ёстой. Аль хэсгийн ажил ахицтай явна. Аль нь хоцорч төл хорогдолтой байгааг тооцно. Манлайлж яваад нь улаан дарцаг гардуулна. Тааруу хэсэгт нь дохио сануулга өгнө.Сумын эвлэлийн хорооны шинэ он угтсан ажилд шилжин явах туг 25 төгрөгөөр намайг шагнаж билээ. Ажил сайтай гэж шалгарсан миний бие хойтон Улаанбаатар хотод сургуулиасаа томилолт авч Багшийн сургуульд хөлгийн жолоо залав. Багшийн сургуульд явахад нас өндөр аав ээжийн алиныг ч авч явсангүй учир сумын холбоочин нагац ах минь шуудангийн машинд суулгаж явуулсан. Багшийн сургуульд очоод суралцаж байх явцдаа улсын Гавьяат багш Ч.Палаантай танилцсан минь учиртай. Энэ эрхэм Багшийн сургуулийн захирал байснаа хараагүй болсон учир “Үнэн" сонины хэд хэдэн дугаар өвөртөлж явдаг. Тэр сониноо оюутны байр тасгаар орж хэн нэгнээр уншуулж сонсоно. Оюутнуудаас яарч алгасан уншвал утга алдрахыг андахгүй. Чи дахин унш гэнэ. Би ч Палаан багшийн сонинг олон удаа төвөгшөөхгүй уншиж өгсөн дөө. Бид хоёр дотно болов. Багш төвийн сонинуудын идэвхтэн бичигч ажээ. Багш юмаа хэлж бичүүлнэ. Сонины газар дагуулж таягаа тулж орохдоо редакцын хэн нэгэнд цээжээр хэлж бичүүлнэ. “Үнэн" сониндоо ганц хоёр мэдээ бичсэн учир хоёул идэвхтэн бичигч гэдгээ мэдэлцэв. Ингээд Палаан багшийн хөтөч дагуул нь болов.Би Багшийн сургуулийн дэргэдэх утга зохиолын дугуйланд суралцдаг байв. Бидний нөхөд бичсэн шүлэг, өгүүллэгээ уншиж хэлэлцээд шилдэг нь гэсэн сэдвээ хэвлэлд өгнө. Манай дугуйланд тус сургуулийг төгсгөсөн бүтээл нь олны дунд түгсэн зохиолч Л.Түдэв, С.Дашдооров, М.Цэдэндоржоос гадна ахмад зохиолч Д.Намдаг, Ч.Лхамсүрэн нар ирж зөвлөгөө өгдөг байв. Тэд бидэнд дүрслэн илэрхийлэх зүйлээ гүйцэд гаргах,үг сонголтыг оновчтой олох,найруулгыг ойшоох тухай хэлнэ. Бидний бичсэн бүтээлээс уншуулж сонсоно.
Урлах эрдмээ улам сайжруулахыг зөвлөнө.Яруу тод сэтгэлд буутал дүрслэх талаар Ч.Лхамсүрэн гуай зөвлөхдөө:
-Ц.Дамдинсүрэн “ Зугаацахаар мордсон нь" шүлгийнхээ “Уул" хэсэгт
Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй оргил
Мөгөөрст нимгэн хоолойтны
Дуу нь хүрээгүй оргил гэж дүрсэлсэн нь уулын сүрлэг өндрийн хэр хэмжээг зааж хэлээгүй үгийн сонголт яруу дүрслэлээр тэгж гаргасан байдаг. Та нар мэдэх үү? гэнэ.
М. Цэдэндорж гуай:
-Үг сонголтыг илүү оновчтой,үүнээс илүү үг олдохгүй нь гэтэл эрэл хайгуул хэрэгтэй.
В.Маяковский:
"Нэг ончтой үгийг эрж олох гэвэл мянган үгийн хүдэр малтаж байж олно" гэсэн байдгийг сана.
Энэ нь сүмбэр уулын оргилд мацан хүрсэнтэй адил мацаад хүрч очлоо гэтэл цаана нь хүрэх оргил байвал орхиж болохгүй биз гэв. Нээрэн ч цаст Эверестэд монголжуу эр Дэнзэн, Норгой нар яаж мацаж мэтгэж байж хүрсэн билээ дээ.
1950-аад оноос өнөөг хүртэл хугацаанд ууган хэвлэлийг түүчээлэгчид мөр мөрөө дагаж сонинг эрхэлж байсан Г.Дэлэг, Ц.Намсрай, Л.Түдэв нар ард зоноо соён гэгээрүүлэх их үйлийн хөтөч байсныг бид мартах аргагүй. Миний бие “Монголын үнэн” сониныхоо 70, 80, 90, 100 жилийн ойд дурсамж, сэтгэгдлээ бичиж ойнуудад оролцож байснаа санасан ч “Ган үзэгтэн“, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан“ болсноо ч АБТА, МУСТА, ШУТА, ЗҮХТА зэрэг таван салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэнээ ч дотно нөхөр мэргэн зөвлөгч “Монголын “үнэн“ сониноо мэдлэг чадвар дадлын нөөц өгөөж, нөмөр нөөлөг хэмээн санасаар ирсэн юм.
Ж.ГУН-ААСҮРЭН
/Монгол Улсын зөвлөх багш,доктор/