МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ж.Тана: Эх орноо гэсэн сэтгэлийг монгол...

Ж.Тана: Эх орноо гэсэн сэтгэлийг монгол хүний ой тойноос арчих боломжгүй

Өөрт байгаа боломжоос эх орондоо ирж хүсэл сонирхлын дагуу ажиллахыг сонгон Монголын нийгэм, улс төрийн амьдралын онцлогийг мэдэрч, таньж яваа залуусын нэг болох Ж.ТАНА энэ дугаарын маань зочин ярилцагч.

Үнэн
Админ

Өөрт байгаа боломжоос эх орондоо ирж хүсэл сонирхлын дагуу ажиллахыг сонгон Монголын нийгэм, улс төрийн амьдралын онцлогийг мэдэрч, таньж яваа залуусын нэг болох Ж.ТАНА энэ дугаарын маань зочин ярилцагч. Бусдаас түрүүлж өндөлзөн микрофоны өмнө ам уралдаад байдаггүй тэрбээр өнгөрсөн хугацаанд нам жим байсан ч 2011 онд эхлүүлсэн сургалтын хөтөлбөрөө үргэлжлүүлж хүүхэд залуусыг мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах хөтчийн ажлаа хийсээр 15 жилийг үджээ.   
          
ХҮН ТАВ ТУХТАЙ БҮСЭЭСЭЭ ГАРЧ ИЛҮҮ ӨРГӨН ОРОН ЗАЙД ОРОХ ТУСАМ ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛДАГ

-Таны амьдралдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юу байсан бэ?


-Миний амьдралд хамгийн том өөрчлөлтийг бий болгосон зүйл бол боловсрол. Хүүхэд байхдаа аавынхаа мэргэжлийн онцлогоос шалтгаалж олон янзын зан заншил, соёлтой дэлхийн улс орнуудад суралцах боломж надад олдсон юм. Улс орон болгон харилцан адилгүй өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тухайн нөхцөлд тохируулан ирээдүйн зорилгоо тодорхойлж суралцах нь надад илүү дөхөм санагддаг байв. 
Дунд сургуульд, Америкт сурч байхдаа боломжоороо тэндхийн сайн сургуульд элсэх зорилго тавьсан нь хожим намайг Харвардын оюутан болоход хөтөлсөн. Хүмүүс “Аав нь гаднын улс орнуудад ажилладаг учраас том боломж олдсон” гэж хэлэх байх. Аливаа амжилт бол өөрт байгаа боломж, хичээл зүтгэл хоёрын огтлолцолд байдаг.


-Зорилгодоо хүрэх эхний алхмаа та юу гэж тодорхойлж байв?  

 
-Зорилго том байх нь чухал биш. Бага багаар тууштай урагшлах л хэрэгтэй. Миний эхний алхам ч тийм  байсан. Яг энэ сургуульд орно гэж бодолгүй өөрт байгаа бүхнээрээ, чадлаараа хичээгээд үзье гэж бодсон. Өөр нэг дурдах ёстой зүйл нь хүрээлэл. Хүн тав тухтай бүсээсээ гарч  илүү өргөн орон зайд орох тусам өөрийгөө дайчилдаг. Бас өмнөхөөсөө илүүг хийж бүтээж чадахаа ойлгодог. Үүнийг амьдралынхаа олон мөчлөгт ахин дахин мэдэрсэн. Тухайн цаг үед баримталж байсан зарчим одоо ч хэвээрээ.    


-Зорьсон, зориглосон бүхэн хүслээр болдог гэвэл худлаа хэлсэн болно. Урам хугарч, бүтэлгүйтсэн үедээ юу танд урагшлах хүч өгдөг байсан бэ?


-Аав, ээж хоёр маань надад “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлдэг. Багаас суусан энэ төлөвшлөөрөө илүү их хичээвэл илрэх байдал нь эергээр тусаж ажил хөдөлмөрийг маань тэтгэдэг юм шиг санагддаг. Бас бүх зүйлийг гаднаас хараад дүгнэх боломжгүй.  Гаднаас нь харахад агуу байх албагүй. Системтэйгээр явахад хэсэг хугацааны дараа үр дүнд хүрсэн байдаг. Ер нь өөрөөсөө шалтгаалах бүхнээ л гүйцэтгэлтэй хийх нь чухал. 


