Ц.Дөлгөөн: “The wind horse” номоороо монгол адуу, монголчуудын амьдралын ухааныг олон улсад мэдрүүлэхийг зорьсон
Сүүлийн үед Монголын тухай сэдвээр англиар бичиж, ном болгон эх орондоо төдийгүй олон улсад түгээж буй Ц.Дөлгөөний шинэ бүтээл “The wind horse” буюу “Хийморь” номын талаарх уншигчдын сэтгэгдэл ийнхүү хөвөрч байна. Өнгөрсөн тавдугаар сараас уншигчдад хүргэж эхэлсэн энэ ном, номын дэлгүүрүүд, жуулчны баазуудаар эрэлт ихтэй байна.
...Таны англиар бичсэн “The wind horse” буюу “Хийморь” номыг хүүхдийнхээ зуны амралтаар уншуулж, ширээнийх нь ном болгож байна. Энгийн хэрнээ уран яруу хэллэгтэй, утга агуулга сайтай ном юм.
Монголоор хэвлэх үү. Өнөө хүртэл монгол хэлээр ч монгол адууны тухай сайн ном, зохиол ховор байх юм.
Энэ номыг огшиж, догдолж уншлаа. Мэдээлэл, баримт сайтай, бас сэтгэл хөдөлгөм шигтгээнүүдтэй юм.
Сүүлийн үед Монголын тухай сэдвээр англиар бичиж, ном болгон эх орондоо төдийгүй олон улсад түгээж буй Ц.Дөлгөөний шинэ бүтээл “The wind horse” буюу “Хийморь” номын талаарх уншигчдын сэтгэгдэл ийнхүү хөвөрч байна. Өнгөрсөн тавдугаар сараас уншигчдад хүргэж эхэлсэн энэ ном, номын дэлгүүрүүд, жуулчны баазуудаар эрэлт ихтэй байна.Номын зохиолч Ц.Дөлгөөн МУИС-ийг Их Британи, Америк судлаачаар, Лондон дахь бизнесийн Кингстон их сургуулийг олон улсын төслийн менежмент, удирдлага мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Оюутан байхаасаа аялал жуулчлалын салбарт хөтчөөр ажиллаж, Монгол орныхоо байгалийн сайхан, хүн ардын аж амьдрал, монгол ахуй, аж байдлын талаар гадаадынханд сурталчлан таниулсаар ирсэн тэрбээр эдүгээ, ном бүтээлээрээ ойлгуулан таниулж явна.
Ингээд "The Wind horse" номын зохиогч Цогбадрахын ДӨЛГӨӨНТЭЙ ярилцсанаа хүргэе.
-Яагаад монгол адуу гэсэн сэдвээр ном бичих болсон бэ?
-Би багаасаа аялал жуулчлалын салбарт ажилласан. Мэргэжлийнхээ буянаар Монголынхоо бүх аймаг, үзэсгэлэнт газруудад очсон. Үр дүнд нь түрүү жил Монголын тухай ерөнхий мэдээллийн “Authentic Mongolia” номоо англиар бичсэн. Тэр үед монгол адуу, домогт морьд, наадам, хурдан морьдын талаар бичсэн хэсэг жин дарж, зай эзлээд байлаа л даа. Тэгэхээр нь бодож байгаад энэ сэдвийг тусад нь бичих хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ингээд л судалгаагаа үргэлжлүүлснээр “The wind horse” номоо энэ жил гаргаад байна. Монголчууд бид төрийн сүлдэндээ морио дээдлэн залдаг ард түмэн. Монгол хүнийг, бидний амьдралыг таван хошуу малгүйгээр, тэр дундаа адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол адууны тухай ярих гэдэг нь монголчуудын аж амьдрал, сэтгэл сэтгэлгээ, итгэл бишрэл, ертөнцийг үзэх үзэл, амьдралын ухааны түүхийн талаарх яриа болно гэж боддог.
Нөгөөтэйгүүр энэ номоо XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил, ээжийнхээ насны тэгш ой тохиосон жил зориулан гаргасан. Ээж маань миний номын агуулгын редактор, сэтгүүлч Р.Оюунжаргал юм.
-Та номдоо Монголын түүхэнд адуу, морины тухай домог, хууч яриа, монгол адууны онцлог, эдлэл хэрэглэл гээд олон зүйлийг багтаажээ. Энэ бүхнийг бичихийн тулд их уншиж, судлав уу?
