МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Спорт КОСҮКЭ МАШИЯМА Монголын нэрийн өмнөөс ба...

КОСҮКЭ МАШИЯМА Монголын нэрийн өмнөөс барилдана

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма Монголын шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болж байна

Үнэн
Админ

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма Монголын шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болж байна. Өдгөө 27 настай түүний хувьд эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилддаг юм. Бүх Японы дүрэмд тухайн тамирчин өөр улсын нэр дээр барилдахын тулд гурван жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байхаар тусгасан байдаг аж. Энэ дүрмээр Косүкэ Машияама 2027 оны дөрөвдүгээр сараас Монголын нэр дээр олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болох юм. Энэ утгаараа тэрбээр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжих нь. Косүкэ Машияама иргэншлээ сольсон Японы анхны жүдоч болж байна. Энэ нь нэг талаараа түүнд эрсдэлтэй ч тамирчны замналдаа хийж буй том алхам гэдгийг онцолж байсан юм. Тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргасаар ирсэн япон жүдочдыг багтаа нэгтгэх сонирхол аль ч улсын багт байдаг. Косүкэ Машияамагийн энэ удаагийн шийдвэр Японы жүдод өөрчлөлт авчирч магадгүйг олон улсын хэвлэлүүд дурдаж байгаа юм. Тамирчдын үе солигдож, шинэ залуу жүдочдын чансаа ахиж байгаа энэ үед Монголын багт япон залуу ирэх нь. Гэхдээ энэ анхны үзэгдэл биш. Өмнө нь эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд олимп, тив, дэлхийн медальт тамирчин Саид Моллаи Монголын нэрийн өмнөөс барилдаж байсан юм. Косүкэ Машияама инстаграмдаа “Монголын иргэн болж, Монголын шигшээ багт нэгдэн дэлхийн дэвжээнд барилдах шийдвэр гаргалаа” хэмээн бичсэн байв. Жүдогийн хүрээнд шуугиан дэгдээсэн түүний тухай мэдээлэл нэг хэсэгтээ намжихгүй нь тодорхой. Энэ нь түүнд дарамт болж мэдэх ч ирэх жилийн тэмцээнүүддээ бэлдэхэд “ташуур” өгч мэдэх юм. 
Косүкэ Машияамаг товчхон танилцуулахад, тэрбээр долоон настайгаасаа жүдо бөхөөр хичээллэсэн, японы уугуул. Тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилддаг. 2021, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дэлхийн аварга болж байжээ. Мөн 2022 онд Токиогийн “Их дуулга” тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргад оролцох Японы шигшээ багт сонгогдсон ч тэмцээний өмнө жиндkээ орж чадалгүй хасагдаж байсан аж.  Улмаар жин ахиж 100 кг-ын жинд шилжиж олон улсын тэмцээнд оролцох боломж эрэлхийлсэн ч 2024 оны Парисын олимпод оролцож чадаагүй юм байна. Ийнхүү тэрбээр өдгөө 90 кг-ын жиндээ барилдахаар, мөн иргэншлээ сольж их спортын замналаа үргэлжлүүлэхээр шийджээ. Косүкэ Машияма 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн,  2021 оны Бакугийн “Их дуулга”, 2022 оны Токиогийн “Их дуулга”-д түрүүлж байсан. Түүнчлэн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн тамирчин юм. Хамгийн сүүлд 2024 онд Хонконгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний татамид гарчээ.  

 Б.СИЙЛЭН

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.