МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэр...

Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Л.НИНЖЖАМЦ-тай ярилцлаа.

Үнэн
Админ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Л.НИНЖЖАМЦ-тай ярилцлаа. 

 -Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг удирдах үүрэг хүлээн авч, эвлэлийн бодит нөхцөл байдалтай танилцаж амжсан байх. Таны өмнө ямар дүр зураг нээгдэж, юуг хамгийн түрүүнд өөрчлөхөөр зорьж байна вэ?

-МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд би хувь хүний карьерын төлөө биш, Монголын сэтгүүл зүйн ирээдүйн төлөө өрсөлдсөн. Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн салбар асар их өөрчлөгдсөн ч мэргэжлийн байгууллагын хөгжил тэр хэмжээнд хүрч өөрчлөгдсөнгүй. Дэлхий хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, дата сэтгүүл зүй, мультимедиа контентын эрин үе рүү орчихоод байхад бид ихэнх цагаа уламжлалт асуудлуудаа ярьсаар, өдөр тутмын бэрхшээлээ шийдэхэд зарцуулж явна.

МСНЭ-ийг эрх ашгаа хамгаалдаг байгууллагаас сэтгүүлчдийн хөгжлийг манлайлагч үндэсний хэмжээний байгууллага болгон өөрчлөх шаардлагатай гэж үзсэн учраас би нэр дэвшсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд аймаг, нийслэлийн салбар зөвлөлүүд, ахмад болон залуу сэтгүүлчид, зарим редакцын удирдлагатай уулзаж, олон санал сонслоо. Надад хамгийн их анзаарагдсан зүйл бол салбарынхны МСНЭ-д итгэх итгэл сулраагүй. Хүлээлт нь л өөрчлөгдсөн байна. Сэтгүүлчид байгууллагаасаа уриа лоозон биш, бодит үйлчилгээ, хамгаалалт, хөгжлийн боломж, бололцоо хүлээдэг болж. Тиймээс бид таван үндсэн чиглэлтэй “МСНЭ-2030” хөгжлийн стратегийг боловсруулж эхэлсэн.

Нэгдүгээрт, гишүүн төвтэй шинэчлэл. Гишүүн татвараа төлөөд бодит үр өгөөж хүртдэг тогтолцоог бүрдүүлнэ. Хоёрдугаарт, мэргэжлийн хөгжлийн тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаан, дата сэтгүүл зүй, баримт шалгалт, мультимедиа, кибер аюулгүй байдал зэрэг шинэ ур чадварын сургалтыг тогтмол зохион байгуулдаг “Media academy” байгуулна. Гуравдугаарт, сэтгүүлчдийн хамтын ажиллагааны шинэ орчин бий болгоно. Бидний санаачилж буй “Press Center Mongolia” нь зөвхөн оффис биш. Сургалт, подкаст, хэвлэлийн бага хурал, олон улсын форум, хамтарсан төсөл хэрэгждэг үндэсний медиа төв байх зорилготой юм. Дөрөвдүгээрт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Турк, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад орны сэтгүүлчдийн байгууллагуудтай хамтарсан сургалт, солилцоо, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлж, тогтмолжуулна.

Тавдугаарт, МСНЭ-ийн санхүүгийн тогтвортой байдлыг шинэ шатанд гаргана. Энэ өөрчлөлтүүдийг хийсний дараа Эвлэл гишүүний татварт найддаггүй. Сургалт, төсөл, түншлэл, үйлчилгээ зэрэг олон эх үүсвэртэй болж, гишүүддээ бодитой үйлчилгээ үзүүлдэг боломжтой болох юм. Миний зорилго их энгийн. Дөрвөн жилийн дараа сэтгүүлчид “МСНЭ бидэнд хэрэгтэй байгууллага болсон. Бидний хөгжлийг дэмждэг, бидний эрх ашгийг хамгаалдаг, олон улсад гаргах боломжийг нээдэг байгууллага болсон” гэж хардаг, хэлдэг байхыг хүсэж байна. Энэ бол миний болон манай багийн хамгийн том зорилго юм.

