Хямралыг боломж болгох стратегийн шинэ арга замын эрэлд...
Ормузын хоолой орчимд үүссэн геополитикийн хурцадмал байдал болон тээврийн ноцтой хориг саад нь орчин үеийн түүхэнд тохиогоогүй эдийн засгийн томоохон шокийг үүсгэж, олон улсын худалдаа, эрчим хүчний аюулгүй байдал, логистикийн сүлжээг үндсээр нь ганхуулж байна.
Ормузын хоолой орчимд үүссэн геополитикийн хурцадмал байдал болон тээврийн ноцтой хориг саад нь орчин үеийн түүхэнд тохиогоогүй эдийн засгийн томоохон шокийг үүсгэж, олон улсын худалдаа, эрчим хүчний аюулгүй байдал, логистикийн сүлжээг үндсээр нь ганхуулж байна. Персийн булан болон Оманы булангийн хооронд орших, дэлхийн газрын тосны тээврийн гол судсанд тооцогддог энэхүү усан замаар дэлхийн нийт далайн замаар тээвэрлэгдэж буй газрын тосны бараг 20–25 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд зэвсэгт мөргөлдөөн, аюулгүй байдлын эрсдэлээс үүдэн хэвийн үйл ажиллагаа нь эрс тасалдсан юм. Энэхүү хямралын улмаас Персийн булангийн бүс нутагт логистикийн асар том түгжрэл үүсэж, дэлхийн томоохон тээврийн компаниуд тээвэрлэлтээ зогсоосноор 1,550 гаруй худалдааны хөлөг онгоц, 22,000 гаруй далайчид гацаж, дайны эрсдэлийн нэмэгдэл хураамж 4–6 дахин өсчээ.
Тухайлбал, Ойрх Дорнодын логистикийн гол зангилаа болох Дубайн Жэбел Али зэрэг боомтуудад ачаа бараа түгжирсний улмаас бараа бүтээгдэхүүний эргэлтийн хугацаа 10–14 хоногоор уртассан байна. Түүнчлэн Катарын талын эрчим хүчний байгууламжууд эрсдэлд орж, LNG-ийн экспортод хүчин төгөлдөр бус байдлын нөхцөл үүссэн нь дэлхийн зах зээл дээр эрчим хүчний хомсдол үүсгэж, Brent төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 100–120 ам.доллароос давж огцом савлагаанд орлоо. Энэхүү эрчим хүчний шок нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг, тээврийн шатахууны үнийг дэлхий дахинд өсгөж, төв банкуудын инфляцыг бууруулах бодлогод хүндхэн сорилт авчирсан юм. Персийн булангийн орнууд хүнсний хэрэгцээнийхээ дийлэнхийг энэ хоолойгоор дамжуулдаг тул дотооддоо хүнсний болон бараа материалын хомсдолтой нүүр тулж, зарим томоохон жижиглэн худалдаалагч амин чухал хэрэгцээт бараагаа агаарын тээврээр зөөвөрлөхөд хүрсэн нь үнийн хөөрөгдлийг 40–120 хувиар өсгөжээ.