-Хэл сурахад хүрээлэл маш чухал байдаг. Харин та хүрээллээ хэрхэн бий болгосон бэ?


-Багаасаа гадаадад сур­сан учраас хэлний хувьд хүрээлэл үүсгэх шаардлага надад байгаагүй. Харин хэл сурахын тулд өөртөө хүрээлэл бий болгосон жишээнээс хуваалцмаар байна. Харвардад өргөдлөө өгөөд ярилцлагын шатанд тэнцсэн тохиолдолд өмнөх төгсөгчдөөр ярилцлага авахуулдаг тогтсон соёлтой. Би сүүлийн 10 гаруй жил Монголоос өргөдөл гаргагчдаас ярилцлага авч байна. Сүүлийн жилүүдэд орон нутагт боловсрол эзэмшсэн сурагчид Харвардын их сургуулийн  ярилцлагын шатанд тэнцэж байна. Тэдэнтэй ярилцахдаа би “Англи хэлээ яаж сурсан бэ” гэдгийг сонирхон асуудаг. Мэдээж интернетийн тусламжтай англи хэл сурах эх сурвалжуудыг хаанаас ч олж болно, хангалттай байгаа. Гэхдээ англи хэлээр ярилцах орчин буюу хэрэглээ үүсэхгүй бол хүмүүстэй харилцаж чадахгүй. Тиймээс хамгийн гол нь хүсэл зорилго нэгтэй хүрээллээ үүсгэх юм. Яг ийм замаар хэлний мэдлэгээ сайжруулсан, одоо Харвардад сурч байгаа монгол оюутан бий. Тэр охин аймагтаа англи хэлний клуб байгуулж хэл сурах сонирхолтой хүүхэд залуусыг нэгтгэсэн. Хамтдаа хичээлээ давтаж суралцсаар хэлний түвшнээ ахиулж чадсан сайн туршлагатай. Ингэж хүн хүрээллээ үүсгэх, нэг зүйлийн төлөө зорьж байгаа хүмүүстэй хамтарснаар бүтээмжээ нэмэх боломж бүрддэг.
 
ГАДААДАД, ЕР НЬ ХААНА Ч МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ИЛҮҮ ОЛОН БАЙГААСАЙ

-Таныг Харвардад бакалаврын боловсрол эзэмш­сэн анхны монгол төгсөгч гэдэг. Олон улс үндэстний соёл бүрдсэн орчинд эх орноо төлөөлөх нэг талаараа том хариуцлага болдог байсан уу? 


 -Цөөнх байх нь ганцхан өгөгдлөөрөө дүгнэгдэх гээд байдаг талтай. Тийм болохоор гадаадад, ер нь хаана ч монголчуудын төлөөлөл илүү олон байгаасай гэж хүсдэг. Үүнд өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой юм байна гэж бодон, их сургуулиа төгсөх жилээ хүүхэд залууст зориулан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санаачилж 2011 онд Монголд ирээд эхлүүлсэн нь “Монголын залуу эрдэмтэн хөтөлбөр” юм. Бидний зорилго хүүхэд залуусыг мөрөөдлийнхөө сургуульд элсэхэд туслах, бас хөгжин дэвших хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдэд боломжийг нээж өгөх юм. Гаднын шилдэг их сургуулиудын оюутан багш нар зуны цагт ахлах ангийн сурагчдад маань хичээл заадаг. Жил ирэх тусам хөтөлбөрт хамрагдаж байсан сурагчид маань мөрөөдлийн сургуулиуддаа элсэн, өөрсдөө багш, зохион байгуулагчаар эргэн ирдэг болсон. Энэхүү хөтөлбөр маань 2013 онд “Зориг” сангийн албан ёсны хөтөлбөр болж, 15 жилийн турш тууштай үргэлжилж байна. Энэ 15 жилийн хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажилласан  хувь хүн, байгууллага олон байсан учраас өнөөдрийг хүртэл хүүхэд залуус хөтөлбөрт маань  үнэ төлбөргүй хамрагдаж байна. Саяхан бид 15 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Анх нэг жижигхэн танхимд багтдаг байсан хамт олон маань одоо 450 төгсөгч, 100 гаруй багш, зохион байгуулагчтай өнөр өтгөн хамт олон болтол өргөжсөнийг харах сайхан байлаа. 