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нөлөө, манлайллаа алдсан гэсэн шүүмжид өртөх болсон үед та удирдлагаар сонгогдлоо. Хэвлэл мэдээллийн салбараа маш сайн мэддэг, менежмент сайн хийдэг хүний хувьд танаас ажил хэрэгч санаа, шинэ шийдэл гарч ирэх болов уу гэсэн хүлээлт ч үүссэн. Зорьсон шинэчлэлээ хаанаас, юунаас эхлэх вэ?

-Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Их хурлын үеэр би мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Харин ирэх есдүгээр сарын 20-нд болох Бага хурлаар багийнхантайгаа ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт, шинэчлэ­лийн хөтөлбөрөө албан ёсоор танилцуулахаар бэлдэж байна. Би хэвлэл мэдээллийн салбарт сурвалжлагчаас эхлээд өдөр тутмын сонины эрхлэгч, цахим мэдээллийн сайтын эрхлэгч, МҮОНРТ-ийн ерөнхий захирал, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт 30 гаруй жил ажиллалаа. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээллийн салбарын бараг бүх түвшинд ажиллаж, асуудлыг дотроос нь харсан туршлагадаа тулгуурлаж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг дараагийн шатанд гаргах ёстой гэж бодож байна.

МСНЭ бол 75 жилийн түүхтэй байгууллага. Энэ түүхийг хадгалж үлдэхээс гадна шинэ цагийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх нь өнөөдрийн хамгийн том зорилт болчихжээ. Манай салбарт одоогоор 3000 орчим сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж байна. Дагалдаад энэ олон хүний эрх ашиг, мэргэжлийн үнэт зүйл, хөдөлмөрийн баталгааг хамгаалж чадаж байгаа эсэх гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх түвшинд ярих ёстой болжээ.

Хэрэв сэтгүүлчид өөрсдөө нэгдэж, мэргэжлээ хамгаалж чадахгүй бол биднийг өөр хэн ч хамгаалахгүй. Тиймээс миний хамгийн түрүүнд хийх ажил бол МСНЭ-ийг нэр төдий байгууллага биш. Салбарынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, бодлогоор манлайлдаг, гишүүддээ бодит үнэ цэн бүтээдэг байгууллага болгох явдал. Үнэнийг хэлэхэд бид өнөөдрийг хүртэл аргацааж ирлээ. Цаашдаа ийм байдлаар урагшлах ямар ч боломжгүй. Хэвлэл мэдээллийн салбар нэгдэж, шинэчлэгдэж, мэргэжлийн үнэт зүйлээ хамгаалахгүй бол өөр хэн ч энэ ажлыг бидний өмнөөс хийхгүй. Тиймээс зарим шинэчлэлийг зоригтой эхлүүлэх ёстой. 

Сэтгүүл зүйд “би” гэж байдаггүй, “бид” гэж байдаг 

-Сэтгүүлчдийн дуу хоолой нэг цэгт төвлөрөхгүй байна. Ийм үед тэднийг МСНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахын тулд ямар бодлого, арга барил хэрэгжүүлэх вэ. Тэднийг өөрчлөх, саналыг нь сонсох, бодлогодоо тусгах ямар механизм хэрэгтэй гэж харж байна?

-Юуны өмнө сэтгүүл зүйн салбарт итгэлцлийг сэргээх нь хамгийн чухал. МСНЭ  гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн, тэдэнд бодит үйлчилгээ үзүүлдэг, эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага байх ёстой. Тиймээс бид хэд хэдэн чиглэлд бодит өөрчлөлт хийхээр зорьж байна. Нэгдүгээрт, сэтгүүлчдийн эрх зүйн хамгаалалтыг шинэ түвшинд гаргана. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл үүсэхэд хууль, эрх зүйн зөвлөгөө, өмгөөлөл, дэмжлэг үзүүлдэг тогтолцоог бий болгоно. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаанд бодитой анхаарна. Гуравдугаарт, залуу сэтгүүлчдийн хөгжилд онцгой анхаарна.

