МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Хязгааргүй уудам тайз-боржигоны бор тал

Хязгааргүй уудам тайз-боржигоны бор тал

Бизнесийн салбар бүрээс шинийг санаачлагч, тогтвортой хөгжигч, татвар төлөгч, шоу энтертайнментын тухайн оны алдартнууд, манлайлагчдыг шагнаж урамшуулан сурталчилгааны кампанит ажилд нэгтгэдэг “Grand awards-2026” наадмын үеэр нэгэн залуутай танилцсан юм. Түүнийг Д.Жамбажанц гэдэг. Гүрж суран эдлэлийн сургалт хэмээх цоо шинэ өнцгөөр тухайн шалгаруулалтад ёстой тооноор орж ирсэн нэгэн. Монгол малын түүхий эд гэдэг бол үнэндээ боловсруулж, бизнес болгож чадах нэгэнд нь үр өгөөжөө харамгүй хайрлах юм даа. Сурыг өөрсдөө боловсруулан ташуур, мөнгөн тоногтой хазаар, түүнчлэн бэлэг дурсгалын зүйлс урлахуйд суралцаж, бизнес болгох аргачлалыг залууст заадгаараа тэр яах аргагүй шинэ цагийн бахархалт төлөөлөл. Өнгөрсөн бямба гарагт “Эгч ээ, маргааш хурга засна. Та хүүтэйгээ хүрэлцэн ирээрэй. Базук \М.Баянзул\ эгчийнхэн гэр бүлээрээ зочилно” гэсэн мессеж ирэв. Хүүд тэрхүү санал ямар сэтгэгдэл төрүүлэхийг мэдэхгүй учир дуулгатал “Хурганы засаа гэнэ ээ. Ямар гоё юм бэ. Явъя аа” л гэж байна. Сэтгүүлч Манханы Уранчимэг манай хүүг “Хөгшин сүнстэй” гэдэг. Миний аав Доржийн Нямдоржийн төрөлх нутаг Булган аймгийн Гурванбулаг суманд гурван зун бид очсон юм. Айраг гүд гүдхийтэл залгилж, нүүдэлчдийн ховор зоогийг хээвнэг цохиж суугаа нь нутгийн хэвлүүхэн яриатай хөвгүүдээс ялгарахааргүй харагддагсан. Морин дэлнээ салхи татуулж ёстой л эр хүн шиг эрвэлзэж, эмээлт хүлэг шиг дэрвэлзэнэ шүү дээ.

Үнэн
Админ

Бизнесийн салбар бүрээс шинийг санаачлагч, тогтвортой хөгжигч, татвар төлөгч, шоу энтертайнментын тухайн оны алдартнууд, манлайлагчдыг шагнаж урамшуулан сурталчилгааны кампанит ажилд нэгтгэдэг “Grand awards-2026” наадмын үеэр нэгэн залуутай танилцсан юм. Түүнийг Д.Жамбажанц гэдэг. Гүрж суран эдлэлийн сургалт хэмээх цоо шинэ өнцгөөр тухайн шалгаруулалтад ёстой тооноор орж ирсэн нэгэн. Монгол малын түүхий эд гэдэг бол үнэндээ боловсруулж, бизнес болгож чадах нэгэнд нь үр өгөөжөө харамгүй хайрлах юм даа. Сурыг өөрсдөө боловсруулан ташуур, мөнгөн тоногтой хазаар, түүнчлэн бэлэг дурсгалын зүйлс урлахуйд суралцаж, бизнес болгох аргачлалыг залууст заадгаараа тэр яах аргагүй шинэ цагийн бахархалт төлөөлөл. Өнгөрсөн бямба гарагт “Эгч ээ, маргааш хурга засна. Та хүүтэйгээ хүрэлцэн ирээрэй. Базук \М.Баянзул\ эгчийнхэн гэр бүлээрээ зочилно” гэсэн мессеж ирэв. Хүүд тэрхүү санал ямар сэтгэгдэл төрүүлэхийг мэдэхгүй учир дуулгатал “Хурганы засаа гэнэ ээ. Ямар гоё юм бэ. Явъя аа” л гэж байна. Сэтгүүлч Манханы Уранчимэг манай хүүг “Хөгшин сүнстэй” гэдэг. Миний аав Доржийн Нямдоржийн төрөлх нутаг Булган аймгийн Гурванбулаг суманд гурван зун бид очсон юм. Айраг гүд гүдхийтэл залгилж, нүүдэлчдийн ховор зоогийг хээвнэг цохиж суугаа нь нутгийн хэвлүүхэн яриатай хөвгүүдээс ялгарахааргүй харагддагсан. Морин дэлнээ салхи татуулж ёстой л эр хүн шиг эрвэлзэж, эмээлт хүлэг шиг дэрвэлзэнэ шүү дээ. 

