МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэ...

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.23)-ийн хуралдаан 14.33 цагт 53.3 хувийн ирцтэй эхэлж, нийт таван асуудал хэлэлцэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Алтаншагай А.Ариунзаяа, Б.Бейсен, Х.Болормаа, П.Ганзориг, С.Зулпхар, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Ж.Чинбүрэн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар оролцлоо.

Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав. Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өссөн бөгөөд нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байжээ. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна.

Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Малчин өрхийн  хүүхэд зургаан наснаас сургуульд суралцах нь тэдний амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, олон талын сөрөг үр дагавар дагуулж буй тул малчдын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг хуульд заасан журмын дагуу зайн болон цахим сургалтад хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл, П.Ганзориг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан юм. Хуулийн хэзээнээс, хэрхэн хэрэгжүүлэх, энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг болон бусад нөхцөл, шаардлагаар зайнаас болон цахимаар сургалтад хамруулж буй эцэг, эхчүүдийн туршлага, урьд өмнө манай улсад хэрэгжүүлдэг байсан шавь сургалт зэрэг арга хэлбэрүүд, туршлагыг хэр судалсан тухай, мөн зайны болон танхимын сургалтын санарын зөрүүг хэрхэх зэргийг асууж, хууль санаачлагчаас хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан суралцах арга хэлбэрийн болон элсэлтийн насны зөрүү байхгүй байгаа үед ч хот, хөдөөгийн сургалтад чанарын ялгаа их болсныг дурдаж, хуулийг хэрэгжилтийг хэрхэн, чанартай зохион байгуулах, сурлагын хоцрогдол үүсгэхгүй байх зэрэгт анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.6 хувь нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг ахэлэлцүүлэгт бэлтгэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хийв. Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хорооны санал дүгнэлт гаргах хүрээ, хязгаарт багтаан төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр ярилцаж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Юуны өмнө тамхи, тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан байна. Мөн тамхин бүтээгдэхүүнд ноогдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техник зохицуулалтад нийцүүлж, түүнийг баримтлахаар тусгасан байна. Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн зохицуулалтыг тамхины төрлөөс нь хамаарч хооронд нь тусгаарлахаар, тамхины хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамны чиг үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгасан байна.

Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ноогдуулахаар байсныг тусад нь ангилсан байна. Мөн аманд уусах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнд жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75 хувиар онцгой албан татвар ноогдуулах ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу таван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 60 хувьд хүргэхээр тусгажээ. Никотин агуулаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ноогдуулах үндэслэлгүй гэж ажлын хэсэг үзсэн байна.

Мөн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн бүрэлдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн, гаалийн татварын хувь хэмжээг хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээр хэвээр үлдээжээ.

Хуулийн төслийн зүйл заалт бүрээр болон ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 30 гаруй, мөн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан 10 гаруй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналынхаа талаар ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүд тайлбар өгч, үг хэлсэн юм. Санал хураалт дууссанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуралдаанаар Монгол Улсын болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах Боловсролын, Гэр бүл, хөдөлмөн, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нар, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нийт 373 байгууллагын 78 төсөл, сан, 325 төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 10,185.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 9,617.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 573.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус байнгын хороонд харьяалагдах дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчийн 304 төсөл, арга хэмжээнд 573.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, гүйцэтгэл 74.8 хувийн биелэлттэй байгаа ажээ.