Ирээдүйн сэтгүүл зүй өнөөдрийн залуу боловсон хүчнээс эхэлдэг. Тиймээс сургалт, мэргэшүүлэх хөтөлбөр, ур чадварын хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай. Дөрөвдүгээрт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Өдөр тутмын сонин, телевиз, радио, цахим мэдээллийн хэрэгсэл, орон нутгийн хэвлэл гээд бүгдээрээ энэ салбарын нэг хэсэг нь, эд эс нь. Өөр хоорондоо өрсөлдөхөөс гадна мэргэжлийн нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах соёл бидэнд хэрэгтэй байна. Тавдугаарт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Гадаадын сэтгүүлчдийн байгууллагуудтай түншлэлээ идэвхжүүлж, туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын сэтгүүлчдийг олон улсын түвшинд хөгжүүлэхэд онцгой анхаарна.

Би МСНЭ-ийн Их хурлын үеэр “Сэтгүүл зүйд “би” гэж байдаггүй, “бид” гэж байдаг” гэж онцлон хэлж байсан. Энэ бол бидний зарчим. Сэтгүүл зүй бол нэг хүний биш, олон хүний хамтын хөдөлмөр, хамтын хариуцлага.

 Хэдийгээр бид үзэл бодлоороо ялгаатай байж, асуудлыг өөр өөр өнцгөөс харж болох ч мэргэжлийн үнэт зүйл, сэтгүүл зүйн нэр хүндийн өмнө нэг баг болж чаддаг байх ёстой. МСНЭ-ийн үндсэн үүрэг ч энэ. Сэтгүүлчдээ хамгаалдаг, мэргэжлийг нь хөгжүүлдэг, салбарынхаа дуу хоолой болдог байгууллага байх ёстой. Энэ чиглэлээр бодитой өөрчлөлт хийж, салбарынхаа итгэлийг сэргээнэ гэж зорьж байна.

-Салбарын нэр хүнд нэлээд уруудаж яваа. Ийм цаг үед сэтгүүл зүйн үнэт зүйл, мэргэжлийн ёс зүйг хэрхэн хамгаалах ёстой гэж үзэж байна вэ?

-Сэтгүүл зүйн хамгийн том хөрөнгө бол техник хэрэгсэл, редакцын байр биш. Нэр хүнд, итгэлцэл хоёр байдаг. Нэг сэтгүүлчийн гаргасан алдаа ганц хүний асуудал болж үлддэггүй. Нийт салбарын нэр хүнд, олон нийтийн итгэлд нөлөөлдөг. Тиймээс өнөөдөр юуны өмнө мэргэжлийн ёс зүйгээ бэхжүүлэх шаардлагатай байна. МСНЭ энэ чиглэлд гурван зүйлд онцгой анхаарна. Нэгдүгээрт, ёс зүйн боловсролд анхаарна. Хоёрдугаарт, баримтыг нягталдаг соёлыг төлөвшүүлнэ. Гуравдугаарт, сэтгүүлчийн эрх, хариуцлагын тэнцвэрийг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хариуцлагатай сэтгүүл зүйтэй хамт оршдог үнэт зүйл. Энэ ойлголтыг салбар дотроо ч, нийгэмдээ ч хамтдаа төлөвшүүлэх хэрэгтэй. 

Цаашид бидний онцгойлон хөндөх өөр нэг асуудал бол сэтгүүлчийн мэргэжлийн хамгаалалт. Олон хүн энэ ойлголтыг манай салбарынханд хатуухан үйлчилдэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эсвэл Эрүүгийн, Иргэний, Зөрчлийн тухай хуультай холбон ойлгодог. Үнэн хэрэгтээ мэргэжлийн хамгаалалт гэдэг чинь огт өөр зүйл. Энэ бол сэтгүүлч ажлаа гүйцэтгэж байх үед эрх, аюулгүй байдал, хөдөлмөрийн баталгааг нь хамгаалдаг эрх зүйн орчны тухай асуудал. Сэтгүүлчид гамшиг, осол, онцгой нөхцөл байдал, халдварт өвчний голомт гэх мэт хамгийн эрсдэлтэй цэгт хамгийн түрүүнд очиж мэдээ мэдээлэл дамжуулдаг.