Газрын баримжаа “сайтай” амьтан чинь яагаад ч юм бэ тэднийхийг Төв аймгийн Алтанбулаг сумын айл гээд ойлгочихсон, хавийн амьтан руу “Бид хоёр Алтанбулаг орлоо л” гээд зарлачихлаа. Сэтгүүлч М.Баянзул \УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн туслах\, түүний гэр бүлийн хүн О.Билэгтөр \ИНЕГ-ын ажилтан\, тэдний амин үр Б.Эмүжин, энэ бүлийн хүндэт гишүүн Люси нохойтой замд гарахдаа л Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу давхиж яваагаа мэдвэй. О.Билэгтөрийн гэр бүлийн альфард машин тохилог гэж жигтэйхэн. Люси гэгч жижиг цагаан нохой эздийнхээ гар, хүзүүнд зүүгдэж явдаг танхи амьтан санж. Миний хүү сүүлийн жил гитар хөгжим тоглож сурахыг эрмэлзэж яваа. Сургуулийн тайлант өдөрлөг мэтийн арга хэмжээнүүдэд “Шинэ санаа иннова” сургуулийнхан итгэлтэй нь аргагүй хамгийн түрүүнд тайзнаа гаргахаар урам зориг нь бадардаг ч биз ээ. Иймд бид Арцатын амнаас О.Билэгтөрийн ажлын залууг замдаа дайнгаа ерөөсөө л гэр ойрхон тул гитар, өсгөгч тэргүүтэнг нь аваад явъя гэж дуу нэгтэй тохирцгоов. Хурга засах нь баяр ёслолын шинжтэй байдаг гэж сонссон тул сүр хүч нэмэх юм шиг санагдаад явчихлаа. 140 орчим км давхисны эцэст засмалаас салсан шороон замын эхэнд Баян-Өнжүүлийн хаяг харагдана. Хотжилтын хөдөлгөөнөөс ангид, цэгцтэй цомхон энэ сум 2100 гаруй оршин суугчтай. Хязгааргүй өргөн тал дундахь хэдхэн байшинд амьдардаг суурингийн иргэд атаархмаар харагдах чинь вэ. Тансаглалын тухай ойлголт жилээс жилд иймэрхүү л хэмжээнд хүрэх байж. Хурдан буянгууд нь улсын наадмаас түрүү магнай авдаг тухай нь алдарт Боржигоны бор талаар салхи татуулангаа хүүрнэлдэв.

            Тал нутгийн чимэг болсон Зоргол хайрхан Төв аймгийн долоон гайхамшгийн нэгд тооцогдох нь аргагүй юм аа. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Нутгийн зон олон Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж буй согооны хэлбэртэй гэж ярилцдаг гэнэ. Зоргол хайрхан нь ажваас газрын зүрхэнд тэнгэрийн мутраар босгосон чулуун дуулал мэт. Салхи нь судар шиг шивнэж, сар нь оргилд хоргодон, тал нутгийн нам гүмийг нуруундаа үүрч, үе үеийн нүүдэлчдийн залбирал, домгийг хадгалсан хөх мөнхийн харуул ажээ.

