Аяга таваг угаагчаас АI-ийн хаан хүртэлх зам
Хиймэл оюун ухааны салбарт сүүлийн жилүүдэд өрнөсөн асар хурдтай өсөлт нэгэн компанийн нэрийг дэлхийн анхаарлын төвд авчирсан нь NVIDIA юм. ChatGPT болон түүнтэй ижил төрлийн хиймэл оюун ухааны системүүд хүчээ авахын хэрээр асар их хэмжээний тооцоолол боловсруулах чадвартай график процессорын эрэлт огцом нэмэгдэж, NVIDIA дэлхийн технологийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болов.
Хиймэл оюун ухааны салбарт сүүлийн жилүүдэд өрнөсөн асар хурдтай өсөлт нэгэн компанийн нэрийг дэлхийн анхаарлын төвд авчирсан нь NVIDIA юм. ChatGPT болон түүнтэй ижил төрлийн хиймэл оюун ухааны системүүд хүчээ авахын хэрээр асар их хэмжээний тооцоолол боловсруулах чадвартай график процессорын эрэлт огцом нэмэгдэж, NVIDIA дэлхийн технологийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болов. Харин энэ компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуан 30 гаруй жилийн өмнө Цахиурын хөндий дэх Denny’s ресторанд ширээний ард хоёр инженерийн хамт бизнесийн санаагаа ярилцаж суухдаа компани нь нэг өдөр дэлхийн хиймэл оюун ухааны хувьсгалын гол хөдөлгүүрүүдийн нэг болно гэж төсөөлөөгүй биз ээ.
Женсен Хуан 1963 онд Тайванийн Тайнань хотод төржээ. Түүнийг есөн настай байхад эцэг эх нь Женсен болон ахыг нь АНУ руу явуулсан байна. Хөвгүүд Кентакки мужийн Онейда дахь сургуульд суралцах болсон ч эцэг эх нь сургуулийнх нь нөхцөлийг төдийлөн сайн мэдээгүй байжээ. Женсен өөрөөсөө хавьгүй ах хүүхдүүдтэй нэг дотуур байранд орж, өрөөгөө 17 настай сурагчтай хуваалцах болов.
Хожим тэр үеэ дурсахдаа дотуур байрны амьдрал амар байгаагүйг ярьсан байдаг. Сургуулийн орчинд дээрэлхэлттэй нүүр тулж, бусдын адил ажил хийх шаардлагатай байв. Гэхдээ Америкийн нийгэмд дасан зохицож, англи хэлээ сайжруулахад тэр үе чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Удалгүй эцэг эх нь АНУ-д ирж, гэр бүл Орегон мужид суурьшив. Өсвөр насандаа Женсен Denny’s сүлжээ ресторанд ажилд оржээ. Эхлээд аяга таваг угааж, дараа нь ширээ цэвэрлэгч, зөөгчөөр ажилласан байна.
Олон жилийн дараа Стэнфордын Бизнесийн сургуулийн оюутнуудтай уулзахдаа Хуан энэ үеэ бахархалтайгаар дурссан юм. Аяга таваг угаахдаа ч ажлаа аль болох хурдан, эмх цэгцтэй хийх арга бодож олдог байснаа ярьж, өөрийгөө тухайн үедээ “маш сайн аяга таваг угаагч” байсан хэмээн хошигножээ.
Түүний хувьд ресторан зөвхөн өсвөр насны түр ажил байсангүй. Хүмүүстэй харилцах, дарамттай орчинд хурдан ажиллах, нэг дор олон асуудал шийдэх дадлыг тэндээс сурсан гэж Хуан хожим тайлбарласан байдаг.
Тэр Орегон мужийн их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцаж, дараа нь Стэнфордын их сургуульд цахилгааны инженерийн магистрын зэрэг хамгаалав. Сургуулиа төгсөөд AMD болон LSI Logic зэрэг хагас дамжуулагчийн компаниудад ажиллаж, микропроцессорын салбарын инженер, менежерийн туршлага хуримтлуулжээ.
