МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Хиймэл оюуны хамгийн том хувьсгал эмийн...

Хиймэл оюуны хамгийн том хувьсгал эмийн үйлдвэрт өрнөж байна

Хүн өвдөж, зовиур мэдэрч эхэлсний дараа эмнэлэгт хандаж, шинжилгээ өгч, онош тогтоолгон эмчилгээ хийлгэдэг байсан анагаах ухаан шинэ эргэлтийн босгон дээр ирж байна.

Үнэн
Админ

Хүн өвдөж, зовиур мэдэрч эхэлсний дараа эмнэлэгт хандаж, шинжилгээ өгч, онош тогтоолгон эмчилгээ хийлгэдэг байсан анагаах ухаан шинэ эргэлтийн босгон дээр ирж байна.  Хиймэл оюун ухаан өвчнийг эмчлэхээс илүүтэй эрт илрүүлэх, цаашлаад үүсэхээс нь өмнө эрсдэлийг тооцоолох боломжийг нээж эхэллээ. Хэдхэн жилийн өмнө хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт нэвтэрч эхлэх үед “AI эмчийг орлох уу” гэсэн асуулт олон нийтийн дунд хүчтэй өрнөж байсан бол дэлхийн тэргүүлэх эмнэлгүүдийн туршлага AI эмчийг орлохгүй. Харин ч түүний хамгийн найдвартай туслах, шийдвэр гаргалтыг дэмжих ухаалаг систем болохыг нотолж буй юм. Ирээдүйн эмнэлэг өвчнийг эмчлэхээс илүүтэй өвдөхөөс нь өмнө эрсдэлийг тогтоож, урьдчилан сэргийлэх төв болоод зогсохгүй хиймэл оюун ухаан эмчийн анзаарахгүй өнгөрөөж болох өчүүхэн өөрчлөлтийг илрүүлж, секундийн дотор асар их хэмжээний мэдээллийг боловсруулан, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын нарийвчлалыг нэмэгдүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, шинэ эм бүтээх, эмчилгээний үр дүнг сайжруулах зэрэгт хамгийн оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг ухаалаг хамтрагч болж явна. Өөрөөр хэлбэл XXI зууны анагаах ухааны салбарын хамгийн үнэ цэнтэй технологид шийдвэр гаргалтыг дэмждэг хиймэл оюун ухаан тооцогдож, ялангуяа шинэ эм бүтээх үйл явцад цоо шинэ эргэлт авчирч байна.

Өмнө нь нэг шинэ эмийг зах зээлд гаргахын тулд дунджаар 10–15 жил, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө шаарддаг байсан бол өнөөдөр хиймэл оюун ухааны тусламжтайгаар эмийн молекул илрүүлэх, загварчлах, урьдчилсан туршилтын үе шат хэдэн жил бус хэдхэн сар, зарим тохиолдолд хэдхэн долоо хоногийн дотор гүйцэтгэгдэх боломжтой болж, эмийн хөгжүүлэлтийн хурд урьд өмнө байгаагүй түвшинд хүрч эхэлжээ. Тухайлбал, амьд организмын үндсэн “барилгын блок” болох уургийн бүтцийг урьдчилан таамаглах хиймэл оюуны загвар болох Google компанийн харьяа Лондонд төвтэй, хүний оюуныг дуурайх, асуудал шийдвэрлэх чадвартай алгоритм хөгжүүлэгч “Google DeepMind” лабораторид бүтээсэн “AlphaFold” технологи 2024 онд Химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн нь хиймэл оюун ухаан биологийн шинжлэх ухааны хөгжилд бодит эргэлт авчирсныг харуулсан үйл явдал болсон юм.

Хүний биеийн булчин, арьс, гормон, фермент зэрэг бүхий л амьд үйл ажиллагаа уураг дээр тулгуурладаг. Гэвч уураг хэрхэн гурван хэмжээст бүтэц (3D) үүсгэдэг вэ гэсэн асуулт биологийн шинжлэх ухааны хамгийн төвөгтэй, олон арван жилийн турш бүрэн шийдэгдээгүй асуудлын нэг байсаар иржээ. Харин AlphaFold энэ сорилтыг эрс өөрчилсөн. Уургийн амин хүчлийн дарааллыг шинжилж, түүний бодит гурван хэмжээст бүтцийг хэдхэн минутын дотор өндөр нарийвчлалтай таамаглах боломжийг нээснээр биологийн салбарын олон арван жилийн турш “шийдэгдэшгүй” гэж тооцогдож байсан асуудлын нэгийг үндсэндээ шийдвэрлэжээ.

