Х.Баатархүү: Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусаа ашиглан AI, дижитал эдийн засаг, ногоон хөгжилд идэвхтэй оролцох боломжтой
2026 оны есдүгээр сарын 1-нд Киргизстаны Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын XXVI дээд хэмжээний уулзалтаар тус байгууллага зөвхөн аюулгүй байдлын хүрээнээс гарч, «ШХАБ+plus» буюу эдийн засаг, технологи, санхүүгийн интеграцид суурилсан түншлэлийн шинэ загварт шилжих түүхэн эхлэлийг тавилаа. Энэхүү томоохон өөрчлөлт нь Евразийн геополитикийн зураглалыг хэрхэн өөрчилж байгаа болон Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалан үлдэхийн зэрэгцээ эдийн засаг, транзит тээврийн боломжоос ямар үр өгөөж хүртэх талаар Олон улсын харилцааны судлаач, доктор Х.БААТАРХҮҮТЭЙ ярилцлаа.
2026 оны есдүгээр сарын 1-нд Киргизстаны Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын XXVI дээд хэмжээний уулзалтаар тус байгууллага зөвхөн аюулгүй байдлын хүрээнээс гарч, «ШХАБ+plus» буюу эдийн засаг, технологи, санхүүгийн интеграцид суурилсан түншлэлийн шинэ загварт шилжих түүхэн эхлэлийг тавилаа. Энэхүү томоохон өөрчлөлт нь Евразийн геополитикийн зураглалыг хэрхэн өөрчилж байгаа болон Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалан үлдэхийн зэрэгцээ эдийн засаг, транзит тээврийн боломжоос ямар үр өгөөж хүртэх талаар Олон улсын харилцааны судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.
-ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаас гарсан хамгийн гол шийдвэр, анхаарал татсан өөрчлөлт юу байв?
2026 оны есдүгээр сарын 1-нд Киргизстаны Бишкек хотноо болсон ШХАБ-ын XXVI дээд хэмжээний уулзалт өмнөх уулзалтуудаас нэг чухал зүйлээр ялгарлаа. Энэ нь ШХАБ нь зөвхөн аюулгүй байдлын байгууллага биш, институтийн хувьд шинэчлэгдэх, эдийн засаг, технологи, олон улсын засаглалын илүү өргөн платформ болох чиглэлээ тодотгосон явдал юм. Хамгийн том шийдвэр нь ШХАБ-ын институтийн шинэчлэл буюу ШХАБ+plus гэсэн хөгжлийн загвараа тодотгосон явдал байлаа.
Бишкект ШХАБ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах протокол баталсан нь миний үзэж байгаагаар энэ удаагийн уулзалтын хамгийн анхаарал татах шийдвэр байв. Гэхдээ энэ удаагийн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүрэн албажихад багагүй хугацаа шаардагдах бололтой. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын 25 жилийн хөгжлийн дараагийн шатандаа байгууллагын бүтэц, механизм, эрх зүйн орчноо шинэчлэх эхлэлийг тавилаа. Энэ нь 2026 оны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас гарсан “ШХАБ шинэ шатанд орж, үйл ажиллагаагаа иж бүрэн модернизац хийх шаардлагатай” гэсэн байр суурьтай нийцэж байна.
-Тус байгууллага өргөжин тэлж, гишүүн орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр бүс нутгийн болон дэлхийн геополитикийн нөлөөлөл нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-ШХАБ-ын геополитикийн “цар хүрээ” нэлээд томорч байна гэж судлаачид үзэж байгаа. 2001 онд Хятад, Орос болон Төв Азийн дөрвөн улсаас эхэлсэн ШХАБ анх үндсэндээ Төв Азийн аюулгүй байдлын байгууллага байв.
Харин Энэтхэг, Пакистан 2017 онд, Иран 2023 онд, Беларусь 2024 онд бүрэн гишүүн болсноор байгууллагын газар зүйн хүрээ эрс тэлсэн. Судалгаагаар бүрэн эрхт гишүүдийн тоо 2015 оноос хойш 6-наас 10 болж өссөн байна.
Өнөөдөр ШХАБ-ын орон зай: Зүүн Ази, Төв Ази, Өмнөд Ази, Орос, Иран, Евразийн өргөн орон зай гэсэн асар том геополитикийн бүсийг хамарч байна. Ингэснээр ШХАБ нь зөвхөн “Бүс нутгийн байгууллага” гэхээсээ илүү Евразийн хэмжээний хамтын ажиллагааны механизм болон хувирч байна.