Байнгын хороонд хамаарагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлан хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Тус байнгын хороонд зургаан төсвийн ерөнхийлөн захирагч харьяалагдах байгаа юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 164 байгууллагын тайланг нэгтгэснээс 121 байгууллагад дүгнэлт гаргаж, 43 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 87 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 34 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт тус тус өгсөн байна. Аудитаар 143,2 тэрбум төгрөгийн 453 зөрчил илэрснээс 0.5 тэрбум төгрөгийн 62 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 123.2 тэрбум төгрөгийн 171 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 0.5 тэрбум төгрөгийн таван зөрчил, долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах дөрвөн албан шаардлага, 19.0 тэрбум төгрөгийн 215 зөрчилд зөвлөмж өгчээ. Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар 19.3 тэрбум төгрөгийн дөрвөн зөрчил илэрснээс 0.3 тэрбум төгрөгийн нэг төлбөрийн акт, зөрчил арилгах нэг албан шаардлага, хариуцлага тооцох мөн нэг албан шаардлага, 19.0 тэрбум төгрөгийн нэг зөвлөмжийг хэрэгжүүлж, хэрэгжилт дунджаар 94.6 хувийн биелэлттэй гарсан байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 33 санхүүгийн тайланг нэгтгэснээс 27 санд дүгнэлт гаргаж, долоон санг түүвэрт хамруулсан байна. Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 27 сангийн санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Аудитаар 169.1 тэрбум төгрөгийн төсвийн үндсэн зөрчил илэрснээс 0.01 тэрбум төгрөгийн нэг зөрчилд төлбөрийн акт тогтоож, 158.7 тэрбум төгрөгийн 17 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 10.4 тэрбум төгрөгийн 34 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Өмнөх оны аудитаар тавьсан шийдвэрийн хэрэгжилт дунджаар 80.6 хувийн биелэлттэй гарчээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 497 байгууллагын тайланг нэгтгэснээс 152 байгууллагад дүгнэлт гаргаж, 345 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 122 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 28 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгчээ. Нийтдээ 165.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.5 тэрбум төгрөгийн зөрчилд 151 төлбөрийн акт тогтоож, 34.2 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 256 албан шаардлага хүргүүлж. 131.2 тэрбум төгрөгийн зөрчилд 334 зөвлөмж өгч, хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулах хоёр албан шаардлага, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өмнөх оны аудитын шийдвэрийн биелэлт дунджаар 67.0 хувьтай байна.

Эрүүл мэндийн сайдын тайланд харьяа 450 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 385 байгууллагад дүгнэлт гаргаж, 63 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, хууль эрх зүйн зохицуулалт тодорхой бус зэргээс шалтгаалан хоёр байгууллага аудитад хамрагдаагүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 323 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 59 байгууллагад “Хязгаарлалттай”, хоёр байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагад дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Өмнөх оны аудитын шийдвэрийн хэрэгжилт дунджаар 91.7 хувьтай гарчээ.

Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа гурван байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар 442.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс зөрчлийг таслан зогсоох долоон албан шаардлагыг хүргүүлсэн байна. Өмнөх оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчилд өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт дунджаар 87.5 хувьтай гарсан байна.

Боловсролын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 1865 байгууллагын тайлан нэгтгэснээс 1144 байгууллагад дүгнэлт гаргаж, 713 байгууллагыг түүвэрт хамруулж, шинээр байгуулагдсан, татан буугдсан зэргээс шалтгаалан найман байгууллага аудитад хамрагдаагүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 1060 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 80 байгууллагад “Хязгаарлалттай”, гурван байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагад дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Өмнөх онд аудитаар өгсөн шийдвэрийн хэрэгжилт дунджаар 87.5 хувьтай гарсан байна.

Аудитын дүгнэлтэд үндэслэн төсөв, санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, сангийн хөрөнгийн ашиглалт, байгууллагын хариуцлагыг сайжруулах шаардлагатайг Ерөнхий аудитор анхаарууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчид улсын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан, үр дүнд суурилсан төсөв боловсруулж, шаардлагатай хөрөнгийг үнэн зөв тооцон хэрэгжилтийг хангах үүрэгтэйг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, бүртгэл, үнэлгээний бүх шатанд хяналт, хариуцлагыг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Мөн тэрбээр хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, санхүүжилтийг бүрэн бүртгээгүй зэрэг зөрчлийг арилгах, эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэх хэрэгцээ байгааг хэллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 34.3 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, цаашид эрсдэлийг бууруулах хяналтыг сайжруулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн банкуудаас авах үлдэгдэл авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлж, хөрөнгө борлуулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулахыг зөвлөв.