Үүний дараагийн үе болох “AlphaFold-3” нь зөвхөн уургийн бүтэц төдийгүй ДНХ, РНХ болон жижиг молекулуудын харилцан үйлчлэлийг урьдчилан таамаглах чадвартай болж, эмийн молекул хүний биед хэрхэн нөлөөлөхийг илүү бодитой загварчлах боломжийг нээжээ. Ингэснээр эмийн судалгаа “санамсаргүй туршилт”-ын аргаас аажмаар “тооцоолсон дизайн”-д суурилсан шинэ эрин рүү шилжиж байна. Өнөөдөр AlphaFold-ийн зарчимд тулгуурласан судалгаанууд дэлхийн эмийн компаниудын лабораторид өргөн хэрэглэгдэж, шинэ эмийн молекулыг илрүүлэхээс эхлээд клиник туршилтад хүргэх хүртэлх процессыг мэдэгдэхүйц хурдасгасан байна.

Хэдийгээр хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт гайхалтай үр дүн үзүүлж байгаа ч энэ нь бүх асуудлыг шийдсэн гэсэн үг биш юм. Алгоритмын алдаа, мэдээллийн нууцлал, ёс зүй болон хариуцлагын асуудлууд өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарын хамгийн том сорилтуудын нэг хэвээр байна. Учир нь AI зөвхөн түүнд өгөгдсөн мэдээлэлд тулгуурлан ажилладаг бөгөөд хэрэв сургалтын өгөгдөл хангалтгүй, эсвэл өрөөсгөл байвал буруу дүгнэлт, алдаатай онош гаргах эрсдэл үүснэ. Тиймээс дэлхийн ихэнх улс орнууд хиймэл оюун ухааныг эмчийг бүрэн орлох хэрэгсэл бус, харин эмчийн хяналт дор ажиллах дэмжих систем болгон ашиглах зарчим баримталж буй аж.

Мм-ийн нарийвчлалтай робот мэс заслын үе ирлээ

Хиймэл оюун ухааны хамгийн гайхамшигтай хэрэглээний нэг нь робот мэс засал болж, өнөөдөр эмнэлгийн салбарт бодит хувьсгал авчирч байна. АНУ-ын Калифорни мужид төвтэй “Intuitive Surgical” компанийн 2000 онд бүтээсэн “da Vinci” робот систем 2010 оноос хойш дэлхийн олон мянган эмнэлэгт нэвтэрч, өнөөдөр хамгийн өргөн хэрэглээтэй робот мэс заслын олон улсын стандарт системийн нэг болжээ. Энэ технологийн ачаар эмчийн гарын хөдөлгөөн төгс нарийвчлалтай болж, хүний хүчин зүйлээс шалтгаалах чичирхийлэл, өчүүхэн алдааг бараг бүрэн арилган, түрүү булчирхай, бөөр, бүдүүн гэдэс, эмэгтэйчүүдийн өвчин зэрэг нарийн мэс заслыг жижиг зүслэгээр хийх боломжийг нээжээ.

Үүний үр дүнд өвчтөнүүдийн хувьд цус алдалт багасах, халдварын эрсдэл буурах, эмнэлэгт хэвтэх хугацаа мэдэгдэхүйц богиносох зэрэг бодит өөрчлөлт гарч эхэлсэн бөгөөд робот мэс заслын хөгжлийн дараагийн шат аль хэдийн эхэлжээ. Хиймэл оюун ухаан мэс заслын явцад хүний анзаарахгүй байж болох анатомийн нарийн бүтэц, мэдрэл болон судасны байрлалыг бодит цаг хугацаанд таньж харуулан, эмчид эрсдэлтэй хэсгийг урьдчилан сануулж, дараагийн алхмыг оновчтой төлөвлөхөд тусалдаг болсон байна. Ингэснээр робот мэс засал нь зөвхөн механик нарийвчлал бус, ухаалаг шийдвэр гаргалттай хосолсон шинэ үе рүү шилжиж байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар бүрэн бие даасан робот хагалгаанд хараахан хүрээгүй ч “ухаалаг туслах” технологийн хүрээнд хурдацтай тэлж байна.