-Сүүлийн жилүүдэд “Монголоос явах юмсан, тэт­гэлэгт хамрагдаад гадаадад сурах юмсан” гэсэн хүсэлтэй залуус олширсныг та анзаарсан байх. Тэдний энэ бодлыг эерэг­шүүлэх мессежийг та хөтөлбөрийнхөө нэг хэсэгт оруулдаг уу?


-Мэдээж залуус зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хөгжүүлж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нь зөв. Харин монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо гэсэн бодол хадгалаастай байдаг. Үүнийг монгол хүний ой тойноос арчих боломжгүй гэж би хувьдаа боддог юм. Яагаад гэвэл, хүн төрөлхтний хамгийн том хэрэгцээ бол гэр бүл, нийгмийн харилцаа. Гадаадад хэчнээн сайхан амьдарч байсан ч нийгэмших мэдрэмжээ бүрэн авч чаддаггүй. Аав ээж, өвөө эмээ, найз нөхөд, хайртай дотнын хүмүүс нь бүрэн байхгүй учраас нэг л идээшиж өгдөггүй. Тиймээс зорьсон сургуульдаа сурч, мэргэжлээрээ ажиллаж туршлагажаад эх орондоо эргэн ирье гэсэн эрмэлзэл их байдаг. Харин энэ үед тэдэнд юу шаардлагатай байна вэ гэдгийг сайн бодолцож үзэх хэрэгтэй.  


-Таны бодлоор?


-Тэдэнд ажлын байр хэрэгтэй. Бас мэргэжлээрээ ажиллаад өсөж дэвших эрүүл нийгэм шаардлагатай. Түүнээс биш гадаадаас ирж байгаа хүмүүс дэлхийн жишигт нийцсэн өндөр цалин авъя гэж тэр болгон боддоггүй. Сүүлийн үеийн технологид суурилсан орчин нөхцөлд ажиллая гэж ч хүсдэггүй. Харамсалтай нь, сонирхолтой, үр дүнтэй ажлыг гэр бүлтэйгээ ойр амьдарч хийхийг хүсдэг боловч тэр боломж хангалттай бүрдээгүй байдаг.  
Үр дүнтэй ажиллана гэдэг нь байнгын суралцах орчинд, өөрийн хэмжээнд хувь нэмэр оруулж байгааг мэдэрч ажиллах юм. Харин хэт босоо тогтолцоотой, өөрчлөлтөд дургүй орчинд ийм нөхцөл бүрдэх нь ховор байдаг. Тиймээс төрд ч, хувийн хэвшилд ч “Үүнийг ингэж л хийдэг, ийм байдаггүй юм” гэх мэтээр шинэчлэлийг хүлээж авдаггүй байдлыг анзаарч цалин харьцангуй бага байсан ч, өөрийн ажилдаа эзэн болж ажиллах боломж, байгууллагын соёлыг бий болгоход  анхаарах хэрэгтэй. Миний хувьд ажиллаж байгаа орчиндоо ийм орон зай, нөхцөлийг аль болох бүрдүүлэхийг хичээдэг. Хүмүүст  хариуцсан ажилдаа бүрэн эзэн болох орон зайг өгч, өсөж дэвших боломжийг нь нээлттэй байлгах, эргэх холбоотой орчныг өөрийнхөө эргэн тойронд бүрдүүлэхийг чухал гэж боддог.

АЖИЛ БОЛ ХҮНИЙ ХАМГИЙН ИХ ЭНЕРГИ ЗАРЦУУЛДАГ ТАЛБАР

-Та “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албыг ахалж ажиллаж байгаад хэсэг хугацаанд нам жим боллоо. Түр амсхийх хугацааг өөртөө өгөв үү. Эсвэл улс төрөөс завсарлага авч хувийн ажилдаа анхаарал хандуулаад байна уу?