1990-ээд оны эхэн үе бол персонал компьютер эрчимтэй дэлгэрч байсан цаг. Компьютерийн хүчин чадал нэмэгдэж, тоглоом болон дүрслэлийн технологи хөгжихийн хэрээр график боловсруулах тусгай процессорын зах зээл бий болно гэж Хуан үзэж байв.
1993 онд тэр Крис Малаховски, Кёртис Прием хэмээх хоёр инженертэй хамтран компани байгуулахаар шийджээ. Тэдний бизнесийн төлөвлөгөөгөө хэлэлцдэг байсан газруудын нэг нь Калифорнийн Сан-Хосе дахь Denny’s ресторан байв. Хуан олон жилийн өмнө аяга таваг угааж байсан сүлжээ рестораныхаа ширээний ард энэ удаа өөрийн компаниа байгуулах тухай ярилцаж суусан хэрэг.Тэдний байгуулсан компани NVIDIA нэртэй болов. Женсен Хуан 30 настай байлаа.
Өнөөдрийн байр сууриас харахад компьютер график ирээдүйтэй зах зээл байсан нь ойлгомжтой. Харин 1993 онд нөхцөл байдал огт өөр байв. 3D графикийн чип үйлдвэрлэхээр олон компани өрсөлдөж, аль технологи стандарт болох нь тодорхойгүй байсан юм. Хэдхэн жилийн дотор энэ салбарт 70 орчим компани өрсөлдөх болсон тухай NVIDIA өөрийн түүхэнд тэмдэглэсэн байдаг.Тэр өрсөлдөөнд NVIDIA эхний оролдлогоороо ялсангүй.
Компанийн анхны томоохон бүтээгдэхүүн NV1 график процессор байв. NVIDIA тухайн үед ирээдүйтэй гэж үзсэн өөрийн архитектурт тулгуурлан бүтээгдэхүүнээ хөгжүүлжээ. Гэвч Microsoft компьютерийн 3D графикийн Direct3D стандартыг дэмжиж эхэлснээр NVIDIA-гийн сонгосон технологийн чиглэл зах зээлийн үндсэн урсгалаас зөрөв. NV1 хүссэн амжилтад хүрсэнгүй. Шинэ байгуулагдсан компанийн мөнгө ч хурдан дуусаж эхэлжээ.
Энэ үед NVIDIA Японы тоглоомын аварга Sega-тай дараагийн үеийн тоглоомын консолд зориулсан график процессор хөгжүүлэх гэрээтэй байв. Гэрээ амжилттай хэрэгжвэл NVIDIA-д томоохон боломж нээгдэх байлаа. Гэвч ажил эхэлсний дараа Женсен Хуан өөрсдийнх нь технологи Sega-гийн хэрэгцээг хангаж чадахгүйг ойлгожээ. Түүний өмнө хоёр сонголт үлдэв. Алдаатай технологио үргэлжлүүлж, гэрээний мөнгөө авах, эсвэл төслөө зогсоож, компаниа дампуурах эрсдэлтэй нүүр тулах. Хуан хоёр дахь замыг сонгосон юм.
Тэр Sega-гийн удирдлагатай уулзаж, NVIDIA гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүнээ амжилттай хийж чадахгүй гэдгийг шууд хэлжээ. Үүгээр зогсохгүй гэрээг цуцалсан ч урьдчилгаа хөрөнгийг буцаан нэхэхгүй байхыг хүссэн байна. Хэрэв Sega мөнгөө буцаан авбал NVIDIA дампуурах байв. Sega хүсэлтийг хүлээн авчээ.Олон жилийн дараа Хуан энэ үйл явдлыг компанийнхаа хамгийн шийдвэрлэх мөчүүдийн нэг хэмээн дурссан байдаг. NVIDIA алдаатай технологио үргэлжлүүлсэн бол 1990-ээд оны дунд үед л түүхээс арчигдах байжээ.Аврагдсан хугацаагаа NVIDIA шинэ архитектур боловсруулахад зарцуулав.
