П.Сайнзориг: Инфляцын өсөлтөд хамгийн түрүүнд өртөх магадлал өндөр учраас ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг наашлуулах нь зөв
Юуны өмнө 2026 оны төсөвт тодотгол хийх нь зайлшгүй байсан. Учир нь нэгдүгээрт, бид өнгөрсөн хаврын чуулганаар тэтгэврийн тогтолцоог засаж, залруулах буюу суурь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг багасгах тухай буюу Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Тухайн үед үүнд 2.6 их наяд төгрөг шаардлагатай гэдгийг ярьж байсан шүү дээ. Хоёрдугаарт, багш болон эмч нарын цалингийн нэмэгдэл мөн л зөрүүтэй буюу хоёр өөр аргачлалаар бодож, ялгаатайгаар олгож байгааг зөв голдрилд нь оруулсан. Үүнд мөн л зардал нэмэгдэх нь гарцаагүй байсан. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдлийг дагаад төрийн үйлчилгээний бусад албан хаагчдын цалин хөлсийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлье гэдэг шийдэлд хүрсэн. Эдгээрийг УИХ өөрсдөө олонхоороо хэлэлцээд баталсан шүү дээ. Тиймээс дээрх шийдвэрийн дагуу төсвөө тодотгож байна гэж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганыг ирэх долоо хоногт эхлүүлж, энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна. Тодотгол хийх зайлшгүй шаардлага байсан эсэх тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө 2026 оны төсөвт тодотгол хийх нь зайлшгүй байсан. Учир нь нэгдүгээрт, бид өнгөрсөн хаврын чуулганаар тэтгэврийн тогтолцоог засаж, залруулах буюу суурь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг багасгах тухай буюу Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Тухайн үед үүнд 2.6 их наяд төгрөг шаардлагатай гэдгийг ярьж байсан шүү дээ. Хоёрдугаарт, багш болон эмч нарын цалингийн нэмэгдэл мөн л зөрүүтэй буюу хоёр өөр аргачлалаар бодож, ялгаатайгаар олгож байгааг зөв голдрилд нь оруулсан. Үүнд мөн л зардал нэмэгдэх нь гарцаагүй байсан. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдлийг дагаад төрийн үйлчилгээний бусад албан хаагчдын цалин хөлсийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлье гэдэг шийдэлд хүрсэн. Эдгээрийг УИХ өөрсдөө олонхоороо хэлэлцээд баталсан шүү дээ. Тиймээс дээрх шийдвэрийн дагуу төсвөө тодотгож байна гэж ойлгох хэрэгтэй. Улс орны эдийн засаг, үнийн өсөлт болон эрчим хүчний нөхцөл байдлаас шалтгаалан төрийн урсгал болон хөрөнгийн зардлыг хумих замаар нийт 1.4 их наяд гаруй төгрөгийн зохицуулалт хийхээр оруулж ирсэн. Ингэхдээ тэтгэвэр болон цалингийн нэмэгдэлд шаардлагатай зардлыг Засгийн газрын сайд нарын багцаас хасахаас гадна 758 тэрбум төгрөгийг нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх байсан төсөл, арга хэмжээнүүдийг бууруулах замаар шаардлагатай эх үүсвэрийг гаргахаар зохицуулалт хийсэн байна. Нэгэнт бид хууль тогтоомжоо баталсан учраас шаардлагатай эсэх зардлууддаа хяналт, таналт хийх замаар хуулиа хэрэгжүүлээд явах нь зөв гэж харж байгаа. Төсвийн тодотголын хүрээнд ахмадуудын тэтгэвэр болон төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалингийн нэмэгдлийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс олгохоор оруулж ирлээ. Инфляцын өсөлтөд хамгийн түрүүнд, хамгийн ихээр өртөх магадлалтай хүмүүс нь ахмадууд шүү дээ. Тэтгэврээс өөр орлогогүй учраас ядуурлын түвшин рүү хамгийн түрүүнд гулсаж орох магадлал маш өндөр. Тийм ч учраас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тэтгэврийн нэмэгдлийг нааш татаж оруулж ирснийг би хувьдаа зөв гэж харж байгаа. Ингэж худалдан авалтыг дэмжих замаар эдийн засгаа тодорхой хэмжээнд дэмжиж авч гарна.