Хаана л онцгой нөхцөл байдал үүссэн байна, тэнд сэтгүүлчид хүрч очсон байдаг. Ковидын үеийг санаж байна уу. Цар тахлын үед төрийн байгууллагууд тусгай зохицуулалт, хамгаалалтын дор ажиллаж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгаа, цалин хөлсийг хамгаалж байсан. Гэтэл адилхан л онцгой нөхцөлд ажиллаад, аюултай бүс, аюулгүй бүс, хүнс хоолны нийлүүлэлт, нийгэмд тогтоож буй хэм хэмжээг мэдээлж явсан манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид ямар ч цалин, орлогогүй ажилласан. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд нөхцөлд орж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн. Эрсдэлтэй орчинд ажилласан сэтгүүлчдийн хувьд тусгай хамгаалалтын эрх зүйн зохицуулалт байдаггүй  гэсэн үг.

Тиймээс бид Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярихаас гадна сэтгүүлчийн мэргэжлийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаагаа аюулгүй, тогтвортой явуулах эрх зүйн орчны талаар бодлогын түвшинд авч үзэх, ярьж хөндөх шаардлагатай байгаа. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хамгаалах эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, салбарынхаа нэгдсэн концепцийг гаргах нь бидний зорилтын нэг байх болно. МСНЭ энэ чиглэлээр судалгаа хийж, олон улсын туршлагад тулгуурласан бодлогын санал боловсруулна. 

Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгохыг зорино

 -Төрийн байгууллагууд дэргэдээ өөрсдийн хэвлэл мэдээллийн баг, контент үйлдвэрлэлтэй болсон нь хувийн хэвлэл мэдээллийн салбарын зах зээлд нөлөөлөх болсон. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж үзэж байна вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төр өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагын шинжтэй үйл ажиллагаа явуулахгүй байх заалт бий. Гэтэл өнөөдөр олон төрийн байгууллага дэргэдээ өөрийн гэсэн редакц, сэтгүүлч, зураглаач, оператор, контент бүтээгчтэй болж, хэвлэл мэдээллийн байгууллагын чиг үүргийг давхар хэрэгжүүлж байна. Энэ нь хувийн хэвлэл мэдээллийн салбарын зах зээл, мэргэжлийн орон зайд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс бид төр хуулиа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байж, энэ байр сууриа хамгаална. Төр өөрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоонд түшиглэн дэмжих шаардлагатай. МСНЭ энэ асуудлыг төрийн эсвэл аль нэгэн байгууллагын эрх ашиг гэж харахгүй. Монголын хэвлэл мэдээллийн салбарын өрсөлдөх чадвар, мэргэжлийн орчны асуудал гэж үзэж байна. Тиймээс бид Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, шаардлагатай шинэчлэлийн асуудлыг бодлогын түвшинд хөндөж, хууль тогтоох байгууллага болон холбогдох талуудтай хамтран ажиллана.

-МСНЭ-ийн гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны чиглэлд ямар бодлого, зорилт тавьж ажиллах вэ?

-МҮОНРТ-д ажиллаж байх хугацаандаа би дэлхийн 20 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагатай тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлж, олон улсын байгууллагуудтай хамтарсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өнөөдөр дэлхийд олон улсын байгууллагууд сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг дэмжих чиглэлээр маш олон төсөл хэрэгжүүлдэг.

Тэр дунд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, онцгой нөхцөл байдалд ажиллах чадавхыг нэмэгдүүлэх, шинэ технологийн хэрэглээг хөгжүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд чухал байр суурь эзэлж байдаг. МСНЭ эдгээр олон улсын боломжуудтай идэвхтэй холбогдож, Монголын сэтгүүлчдэд бодит боломж болгон хүргэх зорилготой ажиллана.

