МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хамтдаа босго давъя: Хөгжлийн бэрхшээлтэ...

Хамтдаа босго давъя: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих шинэ алхам

Монгол Улсад 2025 оны байдлаар 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртгэлтэй байгаагаас сонгуулийн насанд хүрсэн буюу 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь байна. Тэд бол халамжийн бус, харин нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бүрэн эрхт оролцогчид юм. Иргэн бүр эрхээ тэгш эдэлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх нь ардчилал, шударга ёс, хүний эрхийн суурь зарчим билээ. Монгол Улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг Нэмэлт протоколын хамт соёрхон баталж, үүрэг хүлээсэн бөгөөд 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг анх удаа баталж, үүргээ баталгаажуулсан билээ. Гэтэл энэ хугацаанаас хойш Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй хэвээр байсаар байна.

Үнэн
Админ

Монгол Улсад 2025 оны байдлаар 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртгэлтэй байгаагаас сонгуулийн насанд хүрсэн буюу 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь байна. Тэд бол халамжийн бус, харин нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бүрэн эрхт оролцогчид юм. Иргэн бүр эрхээ тэгш эдэлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх нь ардчилал, шударга ёс, хүний эрхийн суурь зарчим билээ. Монгол Улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг Нэмэлт протоколын хамт соёрхон баталж, үүрэг хүлээсэн бөгөөд 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг анх удаа баталж, үүргээ баталгаажуулсан билээ. Гэтэл энэ хугацаанаас хойш Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй хэвээр байсаар байна.

Сонгох эрхийн хувьд:

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд санал өгөх эрхтэй 82.013 хөгжлийн бэрхшээлтэй сонгогч бүртгэгдсэнээс 40.536 буюу 49.4 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн бол 41.477 буюу 50.6 хувь нь сонгуульд оролцоогүй байгаагаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоо хангалтгүй байгаа нь харагдаж байна. Сонгуульд оролцоогүй шалтгаан нь сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хэн нэгний тусламж дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай, сонгуулийн хэсгийн санал авах байр хол, бүх шатны сонгуулийн талаарх мэдлэг, ойлголт муу, мэдээллийн хүртээмжийн хязгаарлагдмал, нийгмийн оролцооны идэвх сул зэргээс шалтгаалан сонгуульд оролцоогүй болохоо судалгааны явцад илэрхийлсэн байна.
2024 онд Монгол Улсын ХҮЭК-оос хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаа”-наас харахад судалгаанд оролцогчдын сонгуулийн оролцооны идэвхийг насны бүлгээр авч үзэхэд 18-25 насны ХБИ-ий 30.4 хувь нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож санаалаа өгөөгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд 18-25 насны оролцогчдын 31.5 хувь, 2020 оны бүх шатны орон нутгийн сонгуульд 18-25 насны оролцогчдын 31.5 хувь нь оролцож саналаа өгөөгүй байна. Мөн сонгуульд оролцож саналаа өгөх, улс төрийн байр сууриа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг улс төрийн биет оролцооны идэвхийн хувьд судалгаанд оролцогчдын 12 хувь нь маш идэвхтэй, 40.5 хувь нь идэвхийн хувьд дундаж, 17.6 хувь нь огт идэвхтэй биш, 14.9 хувь нь сул идэвхтэй хэмээн хариулсан байна. Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь улс төрийн намын гишүүн байна. Үүнийг задалбал 18-25 насны оролцогчдын 3.3 хувь, 26-35 насны оролцогчдын 10.6 хувь, 36-45 насны 10 хувь, 46-65 насны оролцогчдын 12.2 хувь, 65 ба түүнээс дээш оролцогчдын 10.9 хувь нь улс төрийн намын гишүүнчлэлтэй байна.