Зайнаас хагалгаа хийх боломж бодит болов

Өмнө нь шинжлэх ухааны уран зөгнөл мэт сонсогддог байсан зайнаас мэс засал хийх технологи өнөөдөр бодит хэрэглээ рүү хурдтай ойртож байна. Өндөр хурдны сүлжээ, робот мэс заслын систем, хиймэл оюун ухааныг хослуулснаар туршлагатай мэс засалч өөр хот, бүр өөр улс дахь өвчтөнд роботын тусламжтайгаар хагалгаа хийх боломж нээгдэж эхэллээ. Сүүлийн жилүүдийн хамгийн анхаарал татсан жишээний нэг нь Хятадад хийгдсэн 5G-д суурилсан зайнаас робот мэс засал юм. 2019 оноос эхлэн Хятадын хэд хэдэн эмнэлэгт туршилтын журмаар элэг, түрүү булчирхайн нарийн хагалгааг өөр хотод байрлах мэс засалч роботын тусламжтай амжилттай хийж, миллисекундийн хоцрогдол бүхий 5G сүлжээ ашиглан бодит цагийн хяналттайгаар удирдсан тохиолдлууд бүртгэгдсэн байдаг.

Мөн 2020–2024 оны хооронд Европ болон Ази тивд өндөр хурдны холболт ашиглан өөр хотын өвчтөнд роботын тусламжтай мэс засал хийх туршилтууд амжилттай хийгдэж, технологийн найдвартай байдал, нарийвчлал улам сайжирч байгааг харуулж эхэлжээ. Эдгээр жишээ нь зайнаас мэс засал хийх технологи зөвхөн туршилтын түвшнээс гарч, эмнэлгийн бодит хэрэглээ рүү шилжиж эхэлснийг илтгэхээс гадна ирээдүйд энэ технологи улам боловсронгуй болсноор нарийн мэргэжлийн эмч дутагдалтай алслагдсан бүс нутгийн өвчтөнүүд дэлхийн шилдэг эмч нарын тусламжийг бодит цаг хугацаанд авах боломж бүрдэх төлөвтэй байна.

AI хорт хавдрыг илүү эрт илрүүлж байна 

Анх хөхний хорт хавдрын оношилгоонд өргөн ашиглагдсан хиймэл оюун ухааны дэвшил өнөөдөр уушги, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, элэг, арьс зэрэг олон төрлийн хавдрыг илрүүлэх түвшинд хүрчээ. Ялангуяа 2025 онд АНУ-д хиймэл оюун ашигласан эмнэлгийн төхөөрөмж, оношилгооны алгоритм 258 шинэ зөвшөөрөл авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад түүхэн дээд үзүүлэлт болж, энэ технологи эмнэлгийн практикт хурдацтай нэвтэрч буйг харуулж эхэлжээ. Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь өвчтөний амьд үлдэх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг ч дүрс оношилгооны салбарт өдөр бүр асар их хэмжээний CT, MRI зураг боловсруулдаг эмч нарын ачаалал өндөр тул жижиг, анзаарагдамгүй өөрчлөлтийг алдах эрсдэлийг дагуулсаар ирсэн.

Тэгвэл одоо хиймэл оюун ухаан эдгээр зургийг хэдхэн секундын дотор боловсруулж, сэжигтэй өөрчлөлтүүдийг автоматаар тодруулан эмчийн анхааралд хүргэдэг болжээ. Уушгины жижиг зангилаа, элэг, тархи болон бүдүүн гэдэсний эрт үеийн өөрчлөлтийг эрэмбэлэн илрүүлэх чадвар нь оношилгооны хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй хүний хүчин зүйлээс шалтгаалах алдааг бууруулахад чухал нөлөө үзүүлж эхэлсэн байна. Ийнхүү 2025 онд зөвхөн АНУ-д гэхэд хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн төхөөрөмж, алгоритмын зөвшөөрөл түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь AI оношилгооны салбарт туршилтын үе шатыг давж, бодит эмнэлгийн практикийн салшгүй хэсэг болж эхэлснийг тод харуулж байна. 