-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албыг ахалж  байхдаа ажлын шаардлагаар нийтэд мэдээлэл өгөх зорилгоор  хэвлэл мэдээлэл, цахим эх сурвалжуудад ханддаг байсан. Энэ хороо татан буугдсанаас хойш хувийн ажлаа үргэлжлүүлэн хийж, олон нийтийн өмнө гарахгүй болсон учраас тэгж санагдсан байх. Түүнээс биш би нийгмийн ажилд идэвхтэй хэвээр. Одоо хувиараа зөвлөх үйлчилгээ явуулж байна. Байгууллагын стратеги тодорхойлох, бүтээмжийг нэмэгдүүлэх, аливаа асуудлыг чанартай судалгаанд үндэслэн шийдэх гэх мэт урьд нь Маккинзи компанид хийж байсны адил менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг олон нийтэд ил болгох хэрэгцээ, шаардлага бага байдаг юм. 


-Олон боломжоо хойш тавиад Монголд ирж ажилласан сонголтын талаар одоо асуух нь илүүц биз?


-Би Монголд 2023 онд ирсэн. Түүнээс хойш өнгөрүүлсэн гурван жил миний хувьд маш сонирхолтой байгаа. “Тэгдэг байж дээ” гэж харамсах зүйл огтхон ч алга. Ирээд хийсэн алхмууддаа ч сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл мэдэхгүй байсан олон зүйлийнхээ талаар мэдэж авлаа. Өөр улсад олон жил ажиллаж байгаад Монголд ирээд удаагүй төрийн ажилд оролцож үзсэн. Тэнд ажил яаж явдаг, соёл нь ямар байдаг вэ, ямар хүмүүстэй ажилладаг вэ гэх мэтчилэн олон зүйлийн тухай ойлголттой болсон. Энэ  хугацаанд их зүйл сурахын зэрэгцээ өөрийгөө олон талаар нээж чадлаа. Гаднах орчны талаар ч илүү их ойлголт авч байна.


-Туршлагатай боллоо, одоо эргээд улс төрд ороод үзье гэсэн бодол төрж байна уу?


-Миний хувьд хамгийн үр дүнтэй ажиллаж болох газар хаана байна, тэнд л би ажиллахыг хүсдэг. Ажил бол хүний хамгийн их энерги зарцуулдаг талбар болохоор үр дүн, бүтээмжтэй байдлыг хамгийн түрүүнд эрхэмлэдэг. Арав гаруйхан насандаа тавьж байсан зорилго маань  одоо ч гэсэн хэвээрээ, өөрийн хэмжээнд Монголынхоо хөгжилд мэдсэн сурснаа яаж нэмэрлэж болох вэ гэдэгт анхаарсаар байх болно.   


-Социал демократ Монголын залуучуудын холбоонд харьяалагд­даг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ байгууллагын талаарх таны бодол өөрчлөгдсөн үү, гаднаасаа бол эрх барьж байгаа намын залуус гээд их л бийлэгжүү мэтээр харж, харддаг? 


-Социал демократ Монголын залуучуудын холбоо бол хичээл зүтгэлтэй, зорилгынхоо төлөө гар нийлж чаддаг залуу хамт олон. Намын дэргэдэх байгууллага гээд олон талаар хардаж сэрддэг тохиолдол байдаг л байх. Гэхдээ энэ байгууллагын нэг хэсэг болж, уур амьсгалыг нь мэдрээгүй мөртлөө өнгөц дүгнэх нь өрөөсгөл. Одоо би энэ холбооны Хяналтын  хорооны даргаар ажилладаг. Нийгэмд, залуучуудад хандсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг, үүнийг хамтын хүч хөдөлмөрөөр, хөрөнгө мөнгөө ч өөрсдөө босголцож шийддэг. Бас нэгэнд нь ямар нэгэн зүйл тохиолдвол нийтээрээ хөдлөх хүчийг би эндээс мэдэрсэн. Эдгээр залуусаас өнгөрсөн хугацаанд маш их зүйл сурсан. Олон ч сайн найзтай боллоо. Бүгд дор бүрнээ ажилтай, завгүй явдаг мөртлөө холбооноос хийнэ гэж зорьсон ажилдаа сэтгэлээ бүрэн дүүрэн зарцуулж чаддаг. Хэн нэгэнд нь онцгой ямар нэгэн үйл явдал тохиолдоход цэцэг бариад ирдэг.
Нэг нэгнийхээ ажлыг сэтгэлээрээ дэмждэг хамт олны нэг болсондоо үнэхээр баярладаг. 