-Төсвийн тодотголтой залгуулаад ирэх 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад төсвийн зарлагыг 8-9 их наядаар нэмэгдүүлж оруулж ирснийг та хэрхэн харж байна вэ?
-Төсвийн урсгал зардал нэмэгдэж байгаа нь санаа зовох өнцөг боловч нөгөө талдаа бид ямар орлого олж ирэх вэ гэдэг нь үүнээс ч чухал асуудал юм. Татварын бааз суурийг одоо төлж байгаа хэсэг рүү чиглүүлэх гэхээсээ шинээр татвар төлөгчдийг бий болгох буюу томоохон бүтээн байгуулалт, уул уурхайн төслүүдийг дэмжиж явуулахаас аргагүй шүү дээ. Төрийн болон орон нутгийн өмчийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар бид баталсан. Ингэснээр төрийн өмчит компаниуд төсвийн харилцаанд тодорхой хэмжээнд оролцохоор болж байгаа юм. Засгийн газар өөрөө хувьцаа эзэмшигчийнхээ хувьд төрийн өмчит компаниудаасаа ногдол ашиг авах ёстой. Харин ингэж авч буй ногдол ашгаа төсөвтөө суулгаад юу хийх вэ буюу хэрхэн зарцуулах вэ гэдгээ л тодорхой болгох ёстой юм. Ард иргэдийнхээ амьжиргаанд зарцуулах уу дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа хөрөнгө оруулах уу гэдгээ тодорхой болгож орж ирэх учиртай. Төсвийн зардал өссөн байна гэдэг шүүмжлэлийн хариулт нь энэ юм л даа. Энэ тухайд ерөөсөө л маш зөв эрэмбэлэх тухай ойлголт л байгаа юм. Нэгдүгээрт, ажлын байр маш чухал. Хувийн хэвшлийнхэн үйлдвэр технологио өргөжүүлэхэд найдвартай эрчим хүчний болон дэд бүтцээ нэмэгдүүлэх чиглэлд буюу Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдалд шаардагдах дэд бүтцийг нэмэгдүүлэхэд энэ төсвийн бодлого чиглэж чадаж байгаа эсэхэд л хаана хаанаа анхаарал хандуулах учиртай юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд дээр олон жил ногдол ашиг авч чаддаггүй, авсан ч бага хэмжээгэр авдаг эсвэл төрийн өмчит компаниудын ТУЗ гэсэн есөн хүн сууж байгаад томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эсэх шийдвэрийг гаргаж ирсэн. Ерөөсөө улс төрийн шийдвэр гаргаад л төмөр зам барихаас авахуулаад сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг янзалдаг, төрийн өмчит нэг компаниас нөгөөд зээл олгодог зэрэг замбараагүй байдлыг зогсоох буюу засах гээд байна шүү дээ. Тиймээс л төр өөрөө хувьцаа эзэмшигчийнхээ хувьд тодорхой хэмжээний компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ногдол ашгийн бодлогоо хувьцаа эзэмшигчийнхээ хувьд ярилцаад төсөвт оруулж ирж байгаа юм. Энэ мөнгийн төсөвт оруулж ирж байгаа учраас бичилт хийгдэж таарна.
-Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлэхээр болсныг засаглалд нь оролцох оролдлого гэж тайлбарлах хэсэг байна л дээ. Бид ер нь үүнийг хэрхэн ойлгох ёстой юм бэ?
