МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105...

ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулав

Цаг хугацаа улиран өнгөрсөөр нэг л мэдэхэд 105 жил өнгөрчээ.

Үнэн
Админ

Цаг хугацаа улиран өнгөрсөөр нэг л мэдэхэд 105 жил өнгөрчээ. Хоёр улс түүхэн энэ ойг удахгүй харилцан тэмдэглэнэ. Монгол-Оросын харилцааг Зөвлөлт Орос болон Коминтерны шахалт, үзэл сурталд тулгуурлагдсан хэмээн шүүмжлэх хүмүүс байдаг. Үүнд тайлбар хийх нь зүйтэй болов уу. Хаант Орос улс 1912 онд Богд хаант Монгол улстай гэрээ байгуулж үүнээс гурван жилийн дараа буюу 1915 онд Хиагтын гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Эдүгээ энэхүү гэрээг Оросын гео улс төр бөгөөд колоничлох гэсэн үзэлтэй холбон үзэх шүүмжлэгчид ч манайд бий.
Гэвч аливаа улс орон юу юунаас өмнө өөрийн аюулгүй байдлыг хангах зарчмыг чухалчилдаг. Монгол Улс ч тэрхүү зарчмаас хазайгаагүй бөгөөд Богд хаант Монгол Улсын үеэс хөрш орнуудтайгаа, тэр тусмаа хойд хөрштэйгөө тогтвортой харилцаатай байхыг хичээж ирсэн. Үүнд мэдээж дээрх гэрээнүүд нөлөөлсөн нь тодорхой билээ. Хаант Орос улсын гэрээнүүд Монгол Улсыг гадаад харилцааны хүрээгээ тэлэхэд нөлөөлөөд зогсохгүй Монголын тусгаар тогтнолд нэг алхмаар ойртуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Тодорхой хэлбэл, Монгол Улсын  тусгаар тогтнолд ЗХУ чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй бөгөөд олон улсын эрх зүйн үндсийг тавьж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэгэн шат болж өгсөн юм. 
Манай хоёр улсын харилцааны түүхийн янз бүрийн үе шатыг туулсан. Ялангуяа 1920-1930-аад оны үед амаргүй цаг хугацааг давж гарсныг хэлэхгүй өнгөрч, дурдалгүй орхиж боломгүй. Монголын улс төрийн тэмцлийн түүх Зөвлөлтийнхтэй тун төстэй. Хэлмэгдүүлэлт нь ч ижилхэн. Зөвлөлтөөс томилогдож ирсэн зарим мэргэжилтэн хэлмэгдүүлэлтийг өөгшүүлсэн тухай баримт олон бий. Монголын Дотоод хэргийн яамны ажилтнууд ч үүнд хамаатай бөгөөд ЗХУ болон БНМАУ хоёр 1924 оноос ангийн дайснуудтайгаа тэмцэх зорилгоор үзэл сурталд тулгуурласан “Зөвлөлтийн ертөнцийг төрүүлсэн” нь бас үнэн юм. Хоёр улс үзэл суртлаараа нэгдсэн нь маш том алдаа байсан төдийгүй хожим буруудах үндэс болсон билээ. Гэхдээ асуудлыг өөр өнцгөөс харах гэж хичээвэл энэ бүгдийн цаана “Хоёр улсын оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал” байсан гэдгийг ойлгож, мэдрэх тул уучилж бас болмоор...
Манай хоёр улсын ард түмнийг ойр дотно болоход Дэлхийн II дайн хамгийн ихээр нөлөөлсөн. БНМАУ-ын Зөвлөлтөд үзүүлсэн тусламжийг оросууд өнөөдөр ч мартаагүй. Мартах ч учиргүй хэмээдэг бөгөөд монголын ард түмний чин сэтгэлийн тусламжийг АНУ-ын ленд-лизтай харьцуулан үздэг. Дашрамд дурдахад, оросууд Америкаас үзүүлсэн тусламжийг саяхан эргүүлэн “төлсөн” гэнэ билээ. Хамгийн сайхан нь оросууд Монголын тусламжийг хэзээ ч мөнгөөр хэмждэггүй. Монголын ард түмний тусламж АНУ-ын тусламжаас ч хавьгүй илүү байсныг Оросын түүхчид дурддаг. Тусламжид зөвхөн хүнсний бүтээгдэхүүн багтаагүй. Дулаан хувцас, морь бусад зүйл бэлэглэж болох зүйлсийг фронтод илгээж байсан түүхтэй. 
Манай ард түмний цуглуулсан тусламжийн мөнгөөр ЗХУ-д танкны цуваа, нисэхийн эскадриль байгуулагдаж, дайн дуустал тулалдсан бол тухайн үед БНМАУ дэлхийн II дайныг дуустал хүнс, хувцас хэрэгслийн хангалтыг хариуцна гэдгээ мэдэгдэж байсан нь эдүгээ түүхийн хуудаснаа тодоос тод дурайж буй юм. Үүний хариуд БНМАУ 1945-1960-аад онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад нэгдэн орсон билээ.
