МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хотын даргын 100 хоног

Хотын даргын 100 хоног

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва энэ оны тавдугаар сарын 26-нд албан ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд хийсэн ажлаа ахмадуудад танилцууллаа. Тусгаар тогтнолын ордонд болсон уг арга хэмжээг Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос зохион байгуулж, тус холбооны нийслэлийн гишүүд, дэмжигчид оролцов. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов. Уулзалтын үеэр ахмадууд тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, амьдрах орчны аюулгүй байдал, төрийн үйлчилгээ болон орон сууцны хүртээмж зэрэг тулгамдсан олон асуудлыг хөндөж, санал бодлоо нээлттэй илэрхийлсэн юм. Хотын дарга Б.Пүрэвдагва улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулсан ахмадуудынхаа гаргасан саналуудыг цаашид хэрэгжүүлэх, бодлого төлөвлөгөөндөө бүрэн тусгаж, бодитойгоор ажиллахаа онцлов.

Үнэн
Админ

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ахмадуудын саналыг сонслоо 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва энэ оны тавдугаар сарын 26-нд албан ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд хийсэн ажлаа ахмадуудад танилцууллаа. Тусгаар тогтнолын ордонд болсон уг арга хэмжээг Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос зохион байгуулж, тус холбооны нийслэлийн гишүүд, дэмжигчид оролцов. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов. 

Уулзалтын үеэр ахмадууд тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, амьдрах орчны аюулгүй байдал, төрийн үйлчилгээ болон орон сууцны хүртээмж зэрэг тулгамдсан олон асуудлыг хөндөж, санал бодлоо нээлттэй илэрхийлсэн юм. 

Хотын дарга Б.Пүрэвдагва улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулсан ахмадуудынхаа гаргасан саналуудыг цаашид хэрэгжүүлэх, бодлого төлөвлөгөөндөө бүрэн тусгаж, бодитойгоор ажиллахаа онцлов.

Үргэлжлүүлэн хотын дарга Б.Пүрэвдагва өнөөгийн Улаанбаатар хотын нөхцөл байдлын талаар бодлогын шийдэл дэвшүүлж, нийслэлийн тулгамдсан асуудлыг дэд бүтцийн хүртээмжгүй байдал, агаарын бохирдол, түгжрэл, засаглал гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хуваан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. 

Дэд бүтцийн хүртээмжгүй байдал

Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй дэд бүтцийн хомсдол, орон сууцжуулалт болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд бодит ажлуудыг эрчимтэй хийж байна. Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Ногоон нуурт 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулж байгаа бөгөөд Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон байсан 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулахаар болжээ. Улаанбаатар хотын баруун болон баруун хойд бүсийн дулааны гол эх үүсвэр болох “ДЦС-5” төслийн барилга угсралтын ажлын явц өнөөдрийн байдлаар 16 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү станц ажиллаж эхэлснээр цахилгаанаар 100 мянга хүртэлх, дулааны эрчим хүчээр 40-50 мянга орчим айл өрхийг хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн Шархад, Баянхошуу дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр эрчим хүч, дулааны хэмнэлттэй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл” амжилттай хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд "Шархад дэд төв"-д 338 айлын ногоон орон сууц баригдаж байгаагаас эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Эдгээр орон сууц нь стандарт барилгуудтай харьцуулахад эрчим хүчний хэмнэлт 25 хувь, усны болон барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байх бөгөөд оршин суугчид ашиглалтын зардал багатай, илүү үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших юм. Цаашид хувийн хэвшилтэйгээ хамтран нийт 4,200 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд "Баянхошуу дэд төв"-ийн орон сууцны барилгын ажил 83 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн COP17 хурлын хүрээнд зохион байгуулсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аас Улаанбаатар хот 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож, олон улсын байгууллагуудтай зургаан санамж бичиг байгуулан ногоон төслүүд, хурдны зам болон трамвай төслийг эхлүүлэхээр болсныг онцлов. Мөн цаашид шинээр баригдах орон сууц бүр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах орчинтой, хүндээ ээлтэй байхын төлөө анхаарч ажиллаж байна.