-Төрийн өмчит компаниуд дүрэмдээ заасан үйл ажиллагааны чиглэлтэй шүү дээ. Гэтэл уул уурхайн компаниар төмөр зам бариулчихаж байгаа нь буруу. Нөгөө талаас төрийн өмчит компаниудын засаглалд оролцох гээд байгаа зүйл ерөөсөө биш. Засгийн газар, УИХ төрийн өмчит компанийн эцсийн өмчлөгч буюу ард түмний өмнөөс асуудлыг хариуцаж байгаагийн хувьд ногдол ашгаа авч байгаа. Харин энэ ногдол ашгаараа юуг санхүүжүүлэх вэ гэдгээ л зөв бодох хэрэгтэй. Түүнээс төрийн өмчит компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ тухайн төрийн өмчит компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд ногдол ашиг авч болохгүй. Тухайн компани ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэхээс авахуулаад техник шинэчлэл хийх, зах зээл дээр хувийн хэвшилтэйгээ бизнесийн зарчмаар өрсөлдөх, өргөжих, эргээд Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулах бололцоог нь үлдээж байгаа. Ингэж байж хөрөнгө оруулалтыг, ногдол ашгийн бодлогыг Засгийн газар ярилцсан байх. Товчхондоо, энэ бол зөв голдрил руу орох алхам шүү. Түүнээс төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, засаглалд УИХ-ын гишүүд оролцох гээд байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит компани ашигтай ажилласан ч ногдол ашгаа өгдөггүй, “булагнадаг”, эсвэл улстөрчдийн захиа даалгавраар тухайн компанийн үндсэн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй төсөл хөтөлбөр санхүүжүүлээд, баахан охин компани байгуулдаг байдлыг болиулж, зогсоох гэж байна шүү дээ. Маш товчхондоо, энэ бол төрийн өмчит компанийн цэгцрэл гэж ойлговол зохино. Гэхдээ мэдээж орж ирж буй энэ эх үүсвэрийг зөв зүйлд зарцуулахгүй бол эдийн засагт эргээд сөрөг нөлөө авчрахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ тухайд маш сайн ярилцаж, тал талын бодлогын уралдаанаа өрнүүлээсэй гэж хүсэж байна.
-Оюутолгойн ногдол ашиг ирэх оны төсөвт төвлөрнө. Харин үүнийг хэрхэн, юунд зарцуулах вэ гэдэгт олон нийтээс санал асууж байж шийднэ гэдгээ зарлалаа. Энэ санал асуулгад та УИХ-ын гишүүний төдийгүй иргэн хүний хувиар хэрхэн хариулах вэ?
-Оюутолгойн хувьд өнгөрсөн жил зэсийн үнэ нэлээд өндөр байсан. Тиймээс бизнес төлөвлөгөөнөөс гэнэтийн ашиг нэлээд давсан гэж ойлгож байгаа. Одоогийн Засгийн газар, ер нь үе үеийн Засгийн газар хэлэлцээрээ хийгээд ногдол ашгаа хүртэх ёстой. Үүний дагуу Засгийн газар хэлэлцээр хийж байгаа гэж ойлгосон. Тодорхой хэмжээнд ногдол ашиг орж ирэх байх. Өөрөөр хэлбэл, бид “баавгай”-гаа алчихаагүй буюу алах “баавгай”-гаа юунд зарцуулах вэ гэдгээ л ярилцаж байна. Тийм учраас энэ ногдол ашгаа цаашдаа яг Монгол Улсын хөгжлийг түргэтгэх буюу дэд бүтэц, эрчим хүчнээс авахуулаад ялангуяа малын түүхий эдийг боловсруулах арьс ширний үйлдвэр болон боловсролын салбар, эрчим хүч, дулаан цахилгаан зэрэг салбарыг дэмжиж бүтээн байгуулалтаа хийх нь зүйтэй. Түүнээс биш үүнийг гэнэт орж ирлээ гээд бэлэн мөнгөөр тараачихаж болохгүй. Харин иргэдийн Баялгийн сан дахь хуримтлалын данс арвижна. Түүгээр бид эргээд бүтээн байгуулалт руу оруулах эрх зүйн орчноо уялдуулж явах ёстой. Товчхондоо, Оюутолгойн ногдол ашгаар урсгал зардлыг санхүүжүүлж болохгүй гэж би хувьдаа харж байгаа. Түүгээр цэвэр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинжтэй ажлыг хийх учиртай. Ингэснээр эргээд ажлын байр бий болгох, төсвийн нэмэлт орлого орж ирэх, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлэх учиртай юм. Наанадаж бид эрчим хүчний хараат байдлаасаа гармаар байна шүү дээ. Зам харилцаагаа сайжруулахаас авахуулаад малчдынхаа амьжиргааг дэмжиж, малаас гарч буй түүхий эд бүрд нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг үйлдвэрүүдээ бүтээн байгуулмаар байна шүү дээ. 2027 оны төсвийн төслийн хувьд дүгнээд хэлэхэд, өмнө нь олон төсөвтэй явж ирсэн зүйлүүд энэ удаад бодит байдалтайгаа нийцээд, бичилтийн хувьд ч зөв болоод орж ирж байна гэж харж байгаа.