-Их уншиж, судаллаа. Ихэнх цагаа зарцуулсан. Монгол нутагт адуу хэзээнээс байсан бэ гэдгээс ном маань эхэлж байгаа. Түүхэндээ монголчууд адуу, морьдынхоо хүчээр дэлхийн олон улсыг эзэлж явсан. Монгол адууны тухай хадны зургаас эхлээд утга зохиол, домог, үлгэр туульст хүртэл гардаг. Миний өвөө Шарбандийн Маамхүү гэж түүхч байлаа. Өвөө минь надад Монголын болон дэлхийн бусад улс орны түүхээс ярьж өгдөг, үлгэр, домог сонсгодог байсан нь ном бичихэд нөлөөлсөн байх. Бидний сайн мэдэх Манжийн хааны үеийн хээр азарганы домгоос эхлээд Дэлхийн II дайны үед үүрэг гүйцэтгэж байсан баатарлаг монгол морьд, Л.Дандар баатрын алаг морь, Вьетнамаас эх нутаг руугаа гүйсэн морьд гээд олон сонирхолтой түүх, домгоос номдоо багтаасан. Монгол адуу онцлогтой. Байгалиараа байгаа, өөрөөр хэлбэл олон мянган жилийн өмнө ямар байсан, тэр янзаараа байгаа ганц адуу юм билээ. Бусад улс оронд адуу бий. Өндөр, том биетэй, сүрлэг сайхан, үзэсгэлэнт гэмээр адуу, морьд хаа сайгүй байдаг. Тэднийг бараг бүгдийг хүмүүс үүсгэн бий болгожээ. Хүмүүс оюун ухаанаараа буюу үржлийн аргаар гаргаж авсан үүлдрүүд. Би эв хавгүй хэлж байж магадгүй. Ойлгосноороо яриад байна л даа.
Харин монгол адуу байгалиараа, анхдагч байдлаараа өнөө хүртэл байгаа нь энэ. Дотроо дархад, тэс, мянгад, гал шар гээд хэд хэдэн угшил байна. Тухайн газар нутгаасаа хамаарч бие бялдар, тэсвэр тэвчээрийн хувьд онцлогтой ч үндсэн ай сав нь монгол адуу. Энэ бүгдийн талаар номдоо тайлбарлан тусгалаа.
Нэгэнт монгол адууны тухай бичихэд адууны эргэн тойрон дахь бүхий л зүйлсийн талаар бичих болсон. Соёл, ахуй, эдлэл, хэрэглэл гээд. Тамганы тухай, адуу тамгалах ёс гэх зэргийг ч багтаасан. Ер нь их уншиж, судалж, асууж, шалгааж байж энэ номны ард гарлаа.
-Адууны, морины соёл, өв талаас авч үзэхэд нэг хэрэг байх. Амьдралд өнөөдөр монгол адуу ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Энэ бол зайлшгүй хөндөх чухал сэдэв юм билээ. Номоо бичиж байхад XXI зуунд монголчуудын хувьд адуу ямар үүрэгтэй байна вэ гэсэн асуулттай тулгарсан. Өнөөдөр хөгжлөө дагаад бүгд л автомашин унаж, адууг эв нэгдэл, хийморийн бэлгэ тэмдэг мэтээр үзэх болоо юу даа гэсэн асуулт өөртөө тавьж, хариулж байлаа. Гадаадынхан, жуулчид ч энэ тухай их асуудаг. Үүнд би өөрийнхөөрөө хариулсан.
-Таны номыг гадаадынхан хэрхэн хүлээж авч, ойлгож байна вэ?
-Ном уншсан гадаад хүмүүс “Энэ улсад адууг эд хогшил шиг өмчирхдөггүй, харин адуутайгаа зэрэгцэн оршиж амьдардаг юм байна. Үүний харилцан хамаарал, нандин учгийг бид чиний номноос ойлголоо. Монгол хүнийг адуунаас нь салгаж ойлгох боломжгүй юм байна” гэсэн сэтгэгдэл хэлж байна. Адуугаар дамжуулан Монголын, дэлхийн түүхийг ч сөхөж харах боломжтой юм байна. Ямар ч насны хүн уншихад сонирхолтой юм байна” гэж ярьж байна.
Нөгөө талаар энэ номыг зөвхөн гадаадынхан уншаад зогсохгүй гадаадад байгаа монголчууд маань сонирхож байгаа. Гадаадад төрж, өссөн монгол ахуйгаа мэдэхгүй өсвөр насныхан олон бий. Ийм хүүхдүүд уншиж байгааг дуулаад маш их баярласан. Номонд баримтат мэдээллээс гадна домог сэлт нэлээд байгаа нь сонирхлыг нь татаж байх шиг.
-Таны номыг уншихад энгийн ойлгомжтойн сацуу уран бичлэгтэй байна гэж уншигчид дүгнэжээ. Англи хэлээр бичихдээ ямар зарчим баримталсан бэ?
-Би энэ номоо түрүүн хэлсэнчлэн зөвхөн америк, англи, австраличуудад зориулж бичээгүй. Англи хэлтэй хүмүүст уншуулахыг зорьсон. Олон улсад английг хоёрдогч хэлээ болгон сурч, эзэмшсэн хүн олон байдаг. Тийм учраас гүн утга агуулгыг ч албан хэллэгээр бус энгийн үгээр тайлбарлахыг хичээсэн.
-“Хийморь” гэж нэрлэсний учир юу вэ, хэзээ ийм нэр өгье гэж шийдсэн бэ?