Сонгогдох эрхийн хувьд:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс УИХ-ын 2004, 2008, 2012, 2016, 2020 оны сонгуулиудад нийт долоон хүн сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл сонгогдож байгаагүй. Харин дүүргийн ИТХ-ын 2016, 2020 оны сонгуульд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн АН-аас сонгогдож байжээ.
2024 он хүртэл хууль тогтоох дээд байгууллагатаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөлгүй байсан билээ.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, 78 гишүүн иргэдийг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн сонгох холимог тогтолцоог хуульчилсан нь хууль тогтоох байгууллагын нийгмийг төлөөлөх чадавх, ардчилсан шинжийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон. Мөн эмэгтэйчүүд, ахмадууд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс 2023 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэр дэвшүүлсэн улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт оржээ. Үүний үр дүнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намууд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг жагсаалтаас оруулсан билээ.
2024 оны УИХ-ын сонгуулиар хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөлтэй болсон юм.
МАН-аас О.Саранчулуун сонгогдсоноороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирлээ.

Тэгш оролцоог бодлогын түвшинд дэмжиж буй Монгол Ардын Нам

МАН хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, иргэн бүрийн эрх, оролцоог хангахыг зорин ажиллаж ирсэн. Тус намын бодлого, үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй орчныг бий болгох, нийгмийн бүх салбарт тэгш оролцоог хангах асуудал онцгой байр суурь эзэлдэг.
Сүүлийн жилүүдэд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, мэдээллийн хүртээмж зэрэг чиглэлээр олон бодлого, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог илүү системтэй дэмжих шаардлага хэвээр байна. Иймээс улс төрийн намын түвшинд тэдний дуу хоолойг сонсож, бодлогод тусгах механизм бий болгох нь цаг үеийн хэрэгцээ болсон юм.

Социал демократ үнэт зүйл ба хэнийг ч орхигдуулахгүй хөгжил

Социал демократ үзэл санааны гол үнэт зүйл нь шударга ёс, тэгш боломж, эв нэгдэл, хүний эрх юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд нийгмийн бүх гишүүн хөгжлийн үр шимийг хүртэх ёстой бөгөөд ямар ч хүн, ямар ч бүлэг орхигдож болохгүй.
"Хэнийг ч орхигдуулахгүй хөгжил" гэсэн зарчим нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын гол үзэл санаа төдийгүй МАН-ын хүн төвтэй бодлогын үндсэн чиглэлтэй нийцдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн бодлогоос ангид бус, харин хөгжлийг бүтээгч, оролцогч, манлайлагч иргэд гэж үзэх нь энэхүү үзэл санааны бодит илэрхийлэл юм.

Дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс бус, тэдэнтэй хамт шийдвэр гаргах зарчим өнөөдөр дэлхий нийтийн жишиг болоод байна. Тэдэнд ямар үйлчилгээ хэрэгтэй, ямар саад бэрхшээл тулгарч байгаа, ямар өөрчлөлт шаардлагатай байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс нь өөрсдөө юм.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх шатанд оролцуулах нь илүү бодитой, үр дүнтэй шийдвэр гаргах үндэс болно. Энэ нь зөвхөн төлөөллийн асуудал биш, харин чанартай бодлого боловсруулах гол нөхцөл юм.

Энэ хугацаанд МАН юу хийсэн бэ

Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо байгуулав.
МАН-ын XXXI Их хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 15–16-нд болж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хангах зорилгоор намын удирдах байгууллагын бүтэцдээ шинэ бодлогын хороодыг байгуулсан бөгөөд үүний нэг нь “Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо” юм.
Хороо нь тэгш оролцоо, хүртээмж, тусгай боловсролын чиглэлээр ажилладаг хувь хүмүүс, багш, асран хамгаалагчид, төрийн бус байгууллага, намын гишүүд, дэмжигчид, орон нутгийн төлөөллийн 50 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МАН-ын мөрийн хөтөлбөрийн Хүн ам, нийгмийн бүлэг, ХБИ-ий тэгш оролцоог хангахад чиглэсэн бодлого, заалтуудын хэрэгжилтэнд мониторинг хийж, хангаж ажиллаж байна.
Үйл ажиллагааны хүрээн “Хүртээмжийн тухай гарын авлага” боловсруулж, намын хороодуудад сургалт зохион байгуулж, намын байруудыг хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.

Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулав

2025 оны зургадугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, НАМЗХ-ны дарга Б.Галсан нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулж, удаах хурлаа 2025 оны зургадугаар сарын 28-нд зохион байгуулахад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я. Содбаатар оролцож, Нам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжих байгууллага байгуулах санаачилга өрнөсөн.
Энэхүү үйл ажиллагааг баталгаажуулж, 2025 оны есдүгээр сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дуу хоолой, оролцоог хангуулах зорилгоор дэргэдээ үндэсний төв байгуулна” хэмээн зарласан нь энэхүү зорилгыг намын бодлогын түвшинд баталгаажуулсан чухал шийдвэр байлаа.
МАН-ын үндсэн дүрэмд заасны дагуу намын харьяа байгууллага байгуулж болно гэж заасны дагуу МАН тав дахь холбоо буюу Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоогоо байгуулж байна.

Холбооны зорилго ба үйл ажиллагааны чиглэл

МАН-ын дэргэд байгуулагдаж буй Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжих, тэдний дуу хоолойг бодлого боловсруулах түвшинд хүргэх зорилготой.
Тус холбоо нь:
•Хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,
•Эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санал санаачилга гаргах,
•Хүртээмжтэй орчин, үйлчилгээ­ний талаар нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх,
•Манлайлагчдыг бэлтгэх, чадавхжуулах,
•Иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.

Хамтдаа босго давъя

"Хамтдаа босго давъя" уриа нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг бодит босго төдийгүй нийгмийн хандлага, ойлголт, ялгаварлан гадуурхалт, оролцооны саадыг хамтаараа даван туулахыг илэрхийлж байна.
МАН-ын "Хүн төвтэй бодлого", "Чөлөөлье" үзэл санаа нь хүн бүрийн боломжийг нээх, эрхэм зэрэг буюу угаас заяасан нэр төр, үнэ цэнийг хүндэтгэхэд чиглэдэг. Иргэн бүрийн авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, оролцоог чөлөөлж байж нийгмийн хөгжил урагшилна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь өрөвдөх асуудал биш, харин хүний эрх, шударга ёс, хөгжлийн асуудал юм.

Ирээдүйн зорилт ба хамтын ажиллагаа

Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, оролцоог нэгтгэсэн чухал талбар байх болно. Бид хамтдаа бодлогын босгыг, хандлагын босгыг, боломжийн босгыг давж чадна.
Учир нь тэгш оролцооноос тэгш хөгжил эхэлдэг. Харин тэгш хөгжил нь хэнийг ч орхигдуулахгүй нийгмийг бүтээдэг.
Өнөөдөр байгуулагдаж буй Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь зөвхөн нэг байгууллага шинээр нэмэгдэж байгаа хэрэг биш. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад илүү идэвхтэй оролцох шинэ талбар бүрдэж байгаагийн илэрхийлэл юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй саад бэрхшээл нь зөвхөн шат, босго, хаалга зэрэг биет орчинд байдаггүй. Мэдээллийн хүртээмжгүй байдал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, төрийн үйлчилгээ, нийгмийн хандлага зэрэг олон түвшний саад өнөөдөр ч байсаар байна. Эдгээр саадыг арилгаж чадвал хүн бүр өөрийн чадвар, хүсэл мөрөөдлөөрөө нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болно.
Иймээс тус холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогод санал дэвшүүлэх, иргэдийн дуу хоолойг төр, намын байгууллагад хүргэх гүүр болон ажиллах учиртай. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бус ардчилал, хүний эрх, шударга оролцооны асуудал мөн юм.
МАН-ын дэвшүүлж буй хүн төвтэй бодлого, “Чөлөөлье” үзэл санааны хүрээнд хүн бүрийн оролцоог үнэлдэг, боломжийг нээдэг, хэн ч үл хоцрох нийгмийг бүтээхэд Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.


Э.Улсболд  /“Хүртээмж ба тэгш оролцоо” бодлогын хорооны нарийн бичгийн дарга/
Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.