Зүрхний өвчнийг шинж тэмдэг илрэхээс өмнө таамаглаж эхэлжээ 

Хиймэл оюун ухаан зүрх судасны өвчний оношилгоонд шинэ үеийг нээж, зөвхөн шинж тэмдэг илэрсний дараа бус, өвчин үүсэхээс өмнө эрсдэлийг таамаглах түвшинд хүрч байна. Жишээлбэл, АНУ-ын судалгааны төвүүд болон эмнэлгүүдэд ашиглагдаж буй AI системүүд энгийн цахилгаан бичлэгээс зүрхний хэм алдагдал, тосгуурын жирвэлзээ (atrial fibrillation), зүрхний дутагдлын эрсдэлийг өндөр нарийвчлалтай илрүүлж чаддаг болсон байна. Зарим клиник судалгаанд ийм загваруудын таамаглах чадвар 90 хувиас давж, эмнэлзүйн практикт ашиглагдах түвшинд хүрчээ. Үүний тод жишээ нь Mayo Clinic болон Стэнфордын их сургуулийн хамтарсан судалгаанд хөгжүүлсэн AI загварууд аж. Мөн Apple компанийн ухаалаг цагны зүрхний хэмийн хяналтын систем олон сая хэрэглэгчийн өгөгдөлд тулгуурлан тогтмол бус хэм алдагдлыг анхааруулж, олон тохиолдолд тосгуурын жирвэлзээг эрт илрүүлэхэд тусалсан талаар клиник тайлангуудад дурдагддаг болсон байна. Энэ нь хэрэглэгч өөрөө эмнэлэгт хандахаас өмнө эрсдэлийг “дохио” хэлбэрээр илрүүлж буй хэрэг юм.

Альцгеймерийг шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх боломж

Хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн том сорилтын нэг бол альцгеймерийн өвчин. Дэлхий даяар хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна. Хамгийн хүндрэлтэй нь өвчнийг ихэвчлэн ой санамж мэдэгдэхүйц муудсаны дараа оношилдог бөгөөд тэр үед тархины өөрчлөлтийн ихэнх нь аль хэдийн үүссэн байдаг аж.

Сүүлийн хоёр жилд энэ нөхцөл байдал өөрчлөгдөх болжээ. AI нь соронзон резонансын дүрс (MRI), тархины PET зураг болон танин мэдэхүйн мэдээллийг хамтатган боловсруулж, хүний нүдэнд бараг ялгарахгүй өөрчлөлтийг илрүүлэх чадвартай болсон. Судлаачдын зорилго нь Альцгеймерийг шинж тэмдэг илрэхээс хэдэн жилийн өмнө таньж, эмчилгээг эрт эхлүүлэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Хэрэв ийм технологи өргөн хэрэглээнд нэвтэрвэл олон мянган хүний амьдралын чанарыг уртасгах боломжтой гэж үзэж байна.

Нүдний зураг харааг төдийгүй биеийн эрүүл мэндийг "мэдээлж" эхлэв

Өмнө нь нүдний торлогийн зураг зөвхөн нүдний эмчийн оношилгоонд ашиглагддаг байсан. Харин өнөөдөр AI түүнийг хүний эрүүл мэндийн цонх болгон хувиргаж, биеийн эрүүл мэндийн тухай мэдээллийг дамжуулдаг болсон байна. Google-ийн хөгжүүлсэн хиймэл оюун ухааны алгоритмууд чихрийн шижингийн ретинопати, глауком, торлогийн өөрчлөлтийг маш өндөр нарийвчлалтай илрүүлэхээс гадна зарим тохиолдолд зүрх судасны эрсдэл, даралт ихсэх магадлал зэрэг бусад үзүүлэлтийг ч таамаглах боломжтой болжээ. Ялангуяа нүдний эмч хүрэлцээгүй бүс нутагт AI нь урьдчилан сэргийлэх үзлэгийг илүү хүртээмжтэй болгож, өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлэх шинэ боломжтой орчныг бий болгох аж.

Чихрийн шижинтэй хүмүүсийн өдөр тутмын амьдрал өөрчлөгдөж байна

Дэлхий даяар сая сая хүн өдөр бүр цусан дахь сахарын хэмжээгээ хянаж, инсулины тунгаа тооцоолох шаардлагатай байдаг. Энэ нь эмчилгээнээс гадна өвчтний амьдралын хэв маягийг хянах үйл явц юм. Харин шинэ үеийн хиймэл оюун ухаанд суурилсан тасралтгүй хяналтын төхөөрөмжүүд (Continuous Glucose Monitoring) сахарын өөрчлөлтийг бодит цаг хугацаанд шинжилж, хэдэн цагийн дараах хэлбэлзлийг урьдчилан таамаглах чадвартай болжээ. Зарим систем инсулиний шахуургатай холбогдон тунг автоматаар тохируулж, хүний оролцоог эрс багасгаж байна. Ингэснээр сахарын огцом уналт, өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж, өвчтөнүүдийн амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан аж.

Д.Отгоо

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.