1997 онд гаргасан RIVA 128 график процессор амжилтад хүрч, компани анх удаа зах зээлд хүчтэй байр суурь эзэллээ. Хоёр жилийн дараа буюу 1999 онд NVIDIA GeForce 256 бүтээгдэхүүнээ танилцуулж, түүнийг “GPU” буюу график боловсруулах нэгж хэмээн нэрлэв.
Энэ үеэс NVIDIA компьютерийн тоглоомын графикийн гол тоглогчдын нэг болж эхэлсэн юм. Гэвч Женсен Хуаны хамгийн чухал шийдвэр GeForce-ийн амжилт биш байлаа.
2000-аад оны эхээр NVIDIA-гийн инженерүүд график процессорын онцгой нэг давуу талыг улам тодорхой харж эхлэв. Энгийн CPU цөөн тооны нарийн төвөгтэй үйлдлийг дарааллаар өндөр хурдтай гүйцэтгэдэг бол GPU маш олон жижиг тооцооллыг зэрэг хийхэд тохиромжтой байлаа.Тэгвэл GPU-г зөвхөн компьютерийн тоглоомын зураг гаргахад ашиглах ямар хэрэгтэй вэ?Энэ асуултын хариу нь CUDA болсон юм.
NVIDIA 2006 онд CUDA хэмээх программчлалын платформ, архитектураа танилцуулав. Ингэснээр программ хөгжүүлэгчид GPU-г графикаас гадна шинжлэх ухаан, инженерчлэл болон бусад их хэмжээний зэрэгцээ тооцоололд ашиглах боломжтой болжээ.Гэвч CUDA тэр даруй мөнгө олсонгүй.
Харин ч эсрэгээрээ NVIDIA олон жилийн турш программ хангамж, хөгжүүлэгчдийн хэрэгсэл, номын сан, инженерүүдэд асар их хөрөнгө зарцуулах шаардлагатай болов. Тухайн үед компанийн гол орлого компьютерийн тоглоомын график картаас орж байсан учраас “хэрэглэгч нь тодорхойгүй” тооцооллын платформд ийм их мөнгө зарцуулах нь эргэлзээ төрүүлж байлаа.Хуан төслөө зогсоосонгүй.Энэ шийдвэрийн үнэ
цэн зургаан жилийн дараа тодорч эхлэв.
2012 онд Торонтогийн их сургуулийн судлаач Алекс Крижевский, Илья Суцкевер, Жеффри Хинтон нар AlexNet нэртэй хиймэл оюуны сүлжээг бүтээж, ImageNet зураг таних тэмцээнд оролцуулжээ. Тэд алгоритмаа сургахад NVIDIA-гийн GPU ашигласан байна.Үр дүн нь тухайн үеийн хиймэл оюун ухааны салбарыг хөдөлгөв.
AlexNet өмнөх аргуудаас мэдэгдэхүйц өндөр нарийвчлал үзүүлж, deep learning буюу гүн сургалтын аргыг бодит боломж гэдгийг харууллаа. GPU-гийн зэрэгцээ тооцоолох чадвар оюуны сүлжээг сургахад маш тохиромжтой болох нь батлагдав.
Компьютерийн тоглоомыг илүү гоё харагдуулахын тулд бүтээгдсэн процессор гэнэт хиймэл оюун ухааны судалгааны хамгийн хэрэгтэй төхөөрөмжүүдийн нэг болж хувирсан юм.NVIDIA үүнийг түр зуурын эрэлт гэж харсангүй.
Хуан компанийн хөрөнгө оруулалтыг AI тооцоолол руу улам хүчтэй чиглүүлэв. GPU-гаа сайжруулахын зэрэгцээ CUDA-ийн программын экосистемийг өргөжүүлж, дата төв, суперкомпьютер, машин сургалт, автономит автомашин зэрэг шинэ зах зээлд орж эхэлжээ.Энэ стратегийн үр дүн 2020-иод онд бүрэн харагдав.