Сур сүлжмэлчин хүүгийн аавыг Д.Доржбаяр гэнэ. Тэднийх Зоргол хайрхны ар бэлд ганц гэрээр олон оныг үджээ. Д.Жамбажанц хүү нь сур сүлжмэлийн шавь нартайгаа ирснийг харахул хурга засах ажил олон хүний бараатай тул түүртэлгүй дууссан бололтой. Тэр 1000 шавьтай. Малын хашаа, эзгүй талд хийсэх хөвөн цагаан зүйлсээс өөр өдрийн нүсэр ажлыг гэрчлэх зүйл үлдсэнгүй. Бид оройтож, зөвхөн идэх ажилтай иржээ. Ид ажлын цагаар таарсан ч юу л хийж шалих вэ дээ. Мал хөнгөлөх, засаа идэх гэдэг монголчуудын өвөрмөц сонин соёл, заншил билээ. Харин миний хувьд өвөрмонгол айлд хурганы засаа идэж үзсэн юм. Хурга засахад цаг улирал, өдөр судар маш чухал. Мөн төл малын бие гүйцэж, шинэ ногоонд цадсан байх учиртай. Хурга хөнгөлөхөд зуны эхэн сарын шинийн гурван хамгийн ээлтэй өдөр гэж үзэж энэ өдөр ихэвчлэн хурга, ишгийг хөнгөлдөг. Гэхдээ газар орон, тухайн жилийн цаг агаарын байдлаас хамаарч энэ хугацаа өөрөөр товлогдоно. Өндөрлөг, сэрүүн баруун Алтай нутагт аргын тооллын зургадугаар сар гарсан хойно хургаа хөнгөлдөг аж. Малын хотны эхэн хавьцаа хомоолоо уугиулан малаа ариусгана. Эхлээд хөнгөлөх хүндээ хадаг барин, сүү амсуулна. Энэ бүхнийг судлахад яагаад ч юм бэ айх мэдрэмж төрөөд байв. Хуц тавих хургаа хөнгөлөхгүй үлдээхдээ магнайд нь цагаан идээ түрхэн мялаагаад, эрүүн дор нь тавагтай цагаан идээгээ хүргэж ёслон, арцны утаанд гурвантаа эргүүлэн ариутгаад, үр төл олонтой, үржил шим сайтай байхын ерөөл өргөдөг домтой. Мал хөнгөлсөн өдрөөс гурав хоног гэрээс “юм” гаргах хориотой. Хурганы засаа нь уураг учраас хот хүрээнийхэн ийнхүү зорин зорин ирдэг уламжлал нэгэнт тогтжээ. Харин энэ тухайгаа хөдөөнөөс ирсний маргааш сониныхоо гэрэл зурагчин, СГЗ С.Чимгээ эгчид хэлэхэд ярвайсхийгээд тоох шинж алга. “Биднийг багад тогоо дүүрэн засаа чаначихаад “ид, ид” гээд л ...Би дургүй ш дээ” гээд хэзээний пологтсон хүн шиг царайлдаг байна шүү. Өөдөөс нь “Би гөвж л орхисон. Ёстой гоё” гэж цаашлуулаад, манай хүү Ихэрбилэг хэчнээн дуртай идсэн, цахилгаан гитараа чирээд очсон ч тэр айл тоггүй байсан тухай ярианы хачир хийв. Эхнэр, нөхөр Билэгтөр, Баянзул, тэдний найз залуу, охин Амина бүгд л хэмжээ хэмжээндээ зоог хүртсэн юм. Надад бол хонины чанасан толгойны тархи шиг амтагдаад, шарж идмээр санагдсаныг яана. Айлд дураараа дургиж болох биш дээ. Энэ өдөр Доржбаярынх гэдэг айл 250  гаруй хурга зассан байна.

 

 Д.Доржбаяр: Сайхан хангайдаа сүсэглэж сууна

 

Өрхийн тэргүүн Д.Доржбаяр, Н.Ариужаргалтай 30 жил ханилжээ. Ариунжаргал Баян-Өнжүүл сумандаа наймдугаар анги, нөхөр нь төвийн 10 жилийн сургуулийг дүүргэсэн гэнэ. 1996 онд гэрлэсэн тэд хүү, охинтой хоёртой. Том охин нь 30 нас хүрчээ. Хүүхдүүддээ хотод байр авч өгсөн гэв. Анх 200 гаруй малтай нийлсэн бол одоо “Мянгат малчин” цолын эзэд. 1500 орчим малтай ч тоо биш махны чанарыг эрхэмлэдгээ тодотгов.

-Билэгт сайн өдөр танайхаар зочилсондоо баяртай байна. Та хоёр эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Цаг агаар сайхан таарлаа. Энэ жил гойд байна. Ногоо давгүй ургалаа. Манайд ийм ногоотой газар цөөн. Бидний аав, ээжүүд өөд болоод удаж байна. Аав минь Төв аймгийн уугуул, уяач Сүхээ гэж хүн байсан.Тэр утгаараа би ч морь уях хоббитой. Эцэг эхээс бид тавуулаа. Төрсөн ах, гурван дүүтэй.Манайхан нүүчихсэн. Бууриа сахиад үлдсэн нь би л байх шив дээ. Цаг хугацааны тооллоороо зуны эхэн сарын шинийн найманд хургаа засаж байна. Хурга засах, морь ёслохдоо сайн өдрийг сонгодог нь нүүсэн ч тэр буурин дээрээ тогвортой сайхан өвөлжинө, арвин төл авна гэсэн утгыг бэлгэддэг.

-Сая нааш гарахаас өмнө “Засааг эмэгтэй хүн идэж болохгүй шүү” гээд л манай найз сануулж байна. Энэ асуултад олон жил хурга зассан та бүхэн л зөв хариулт өгөх байх даа?    

-Олон төрлийн витаминтай болохоор эмэгтэй хүн идэж болно оо. Бүгдээрээ идсээр ирсэн.

-Хурга засах өдөр ойртохоор хотынхон хамаатнуудаараа цуглаад, ураг төрлийн баяр ч юм шиг санагдаад байна. Өнөөдөр хэр олон гийчин ирсэн бэ?