Бид эхний ээлжид тодорхой концепц, төслөө боловсруулж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны шинэ суваг нээнэ. 2027 оны төсөл, санхүүжилтийн боломжуудтай уялдуулан хамтын ажиллагааны саналуудаа хүргүүлж, Монголын сэтгүүлчдийг хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотод төвлөрөхгүй. Бүсчилсэн сургалтууд зохион байгуулж, баруун, зүүн, төв, говийн бүсийн сэтгүүлчдийг хамруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн олон улсын мэргэжилтэн, сургагч багш нарыг Монгол Улсад урьж сургалт зохион байгуулахын зэрэгцээ сэтгүүлчдээ гадаад улс орнуудад туршлага судлуулах, мэргэжлийн сургалтад хамруулах ажлуудыг эхлүүлнэ.

Орчин цагт сэтгүүл зүй маш хурдтай өөрчлөгдөж байна. Хиймэл оюун ухаан, дижитал технологи, шинэ медиа орчинд хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал манай салбарын хамгийн чухал асуудлын нэг болсон. Тиймээс сонин, радио, телевиз, цахим хэвлэлүүд хиймэл оюун ухааныг хэрхэн зөв ашиглах, контент үйлдвэрлэлээ хэрхэн шинэчлэх талаар сургалт, туршлага солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн гамшиг, онцгой нөхцөл байдалд сэтгүүлч хэрхэн ажиллах, аюулгүй байдлаа хэрхэн хангах зэрэг чиглэлээр олон улсын туршлагыг нэвтрүүлнэ. Бидний зорилго бол Монголын сэтгүүлчдийг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгох явдал. Үүний тулд МСНЭ гадаад харилцаагаа шинэ түвшинд гаргаж, сэтгүүлч бүрд хүрэх боломжийг бий болгоно.

-Уламжлалт сэтгүүл зүй халагдах уу, эс халагдах уу дээрээ ирсэн ийм үед сургалт бол хамгийн чухал санагдаж байна. Энэ санаачилгыг хэрэгжүүлээд эхлэхээр сургалтыг анхаарч байгаа хэвлэл мэдээллийнхэнд ямар шаардлага тавигдах бол?

-Сургалт, мэргэжлийн хөгжлийн асуудлыг бид зайлшгүй шинэ түвшинд гаргаж ирэх ёстой. “Хүн насан туршдаа суралцана” гэдэг зарчим сэтгүүл зүйн салбарт бүр ч чухал. Бид 20, 30 жил ажилласан туршлагатай гээд өөрсдийгөө хангалттай гэж үзэж болохгүй. Учир нь, бидний амьдарч буй цаг үе, ажиллаж байгаа орчин өдөр бүр өөрчлөгдөж байна. Шинэ хууль батлагдаж, шинэ зохицуулалт хэрэгжиж, нийгмийн асуудлууд өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, удахгүй хэрэгжиж эхлэх хуулиуд, гэр бүлийн харилцаа, хөрөнгө орлоготой холбоотой зохицуулалт зэрэг олон асуудлыг сэтгүүлчид өөрсдөө гүнзгий ойлгож байж олон нийтэд зөв, мэргэжлийн түвшинд хүргэх ёстой. Гэтэл бид өөрсдөө тэр хуулиудаа хангалттай судалсан уу, өөрчлөлтүүдийг ойлгосон бил үү гээд бодох л ёстой.

Сэтгүүлч хүн зөвхөн мэдээлэл дамжуулагч биш, нийгэмд ойлголт өгдөг мэргэжлийн хүн учраас тасралтгүй хөгжих шаардлагатай. Тиймээс МСНЭ-ийн зүгээс сургалтын бодлогыг цогцоор нь авч үзнэ. Хууль эрх зүй, эдийн засаг, шинэ технологи, хиймэл оюун ухаан, дата сэтгүүл зүй гээд өнөөдрийн сэтгүүлчид зайлшгүй эзэмших шаардлагатай ур чадварыг үе шаттайгаар хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байна. Өөрөөр хэлбэл, олон улсын сургалтад хамрагдсан сэтгүүлчид эх орондоо ирээд өөрийн мэдсэн, сурсан зүйлээ бусад сэтгүүлчдэд дамжуулдаг "сургагч багш" буюу көүч болох юм. Нэг сэтгүүлчийн авсан мэдлэг олон арван, цаашлаад олон зуун сэтгүүлчид хүрдэг байх зарчим чухал.