Соёл, урлагийн байгууллагууд орлогоо бодитой төлөвлөж, дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг дүгнэж, эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөр өссөн нь санхүүгийн сахилга бат сул байгааг харуулж байгааг дүгнэлээ. Боловсролын салбарт мэдээллийн системүүд хөгжиж байгаа ч өгөгдлийн нэгдсэн сан, тайлагналын уялдаа хангалтгүй хэвээр байна гээд, иймд аудитын шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, дотоод хяналт болон төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай гэж дүгнэв.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, С.Зулпхар нар төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээний хүртээмжтэй байдлын тухай, боловсролын хүртээмж, ипопекийн зээл олголт, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэр үр ашигтай удирдсан талаар асуулт асууж, Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах байгууллагуудын удирдлах албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Зулпхар, Б.Бейсен нар үг хэлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн цаглавар, гүйцэтгэлд тулгарч байгаа бэрхшээлийн талаар ярьж, энэ асуудлаар шийдэл гаргаж ажиллахыг Засгийн газарт зөвлөлөө.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг мөн үг хэлж, жил бүр улсын төсвийн гүйцэтгэлийн тайлан, аудитын дүгнэлтийг сонсдог боловч үр ашиг, сахилга батыг сайжруулах арга хэмжээ авдаггүйгээс алдаа, дутагдлууд хэвээрээ байгааг анхааруулсан юм. Тэрбээр тайлан, дүгнэлтийг сонсоод өнгөрөх биш хариуцлагын тогтолцоог сайжруулахгүй бол нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдгийг онцолж, хариуцлагыг чангатгах, төсвийн үр ашгийг ард иргэдийн амьдрал ахуйд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллах шаардлагатайг сануулав. Мөн төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийж, цэгцлэх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт болон тулгамдсан асуудлуудын талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенээс гаргасан саналын дагуу эрүүл мэндийн салбарын санхүүжилт эмийн үнэ, хүний нөөц, цалин хөлс зэрэг тус салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаарх сайдын мэдээллийг дараа нь сонссон юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ тус салбарт 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын санд суурилсан нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр даатгуулагчдын санхүүгийн эрсдэл буурч, эрүүл мэндийн даатгалын үр өгөөж нэмэгдсэн гэдгийг онцолсон юм. Гэвч цалин, нийгмийн даатгалын шимтгэл, орон нутгийн нэмэгдэл зэрэг хүний нөөцийн зардал огцом өссөнөөс хүндрэл үүссэн талаар танилцуулж, 2022–2024 онд тус санд 316.8 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсаныг 2025 онд 198.3 тэрбум төгрөг болгон бууруулж, 2026 оны зургаадугаар сарын байдлаар өргүй болсон гэдгийг мэдээллээ. Өнгөрөгч 2025 оны эцсээр эрүүл мэндийн байгууллагууд 141.1 тэрбум төгрөгийн авлага, 217.7 тэрбум төгрөгийн өртэй гарсан бөгөөд өрийн ихэнхийг татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон эмийн зардал эзэлсэн байна. Өрийн 70 орчим хувь нь цөөн тооны томоохон байгууллагад төвлөрсөн бөгөөд гол шалтгаан нь хүний нөөцийн өсөлт, эмийн худалдан авалт, төлөвлөлтийн алдаанаас үүдсэн гэж үзжээ.

Засгийн газар KPI-д суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ, үйл ажиллагааг цахимжуулах, эмийн төвлөрсөн худалдан авалт зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг сайд мэдээлж, эмнэлгүүдийн бүтэц, стандартыг хүн амын хэрэгцээнд нийцүүлэн оновчтой болгохоор ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дурдав. Эрүүл мэндийн даатгалаар 156 өвчний үед хэрэглэх 651 нэр төрлийн эмийг 30–100 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа ч импортын хараат байдал, зарим эмийн нийлүүлэлт тасалдах зэрэг эрсдэлтэй хэвээр байгааг тэрбээр хэллээ.