-Хийморь гэдэг нь яах аргагүй адуутай, морьтой холбоотой ойлголт аж. Хүүхэд насандаа морин дэл дээр дэрвэж өссөн монгол эрчүүд, эмэгтэйчүүд ч гэсэн цог жавхаа, хийморь лундаа гэдэг ойлголт, мэдрэмж илүүтэй байна даа, тийм ээ. Үүнээс үүдээд хүн амьдралынхаа турш сэтгэлээ засаж, өөдрөг, цоглог амьдрах тухай ойлголт юм болов уу. “Хийморь” гэдэг нэрийг номоо бичих явцдаа олсон.
-Номын хавтас дээрх зураг анхаарал татсан. Хаанахын адуу вэ?
-Зураач, “Монгол номадик” баазын эзэн Д.Энхбаатарын адуун сүргийнх. Дархадын алдарт цагаан адуу. Мөн номын хавтас дээрх “Хийморь” гэдэг уран бичиг бол уран бичлэгийн мастер Л.Амарсанаагийнх. Доторх гэрэл зургууд бол Архангай аймгийн уугуул Э.Батхүүгийн бүтээлүүд. Ер нь энэ ном маань олон хүний хөдөлмөр, сэтгэлээр бүтсэн.
-Эмэгтэй хүн адуу, морины тухай ном бичсэн нь содон. Танай удамд уяач бий юү?
-Ээжийн минь өвөө Төв аймгийн Мөнгөнморьт сумын “жаал” хэмээх Б.Дорж нутаг усандаа гоё морьдоороо алдартай, уяач хүн байлаа. Миний элэнц өвөө юм. Би бас багадаа зуны амралтаараа өвөөгийндөө очиж, морь унаж, мал хариулдаг байв. Монгол ахуйдаа өссөн гэсэн үг. Энэ бүхэн, өссөн орчин намайг ажлын талбарт гарахад, бас ном бичихэд эерэг, сайхнаар нөлөөлсөн гэж боддог. Хамгийн гол нөлөө юу вэ гэвэл Монголынхоо тухай, ахуй, соёлынхоо онцлогийн тухай гадаадынханд байгаагаар нь, үүх түүхтэй нь, элдвээр гажуулалгүй таниулах юмсан гэсэн чин хүсэл гэж боддог.
-Англи хэлийг хаана нэвтэрхий сурсан бэ?
-Намайг дөрөв, таван настайд хөдөө Рэнцэн өвөө минь “цагаан толгой” зааж, уншиж сургасан. Хотод ирж, цэцэрлэгт орсон эхний жил орос хэлний, дараа нь англи хэл сонгон суралцах боломжтой ангид орсон. Ингэж би нэгдүгээр ангид монгол, орос, англиар уншдаг болоод орсон юм. Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд Монгол Улсын зөвлөх, Гавьяат Л.Олзвой багш маань монгол хэл, уран зохиол, монгол бичгийн суурийг маш сайн тавьж өгсөн. Монгол хэлний суурьгүй бол гадаад хэл сурахад хэцүү. МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуульд Их Британи, Америк судлалаар буюу англи хэлний мэргэжилтнээр төгссөн. Анхны маань англи багш Их Британийн Лидейс хотын Дэвид Ламберд гэдэг хүн. Тухайн үед их сургуульд хуучны мундаг багш нарын үед суралцсанаараа бахархдаг, их азтай. Н.Доржготов багш маань надад “Чи юм дуулгах хүүхэд шүү. Энэ хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно” гээд өөрийн бичсэн монгол ахуй, аж байдлын холбоотой үгийн болон бусад сэдвээрх дүймэн номуудаа бэлэглэж байлаа. Багшийн маань ерөөл оршсон гэж боддог. Номнуудаа бичихдээ багшийнхаа өгсөн дүймэнгүүдийг олонтаа эргүүлсэн дээ.
-Та одоо ч жуулчидтай тулж ажилласаар байна. Гадаадынхан манай орноос юуг нь илүүтэй сонирхдог вэ?
-Хүн, байгаль хоёрыг л сонирхож байна. Аялал жуулчлалынхан гэдэг хүний аз жаргалтай дурсамжийг бүтээдэг ажил хийдэг. Энэ ажилд би дуртай. Тийм учраас ажлаараа монгол хүний мөс чанарыг харуулахыг зорьдог. Бүгд тийм байгаасай гэж хүсдэг. Тиймээс хаана хаанаа үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй байна. Амжилттай аялал гэж юуг хэлэх вэ. Танай шугамаар аялсан хүн буцаж ирж байна уу, үгүй юү гэдгээр хэмжинэ. Тухайн хүн нутагтаа очоод хүмүүст Монголд ямар байснаа хэлнэ. Тэр хүн найз нөхөдтэйгөө эргэж ирж байвал Монголд аялах сайхан байсан, Монголын аялал жуулчлалынхан сайн байсны тодорхойлолт болох юм.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Энхбат
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №029/24704/ дахь дугаар