Персийн булангийн үйл явц нь тус бүс нутагт улс төрийн зөрчил, мөргөлдөөн, газрын тосны нийлүүлэлттэй холбоотой өөрчлөлт, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлсээр хамаардаг бөгөөд Азийн санхүүгийн зах зээлд шууд тусаж байна. Тус бүс нутгийн үйл явц нь Азийн санхүүгийн зах зээлд газрын тосны үнийн өсөлтөөр дамжин инфляц нэмэгдэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах, валютын ханш болон хөрөнгийн урсгалд нөлөөлөх, зах зээлийн савлагааг нэмэгдүүлэх гэсэн үндсэн дөрвөн сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэхүү нөхцөл байдлын улмаас БНХАУ (38%), Энэтхэг (15%), БНСУ (12%), Япон (11%), Европ (3%), бусад Азийн бүс нутаг (14%), бусад улс (7%) зэрэг орнуудын хөрөнгийн биржүүд уналттай нээгдэж, хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх дуршил эрс буурсан байна. Импортын төлбөрөө ам доллароор төлдөг Азийн орнуудын валютын нөөцөд асар их дарамт ирж, инфляцын дахин сэргэлттэй холбоотойгоор төв банкууд нь мөнгөний бодлогоо чангатгах эсвэл эдийн засгийн өсөлтөө дэмжих эгзэгтэй сонголттой тулгарсан. Иймээс Азийн орнууд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, геополитикийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Үүний зэрэгцээ Ормузын хоолойн хямрал, Оросын дайн, түүнчлэн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг суурь хүчин зүйлсээс үүдэлтэй олон улсын тээврийн коридоруудын түгжрэл нь Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (LLDCs) хувьд гадаад худалдаа, эрчим хүчний аюулгүй байдал, логистикийн өртөгт хамгийн хүнд цохилтыг үзүүлж байна. Далайд гарцгүй орнуудын хувьд газарзүйн алслагдмал байршил, гуравдагч орны боомт болон дамжин өнгөрөх замаас бүрэн хамааралтай байдаг тул логистикийн зардал анхнаасаа өндөр байдаг ба нийлүүлэлтийн хамгийн жижиг тасалдалд ч маш өндөр мэдрэмтгий, эмзэг байр суурьтай байдаг. Тухайлбал, Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ 95 хувийг импортоор, ихэнхийг нь ОХУ-аас хангадаг. Иймээс дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд өөр эх үүсвэрт шилжих боломжгүй, өндөр үнээр худалдан авах нөхцөлд ордог.
Монгол Улсын хувьд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор импортын шатахууны өртөг огцом нэмэгдэж, шатахууны үнийн өсөлт нь тээвэр, үйлдвэрлэл, импортын бүх зардлыг нэмэгдүүлж, эцсийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Үүний үр дүнд инфляц нэмэгдэж, эдийн засагт өргөн хүрээний дарамт үүсгэдэг байна.
Түүнчлэн далайн тээврийн чингэлгийн хомсдол, транзит боомтуудын ачаалал нь Азийн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүний эргэлтийн хугацааг сунгаж, импортлогч компаниудад санхүүгийн хүндрэл авчирдаг. Энэхүү гадаад шокоос хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд хувийн хэвшилтэй хамтран шатахуун болон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд хуваарилалт гаргаж, нөөцийг оновчтой ашиглах төлөвлөгөө боловсруулах, үнийн өсөлтийг огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, хаврын тариалалтад зориулж шатахуун, үр бордоо, үр орцуудын нөөцийг тасалдал үүсгэхгүйгээр бэлдэх, бордоо болон тэсэрч дэлбэрэх бодисын стратегийн нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт, аюулгүй ажиллагаа тээвэрлэлтийн зохицуулалтыг сайжруулан нөөцийн түвшинд үнэлгээ хийж шаардлагатай нөхөн бүрдүүлэлтийг хийх, мөн өрхийн хэрэглээ болон гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай орц материалын нийлүүлэлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд багтаж байна. Түүнчлэн энэ хүрээнд улсын хэмжээнд 18 аж ахуйн нэгжийн 22 ширхэг шатахууны агуулах сав шинээр барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлж, 2026-2028 он гэхэд хадгалах хүчин чадлаа нэгээс гурван сарын ердийн хэрэглээний нөөцтэй болохоор шат дараатай өргөжүүлж байгаа юм.
Үүнтэй ижлээр Зүүн өмнөд Азийн цорын ганц далайд гарцгүй Лаос улс түлш болон түүхий эдийн импортоо хөрш орнуудын боомтуудаар дамжуулан татдаг тул тээврийн тарифын өсөлтөд өртөж, дотоодын шатахууны хомсдол, ам.долларын ханшийн дарамттай нүүр тулж байна. Гималайн уулархаг бүсэд орших Бутаны Вант улс мөн Энэтхэгийн боомтуудаар дамжуулан өргөн хэрэглээний бараа, эм тариа импортолдог ба логистикийн сүлжээний тасалдал нь импортын инфляцыг газар авахуулахад хүргэж байна.