-Та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ хэр баргийн зүйлд дуугараад байдаггүй зантай?


-Хүн бүр л өөрийн хэв маяг, үзэл бодолтой. Миний хувьд хэлж байгаа үг гэхээс илүү хийсэн ажил маань намайг илтгээсэй гэж хүсдэг. Тэр зарчмынхаа дагуу урдах ажлаа тултал нь сайн хийгээд явахад анхаардаг. 

ХӨГЖЛИЙН ЭРГҮҮЛЭГТ ХӨЛ АЛДАХААС ҮНДЭСНИЙ ХЭЛ, СОЁЛ Л СЭРГИЙЛЖ ЧАДНА

-Германы зохиолч Герман Хессегийн алдарт “Сиддхарта” туужийг монгол хэлнээ хөрвүүлснээс хойш өөр ном барьж авсан уу?


-“Сиддхарта”-г би дурлаж орчуулсан. Надад гүн сэтгэгдэл төрүүлсэн болохоор бусдад хэрэгтэй байж магадгүй гэдэг үүднээс энэ номыг монгол хэлээр унших боломжийг бүрдүүлсэн. Ер нь ном орчуулахыг маш чухал гэж боддог хүмүүсийн нэг нь би. Яагаад гэвэл, монгол уншигчдад дэлхийн бүх хэлээр шинэлэг санаа, сонирхолтой зүйлийг нээж өгч байгааг зөв гэж үздэг. Харин би өөрөө дахиж ном орчуулахын тухайд бол бараг үгүй л болов уу. Учир нь, номын дэлгүүрүүдэд борлуулалтаараа тэргүүлж байгаа нь ихэнхдээ орчуулгын бүтээлүүд байна. Гэтэл одоо манай уншигчдад орчин цагийн Монголын утга зохиолын бүтээлүүд илүү их хэрэгтэй байна гэж би хувьдаа бодсон. Тэгээд ч ном орчуулахад маш их хугацаа зарцуулдаг. Хэрвээ дахиад ямар нэг номтой холбоотой цаг зарцуулах болбол монголоор бичих ёстой гэсэн зорилго тавьсан. Гэхдээ ном бичихээр суух гээд байгаа хэрэг биш. Үнэхээр орчин үеийн монгол бүтээлүүдийг улам илүү дэлгэрээсэй гэж хүсдэг. Хөгжлийн эргүүлэгт хөл алдахаас үндэсний хэл, соёл л сэргийлж чадна. Тиймээс хүмүүсийг монгол хэлээрээ илүү их бичээсэй гэж хүсэх болсон. Яг энэ санаа зовж байгаа зүйлдээ нэг их хувь нэмрээ оруулаагүй ч  тэдгээр хэл бичгийн соёлоо байгаагаар нь  авч яваа хүмүүсээ дэмжих юмсан гэж зорьдог. 


-Одоо та ямар ном уншиж байгаа вэ?


-Яг одоо гэвэл гадаад ном л доо. “Улс орон яагаад мөхдөг вэ” (Why Nations Fail) номыг дахин уншиж байна. Мөн “Good Inside: A Guide to Becoming the Parent You Want to Be” хүүхэд хүмүүжлийн номыг уншиж байгаа.   


-“Амьдрал бол аялал” гэж хүмүүс ярьдаг. Зүүн Ази судлалаар мэргэшсэн танд очихоор зорьж байгаа газар орон байгаа эсэхийг лавлаад ярилцлагаа өндөрлөе. 


-Гэр бүлтэй болохоор аялал гэдэг ойлголт их өөр болдог юм байна. Тав тухтай орчин бий болгохгүй бол бүгдээрээ ядрах учраас одоохондоо аялах төлөвлөгөө гаргаагүй. Харин ээжийн хэрэгцээ шаардлага их үедээ явж байгаа болохоор түүнийгээ илүү жаргалтайгаар хийхийг хичээж байна.

 Б.СЭЛЭНГЭ

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.