Дараагийн нэг том асуудал бол хэлний бэрхшээл. Дэлхийтэй холбогдох, олон улсын мэдээллийн урсгалд оролцох хамгийн чухал хэрэгсэл бол хэл. Манай англи хэлтэй, олон улсын орчинд ажиллах чадвартай сэтгүүлчид гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах, дэлхийн мэдээллийн сүлжээнд нэгдэх боломжийг илүү их ашиглаад эхэлсэн. Ялангуяа англи хэлгүйгээр олон улсын түвшинд өрсөлдөх боломж улам бүр хязгаарлагдана. Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа олон мянган сэтгүүлчийн хувьд хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь олон улсын боломжийг ашиглахад тодорхой саад үүсгэх учраас нийтээрээ хэлний боловсролоо эргэж харах хэрэгтэй болсон нь үнэн.

Монголын үйл явдлыг дэлхийн түвшинд хүргэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж бидэнд бий. Дэлхийн, олон улсын байгууллага, мэдээллийн агентлагууд улс орон бүрээс зайнаас ажиллах мэргэжилтэн хайж байна. Энэ боломж зөвхөн технологийн салбарын хүмүүст биш, сэтгүүлчдэд ч нээлттэй. Тиймээс бид залуу сэтгүүлчдийг хэлний болон мэргэжлийн богино, дунд хугацааны сургалтад хамруулах чиглэлд анхаарна. Энэ нь бакалавр, магистр, докторын урт хугацааны хөтөлбөр биш. Яг өнөөдрийн зах зээлд хэрэгтэй ур чадвар олгох, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөрүүд байх юм. Монгол Улстай тогтмол хамтын ажиллагаатай улс орнууд, бүс нутгийн байгууллагуудтай хамтран хэлний болон мэргэжлийн сургалтын боломжуудыг бий болгож, сэтгүүлчдээ дэлхийн түвшинд ажиллах чадвартай болгохыг зорьж байна.

-Дэлхийн бусад орны сэтгүүлчдийн холбоод хэрхэн ажилладаг юм бол сонирхож үзсэн үү. МСНЭ-ийн хувьд цаашид гишүүнчлэл дээр ямар зарчим баримтлах вэ?

-Бид дэлхийн сэтгүүлчдийн байгууллагуудын үйл ажиллагааны туршлагыг судалж байна. Ажиглаж байхад хамгийн чухал зүйл нь гишүүнчлэлд суурилсан, гишүүддээ бодит үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо байдаг. МСНЭ ч мөн адил татвараа төлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцдог гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, үнэ цэнтэй байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл, татвараа төлсөн гишүүн бол Эвлэлийн үндсэн түшиг. Тэдний мэргэжлийн эрх, нийгмийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмж, хамгааллын асуудал дээр МСНЭ хамгийн түрүүнд ажиллана. Ингэж хэлэхээр дагалдаад, татвараа төлөөгүй сэтгүүлч, зураглаач, оператор ч мэргэжлийн ажлаа хийж яваад эрсдэлтэй тулгардаг. Тэдний асуудлыг яах вэ гэдэг асуулт үүснэ тийм үү.

Мэдээж хэрэг тэдэнд үйлчилнэ. МСНЭ салбарынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ нийт салбараараа, ер нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгд Эвлэлийн гишүүнчлэлийн үнэ цэнээ бүтээх ёстой юм. Хүн болгон “Эвлэлд харьяалагддаг, татвараа төлдөг, мэргэжлийн байгууллагаасаа хамгаалалт, үйлчилгээ авдаг” гэсэн ойлголттой болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн сургууль төгсөөд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлсэн хэн ч мэргэжлийн байгууллагынхаа нэг хэсэг болж, хариуцлага хүлээдэг, эрхээ хамгаалуулдаг тогтолцоо руу орох ёстой. Бидний зорилго бол гишүүн байх нь өөрөө үнэ цэнтэй, хэрэгтэй гэдгийг мэдрүүлэх явдал. 

