МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Ний...

ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.30) хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны дараа 17.15 цагт Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, П.Ганзориг, П.Наранбаяр, Т.Мөнхсайхан, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, А.Ганбаатар, Б.Түвшин нарын буюу 56.6 хувийн ирцтэй эхэллээ.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцууллаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу уг саналуудыг гүйцээн боловсруулсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Т.Мөнхсайхан нарын гаргасан хуулийн төсөлд туссан хамрын тамхины гааны амттай холбоотой зохицуулалт, 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдаалахгүй байх тухай заалттай холбоотой саналуудаар дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр нар асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд хууль батлагдсанаар гарах үр дагаварууд, тэр дундаа олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг амлалтын биелүүлэх, бусад хууль, тогтоомжийн уялдааг хангах, татварын хувь хэмжээг тодорхой тооцоолох, хууль хэрэгжих механизмыг төсөлд нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара дутуу дулимаг хууль батлаад хэрэгжүүлэх явцад сайжруулна гэж тооцож байгаа нь буруу гээд боломжтой бол төслийг хууль санаачлагч буцаан татаж авах нь зүйтэй гэж зөвлөлөө.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гүйцээн боловсруулсан саналууд, мөн дахин санал хураалгахаар оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа нарын 65 гишүүнээс энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа танилцууллаа.

Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл нь Монгол Улсад асрах үйлчилгээний эрх зүйн орчныг анх удаа бие даасан хуулиар бүрдүүлэхэд чиглэсэн байна. Хуулийн төсөл нь 10 бүлэг, 30 зүйлтэй, асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүрэг, хүний нөөц, сургалт, санхүүжилт, даатгал, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлагыг цогцоор зохицуулна. Асрах үйлчилгээг зөвхөн ахмад настанд бус, өдөр тутмын амьдралдаа бусдын тусламж шаардлагатай бүх хүнд хэрэгцээнд нь тулгуурлан үзүүлэхээр тусгажээ. Үйлчилгээг ахуйн асаргаа, сэргээн засах, асрах, нийгмийн оролцоог дэмжих гэсэн төрлөөр, гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн хэлбэрээр зохион байгуулахаар заасан байна. Мөн үйлчилгээ үзүүлэгч нь тогтоосон шаардлагуудыг хангах ёстой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжихээр заажээ. Санхүүжилтийг төрийн худалдан авалт, татварын болон төлбөрийн дэмжлэг, сайн дурын даатгал зэрэг олон эх үүсвэрээр бүрдүүлэхээр тусгажээ.

Одоогоор асрах үйлчилгээ нь Нийгмийн халамжийн тухай хуульд хэсэгчлэн зохицуулагдаж байгаа нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хангалтгүй гэж үзсэн. Хуулийн төслийг боловсруулахдаа хэрэгцээ, үр нөлөөний үнэлгээ хийж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, ТББ, эрдэмтэн, иргэдийн саналыг тусгасан. Мөн ХБНГУ, БНСУ, Япон, Их Британийн туршлага болон олон улсын судалгааг ашиглажээ. Судалгаагаар Монгол Улсад асрах үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, санхүүжилт, хүртээмж, хүний нөөц хангалтгүй, асрахуйн ачаалал өрх, ялангуяа эмэгтэйчүүдэд төвлөрч буй нь тогтоогдсон байна. Хуулийн төсөл батлагдсанаар үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, нэгдсэн тогтолцоо бүрэлдэн, төр-хувийн хэвшил-ТББ-ын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, мэргэшсэн хүний нөөц, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, А.Ганбаатар, М.Нарантуяа-Нара нар үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлтийг дараа нь хэлэлцлээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан байна. Тэрбээр ажлын хэсгийн санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг Эрүүл мэндийн, Боловсролын, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан хуулийн биелэлт, тогтолцооны асуудал, удирдлага, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн эрүүл мэндийн лаборатори, хүнсний асуудал, нийгэм, сэтгэц, зан үйл, хөдөлмөрийн орчны болон эрүүл мэнд, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, засаглалын талаар мэдээлэл сонсон, нөхцөл байдалтай танилцаж, санал авч ажилласан байна. Мөн уулзалт, хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдааны үеэр хуулийн хэрэгжилт, салбарын бодлого, хууль тогтоомжийн уялдаа холбоо, дүрэм журмыг батлуулах, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар гаргасан санал, хүсэлт, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн тоймлож, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгслийг эрчимжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

Мөн ажлын хэсэг дүгнэлтдээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсанаас хойших хоёр жилийн хугацаанд салбарын удирдлага тогтворгүй, хүний нөөц, засаглал, бодлогын хэрэгжилт хангалтгүй байж, замын зураглал болон стратегийн баримт бичгүүд батлагдаагүй байгааг онцлон дурджээ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, байгууллагын бүтэц, салбар дундын зохицуулалт бүрдээгүй, мөн хэрэгжилтийн судалгаа, бусад хуультай уялдаа, давхардлын үнэлгээ дутмаг байгааг мөн дүгнэсэн юм. Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэхээс эхлээд эмнэлгээс гарсны дараах тусламж, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээний нэгдсэн зохицуулалт шаардлагатайг зөвлөж, боловсролын салбарт сурагчдын сэтгэл зүйн судалгаа, мэргэжилтний чадавх, эцэг эхийн боловсролыг сайжруулахын зэрэгцээ үдийн хоолны хамрах хүрээ, чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэйг дурдсан байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг үндэсний хэмжээнд үнэлж, стратеги, санхүүжилт, үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх шаардлагатайг өгүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг тасалдсан, санхүүжилтийн тогтолцоо тодорхойгүй байгааг анхааруулсан байна. Мөн чихэрлэг ундааны татвар, транс тосны зохицуулалт, хүүхдэд чиглэсэн хүнсний сурталчилгааны хэрэгжилтийг боловсронгуй болгож, хөдөлмөрийн эрүүл мэндийн эрх зүйн давхардлыг арилгах шаардлагатай гэж дүгнэжээ.

Энэ дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нараас тодорхой хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд сургууль, цэцэрлэгийн гал тогоог тоног төхөөрөмжөөр хангах, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл, өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн үйл ажиллагааг сэргээх, эрчимжүүлэх арга шийдэл, салбарын эмч, ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг хангах зэрэг олон асуудлыг хөндөн асууж байлаа. Дүгнэлтэд үндэслэн ажлын хэсгээс тодорхой чиглэлүүдээр зөвлөмж гаргасныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун дэлгэрүүлэн танилцуулав.

Нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн болон Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн санаачилж, өнгөрөгч 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүний энэ сарын 04-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу ажлын хэсэг зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг бэлтгэсэн байна.

Нэгтгэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалт буюу 21 дүгээр зүйлийн 21.29 дэх хэсэгт сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт аж ахуйн нэгжүүдийг жижигрүүлэх, хуваагдах эрсдэлтэй эсэхийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг асуув. Энэ хөнгөлөлтөд ажилтан зөвхөн нэг удаа хамрагдахаар тусгасан нь уг эрсдлийг бууруулна гэж ажлын хэсэг үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн  Х.Булгантуяа тайлбарлалаа.

Анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.