-Өрнөд болон Дорнодын сөргөлдөөн хурцдаж буй энэ цаг үед ШХАБ Орос, Хятадын хувьд Америк болон Өрнөдөд сөрөг зогсох гол "геополитикийн тавцан" болж хувирч байна уу?
-ШХАБ-ын геополитикийн нөлөө өсөж байгаа боловч энэ нь байгууллага Хятад, Оросын бүрэн хяналтад орж байна гэсэн үг биш. Харин ч Энэтхэг, Иран, Пакистан, Төв Азийн улсууд зэрэг өөр өөр ашиг сонирхолтой орнууд нэг дор орж ирснээр ШХАБ олон төвт бүтэцтэй болж байна.
Жишээлбэл:
Хятад – эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, технологи,
Орос – аюулгүй байдал, эрчим хүч, Евразийн геополитик,
Энэтхэг – стратегийн зорилт, Өмнөд–Төв Ази, эрчим хүч, холболт,
Иран – эрчим хүч, Өмнөд–Төв Азийн коридор,
Төв Азийн улсууд – Тэнцвэрийн бодлого, эдийн засгийн төрөлжилт гэсэн сонирхлуудтай.
Тиймээс ШХАБ-ын дотор нэг төвт улс төрийн блок гэхээс илүү олон улсын ашиг сонирхол огтлолцдог платформ бий болж байна.
-БНХАУ-ын хувьд ШХАБ-ыг хөгжүүлэхэд ямар стратеги баримталж байна вэ. Энэ нь тэдний "Бүс ба зам" санаачилгатай хэрхэн уялдаж байгаа бол?
-2026 оны есдүгээр сарын 1-нд Бишкект БНХАУ-ын дарга Ши Жиньпин маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Хятад улс ШХАБ-ыг “Бүс ба зам”-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл гэж үзэж байна. Мөн ШХАБ-ыг Хятадын “Дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг хэрэгжүүлэх чухал талбар гэж онцлон тодорхойллоо.
Энэ нь ШХАБ-ыг зөвхөн терроризм + хил хамгаалалт + аюулгүй байдал дээр төвлөрсөн байгууллага хэвээр үлдэх бус харин аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн холболт, технологи, ногоон хөгжил, дэлхийн засаглал гэсэн илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагааны механизм болгохыг зорьж буйг илтгэж байна.
БНХАУ-ын хувьд ШХАБ-ын хамгийн том стратегийн давуу тал бол газарзүйн байрлал юм.
ШХАБ-ын орон зай Хятадаас Төв Азиар дамжин Орос, Иран, Өмнөд Ази, цаашлаад Европын чиглэлтэй холбогдоно.
Тиймээс Бээжингийн хувьд ШХАБ нь “Бүс ба зам”-ын Евразийн шинэ торгоны замын улс төр, эдийн засгийн суурь платформ болох боломжтой. Энд төмөр зам, авто зам, боомт, эрчим хүчин, логистик, худалдааны коридор зэрэг нь хоорондоо холбогдоно.
2025 онд ШХАБ-ын Тяньжинийн дээд хэмжээний уулзалт үед Хятад улс нь гишүүн орнуудын хөгжлийн стратегийг уялдуулах, “Бүс ба Зам”-ын өндөр чанартай хэрэгжилтийг эрчимжүүлэхийг онцолсон.
“Хатуу дэд бүтэц”-ээс “дижитал Бүс ба зам” руу
Хятад улс өмнө нь ШХАБ-ын хүрээнд төмөр зам, авто зам, боомт, эрчим хүч, нефть, хий, худалдааны коридор зэрэг хатуу дэд бүтцийг холбох саналыг түлхүү дэвшүүлдэг байсан.
Харин одоо хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, технологийн инновац, ногоон үйлдвэрлэл, ногоон уул уурхай, зэрэг шинэ үеийн дэд бүтэц рүү шилжиж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бишкект ШХАБ-ын орнуудын хиймэл оюун ухааны хэрэглээний олон улсын хамтын ажиллагааны төв байгуулах, Тяньжиньд China-SCO Port Economic Cooperation Center байгуулах, дараагийн гурван жилд ШХАБ-ын орнуудтай хамтран технологийн хамтын ажиллагааны 100 төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн.
