МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг “Инфляцад өртөөд буй иргэдийнхээ орлогыг...

“Инфляцад өртөөд буй иргэдийнхээ орлогыг хамгаалах нь төсвийн тодотголын гол зорилго”

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотголыг хоёр  дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Тодруулбал, Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн гэж үзээд өнгөрсөн наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүний дагуу УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулахаар зарласны дагуу  2026 оны төсвийн тодотголын төслийг Байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эхэллээ.

Үнэн
Админ

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотголыг хоёр  дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Тодруулбал, Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн гэж үзээд өнгөрсөн наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүний дагуу УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулахаар зарласны дагуу  2026 оны төсвийн тодотголын төслийг Байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа “Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр арваннэгдүгээр сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барьсан” гэдгийг ээлжит бус чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ тодотгосон. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг ард иргэдэд бус төр өөртөө авч, сайд нарын төсвөөс 1.4 тэрбумын таналт хийх төсвийн тодотголын зорилго, ач холбогдлыг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэж байна вэ. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэж байна.

Б.Жавхлан: Төсвийн тодотгол зайлшгүй байсан учраас яаралтай батлах хэрэгтэй 

-Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөв арваннэгдүгээр сард нэлээд өөрчлөгдөж батлагдсан. Үүнд төсвийн хамгийн том урсгал зардал болох эмч, багш нарын цалингийн нэмэгдлийг оруулж баталсан. Үүний нөлөө нь энэ оны сүүлийн хагаст буюу дөрөвдүгээр улиралд гарч ирж байгаа юм. Энэ  зохицуулалтаа хийхийн тулд зайлшгүй  хийх ёстой тодотгол гэж харж байгаа. 2026 оны төсвийн тодотголыг яаралтай баталж өгөх хэрэгтэй. 2026 оны төсвийн тоонууд бүгд рекорд тогтоолоо шүү дээ. Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ-аар хэлэлцэх шатанд маш нухацтай бөгөөд хариуцлагатай хандах учиртай юм. Учир нь дараа жилийн төсөвт ингэж нөлөөлөл нь өндөр орж ирээд байдаг. Төлбөрийн тэнцэл, энэ жилийн гадаад худалдаа, экспортыг харахад  бүх тоонууд рекорд тогтоож байна шүү дээ. Нүүрсний экспорт гэхэд энэ жил 110, ирэх жил 120 саяд тоннд хүрэхээр байна. Энэ бол сайн тоонууд. Гадаад худалдаа сайн явж байгаагийн хэрээр төсвийн орлого ахиу орж ирж байгаа нь харагддаг. Жилийн дундуур яригдаж байгаа төсвийн алдагдалд нэг их санаа зовох хэрэггүй. Төсвийн гол орлого арав болон арваннэгдүгээр сард буюу жилийн эцэст орж ирдэг учраас нөхөгдөнө гэж ойлгож болно. Тиймээс тодотголыг яаралтай баталж өгөх ёстой.

У.Отгонбаяр: Төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжинэ

-Төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэоны төсвийн тодотголын том бүрэлдэхүүн хэсэг болох стратегийн зарим бараа бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тогтворжуулна гэж 150 тэрбум төгрөгийг тусгаж оруулж ирсэн байгаа.  Нийт 100 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлэхээр тусгасан байна. Хүнсний хэрэгцээнд 12 мянган тонн ногоо, 20 мянган тонн мах, 20 мянган тоннын зоорь агуулах, 299.725 метр куб гэсэн таван зориулалтаар энэ төсвийг зарцуулахаар тусгажээ. Хэрвээ асуудал хүндэрвэл ямар цаг хугацаанд, хэдэн хоногийн нөөц болж чадах вэ гэдгийг нарийвчлан тооцоолох ёстой. Нийслэлд махны нөөц бэлддэг. Үүнд 10 гаруй тэрбум төгрөг олгож байгаа юм билээ. Энэ мөнгийг ахиу болгож, татаасаар бус энэ мөнгөөр нь мах бэлдэж, хямд үнээр зарах бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж би хувьдаа харж байгаа. Улсын төсвийн тодотголын хүрээнд шаардлагатай төсвийг тусгаснаар стратегийн нөөц бүрдүүлэх нь эргээд  инфляцад эерэг нөлөө хэр үзүүлэх вэ гэдгийг холбогдох газрууд харин анхааралдаа авах шаардлагатай.