Агаарын бохирдол

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотод цахилгаан автомашин цэнэглэх 32 “Ногоон өртөө”-г байгуулсан бөгөөд энэ онд уг өртөөний тоог 80-д хүргэж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулж байгаа бөгөөд цаашид уурын зуух, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ. Ингэснээр 130 мянган өрхийн яндангаас гарах хэмжээний нүүрсний утааг бууруулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ иргэдээс ирсэн шүүмжлэлийг үндэслэн “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлийн технологийн тохируулга хийж, чанарт хатуу хяналт тавин ажиллаж байгаа ба борлуулалтын явцыг “Хотула” аппликейшнээр хянах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх томуугийн эсрэг вакцинжуулалтад 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан болон архаг суурь өвчтэй иргэдийг нэн тэргүүнд хамруулж, зорилтот бүлгийн 293,619 иргэнийг хамруулахаар бэлтгэл хангажээ.

Түгжрэл

Авто замын түгжрэлийг бууруулах болон боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Нийтийн тээврийн паркаа шинэчилж, багтаамж сайтай цахилгаан автобус 60, сургууль болон хүүхдийн тээврийн автобус 50, дунд багтаамжтай автобус 46-г тус тус нэмэгдүүлсэн бөгөөд БНХАУ-ын “BYD” компанитай хамтарч батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр судалж байна. Сургууль, цэцэрлэг амраагүй үед түгжрэл эрчимждэг тул нийт 84 сургуулийг шинээр барихаар төлөвлөсний 33-ыг нь Дэлхийн банк, 11-ийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэжээ. Засгийн газрын “Гэртээ ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд 50 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаснаар 21 бага сургууль ашиглалтад орж, 8,736 хүүхэд гэртэйгээ ойр сургуульдаа суралцах боломж бүрдээд байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбосон гурван шинэ гарц бүхий авто замыг ашиглалтад оруулсан байна. Мөн “Хүүхдэд ээлтэй хот” бодлогын хүрээнд “Сургуульд хүрэх зам” төслийг хэрэгжүүлж, гэрлэн дохио, камержуулалт, замын тэмдэглэгээг сайжруулахын зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн чиглэлтэй “Хүүхдийн ордон-2”-ыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Засаглал

Төрийн үйлчилгээний ил тод байдал, иргэдийн оролцоог хангах чиглэлээр тодорхой бодлогыг баримтлан ажиллаж байна. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай болгох зорилгоор Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилга, процессын дахин инженерчлэлийг хотын түвшинд эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд 150150 дугаарт иргэд зөвхөн зурвас, мессеж илгээж, санал хүсэлт, гомдлоо өгөх боломжтой болсон бөгөөд иргэдийн явуулсан хүсэлтийг нийслэлийн эрх бүхий 22 албан тушаалтан хариуцаж, харьяа газар хэлтэс рүү хуваарилан ажлын тав хоногийн дотор хариу өгөхөөр зохион байгуулжээ. Энэхүү “Хотын дарга сонсож байна” төсөл нь олон нийтийн байнга шүүмжилдэг нийслэлийн хүнд суртал болон иргэдийнхээ дуу хоолойг төр сонсохгүй байна гэх асуудлыг цэгцэлж, засаглалын шинэ форматыг бүрдүүлж буй юм. Түүнчлэн хотын дарга УИХ-ын эмэгтэй гишүүд, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” сэдэвт арга хэмжээнд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай уулзаж, хүртээмжтэй, саадгүй орчин бүрдүүлэх зорилготой “Inclusive Data” буюу хүртээмжийн нэгдсэн мэдээллийн сангийн төслийн талаар хэлэлцсэн байна. “Inclusive Data” нь байгууллага бүр шаардлагатай хүртээмжийн мэдээллийг нэгдсэн сангаас авч ашиглах боломжийг бүрдүүлж, бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтад бодит өгөгдөлд тулгуурлан ажиллах суурь дэд бүтэц болох юм. Ингэснээр тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд, ахмад настан болон бүх насныханд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг цогцлоох бодит дэмжлэг болох юм. Хотын удирдлагын зүгээс хот төлөвлөлтийг иргэдэд илүү ил тод болгож, хяналт, хариуцлагыг өндөржүүлэн шинэ үеийн, нээлттэй Улаанбаатар хотыг байгуулахын төлөө тууштай ажиллахаа онцоллоо.

Б.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №034/24709/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.