БНМАУ, ЗСБНХУ-ын харилцааны оргил үеийг 1970-аад он гэж тодорхойлбол үгүйсгэх хүн гарахгүй л  болов уу. Энэ үед БНМАУ ЗСБНХУ-ын тусламжтайгаар хөгжлийн шинэ шатанд гарч,  хот, тосгонууд ар араасаа  сүндэрлэн босож, үйлдвэр, комбинатууд байгуулагдаж, эрчим хүчний томоохон объектууд ашиглалтад орж, үр дүнд нь  уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, цаашлаад орчин үеийн эрүүл мэнд, боловсролын салбар хөгжих  үндэс суурь тавигдсан билээ. Түүхэн энэ үеийг БНМАУ-ын хувьд агуу их бүтээн байгуулалтын он жилүүд хэмээн дүгнэж болно. 
Нөгөөтээгүүр, шулуухан хэлэхэд, аз болоход манайх ЗСБНХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах улс болчихоогүй. Ийм саналыг манай талаас нэг бус удаа дэвшүүлж байсан гэдэг. Зарим шүүмжлэгч “Орост Монгол хэмээх “завсрын” бүс хэрэггүй байсан” гэх нь бий. Үнэний ортой байж мэдэх юм. Оросуудад “буфер” буюу завсрын бүс хэрэггүй байсны буянаар БНМАУ Зөвлөлтийн 16 дахь Бүгд Найрамдах улс болоогүй. Болгох сонирхол байгаагүйн үр дүнд тусгаар тогтнолоо хадгалан үлдэх, цаашид хөгжих үндэс сууриа тодорхойлсон хэрэг.
1990-ээд онд ЗХУ задрахад монголчууд тусгаар улсынхаа давуу талыг ойлгосон. Хэдийгээр улс төр болон нийгэм-эдийн засгийн хямралд автаж энэ байдал нэлээн хэдэн жил  үргэлжилсэн ч энэ ойлголт өнөөдөр улам бүр гүнзгийрсэн. Шинэ цагийн Монгол Улс “гуравдагч” хөршүүдтэй харилцаа тогтоож, тэдэнтэй  ойр байх болсныг оросууд таашаагаагүй ч өнгөрсөн хугацаанд энэ сэдвийг аль болох хөндөхгүй явж ирснийг бид бас анзаарах хэрэгтэй. Гэхдээ оросууд ч бас бидний сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй юм.
Ерөнхийд  нь дүгнэхэд, манай улс хойд хөрштэйгөө дипломат харилцаа тогтоосон 105 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа эерэг хандлагатай явж ирснийг нэн түрүүн зориуд онцлон дурдахад таатай байна. Тиймээс ОХУ-тай харилцах харилцааг ирээдүйд  харилцан  ашигтай, найрсаг  байлгаж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн тоог нэмэх нь бидэнд ашигтай билээ. Мэдээж бидний харилцаанд тулгамдсан асуудлууд бий. Жишээ нь бараа эргэлтийн хэмжээний тэнцвэргүй байдал. Гэхдээ бас чамлахааргүй. Сүүлийн таван жилийн хугацаанд бараа эргэлтийн хэмжээ 1.4 дахин нэмэгдэж 1.8 тэрбумаас 2.6 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ амжилтын  үндэс нь  яах аргагүй  Евроазийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) байгуулсан худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсон явдал. Уг холбоонд чухал үүрэгтэй гишүүн орны нэг нь ОХУ.
Худалдааны түр  хэлэлцээр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж, харилцан худалдааны 90 хувь нь хөнгөлөлттэй нөхцөлд суурилж байна. Гэхдээ  худалдаа дангаараа орчин үеийн бүх сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх арга хэрэгсэл биш. Хоёр орны худалдааг улс төрийн харилцааг хөгжүүлэх, шинэ шатанд гарах, хүн төрөлхтний чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаан, соёл, боловсролын нэгдсэн орон зайг хамтран эзэмшиж, хөгжүүлэх асуудлуудтай байнга уялдуулж, дэмжин авч явах ёстой юм. Эс бөгөөс худалдаа нь цэвэр ашиг, хонжооны шинж чанартай харилцаа болж хувираад зогсохгүй, байнгын маргаан, зөрчилдөөнд хүргэж мэдэх аюултай хүчин зүйл мөн.
Тиймээс ОХУ-тай хамтрахдаа бид юунаас болгоомжлох ёстой вэ. Хамгийн гол хүндрэл нь ОХУ болон барууны хооронд үүсээд буй зөрчилдөөн. Нөхцөл байдал цаашид  үргэлжлэх аваас  бидэнд ОХУ, “гуравдагч” хөршүүдээсээ  аль нэгийг нь сонго хэмээн тулгаж болзошгүй. Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд ч ийм асуудалтай нүүр тулсан. Тиймээс бидэнд ч, оросуудад ч, бидний хэн хэнд нь хил залгаа орших ах дүү хоёр улсын хооронд байгуулсан дипломат харилцаа тогтоосны 105 жилийн түүхийг эргэн харж, хожмын өдөр харамсах зүйлгүйгээр гар гараасаа хөтлөн зөв шийдвэр гаргах ухаан бий хэмээн найдаж байна.

Д.ЦЭРЭНСАМБУУ

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.