Ц.Идэрбат: Төсвийн тодотгол  хавар, намрын борлуулалтад дэм болно

-Төсвийн тодотголд 1.4 их наяд төгрөг тусгаснаас 150 орчим тэрбум төгрөгийг хүнсний салбарт зориулахаар орж ирээд байна. Энэ нь инфляцад хүчтэй нөлөө үзүүлж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилготой. Дэлхийн геополитикийн амаргүй цаг үед улсын хүнсний нөөцийг бүрдүүлэхийг зорьсныг зөв гэж харж байгаа. Таван төрлийн нөөц бүрдүүлэхээр тусгасан байна. Дотоодын хэдэн сарын хэрэгцээг хангана гэхээсээ илүү инфляцад нөлөөлж эхлэх мөчлөгийн үед зах зээлд нийлүүлнэ. Нийслэлээс нөөцийн мах бэлдэхдээ арай өөрөөр зохицуулах ажлыг хийж байгаа. Энэ жилийн хувьд төрөөс олгож байгаа 15-20 мянган тонн нөөцийн махыг бэлдэж, 2027 оны гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Таван төрлийн зүйлийг нэг жил худалдаж аваад зогсохгүй. Стратегийн улаанбуудайны нөөц чанартай байж чадвал эргээд гурил болоод буюу мөнгө болоод л ороод ирнэ. Тэгэхээр 2026 оны төсвийн тодотголын мөнгө хавар, намрын улиралд болон борлуулалт дээр нь дэм болж өгнө. Аймгуудтай холбоотой хөрөнгө оруулалтын 30-аад тэрбум төгрөг хасагдсан нь хэмнэлтийн 230 хэдэн тэрбумд орж байгаа. Урсгал зардлаас харин хасагдаагүй. Бид одоо сүүний урамшууллаа огт өгөөгүй байгаа. Төсвийн тодотголын дараа олгоно. Харин тулгамдаж байгаа арьс ширний үйлдвэрлэл, мал эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, вакцинаа дотооддоо үйлдвэрлэх ажилд оруулж байгаа. Тоног төхөөрөмж тодорхой хэмжээнд тусгагдсан.

З.Мэндсайхан: Засгийн газар төсвийн тодотгол дээр хоёр үндсэн бодлогыг баримтална

