МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн туха...

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.09.14) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. (Хуулийн төслийг эндээс)


Энэ өдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Н.Батсүмбэрэл, Б.Жавхлан, З.Мэндсайхан, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Ч.Анар, Б.Уянга, А.Ундраа,  Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, М.Мандхай нар хүрэлцэн ирж, хуралдаандаа идэвхийлэн оролцов.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төсвийн алдагдлыг хэрхэн тооцоолсон талаар, УИХ-ын гишүүн Б.Уянга шатахууны хомсдол үүссэн хүнд үеийг даван туулж байгаа нөхцөл байдлыг тодруулж, худалдаа, үйлчилгээний салбар уналтад орсонд авч буй арга хэмжээний талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариулав. Тэрбээр, оны эцэст тавигдах зардлыг урагш татсан тул төсвийг тодотгох шаардлага үүссэн, нүүрсний экспортын биет хэмжээ боломжийн байгаа тул алдагдал багатай даван туулах боломжтой гэсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, шатахууны агуулах сав бариулахаар төсөвт суулгасан, энэ онд 150 мянган мкв нөөцийн сав бариулж, гурван сарын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. Хамгийн олон ажлын байрыг бүрдүүлдэг онцлогтой худалдаа, үйлчилгээний салбар нь валютын ханшаас шууд хамааран савлаж буй гэсэн хариултыг холбогдох яамны төлөөлөл тайлбарласан.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, мөнгөний бодлогын хүү өссөн нь цаашлаад зээлийн хүү нэмэгдэхэд нөлөөлнө, сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл авах хүсэлт хэд ирсэн талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний салбар дахь хэтийдсэн ачааллыг ирэх өвөл даван туулах, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжиж байгаа ч үнийн өсөлтөд нөлөөлөх, орлогын тогтвортой суурь бий болгох бодлогын асуудлыг хөндөж асуув. Хөгжлийн төлөвлөгөөний биелэлт хэдэн хувьтай явааг, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ямар тоног төхөөрөмж төсөвлөсөн талаар УИХ-ын гишүүн М.Мандхай тодрууллаа. Ижил чиг үүрэгтэй мөртлөө 16 дахин зөрүүтэй төсөвлөсөн байдлыг лавлав. Улсын төсвийг хэлэлцэх, батлахдаа хөнгөн хуумгай хандаж болохгүйг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сануулав. Цахим зээлийн дарамтад иргэд өртөж буй асуудлыг цэгцлэх асуудлыг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар хөндлөө. Санхүүгийн зохицуулах хорооноос цахим зээл буюу хэрэглээний зээлийн өр, орлогыг харьцааг бодлогоор шийдвэрлэсний үр дүнд харьцангуй тогтворжсон гэж тус Хорооны дарга Т.Жамбаажамц хариулсан юм. Төрийн өмчит компаниуд ачааллаа үүрч ирсэн, одоо төсвийн тодотголд өгөөжөө нэмэрлэнэ хэмээн холбогдох төлөөлөл мэдээлэв. Тухайлбал 1072 ширхэг хувьцааны үнэлгээг шинэчилнэ гэв.



Аудитын газрын дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн асууж, шаардлагагүй зардлыг тэлсэн, байхгүй хот дээр зөвлөл байгуулаад 1,4 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудлыг хөндсөн. Арилжааны банкны хүү багатай зээл өндөр байгаа нь хувийн хэвшлийг дэмжих бодлогод саад болж буйг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа онцлов.

Хуулийн төслийг дэмжих эсэхээр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц нар байр суурь илэрхийлэн үг хэллээ.



Ийнхүү 2026 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр холбогдох байгууллагуудын төлөөллөөс нэмэлт мэдээллийг гишүүдэд хүргүүлэхээ илэрхийлж байв. Сангийн сайд асуултад хариулахдаа, төсөвлөлтөд аль болох бодитоор хандаж, гэрээний дүнгээр санхүүжүүлэхээр тооцсон. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн салбарт байгаа гэсэн юм. Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ. 











Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.