МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Х.Ганхуяг: Засгийн газрын санаачилгаар М...

Х.Ганхуяг: Засгийн газрын санаачилгаар Монгол Улс анх удаа татварын хувь хэмжээг бууруулж байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

Үнэн
Админ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ Татварын багц хуулийн шинэчлэлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд голлох өөрчлөлтүүд болон ач холбогдлын талаар та бидэнд мэдээлэл өгнө үү?

-Татварын багц хуулийн хүрээнд ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах агуулга бүхий хуулийн төслийг Засгийн газрын зүгээс анх удаа оруулж ирснийг мэдээллийн эхэнд онцолъё. Энэ бол 36 жилийн түүхэнд анх удаа Засгийн газар нь татварыг нэмэх бус бууруулъя гэдэг санаачилгыг гаргаж буй тохиолдол болж буйгаар онцлогтой. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар татвар нэмэх санал оруулж ирж байснаас  улсын төсөвт ачаалал болох хэмжээнд хүртэл бууруулъя гэдэг саналыг оруулж ирж байсан тохиолдол байхгүй. Энэ бол  Монголын түүхэнд тодоор бичигдэхүйц хууль болж байгааг би ажлын хэсгийн ахлагчийн хувьд онцлон тэмдэглэмээр байна. Учир нь төр иргэнийхээ төдийгүй өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг болон цаашлаад аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Татварын багц хуулийн төслийг боловсруулсан. 

УИХ-аар эцсийн хэлэлцүүлэг хийсэн, соёрхон батлахад бэлэн болоод байна.  Татварын багц хуулийн хүрээнд иргэн, өрх, аж ахуйн нэгж талдаа нийтдээ 3.6 их наяд төгрөгийн дүн бүхий татварын орлогыг үлдээж байна гэсэн үг.  Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын  болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай гэсэн дөрвөн хуулиас гадна УИХ-ын зарим гишүүний өргөн барьсан энэ төрлийн хуулийн төслийг хамтатган төслөө боосноор УИХ-аар  шат шатны хэлэлцүүлгийг хийлээ.  Задлаад ярихад Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулж буй гол заалт нь хуучин байсан шатлал нь 10, 15, 20 буюу түүнээс дээшээ орлого олох тусам илүү татвар төлдөг  шатлалтай байсныг болиулж байна.

Ингэхдээ бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах үүднээс 0-792 мянган төгрөг хүртэлх орлоготой  бол  татваргүй буюу 0 хувь. 792-2 сая хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулахаар хуульд тусгасан. Энгийнээр жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар 200 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэчилсэн хуулиар энэ тоо 12 мянган төгрөг болж буурч байна гэсэн үг. Түүнээс дээш буюу гурван сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдрийн хуулиар 300 мянган төгрөгийг татварт төлж байгаа бол 113 мянга болж буурна. Тэгэхээр энэ бол яг ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч буй бүх иргэнийхээ орлогыг хамгаалж буй бодит дэмжлэг гэж бид үзэж байгаа юм. Хоёрдугаар томоохон өөрчлөлт бол иргэд орон сууцаа борлуулсан тохиолдолд хоёр хувийн татвар төлдөг байсныг болиулаад тэглэсэн. Энэ бол залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй заалт болсон. Учир нь гэр бүл зохиож байгаа залуучууд өр, зээл тавиад  орон сууцтай болдог,  анх удаа болохоор ихэвчлэн л жижиг  мкв-тай байранд ордог.

Ингээд хүүхдийн тоо нэмэгдээд ирэхээр байраа томруулах шаардлага үүсээд худалдан борлуулсан тохиолдолд улсад заавал хоёр хувийн татвар төлөх шаардлагатай болдог байсан бол  шинэчилсэн хуулийг мөрдөж эхэлснээр татваргүй болж байна. Энэ асуудлаар ард иргэдээс санал асуугаад 100 мянгад хүрсэн байсныг бид ингэж хуульдаа тусгаж баталгаажууллаа. Мөн хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн бизнесийн орлогод ногдох татвар дээр өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хувь хүний өөрийн эрхэлж буй бизнесийн нэг тэрбум төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвартай болгож байна. Энэ бол хувь хүн өөрийн гэсэн бизнес эрхэлбэл дарамт болох хэмжээний их татвар төлөхгүй буюу  нэг хувийг төлөх боломжийг бүрдүүлж буй хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.

-Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн ямар төрлийн өөрчлөлт орох вэ?

-НӨАТ-ын тухай хуульд томоохон хоёр өөрчлөлтийг оруулж байна. Нэгдүгээрт, иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог гол зүйл нь татварын өрөнд орчихдог байсан явдал. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйлээ зарсан л бол нэхэмжлэл үүсээд НӨАТ-ын өртэй болчихдог байлаа шүү дээ. Нэг ёсондоо авах ёстой мөнгөө авч амжаагүй байхад л өр үүсчихдэг байсан явдал маш их дарамт үүсгэдэг байсан. Гааль дээр бараа ирлээ, тэнд НӨАТ-аа урьдчилж төлөх шаардлагатай болдог байсан. Харин үүнийг тухайн иргэний авах ёстой мөнгө дансанд нь орж ирсний дараа НӨАТ-аа төлөх боломжтой болгож байгаа юм. Ингэхдээ дээд  хугацааг хоёр  сараар зааж өгсөн.

Энэ бол  компаниуд маань татвараа аль болох шударгаар төлдөг байх, нэг тайлантай байхыг дэмжих зорилго бүхий заалт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хугацаандаа татвараа төлөөд байвал НӨАТ төлөх хугацаа нь уртасдаг байхаар хуульд тусгаж өглөө. Энэ бол ард иргэд төдийгүй компаниудын хувьд эргэлтийн хөрөнгө дээр маш их дарамт үүсгэдэг байсан асуудал. Улмаар зээлийн хүүнд ч нөлөөлдөг байсан учраас Засгийн газрын үүнийг Татварын багц хуулийн өөрчлөлтөөр шийдэж байна гэсэн үг. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд маань банкнаас банкны хооронд зээл авч байж гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ыг төлдөг байсан асуудлыг нэг мөр шийдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ хүрээнд  ойролцоогоор зургаан их наяд  төгрөгийн зээлийн шугам үүссэнийг хааж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүд маань ямар нэгэн байдлаар зээл авснаар гааль, НӨАТ-аа төлдөг байсан байгаа юм. Цаашид энэ асуудал шийдэгдэх боломж хуулийн хүрээнд бүрдэж байна.

Хоёрдугаарт, НӨАТ-ын босгыг өөрчилсөн. Ингэхдээ босго 50 сая байсныг 400 болгож нэмэгдүүллээ. Энэ бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шууд утгаараа дэмжсэн заалт болж байгаа. Үүнд нийтдээ 23 мянган аж ахуйн нэгж хамрагдах тооцоолол гарсан. Энэ тухайд Татварын ерөнхий хуульд нэг томоохон өөрчлөлт оруулж буй нь данс битүүмжилдгийг болиулж байна. НӨАТ-ын хуулиараа компаниудыг татварын өртэй болгочихдог. Эргээд Татварын ерөнхий хуулиараа дансыг нь хаагаад битүүмжилчихдэг байдлаар өнөөдрийг хүртэл явж ирлээ шүү дээ. Гэтэл өнөөх аж ахуйн нэгжүүд маань ажил, үйлчилгээнийх нь мөнгө орж ирээгүй байхад дансыг нь хаачихдаг ийм урвуу хамааралтай байдаг байлаа.  Энэ бол нэг талдаа төр өөрөө иргэд, аж ахуйн нэгжүүдээ боомилоод, хүнд байдалд оруулдаг байсныг болиулж байгаа юм. Хуулийн шинэчлэлийн гол зарчим нь татвараа хуулийн хугацаанд төлөхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангая гэж байгаа юм.

-Татварын багц хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлснээр эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг хэрхэн харж байна вэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулах бүх боломжоор хангаж байгаа учраас үр дүнгийн тооцооллыг хийсэн болов уу?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 10, 25 гэсэн шатлалтай байсан. Товчхондоо, зургаан тэрбумаас дээш ашиг олбол 25 хувийн татвар төлдөг байсныг дундуур нь 15 хувийн шатлалыг оруулж өглөө. Энэ заалт бол уул уурхайн бус дундаж хэмжээний компаниудаа дэмжиж буй нэг хэлбэр гэж ойлгож болно. Мөн шатлал оруулж ирснээр энэ хэрээр татварын хэмжээ буурч байна гэсэн үг. Үүний үр дүнд дунд болон том компаниудын татварын ачаалал дунджаар 0.3 хувиар буурч байгаа юм.