2022 оны сүүлээр ChatGPT олон нийтэд нээлттэй болсны дараа генератив хиймэл оюун ухааны өрсөлдөөн эхэллээ. Microsoft, Google, Meta, Amazon болон олон зуун стартап том хэмжээний AI загвар сургахад хэдэн арван мянган өндөр хүчин чадлын процессор шаардлагатай болов.Тэр процессорын зах зээлд NVIDIA хэдийнэ бэлэн сууж байлаа.Компанийн H100 зэрэг дата төвийн GPU-гийн эрэлт нийлүүлэлтээсээ давж, технологийн компаниуд NVIDIA-ийн тоног төхөөрөмж авахын төлөө өрсөлдөх болов. Хэдхэн жилийн дотор дата төвийн бизнес нь компанийн өсөлтийн үндсэн хөдөлгүүр болж, NVIDIA-г зөвхөн “график карт үйлдвэрлэгч” гэж тодорхойлох боломжгүй болсон юм.
Гэхдээ NVIDIA-гийн давуу тал зөвхөн чипэнд байсангүй.
Хуан бараг хорин жилийн өмнө CUDA-д хөрөнгө оруулснаар GPU-г тойрсон программ хангамжийн том экосистем бий болгочихсон байлаа. Судлаач, инженер, их сургуулиуд олон жилийн турш CUDA дээр ажиллаж сурсан учраас өрсөлдөгч компани илүү хүчирхэг чип гаргасан ч хэрэглэгчийг бүхэлд нь өөр платформ руу шилжүүлэх амаргүй болов.
Ингэж 2006 онд ашиг нь тодорхойгүй байсан нэг шийдвэр 2020-иод онд NVIDIA-гийн хамгийн том өрсөлдөөний давуу талуудын нэг болсон юм.
Компанийн өсөлтийг дагаад Женсен Хуан ч технологийн ертөнцийн хамгийн танигдсан удирдагчдын нэг болов.
Түүний дүр төрх бусад том компанийн захирлуудаас ялгаатай. Хар савхин хүрэм бараг хувийн таних тэмдэг нь болсон бөгөөд шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа маркетингийн урианаас илүү процессорын архитектур, санах ойн хурд, сүлжээ, эрчим хүч, программын талаар хэдэн цагаар тайлбарлах нь бий.Үүний цаана түүний инженерийн суурь харагддаг.
Хуан NVIDIA-г уламжлалт олон шатлалтай корпораци болгохоос зайлсхийж иржээ. Тэр олон удирдах ажилтантай шууд харилцаж, мэдээллийг шат дамжлагаар шүүж хүргэхээс илүү асуудлы тухайн ажилтнаас өөрөөс нь мэдэхийг эрмэлздэг. Ажилтнуудаасаа товч бичгэн мэдээлэл тогтмол авах арга барилтай бөгөөд компанийн дотоод бүтэц ч бусад аварга корпорацитай харьцуулахад харьцангуй хэвтээ тогтолцоотой гэж тодорхойлогддог.
Түүний энэ хэв маяг заримдаа хатуу, өндөр шаардлагатай удирдлага хэмээн шүүмжлэгддэг. Гэвч Хуан NVIDIA-г тайван, баталгаатай бизнес мэт удирддаггүй нь тодорхойҮүний учир 1990-ээд оны туршлагатай холбоотой байж болох юм.
Тэр графикийн чипийн зах зээлд олон арван компани өрсөлдөж байгаад хэдхэн жилийн дотор ихэнх нь алга болохыг өөрийн нүдээр үзсэн. NVIDIA өөрөө ч анхны бүтээгдэхүүнээ буруу технологи дээр хөгжүүлснээс болж дампуурахад тун ойртож байлаа.Тиймээс компанийн хэмжээ өссөн ч “бид ялчихлаа” гэсэн сэтгэлгээг Хуан хамгийн аюултай зүйлсийн нэг гэж үздэг.Энэ бол өнөөдөр бүр ч чухал асуудал.