МСНЭ гишүүдийнхээ хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааны төлөө дуугарна

 -Сэтгүүлчид, хэвлэл мэ­дээллийнх­ний нийгмийн баталгаа, хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур хэвээрээ л байгаа. Олон жил яригдсан ч энэ тал дээр бодитой ахиц гардаггүй. Энэ чиглэлд МСНЭ ямар бодлого баримтлах вэ?

-Нийгэмд нэг туйлширсан ойлголт бий. Нэг хэсэг нь сэтгүүлчийг “хэт баян” гэж хардаг. Нөгөө хэсэг нь “ядуу” гэж дүгнэдэг. Аль аль нь асуудлыг өөр өөрсдийн өнгөцөөр харж байгаа нь энэ. Сэтгүүлч хүн хөдөлмөрөөрөө сайхан амьдрах эрхтэй. Өндөр боловсрол эзэмшиж, гадаадад суралцаж, сайн орлоготой байх нь буруу зүйл биш. Нөгөө талаар хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй байгаагаас ёс зүйн эрсдэл үүсэх хөрс бүрддэгийг ч үгүйсгэхгүй. Тиймээс МСНЭ зөвхөн мэргэжлийн асуудал биш, гишүүдийнхээ хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааны төлөө дуугарч эхэлнэ. Өнөөдөр салбарт ажиллаж буй олон залуу сэтгүүлч хөдөлмөрийнхөө үнэлэмжийг шударга авч чадахгүй байна. Энэ асуудлыг ажил олгогчид, төр, салбарын байгууллагуудтай хамтарч ярьдаг тогтолцоо хэрэгтэй. Сэтгүүлч нийгмийн асуудлыг хамгийн их ярьдаг хэрнээ өөрсдийнхөө нийгмийн баталгааг орхигдуулж болохгүй байхгүй юу. Өөр нэг яригддаг асуудал бол ажил олгогч, ажилтны харилцаа.

Энэ хүрээнд нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хэвлэл мэдээллийн байгууллагын эздэд үйлчилдэг байгууллага биш. Бид гишүүддээ, өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй бүх хүнд, фото сэтгүүлч, зураглаач, оператор, редактор, дизайнер, нягтлан, жолооч, үйлчилгээний ажилтан гээд бүгдэд үйлчилдэг байгууллага. Тиймээс МСНЭ-ийн хөндөх гэж буй нийгмийн баталгаа, хөдөлмөрийн үнэлэмж гэдэг нь сэтгүүлчдийн тухай асуудал биш. Хэвлэл мэдээллийн байгууллагад тогтвортой ажиллаж, татвар, нийгмийн даатгалаа төлдөг бүх гишүүний хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллыг хамарсан асуудал. Энэ бол шинэчлэлийн бодлогын маань бас нэг суурь зарчим байх болно.

-Нийгмийн баталгааг сайжруулахын тулд ямар боломжуудыг эрэлхийлнэ гэж бодож байна?

-Төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлнэ. Жишээ нь, орон сууцны хөнгөлөлттэй зээл, түрээслээд өмчлөх байр зэрэг нийгмийн бодлогын хөтөлбөрүүдэд багш, эмч, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнууд л тодорхой шалгуураар хамрагдаж байна. Манай салбарт олон жил тогтвортой ажилласан, нийгмийн өмнө хариуцлагатай үүрэг гүйцэтгэж яваа сэтгүүлчид энэ боломжид төдийлөн хамрагдаж чаддаггүй. Тиймээс МСНЭ энэ асуудалд салбарынхаа эрх ашгийг хамгаалж, төр болон хувийн хэвшлийн хооронд гүүр болж ажиллах зорилготой байна.

Жишээлбэл, арилжааны банкууд болон холбогдох байгууллагуудтай уулзаж, хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой ажилласан, нийгмийн даатгал, татвараа төлдөг, мэргэжлийн туршлага хуримтлуулсан сэтгүүлчдэд зориулсан тодорхой боломж, квот бий болгох чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна. Жил бүр тодорхой тооны сэтгүүлчдийг энэ боломжид хамруулах тогтолцоо бий болгож чадвал энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш, салбарын нийт ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжсэн бодит алхам болно. Сэтгүүлчид нийгмийн асуудлыг өдөр бүр хөндөж, бусдын дуу хоолой болж ажилладаг. Тиймээс өөрсдийнх нь хөдөлмөр, амьдралын баталгааг анхаарах цаг болсон гэж үзэж байна.