Харин жижиг, дундын тухайд мөн шинэ зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, 2.5 тэрбумын борлуулалтын орлоготой компаниудыг нэг хувийн татвартай болгож байна. Тэгэхээр бид жижиг, дундууддаа НӨАТ-ын хуулиараа, томоохон буюу борлуулалтын орлого 2.5 тэрбумаас дээш бол нэг хувийн татвартай болгосноор аль алийг нь өсөн бойжуулах боломжоор хангасан бодлого баримталж байгаа нь энэ. Улмаар мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулбал  татварын хөнгөлөлт эдлэхээс гадна татварын өрийн тухайд хязгаарлалт тогтоож өглөө. Татварын өр дээр алданги, хүү тооцдог байлаа шүү дээ. Тэгвэл үүн дээр тэдээс хэтэрч болохгүй гэдэг хязгаарлалтыг зааж өгч байгаа юм. Эдгээр заалтын үндсэн ач холбогдол нь татвар төлөгч талдаа илүү үйлчлэхээр, тэдний үйл ажиллагааг дэмжсэн өөрчлөлтүүд болох юм. Ач холбогдлын хувьд мэдээж үр дүн гарна.

Татварын багц хуулийн дээрх өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр Монгол Улсын эдийн засагт ойролцоогоор 0.7 хувийн эерөг өөрчлөлт гарах тооцооллыг хийсэн. Үндсэндээ Татварын багц хуулийн шинэчлэлийг мөрдөж эхэлснээр хөдөлмөр эрхлэлт болон бизнесийн идэвхжил төдийгүй худалдан авах чадвар нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж харж байна. Дахин тодотгоход өнгөрсөн 36 жилийн хугацаанд төр татвараа нэмж ирснээс бууруулж байсан тохиолдол үгүй.  Энэ Засгийн газрын  санаачилгаар Монгол Улс анх удаа татварын хувь хэмжээг бууруулж байна. Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын  дарга байхад нь бид хоёр хамтран  Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан. Улмаар УИХ-ын дарга байхад нь өргөн барьж байлаа. Энэ бол зөвшөөрлийн тоог бууруулах, татварын дарамт,  хүнд суртлыг бууруулах тухай үндсэн агуулга бүхий хууль шүү дээ.

Татварын багц хуулийн тухайд миний бие 2024 оноос хойш ажиллаж байж өнөөдөр ийнхүү эцэслэн батлагдахаар болж байна. Монголын төр ерөөсөө л цалингийн орлоготой иргэдээ дэмжиж байж хөдөлмөр эрхлэлт идэвхжинэ, нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. Товчхондоо, хөдөлмөр эрхэлж буй иргэдээ дэмжихийн зэрэгцээ өрхийн орлогыг нь хамгаалаад бизнес эрхлэлтийг нь дэмжчихээр эдийн засаг тэлнэ гэж харж байгаа. Хувь иргэний амьдралд ч бодит дэмжлэг болж таарна.

-Татварын багц хуулийн хүчин төгөлдөр мөрдөх хугацааг ялгамжтай байдлаар оруулсан нь ямар учиртай байсан бэ?

-2027 оны нэгдүгээр сарын 1-нээс аливаа төрлийн татвартай холбоотой бүх заалтыг хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тусгасан хоёр саяас дээших орлоготой иргэдэд ногдуулах нэг хувийн татварыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөхөөр хуульд тусгасан. Учир нь эдгээр бүх заалтыг 2027 оноос эхлүүлчихээр төсөвт  ирэх ачаалал харьцангуй их болчихоод байсан учраас ганцхан заалтын мөрдөх хугацааг хойшлуулъя гэж тусгасан юм. Бүх заалтыг ирэх оноос мөрдөөд эхэлчихээр улсын төсөвт шууд 3.6 их наядын ачаалал ирэхээр байсан учраас ингэж зохицуулсан. Гэхдээ Татварын багц хуулийн шинэчлэлийн 99 хувь нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэсэн үг.

М.ӨнөржаргалЭх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.