Гэсэн хэдий ч энэхүү глобал хямрал нь Монгол Улс болон бусад далайд гарцгүй орны хувьд дотоод нөөц бололцоогоо дайчлах, эдийн засгийн бүтцээ шинэчлэх стратегийн чухал боломжуудыг нээж өгч байна.
Тухайлбал, уламжлалт далайн тээврийн гол замууд болох Улаан тэнгис болон Ормузын хоолой хаагдсан эсвэл хэт эрсдэлтэй болсноор Төв Ази болон Кавказаар дайран өнгөрөх Дунд коридор (Trans-Caspian International Transport Route) стратеги ач холбогдол түүхэнд байгаагүйгээр өсөж, Хятад, Европ болон Ази, Ойрх Дорнодыг холбох хуурай замын болон төмөр замын мультимодаль сүлжээг хөгжүүлж, транзит тээврээс хэт хамааралтай байдлаа бууруулах шинэ гарцыг бий болгож байна.
Энэ хүрээнд Казахстан улс руу чиглэсэн тээврийн логистикийг хөгжүүлж, боомтын шинэчлэл болох Актау болон Курик шинэ боомтыг түшиглэн Монголоос хөрөнгө оруулагчид оролцох тухай мэдээлэл гарч, зөвхөн транзит биш бүрэн хэмжээний логистикийн төв болохоор зорьж байгаа юм. Түүнчлэн Истанбулын мега коридор (4,75 тэрбум ам.доллар) болон Зангезур коридорын төслүүдтэй уялдсан дэд бүтцийн шинэ боломжууд нээгдэж байна.
Умард коридор нь 180 сая тонн хүчин чадалтай бол Дунд коридор нь зургаан сая тонн орчим хүчин чадалтай байгаа боловч Дэлхийн банкны 2023 оны судалгаагаар Дунд коридорын нийт урсгал 11 сая тоннд хүрч 209 хувиар өсөн, үүнээс Казахстан (6.2M тонн, +186%), Гүрж (0.9M тонн, +52%), Азербайжан (0.7M тонн, +86%), Хятад-Европ (2.7M тонн, +5268%), Узбекистан-Европ (1.3M тонн, +71%) болон бусад транзит тээвэр (4.4M тонн, +303%) эрчимтэй нэмэгдэж байна. Дунд коридорын тээврийн үнэ 3,500–4,500 ам.доллар (FEU), тээвэрлэх хугацаа 15-55 хоног байгаа нь далайн тээвэртэй (Шанхай-Роттердам чиглэлд 2,100-3,500 ам.доллар, 35-45 хоног) өрсөлдөхүйц хувилбар болж байна.
Ормузын хоолойн хямрал нь бидэнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх, логистик ба стратегийн нөөцийн системээ сайжруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг тэр дундаа далайд гарцгүй орнуудын хамтын ажиллагааг бий болгох, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, төмөр зам болон логистикийн төслүүдийг эрчимжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж импортын хамаарлыг бууруулах зэрэг боломжийг авчирч байна.
Дүгнэж хэлэхэд, Ормузын хоолойд үүссэн хямрал нь далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдал, гадаад хамаарлыг бодитоор харуулж байна. Дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаа болон тээврийн зардлын өөрчлөлт нь импортоор дамжин дотоод зах зээлд шууд мэдрэгддэг нь энэхүү нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Энэ нь нэг талаар ноцтой эрсдэл боловч нөгөө талаар манай улсад логистик, гадаад худалдаа, нийлүүлэлтийн сул талуудаа олж харж, бодлогоо стратеги түвшинд шинэчлэн сайжруулах чухал боломжийг олгож байна.
Иймд эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх савтай болох, мөн бүс нутгийн тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээг цогцоор хэрэгжүүлснээр ирээдүйн болзошгүй гадаад шокоос эдийн засгаа бүрэн хамгаалах дархлааг тогтоох боломжтой юм.
Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №028/24703/