-Төсвийн тодотгол дээр Засгийн газар хоёр үндсэн бодлогыг баримталж байгаа. Нэгдүгээрт, гадна орчинд үүссэн нөхцөл байдлаас манай эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Үүнийг дагаад дотоодод үнийн өсөлт бий болж байна. Тиймээс Засгийн газар эхний ээлжид инфляцад идэгдээд байгаа орлогыг хамгаалах бодлого оруулж ирж байгаа юм. Хоёрдугаарт, бид инфляцаас нөлөөлөөд байгаа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх үүднээс төсвийн тодотголыг оруулж ирж байгаа юм.  Энэ жил дулаан цахилгааны үнэ нэмэхгүй. Цалин, тэтгэвэр нэмнэ. Үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд гурил, улаанбуудай, махаа нөөцөлнө. Ийм л төсвийн тодотгол. Тодотгол хийх үндсэн дүрмийн дагуу л төсвийн тодотголыг оруулж ирсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх шаардлага үүссэн. 2026 оны төсвийг батлахдаа Засгийн газар цалин нэмэхгүй гэж оруулж ирсэн, УИХ цалин нэмсэн. Цалинг нэмэхдээ зардлыг нь тавихгүйгээр батлаад өгсөн, ийм л асуудал болсон. Боловсролын салбар хоёр цалинтай явж ирснийг хэн хүнгүй мэдэж л байгаа. Үүнийг цэгцлэхээр оруулж ирсэн. Дараагийн шалтгаан нь хоосон савыг дүүргэх гэж л тодотгол дээр орон зай гаргаад иргэдийнхээ инфляцыг хамгаалах зорилгоор нөөц бүрдүүлье гэж оруулж ирсэн. Бидэнд ерөөсөө удирдаж чадах, чадахгүй хоёрхон зүйл бий. Дэлхийд болж байгаа геополитикоос үүдэлтэй асуудлыг бид удирдаж чадахгүй. Улмаар түүнийг дагаж орж ирж байгаа үнийн өсөлтийг бид нар удирдаж чадахгүй, боломжгүй шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцад нөлөөлж байгаа учраас улирлын хомсдолтой үед зорилтот бүлгийнхээ хэрэглээг нөөцөөр дэмжээд явъя гэдэг бодлогыг Засгийн газар баримталж байна. Цаашлаад 300 мянган тонн түлш хадгалах савтай болъё гэж зориод энэ зунжингаа ажилласан. Үр дүнд нь 200 мянган тонн шатахуун нөөцлөх савтай боллоо. Манай улс бензин шатахууны хувьд  экспортоос бүрэн хамааралтай учраас нөөцийн савтай болох нь нэн тэргүүний тулгамдсан асуудал байсан. Энэ мэтчилэн цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүссэн.  

 С.Эрдэнэбат: Цалин, тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлагатай

-Энэ цаг үед цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлагатай. Төсвийн тодотголыг цаг үедээ иргэд рүү чиглэсэн бодит ажлуудыг тусгасан учраас үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Энэ хүрээнд зарим саналыг хэлэхэд, жил бүр цөөрөөд байгаа ахмадууддаа хэдэн төгрөг нэмэх ёстой. Ахмад насанд арай багтахгүй байгаа,  хүнд хортой нөхцөлд ажиллаад гавьяаны амралтдаа гарсан хүмүүсийг ч цаашдаа хууль журмаа өөрчлөөд төсөв санхүү баялгаас хүртээх талаар бодох ёстой. Эм тариа, эмнэлгийн зардал ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй өвдөж зовсон хүмүүст санхүүгийн том дарамт болдог. Тэгвэл энэ төрлийн эм тариаг хөнгөлөх саналыг дэмжиж байна. Гэхдээ хүндрэл явдал чирэгдэлийг давхар шийдэх ёстой. Боловсрол, эрүүл мэндийн цалинг нэмсэн нь хамгийн зөв бөгөөд өгөөжтэй хүндээ хийсэн хөрөнгө оруулалт.  2021 онд багш эмч цалингаа улсын дундаж цалинд хүргэе гэж итгэлцлийн хамтын гэрээ хэлэлцээр байгуулсан. Өмнө нь ч нэмээд л ирсэн. Гэтэл 2025 онд нэг ч төгрөгөөр нэмэхгүй гэж орж ирээд л маргаан дэгдсэн. Дараа нь шинэ хуучин цалин гээд бас маргасан.  Засгийн газар тэр үед шийдээгүй бол олон багш ажилчид, эмч сувилагч нар мөр мөрөө хөөгөөд гадаад дотооддоо өөр салбар, ажил албаа солиод явах байсныг таашгүй. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, зам тээвэр гээд бусад салбараа ч нэмэх нь зөв. Болж өгвөл төрийн захиргааны болон тусгай албан хаагчдаа ч нэмэх нь шударга зарчим гэж харж байгаа.  

М.Өнөржаргал 

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №034/24709/ дахь дугаар 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.