Энэ 2026 онд эмч, сувилагч болон бусад ажилтны үндсэн цалинг 30 орчим хувиар нэмэгдүүлжээ.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Б.Бейсен нар эмийн импорт, чанарын стандарт, төсөв санхүүжилт, урсгал зардалын талаар болон хуримтлагдсан өр төлбөрийн тухай асуулт тавьж, хариулт авч, мөн үг хэлэв. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад 2024 онд 293.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол 2025 онд 182.9 тэрбум төгрөг олгосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар танилцуулав. Салбарын өр төлбөрийн гол шалтгаан нь эмийн худалдан авалттай холбоотой байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дурдаж, өр төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлээд байгаг дахин дурдлаа.

Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлийг эрчимжүүлэхийг зөвлөв

Үүний дараа Засгийн газарт чиглэл өгөх тухай Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэлдээ, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг дурдаж, Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор өгсөн чиглэлүүд энэхүү жилийн ажлын төлөвлөгөө, монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогод туссан гэдгийг хэлсэн юм. Бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн болон техникийн, дээд, насан туршийн боловсролыг хамруулж буй бөгөөд боловсролын чанар ба хүртээмжийг сайжруулахад чиглүүлж буйг сайд ярилаа. Гэрт ойрхон сургууль, сайн сургууль зарчмуудын хүрээнд 200-аас доош сурагчтай сум дундын сургуулиудыг шинэчлэн зохион байгуулж, ахлах сургуулийн тогтолцоог бэхжүүлэх, аймаг болон бүсийн төвүүдэд Кембрижийн хөтөлбөртэй ахлах сургууль хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотод хэт ачаалалтай сургуулиудыг шинэчилж, анги дүүргэлтийг 35-аас хэтрүүлэхгүй байх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах чиглэлийг баримталж байгаа аж.

Тус салбарт хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, хувьсах зардлын шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, сургууль цэцэрлэгийн менежмент, дижитал шилжилт гэсэн зургаан том шинэчлэл хэрэгжүүлж байна. Мөн Англи хэлний сургалтыг гуравдугаар ангиас эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа ажээ. Түүнчлэн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2030 он хүртэлх хугацаанд Улаанбаатарт 108 сургууль, 95 цэцэрлэг барих, өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банк (АХБ), Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Мэргэжлийн боловсролын салбарт аж ахуйн нэгжүүд, МҮХАҮТ-тай хамтран суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах, хосолмол сургалт, үйлдвэрлэлийн дадлага, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. АХБ-ны 20 сая ам.долларын санхүүжилтээр хөдөө аж ахуйн чиглэлийн загвар коллеж, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн баазууд байгуулж, JICA-гийн дэмжлэгтэйгээр Коосен хөтөлбөр болон дадлагын төвүүдийг хөгжүүлж байна. Мөн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, чанартай 20 их, дээд сургуулийг хөгжүүлж, бусдыг эь коллежийн тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан их өгөгдлийн платформ хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Боловсролын зээлийн санг Хөгжлийн сан болгон өөрчилж, гэрээний хэрэгжилт, эргэн төлөлтийг шинэчлэх, орлогод суурилсан уян хатан төлбөрийн тогтолцоо болон сайн төлөгчийг дэмжих механизмыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн багш, боловсролын салбарын ажилтнуудын цалинтай холбоотой үл ойлголцлыг арилгаж, нэгдсэн цалингийн тогтолцоонд шилжүүлээд байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Д.Рэгдэл нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын болон шинэчлэлийн үйл ажиллагааг сайшааж, англи хэлний сургалтад хиймэл оюун ухааныг ашиглах, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарыг хамтад нь авч явах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.