ШХАБ-ын орнууд дэлхийн эрчим хүчний газрын зурагт маш том байр суурь эзэлдэг.
Орос — нефть, хий
Иран — нефть, хий
Төв Ази — нефть, хий, уран, ашигт малтмал
Хятад — дэлхийн томоохон үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглэгч
Энэ бүхнийг холбосноор БНХАУ нь Евразийн эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийн сүлжээг илүү найдвартай болгох боломжтой. 2026 оны ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр эрчим хүч, нөөц, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах асуудал эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлд багтсан. Энэ нь Хятадын хувьд зөвхөн эдийн засгийн асуудал биш эрчим хүчний аюулгүй байдал = үндэсний аюулгүй байдал юм. Тиймээс ШХАБ-ын хүрээнд эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Хятадын стратегийн ашиг сонирхолтой шууд холбоотой.
Цаашид хамгийн их анхаарах ёстой асуудал бол ШХАБ-ыг “санхүүгийн платформ” болгох талуудын сонирхол билээ. “Бүс ба зам”-ын эхний үе шатанд Хятадын гол бодлого нь банк + зээл + дэд бүтцийн хөрөнгө оруулалт байсан. Харин дараагийн үе шатанд Хятад нь илүү олон талт санхүүгийн механизм бий болгохыг эрмэлзэж байна. ШХАБ-ын хүрээнд хөгжлийн банк, санхүүжилтийн механизм, худалдаа, хөрөнгө оруулалтын хөнгөвчлөл, төлбөр тооцооны хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөгжүүлэх нь энэ чиглэлтэй нийцнэ.
Өөрөөр хэлбэл, “Бүс ба зам” + ШХАБ-ын улс төрийн дэмжлэг + бүс нутгийн санхүүгийн механизм гэсэн гурвал үүсэх боломжтой. БНХАУ нь ШХАБ-ыг олон талт платформ болгохыг илүүд үзэж байна Энэ бол маш нарийн дипломат стратеги юм.
Тиймээс БНХАУ нь ШХАБ-ын тухайд “China-led organization” гэхээс илүү “Shanghai Spirit” — харилцан итгэлцэл, тэгш байдал, зөвшилцөл, харилцан ашиг гэсэн хэллэгийг түлхүү ашигладаг. 2026 оны дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин ШХАБ-ын хөгжлийг “хамтын хөгжил”, “тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий”, “илүү шударга дэлхийн засаглал”-тай холбон тайлбарласан.
-Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статустай оролцдог. Манай улс энэ байгууллагаас ямар бодит үр өгөөж хүртэж байна вэ, цаашид хамтын ажиллагааны түвшнээ ахиулах эсэх талаар ямар байр суурьтай байх ёстой вэ?
-Энэ асуултад “ажиглагчийн статусаа хэрхэн эдийн засаг, дипломат бодит үр өгөөж болгон хувиргах вэ” гэж хандах нь зөв ч юм уу гэж үзэж байна.
2004 оноос хойш Монгол Улс ШХАБ-ын олон талыг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн билээ. 2026 оны Бишкекийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого үргэлжилнэ гэдгийг дахин нотолсон.
Бид ШХАБ-тай олон жил идэвхтэй хамтран ажилласнаар дипломат яриа хэлэлцээний, стратегийн бодлогын түвшинд гэхэд Евразийн томоохон гүрнүүдтэй олон талт индэр дээр байх боломж буй болгоод байна. Бид мөн Хятад + Орос + Энэтхэг + Иран + Төв Ази + Пакистан гэсэн өргөн хүрээний улс орнуудтай нэг байгууллагын хүрээнд тогтмол харилцах дипломат сувагтай. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд энэ нь тодорхой дипломат капитал юм. Манай улсын “олон тулгуурт гадаад бодлого”-той зөрчилдөхгүй орон зай бөгөөд энэ нь бидний ШХАБ дахь ажиглагчийн статусын нэг том давуу тал оршино.
Монгол Улс нь БНХАУ болон ОХУ-тай иж бүрэн стратегийн харилцаатай мөн гуравдагч хөршийн бодлоготой, НҮБ-ын олон талт дипломат ажиллагаанд идэвхтэй дэмжин ажилладаг олон тулгуурт гадаад бодлоготой билээ.
ШХАБ-д гишүүнээр элсэхгүйгээр ажиглагч хэвээр байх нь эдгээр гадаад бодлогын чиглэл дунд зөрчилдөхгүй байх тодорхой хэмжээний стратегийн уян хатан байдлыг буй болгодог.
