МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм "ЗУД" киноны анхны үзэлтийн тэмдэглэл: Л...

"ЗУД" киноны анхны үзэлтийн тэмдэглэл: Лхамын харцыг үзэх гэж дахиж очно

Дэлхийн кино урлагийн ертөнц Холливудын баатруудын эрин дууссан гэдгийг зарлачихсан. Хүн төрөлхтөн дотоод мэдрэмж, хүн чанар, мөн чанарынхаа эрэлд гарч кино урлагаараа, хөгжим, дуу бүжгээрээ эрэлхийллээ илэрхийлэх гэж оролдсоор л байна. Монголчууд бид ч ялгаагүй. Хэн гэдэг үндэстэн хүн өвөг байхаас үл шалтгаалаад оюун санааны цоо шинэ, цэвэр тунгалаг шилжилтийн зүг хүн төрөлхтнийг түүчээлэн нүүхийг хүснэ. Эрэлхийлэл, нүүдлийн замын төгсгөлд бидний мөн чанар, хүн чанар байгаа ч юм билүү.

Үнэн
Админ

Дэлхийн кино урлагийн ертөнц Холливудын баатруудын эрин дууссан гэдгийг зарлачихсан. Хүн төрөлхтөн дотоод мэдрэмж, хүн чанар, мөн чанарынхаа эрэлд гарч кино урлагаараа, хөгжим, дуу бүжгээрээ эрэлхийллээ илэрхийлэх гэж оролдсоор л байна. Монголчууд бид ч ялгаагүй. Хэн гэдэг үндэстэн хүн өвөг байхаас үл шалтгаалаад оюун санааны цоо шинэ, цэвэр тунгалаг шилжилтийн зүг хүн төрөлхтнийг түүчээлэн нүүхийг хүснэ. Эрэлхийлэл, нүүдлийн замын төгсгөлд бидний мөн чанар, хүн чанар байгаа ч юм билүү.
“Зуд” гэдэг үг монгол хүний ой санамжид тэсч үлдэх, даван туулах гэдэг үгээр кодлогдсон байдаг. Мөн л ялгаагүй мөс чанар, хүн чанарын илэрхийлэл ч яригддаг. Учир нь монголчууд бид тэгээд л кодлогдчихсон ард түмэн. “ЗУД” кино байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүний дотоод мөн чанарын эрэл рүү шилжүүлэн уншихыг оролдсон бүтээл болжээ.
МУСТА Б. Чингүүний найруулсан, Mogul Pictures-ийн бүтээл “ЗУД” уран сайхны кино 72 минутын хугацаанд нэгэн гэр бүлийн амьдралд тохиосон хачирхалтай учралаар дамжуулан туулж өнгөрүүлсэн амьдрал, алдагдаж одсон цаг хугацаа, хүсээгүй дурсамж, сонгоогүй ганцаардал, хүлээлт, үнэн ба итгэл найдвар, өр нинжин сэтгэлийн хоорондох зөрчлийг өгүүлдэг.
Киноны үйл явдал хахир хүйтэн өвлөөр нутгийн алс хязгаарт өрнөнө. Малчин эмэгтэй Лхам охин Буд, хөгшин ээжийнхээ хамт амьдардаг. Цасан шуурганы үеэр Буд гэрээс хэлэлгүй гарч, түүнийг хайсан Лхам цасанд дарагдсан үл таних залууг олж амийг нь аварна. Ой санамж нь муудсан хөгшин ээж түүнийг олон жилийн өмнө сураггүй болсон хүү Даримтайгаа эндүүрнэ. Ингээд нэг гэрт нэгэн зэрэг дөрвөн өөр “үнэн” амьдарч эхэлнэ.
Хөгшин эхийн хүү нь эргэж ирсэн үнэн. Лхамын үнэн бол энэ хүн Дарим биш. Харин залуугийн үнэн бол тэр өөрөө ч мэдэлгүй хэн нэгний хамгийн их хүсэн хүлээсэн амьдралынх нь зорилго болсон нь үнэн. Энд өөр нэг үнэн маш итгэлтэйгээр оршин байгаа нь охин Буд аавыгаа эргэж ирсэн гэдэгт итгэсэн үнэн.
Энэ дөрвөн үнэний дунд “ЗУД”-ын үндсэн драм үргэлжилнэ.