AMD өөрийн AI процессоруудаар өрсөлдөж байна. Google TPU технологио хөгжүүлж, Amazon, Microsoft зэрэг NVIDIA-гийн томоохон худалдан авагчид хүртэл өөрсдийн AI чипийг бүтээж эхэлсэн. Үүн дээр АНУ, Хятадын технологийн өрсөлдөөн нэмэгдэж, өндөр хүчин чадлын AI процессорын экспорт геополитикийн асуудал болж хувирав.
Иймээс Женсен Хуан өнөөдөр зөвхөн хагас дамжуулагчийн компанийн захирал биш болжээ.Тэр АНУ-ын бодлого боловсруулагчидтай уулзаж, Европ, Ойрх Дорнод, Ази дахь улс орнуудтай “үндэсний AI дэд бүтэц”-ийн талаар ярилцаж, дэлхийн дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээнээс эхлээд роботын ирээдүй хүртэл хэлэлцдэг болсон байна.Харин NVIDIA дараагийн бооцоогоо аль хэдийн тавьжээ.Хуан хиймэл оюун ухааны хөгжлийн дараагийн том үе нь “physical AI” буюу бодит орчинд ажилладаг хиймэл оюун ухаан болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, AI зөвхөн асуултад хариулж, зураг бүтээх бус орчноо харж, ойлгож, хөдөлгөөн хийдэг робот, өөрөө явдаг машин, үйлдвэрлэлийн системд шилжинэ гэсэн үг.Энэ таамаг биелэх эсэхийг одоогоор хэлэхэд эрт.Гэхдээ Женсен Хуаны өнгөрсөн 30 гаруй жилийн замыг харахад нэг зүйл тодорхой байдаг.NVIDIA-ийн хамгийн том амжилтууд тухайн үедээ хамгийн ашигтай харагдаж байсан зүйлээс төрөөгүй.
1990-ээд онд алдаатай бүтээгдэхүүнээсээ татгалзсан нь компанийг аварсан. 2000-аад онд шууд ашиг өгөхгүй CUDA-д хөрөнгө оруулсан нь дараагийн зах зээлийн суурийг тавьсан. 2012 онд хиймэл оюун ухаан өнөөгийнх шиг асар том бизнес болоогүй байхад NVIDIA энэ салбар руу хүчтэй орсон нь арван жилийн дараах өсөлтийнх нь үндэс болсон.
Тиймээс Женсен Хуаны түүхийг “аяга таваг угаагч хүү тэрбумтан болсон” гэх ердийн амжилтын түүхээр хязгаарлах нь учир дутагдалтай.
Түүний замын гол утга нь хаанаас эхэлсэндээ бус, технологийн дараагийн шилжилтийг олж хараад компанийнхаа чиглэлийг дахин дахин өөрчилж чадсанд оршино.
Өсвөр насандаа Denny’s-ийн гал тогоонд аяга таваг угааж байсан Женсен Хуан 1993 онд мөн л Denny’s-ийн ширээний ард NVIDIA-г байгуулах санаагаа хоёр инженертэй ярилцаж байв. Тэдэнд том оффис, нэр хүнд, баталгаатай зах зээл байсангүй.
Түүнээс хойш NVIDIA хэд хэдэн удаа буруу сонголт хийж, дампуурлын ирмэгт тулж, шинэ зах зээл рүү эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч персонал компьютерийн графикаас эхэлсэн компани GPU, CUDA, суперкомпьютер, хиймэл оюун ухаан гэсэн технологийн хэд хэдэн үеийг дамжин өөрийгөө шинэчилж чаджээ.Гуч гаруй жилийн дараа Женсен Хуан дэлхийн хамгийн том технологийн тайзнуудын нэг дээр хар савхин хүрэмтэй зогсож, хиймэл оюун ухааны дараагийн үеийн тооцоолох системийг танилцуулдаг болсон байна.
Түүний гараа Denny’s-ийн гал тогоонд байсан бол өнөөдөр дэлхийн AI-ийн дэд бүтцийн томоохон хэсэг түүний байгуулсан компанийн технологид түшиглэж байна.
М.Алтаннар
"Монголын үнэн" сонин