Дараа нь даатгал. Сэтгүүлчдийн мэргэжлийн эрсдэлийн хамгаалалтад анхаарна. Бусад олон салбарт ажиллагсад өнөөдөр хөдөлмөрийн онцлогоосоо шалтгаалан тодорхой даатгал, хамгаалалтын тогтолцоотой болсон байдаг. Сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ямар эрсдэлтэй нүүр тулгардаг ч төдийлөн ярьдаггүй.

Сэтгүүлчид халдварт өвчин, гамшиг, осол, онцгой нөхцөл байдал, нийтийн аюулгүй байдалтай холбоотой үйл явдлын голд очиж ажилладаг. Ковидын үе, үер ус, газар хөдлөлт зэрэг нөхцөлд сэтгүүлчид хамгийн түрүүнд газар дээр нь очиж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хүчирхийлэлд өртөх, техник хэрэгслээ эвдүүлэх, дарамт шахалттай тулгарах асуудал маш их гардаг. Зөрчилтэй нөхцөл байдал, хууль бус үйл ажиллагаа, олон нийтийн анхаарал татсан асуудлыг сурвалжилсны төлөө сэтгүүлчид халдлагад өртөх, эрх зүйн дарамтад орох тохиолдол бий.  Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн онцлогт тохирсон эрсдэлийн хамгаалалт, амь нас, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох эхлэлийг тавина. Даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа сэтгүүлчдийг хамгаалах боломжуудыг бий болгох чиглэлд анхаарна. Сэтгүүлч хүн нийгмийн төлөө ажиллаж байгаа ч өөрөө хамгаалалтгүй үлдэх ёсгүй. Мэргэжлийн эрх, хөдөлмөрийн үнэлэмжийн нэг хэсэг нь аюулгүй ажиллах орчин, эрсдэлийн хамгаалалт байх ёстой юм.

Эцэст нь хэлэхэд, сэтгүүлчдийн эрүүл мэндийн асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Өнөөдөр жилийн орлого, цалин хөлсний түвшнээсээ шалтгаалаад бүтэн биеийн шинжилгээнд хамрагдаж чаддаггүй сэтгүүлч олон байна. Тиймээс бид төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа бий болгож, сэтгүүлчдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг, оношилгооны тогтолцоог бүрдүүлэх боломжийг эрэлхийлнэ. Жишээлбэл, жил бүр тодорхой тооны сэтгүүлчдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах, энэ тоог үе шаттай нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Миний бүрэн эрхийн хугацаанд Эвлэлийн гишүүдээс татвараа тогтмол төлдөг, салбартаа олон жил ажилласан олон зуун сэтгүүлчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодит зорилт тавьж байна.

Өнөөдөр бид харамсалтай мэдээг байнга сонсдог, тийм үү. Залуу сэтгүүлч гэнэтийн ослоор, өвчнөөр, эсвэл ажлаа хийж байх үедээ эрсдэлд өртөж байна. Энэ бүхэн сэтгүүлчийн мэргэжил ямар өндөр ачаалал, эрсдэлтэйг харуулж байгаа юм. Сэтгүүлчид өглөө эрт ажлаа эхэлж, орой оройхон тарах, амралт чөлөөгүй ажиллах нь түгээмэл. Ийм нөхцөлд эрүүл мэнддээ анхаарах боломж тэр бүр гардаггүй. Тиймээс сэтгүүлчдийн нийгмийн баталгааг бид цогцоор нь харах шаардлагатай. Тиймээс эрсдэлийн даатгал, эрүүл мэндийн хамгаалалт, орон сууцны боломж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний асуудал руу нэлээн орно гэж бодож байгаа. Эдгээр асуудлаар тодорхой концепц боловсруулж, МСНЭ-ийн Бага хурлаар танилцуулан, цаашид хэрэгжүүлэх бодлого болгон ажиллана.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.