2026 оны Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс энэхүү ажиглагчийн статусаа хадгалж, идэвхтэй хамтын ажиллагааг эрхэмлэж хамтран ажиллахдаа бэлэн буйгаа нотолсон.
Транзит тээврийн асар том боломж.
Энэ бол цаашид манай улсын ШХАБ-аас хүртэх бодит эдийн засгийн үр өгөөж байж болох боломжтой. ШХАБ-ын газарзүйн байрлалыг харвал Хятад, Монгол, Орос, Төв Ази, Европ гэсэн дэд бүтцийн холболтын асуудал маш чухал. Монголын хувьд ШХАБ-ын хүрээнд Монгол– Хятад–Оросын эдийн засгийн коридор, төмөр замын холболт, боомтын холболт, транзит тээвэр, гаалийн цахим систем, логистикийн төвүүд зэрэг асуудлыг уялдуулах боломжтой.
Хятад–Монгол–Оросын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх бол Монголын хувьд давуу тал бололх бөгөөд Монгол Улс ШХАБ-д гишүүн биш ч ШХАБ, Хятад, Оросын харилцаа, Монгол–Хятад–Оросын гурван талт механизм гэсэн гурван түвшин огтлолцож байна.
2026 оны Хятад, Оросын хамтарсан мэдэгдэлд ч Монголын оролцоотой гурван талт механизм болон Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг онцолсон байна. Энэ бол Монгол Улсын ухаалаг дипломат байр суурь, боломжтой стратеги юм.
Шинэ салбаруудын хамтын ажиллагаа.
ШХАБ одоо зөвхөн аюулгүй байдлын байгууллага байхаа больж технологи, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, эрчим хүч зэрэг салбарт өргөжиж байна.
Тиймээс Монгол Улс ажиглагчийн статусаа ашиглан AI, дижитал эдийн засаг ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, уул уурхайн технологи, хүнс, хөдөө аж ахуй, гамшгийн менежмент, аялал жуулчлал зэрэг салбарт идэвхтэй оролцох боломжтой юм.
-Гишүүн орнуудын хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бодит амьдрал дээр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ. Тухайлбал, санхүүжилт болон валютын тооцооны асуудлаар ямар шийдлүүд яригдаж байна вэ?
-ШХАБ-ын “Улс төрийн нөлөө нь эдийн засгийн интеграци болж чадах уу” гэдэгт асуултад хариулт хүлээж буй нь мэдээж. 2026 оны байдлаар дүгнэвэл, эдийн засгийн хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд бодитой болсон ч Европын холбоо шиг гүнзгий интеграцад хүрээгүй байна. Харин санхүү, үндэсний валютаар төлбөр тооцоо, хөгжлийн банкны асуудал хамгийн хурдтай ахиж буй чиглэл байна.
ШХАБ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь боломж асар том ч одоогийн интеграц нь харьцангуй сул билээ. ШХАБ-ын гишүүдийн эдийн засгийн суурь асар том бөгөөд Хятад, Энэтхэг, Орос, Иран зэрэг том эдийн засагтай улс орнууд хамтын ажиллагааны нэг механизмд багтсан учраас зах зээл, эрчим хүч, түүхий эд, үйлдвэрлэл, тээврийн коридор хоорондоо холбогдох боломж өндөр. Гэхдээ ШХАБ бол одоогоор чөлөөт худалдааны бүс ч биш, гаалийн холбоо ч биш, нэгдсэн том зах зээл ч биш. Иймээс гишүүн орнуудын худалдааны өсөлтийг бүхэлд нь ШХАБ-ын институтийн амжилт гэж үзэж болохгүй. Хоёр талын болон бусад бүс нутгийн хэлэлцээрүүд худалдаанд илүү шууд нөлөөлдөг.
Гэсэн ч 2026 онд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас гарсан мэдээллүүдээс харахад “тунхаглал”-аас “механизм” руу шилжих эхлэлээ тавьж буй шинжтэй.
Хамгийн чухал шинэ санаачилга бол — ШХАБ-ын Хөгжлийн банк билээ.