-Үүрийн зургаан цагаас хургаа засаж эхэлдэг. Миний хүү шавь нараа авчраад хоёр өдөр ажиллаж байна. Манай нагац ахын зээ хүү Австралиас ирсэн. Дөрвөн машин хүн ирлээ. Ах маань сониноос хүмүүс ирнэ гээд хүлээсээр байгаад явчихлаа. Манайд 80-аад онд “Үнэн” сонины сурвалжлагч ирж байсан юм. Тамганы найр хийхэд бүр их хүн ирдэг. Саяхан ургийн баяраа 400-уулаа хийлээ. Манай нагац ах ургийн ном бичсэн. ЭМЯ-нд насаараа ажилласан эрдэм номтой хүн бий. Наадмын үеэр мөн л зөндөө зочинтой өнждөг. Улсын наадмаар сумандаа уралдацгаадаг.

-Сумын наадам хамгийн сайхан гэдэг. Хотын хүмүүс одоо хөдөө рүү тэмүүлэх нь их болжээ.Та хоёр насаараа л энэ буурин дээрээ амьдарсан байна. Оторт гардаг уу?

-Залуу байхад хэд хэдэн удаа оторт гарсан. Сүүлийн жилүүдэд суурин байна. Үржил шимт өвс ургамалтай энэ сайхан хангайдаа сүсэглэж сууна даа. Малчин хүн юу эсийг үзэх вэ. Нэлээд хэдэн жил зуд турхан болсон. 120 үхэрнээс 70-аадтай үлдсэн тохиолдол бий. Сүүлийн үед сайхан байна. Цаг хугацаа янз янз. Байнга “зодуулаад” байхгүй. Малынхаа чанарт анхаарч махны чиглэлийг сайжруулах тал дээр илүү анхаардаг болсон.

-Жамбажанц хүүтэй нь бид арга хэмжээний үеэр танилцаад нөхөрлөж явна. Хүү өвөл GrandAwards шагнал авахад бахархсан уу?

Ээж Н.Ариунжаргал:-Улс баяр хүргээд л. Бид хоёр фэйсбүүкээр хараад “Хүүе ээ” гэж уулга алдаад л. 22-той хүү минь өв соёлоо тээж яваад бид баярладаг аа. Миний хүү их шазруун. Багадаа хурдан морь унаач байсан. 60 хурга, 30 төлөг хүүдээ амласан. Миний хүү ухаантай, сэргэлэн л байна. Тэр орой би хотод хөлийн хагалгаанд ороод эмнэлэгт намайг асарч байсан. Миний хүү янзын сайхан хагалгаанд оруулж өгөөд аав нь малчинтай өвөлжсөн. Шагнал хүртдэг орой олон шавьтай болохоор нэг шавиараа машинаа бариулаад, зураг авахуулна гээд явсан.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Их сахилгагүй. Би байнгын л балбаастай. Аавыг нь хот хүрээ явахаар орны хөлд уячихна. Эгчтэй нь нийлээд хоёр зэрэг загнана. “Өө, бисда. Аав бушуу ирээсэй” гээд томоотой сууж байдаг байсан.

-Танай нутгаар жуулчид ирдэг үү?

Аав Д.Доржбаяр-Ирнэ ээ. Нэг удаа Франсуа гээд үнэртэй усны үйлдвэрийн дарга ирсэн. Франсуатай хүү сүрхий ярьж байна лээ. 

Хүүхдүүд Жамбаагийн шавь нартай морь унан давхилдах, Люсигээ муураа цаашлуулан сахилгагүйтэцгээх зуур гэрийн эзэдтэй энэ байтугайг хуучлан, ганц нэг хундага өргөж суулаа. Эднийх тоггүй учир Ихэрбилэгийн тал нутгийг доргиох хүсэл биелсэнгүй. Хотоос гарахдаа гэрийн гадна жижигхэн тайз засчихсан мэт төсөөллөө бодохоор инээд ч хүрэх шиг. Боржигоны бор талд торойн үзэгдэх ганц гэр бөмбөрцөг дэлхийн төв мэт нам гүмхэн. Тэр л нам гүмд цахилгаан гитараараа “Жалам хар”-ыг тоглон гэрийн эздэд хүндлэл үзүүлэв. Тэр гэрийн яндангаас Монголын үнэр суунаглаж, салхи нь хүртэл монгол аялгуугаар исгэрэн, өвгөдийн аялгуу шинэ цагтай золгох шиг санагдана. Боржигоны бор тал шиг хязгааргүй уудам тайз хаанаас олдох билээ.        

Н.Энхцэцэг 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.