Монгол киноны хувьд зуд, цасанд дарагдсан өвөлжөө, хөлдөж осгосон мал, нүднээ торох ч харгүй цасан далай болсон тал нутаг шинэ сэдэв биш. Яагаад гэвэл бидний амьдрал ахуй, туулж ирсэн түүх нүүдэлчин соёл байгаль дэлхийтэй салшгүй холбоотой. Гэхдээ энэ бүтээлийн сонирхолтой тал нь зудыг зовлон гамшиг эсвэл зовлонгийн шалтаг шалтгаан болгон харуулах гэж оролдоогүйд оршино. Тэр нүд сохром цагаан талын наранд гялалзсан их цас сөх ямар учиртай юм бэ гэж өөрийн эрхгүй л бодогдоно. Цас тухайн кинонд бараг л ямар нэг метафор, эсвэл сэтгэлзүйн ямар нэг зөрчил болон хувирна. Гадаах ертөнц цасанд дарагдах тусам дүрүүдийн дотоод ертөнц илүү тодорно гээд байгаа ч юм уу.
Зудын үед зам хаагдана. Хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдана. Гадаад ертөнцөөс тасарна. Энэ нь драматургийн хувьд маш оновчтой нөхцөл. Учир нь дүрүүд хаашаа ч зугтаж чадахгүй. Тэд нэг гэртээ зөрчилдөөнөө давж нэг л үнэнтэй нүүр тулж үлдэнэ. Ийм нөхцөлд хүн өөрийнхөө жижигхэн нууцыг илүү том нууцаар дарж явсаар асар том худал хуурмагийн ертөнц бий болгох нь ч бий. Цас бүхнийг дардаг. Гэхдээ цасан доор байгаа бүхэн устдаггүй. Харин зарим зүйлийг түр хугацаанд нууж орхидог. Киноны гол нууц ч үүнтэй адил. Үнэн алга болоогүй. Зүгээр л цасан доор дарагдсан. Энэ утгаараа “ЗУД” киноны хамгийн хүчтэй метафор нь цас байж таарна.
Лхам олон үнэнийг мэдэж байгаа ч ээждээ ч тэр охиндоо тэр шууд хэлдэггүй. Энд киноны этик бий. Лхамын хийж буй үйлдлийг энгийнээр “худал хэлж байна” гэж тайлбарлахад дэндүү амархан. Гэхдээ тэр хэн нэгнийг ашиглахын тулд худал хэлээгүй. Харин хөгшин эхийнхээ олон жилийн хүлээлтийг, хүүгээ ирсэн гэх итгэлийг нураахыг хүссэнгүй. Эндээс үзэгчийн өмнө хэцүү асуулт гарч ирнэ. Үнэнийг хэлэх нь үргэлж зөв байдаг уу. Хэрэв чиний үнэн хэн нэгний амьдралыг сүйрүүлэх бол яах вэ. Хэрэв чи худлаа хэлснээр ёс суртахууны хувьд нэг шат доош буусан ч хэн нэгэнд үлдсэн хэдхэн хоногийг нь аз жаргалтай болгож чадах бол яах вэ. Хүнийг өвтгөх үнэн ба хүнийг хэсэгхэн хугацаанд жаргалтай байлгаж чадах худал хоёрын аль нь илүү ёс суртахуунтай вэ. Кино эдгээр асуултад хариу өгөхгүй төгсөнө. Мэдээж энэ бүх асуулт хүн төрөлхтний мөнхийн маргаан учраас. Та Лхамын байр суурин дээр очиж өөрийнхөө “үнэн”-ийг хайж эхлэх нь киноны гол зорилго.
Түүний сонголтыг киноноос харахад амархан. Харин өөрөө тэр нөхцөлд орвол яах байсан бэ гэдэг дээр асуудал өөрчлөгдөнө. Хүн гэдэг амьтан асуудал өөр дээр нь ирэх үед л жинхэнэ шийдвэрээ гаргадаг шүү дээ.
Г.Мандухайн бүтээсэн Лхамын дүр бол киноны сэтгэлзүйн гол тулгуур. Лхам бол орчин цагийн кино урлагийн хувьд “баатар” биш. Баатруудын эрин дууссан гээд дээр хэлснийг санаж байгаа биз дээ. Тэр ямар нэгэн том үйл хэрэг бүтээхгүй. Гайхамшигтай шийдвэрүүд гаргахгүй. Харин өдөр тутмын амьдралын жижигхэн сонголтуудын дунд хүний сэтгэлзүйн асар том ачааг үүрнэ. Үхэл үүдийг тогшоод ирчихсэн, өнөө маргаашгүй ирэх хөсөг тэргээ хүлээн суугаа хөгшин эхийнхээ итгэлийг, охиныхөө хөөр баярыг, өөрийнх нь хамтрагч болсон үл таних хүний өр нинжин сэтгэлийг яах вэ. Нийтлэг үнэнийг сонгосон тохиолдолд нөгөө тал ямар нэгэн зүйлээ алдах эрсдэлтэй.