2025 оны Тяньжиньд болсон дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах улс төрийн зөвшилцөлд хүрсэн. 2026 оны тавдугаар сард Бишкект гурав дахь зөвлөлдөх уулзалт болж, банкны үндсэн бүтэц, үйл ажиллагааны зарчмыг хэлэлцсэн. Зургадугаар сарын 29–30-нд Шэньжэнь хотод үүсгэн байгуулагч улс орнуудын төлөөлөгчид оролцсон дөрөв дэх зөвлөлдөх уулзалт болсон.
Энэ нь банк аль хэдийн байгуулагдсан гэсэн үг биш. Харин байгуулах асуудал улс төрийн түвшний шийдлээс институц байгуулах үе шат руу шилжсэнийг харуулж байна.
ШХАБ-ын орнуудад төмөр зам, авто зам, эрчим хүч, боомт, логистик, дижитал дэд бүтэц, жижиг, дунд бизнес, ногоон төсөл зэрэгт асар их хөрөнгө шаардлагатай. ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулагдвал эдгээр төслүүдийн олон талт санхүүжилтийн нэг байж дэмжлэг үзүүлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын улс төрийн зөвшилцөл, хөгжлийн банк, дэд бүтэц, эрчим хүч, худалдааны өргөн боломж гэсэн гинжин холбоо үүснэ.
Бас нэг аажимдаа хийгдэхээр хүлээгдэж буй шинэчлэл бол ШХАБ-ын улс орнууд гадаад худалдаанд өөрсдийн үндэсний валютаар тооцоо хийх ба энэ нь геополитикийн хувьд илүү сонирхолтой үр дагавартай байх боломжтой.
2026 оны тавдугаар сарын 29-нд ШХАБ-ын Сангийн сайд нар болон төв банкуудын удирдлагуудын уулзалтаар үндэсний валютаар харилцан төлбөр тооцоо хийх хэрэглээг өргөжүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцсэн. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулахад ШХАБ одоогоор нэгдсэн шинэ валют байгуулаагүй. Мөн “ШХАБ-ын валют” бий болох төлөвлөгөө байхгүй.
Харин яригдаж буй шинэчлэл нь гишүүн орнууд хоёр талын худалдаанд ам доллар зэрэг гуравдагч валютын хэрэглээг багасгаж, өөрсдийн үндэсний валютыг илүү их ашиглах явдал.
Жишээлбэл, Хятад, Орос юань–рубль, Хятад, Төв Ази юань–үндэсний валют, Орос, Энэтхэг рубль–рупи зэрэг хоёр талын механизм болж өргөжих боломжтой.
Үүнд дараах гурван гол шалтгаан буй.
Нэгдүгээрт — валютын эрсдэлийг бууруулах
Хэрэв хоёр улсын худалдааг заавал ам доллароор тооцоод байвал үндэсний валют, ам доллар, худалдааны төлбөр гэсэн нэмэлт валютын эрсдэл гарна.
Үндэсний валютаар шууд тооцоо хийх нь зарим тохиолдолд зардал, хугацааг бууруулж чадна.
Хоёрдугаарт — хориг, санхүүгийн эрсдэл
Оросын эсрэг өрнөдийн санхүүгийн хоригууд энэ асуудлыг илүү хурцатгасан.
Иймээс зарим ШХАБ-ын гишүүн орон гадаад санхүүгийн дэд бүтцээс хэт хамаарах эрсдэлийг бууруулах сонирхолтой байна.
Гуравдугаарт — олон төрлийн валютын сонголт
Хятад, Оросын хувьд дэлхийн санхүүгийн системийг нэг валют, нэг санхүүгийн дэд бүтцээс хэт хамааралтай байлгахгүй байх нь стратегийн ач холбогдолтой гэж үзсээр буй. Гэхдээ Азийн хөгжлийн банкны 2026 оны судалгаагаар үндэсний валютаар худалдаа хийхийг тогтвортой өргөжүүлэхийн тулд хөгжсөн валютын зах зээл, ханшийн хөрвөх чадвар, найдвартай хоёр болон олон талт институцийн зохицуулалт шаардлагатай. Тиймээс ам долларыг шууд орлуулах нь богино хугацаандаа боломжгүй юм.
Монгол Улс ШХАБ-ын ажиглагч учраас эдгээр санхүүгийн механизмд бүрэн гишүүнтэй адил эрхтэй оролцохгүй. Гэхдээ ирээдүйд ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудыг тодорхой санхүүжилтийн механизм, төсөлд хамруулах боломж гарвал бас шинэ төрлийн хамтын ажиллагаа болж эхлэх боломжтой.