МУСТА Д.Мөнхтөмөрийн бүтээсэн Дарим цасан шуургатай хамт гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл, Даримыг хаанаас ирсэн хэн байх нь огт чухал биш агаад өнгөрсөн цаг хугацааны дурсамж биежээд иржээ гэж болохоор.
Тэр яг хэн бэ гэдэг нь огт чухал биш. Харин түүнийг гэр бүл хэрхэн хүлээн авч байгаа нь асуудал. Хөгшин эх түүнийг өнгөрсөндөө алдсан хүүгээ орлуулж байхад Лхам түүнийг үл таних хүн гэдгийг мэднэ. Гэхдээ Дарим аажмаар өөрөө ч мэдэлгүй гэр бүлийн нэг хэсэг болж эхэлнэ. Энд найруулагчийн зүгээс “хүн гэж юу вэ” гэдэг философийн тулгалт хийж байгаа юм. Биднийг бий болгодог зүйл зөвхөн царай төрх, нэр төр, дурсамж уу. Эсвэл бусдын бидэнд өгсөн утга учир, итгэл, хайр, хүлээлт биднийг хэн нэгэн болохыг тодорхойлдог уу. Хэрэв таны бүх дурсамж, хүүрнэл түүх арилчихвал та өмнөх хүн хэвээрээ үлдэх үү. “ЗУД” эдгээр асуултыг шууд томьёолохгүй ч үйл явдлаараа мэдрүүлэхийг хичээнэ.
Киноны хөгшин ээжийн дүр бол өнгөрсөн цаг хугацаа. Түүний ой санамж бүдгэрэх тусам тэр гэр бүлийн бодит түүх, үнэн амьдрал үгүй болно.
Гэхдээ эндээс нэгэн сонин парадоксыг үзэгч олж харна. Бид өнгөрснөө мартсан ч өнгөрсөндөө хайртай хэвээр байдаг. Ой санамжаа нэгжин бага насныхаа дурсамжийг санах гээд оролдоод үзье дээ. Тун тоотойхон дурсамж таны тархины хуурмаг төсөөллөөр зохиож найруулснаар хадгалагдан үлдсэн байдаг. Хэчнээн гэгээхэн гэж санана. Үнэндээ таны санаж байгаачлан биш байж ч магадгүй. Ингээд бодохоор хөгшин эхийн хүүгээ андуурсан итгэл инээдэм биш байгаа биз. Харин гунигтай. Хөгшин эхийн хувьд баяр баясгалан нь бодит.
Киноны үргэлжлэх хугацааны хувьд уламжлалт бүрэн хэмжээний драмын хувьд харьцангуй бага. Найруулагчийн бас нэгэн шинэ эрэл хайгуул мэт. Тиймээс найруулагч олон үйл явдлыг багтаах гэж хичээхийн оронд сэтгэлзүйн зөрчлийг богино хугацаанд үнэмшилтэй гаргах шийдлүүд дээрээ төвлөрч чадсан болов уу.
“ЗУД” киног үзэж суухад хоёр он цаг холилдоод ч байх шиг ахуй байдал цаг хугацаатайгаа нэг л тохирч өгөхгүй байв. Гэтэл үйл явдлыг алслагдсан малчны хотонд дүрсжүүлсэн нь монгол ахуйг харуулах гээгүй юм байна. Ахуй бол драматургийн хэрэгцээ. Хотод ийм учрал болсон бол дүрүүдийн хоорондын зай, гаднах ертөнцийн боломж хэт их байх байсан. Харин зудтай өвөл тэднийг нэг орон зайд түгжинэ. Гэр хоргодох газар боловч нөгөө талаас үнэнийг нуухад хэцүү хэтэрхий жижигхэн ертөнц. Гадаа зугтах боломжгүй асар уудам цасан далай цав цагаан тал. Дотор хэдхэн хүний амьдрал. Ийм төрлийн драмд жүжигчний хэлсэн үгээс илүү хэлээгүй үг чухал.
Лхамын харцыг үзэх гэж очоорой.

ТРАМП ТӨМӨРӨӨ

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.