Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх хүрээнд болж буй ерөнхий хяналтын сонсгол эхлэв
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2026.06.23/ эхэллээ.
Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, С.Замира, Д.Жаргалсайхан, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Р.Сэддорж, Б.Уянга, Ж.Чинбүрэн нар ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад эхэлсэн.
Улсын Их Хурлын дэд Ж.Бат-Эрдэнэ сонсголыг даргалж, гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав.
Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол бол мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллагын 32, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 40, нийт 72 хүн оролцсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.” гэж заасны дагуу Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, “Малчин” телевиз болон парламентын пейж хуудсаар шууд дамжуулахын зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байдлыг хангасан талаар сонсгол даргалагч танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ерөнхий хяналтын сонсголын эхний илтгэлийг Малчны тухай хуулийн талаар тавив. Хууль санаачлагч эдийн засгийн тулгуур салбартаа бодлогын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулж байсныг дурдаад Улсын Их Хурлаас анх удаа хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий хяналтын сонсгол хийж буйг онцлов. Мөн тэрбээр хуулийн хэрэгжилт 30-40 хувьтай гүйцэтгэл сул байгааг тэмдэглэсэн.
Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 11, экспортын 5.6, ажиллах хүчний 25.5 (4 хүн тутмын нэг нь малчин) хувийг, 247.9 мянган малчин өрх эзэлж буй нь эдийн засгийн тулгуур салбар болохыг харуулж байна гэлээ.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг өөрчилье гэж олон жил ярьж байна. Үүний үндсэн гарц шийдэл нь уламжлалт мал аж ахуй буюу манай орны эдийн засгийг авч явж байсан эл салбарын хуулийн хэрэгжилтийг нэхэх, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан. Хуулийн үндсэн зорилго нь мал аж ахуйн салбарын хөгжлийг тодорхойлох, ирээдүйнх нь зураглалыг гаргах, малчдаа төрөөс анхаарах гээд нийгмийн харилцаа, эдийн засгийн баталгаа, эрх зүйн үндсийг нь тодорхойлох гэж анх удаагаа оролдож, уг салбартай хамааралтай бүхий л харилцааг иж бүрнээр нь тодорхойлон олон чиглэлээр цогц зохицуулалтыг бий болгосон гэлээ.
Дараа нь Монголын хуульчдын холбооны судлаач О.Энххүслэн “Малчны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан”-г танилцуулахдаа хуулийн зүйл, заалт бүрээр хэрэгжилтийг нь судалсан талаараа дэлгэрэнгүй мэдээлэв.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мөн илтгэлд Малчны тухай хууль нь малчны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар зохицуулсан анхны хууль бөгөөд малчны эрх, үүрэг, нийгмийн хамгаалал, боловсрол, хөгжлийг дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Судлаач илтгэлийнхээ санал, дүгнэлтдээ судалгааны үр дүнгээс үзэхэд хуулийн зохицуулалтын тодорхой хэсэг нь хэрэгжиж эхэлсэн боловч нийт зохицуулалтын дийлэнх хэсэг нь бүрэн хэрэгжиж чадаагүй байна. Гэхдээ малчны эрх, үүрэг, чанарт суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлийн зохицуулалтууд харьцангуй үр дүнтэй хэрэгжиж байгааг дурдсан байлаа. Харин малчны мэдлэг, боловсрол, хөгжлийг дэмжих, эрсдэлийн удирдлага, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зохицуулалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Энэ нь хэрэгжүүлэгч байгууллагуудын уялдаа холбоо, санхүүжилт, хүний нөөц, мэдээллийн тогтолцооны хүндрэлтэй шууд холбоотой гэсэн байв.
Хуулийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой "Малчны хөгжлийн сан", "Малчны хөгжлийн төв", малчны хөгжлийн индекс, хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх аргачлал, эрүүл мал сүргийн баталгаажуулалтын тогтолцоо зэрэг шинэ зохицуулалтууд бодит амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй буюу шаардлагатай нөхцөл бүрдээгүй байна. Хууль батлагдаад удаагүй байгаа хэдий ч зарим зохицуулалтын хэрэгжилт нь журам, аргачлал, санхүүгийн эх үүсвэр, институцийн тогтолцоо бүрэн бүрдээгүйгээс шалтгаалан удаашралтай байна. Иймээс хуулийн зорилго, зорилт бүрэн хэрэгжихэд тодорхой хугацаа болон нэмэлт бодлогын дэмжлэг шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.
Үргэлжлүүлэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Малчны хөгжлийг дэмжих, залгамж халааг бэлдэх” талаар илтгэл тавьсан.
Уг илтгэлд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 195500 малчин өрхийн 169838 хүүхэд, залуучууд бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа бөгөөд энэ нь нийт суралцагчдын 13.2 хувийг эзэлж байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 76.6, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 17.8 хувь суралцаж байгааг дурджээ.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Нийт суралцагчдын 39463 буюу 28.3 хувь нь дотуур байранд амьдарч байгаа бөгөөд үүнээс ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 34117, Мэргэжлийн боловсролын болон техникийн боловсролын сургуулийн дотуур байранд 5346 суралцагч байна гэж илтгэлд дурдсан байв.
Харин Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 2025-2026 оны хичээлийн жилд нийт 70 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж нийт 41584 суралцагч суралцаж байна. Үүнээс хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжлийн чиглэлийн есөн хөтөлбөрөөр 2307, хөдөө аж ахуй, газар тариалангийн хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн 7 хөтөлбөрөөр 659 суралцагч суралцаж байгаа аж.
Салбарын яам цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцагчийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэй ажилтныг дадлага сургалтад хамруулах, салбар дундын дадлагын баазыг байгуулах, сургалтын байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжиж хамтран ажиллах, малчдад зориулсан ур чадвар олгох TAFE mobile зуны богино хугацааны сургалтыг туршилтаар хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр бодлогын түвшинд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэсэн байлаа.
Мөн дээд боловсролын тухайд салбарын залгамж халааг бэлтгэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт бодит үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд тэтгэлэгт хамрагдсан төгсөгчдийг орон нутагт ажиллах нөхцөлтэй уялдуулсан дэмжлэгийн тогтолцоог сайжруулах, тэтгэлэг, сургалт, хөдөлмөр эрхлэлтийн үр дүнг хянах тогтолцоо бий болгох, мал аж ахуй давамгай бүс нутгуудад дэд бакалаврын түвшний сургалтыг нэвтрүүлэх, тэжээл, бэлчээр судлал, усны нөөц, селекци, үрийн аж ахуй зэрэг чиглэлээр ахисан түвшний судалгааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мал аж ахуйн технологийн судалгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна хэмээн илтгэлд дурдсан байлаа.
Ингээд дээрх илтгэлийн хүрээнд сонсголд оролцогч Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Архангай аймгийн малчдын төлөөлөл тайлбар, санал хэлсэн. Тэд хуульд малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр их дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн нь сайн талтай ч нөгөө талаас хүүхдийг хүссэн мэргэжлээр сурах эрхийг хязгаарлаж байгаад, мөн малчдын хүүхдэд дэлхийн түвшний боловсрол олгоход ялгаварахгүй тэгш, боломжоор хангахад анхаарах талаар санал хэлж байлаа.
Мөн хуулийн төслийн 5 дугаар зүйлийг үүрэгжүүлсэн заалтыг өөрчилж, хүний эрх эрх чөлөөг дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх, малчныг хөдөлмөрийн аюулгүй орчин, хөдөлмөрлөх эрхээр хангах, бэлчээр ус зэрэг байгалийн баялгийг тогтвортой ашиглах эрхийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох, эрсдэлийг бууруулах, төрөөс малчдын эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгах асуудлыг хөндөж, санал хэлсэн.
Түүнчлэн хуульд “гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох;” гэж заасныг дурдаад яг ийм нөхцөлд амь насаа алдсан онцгой байдал, цагдаагийн албан хаагчийн тусламжаас ялгавартай тогтоож өгсөн шалтгааныг тодруулж, байлаа.
Сонсголд танилцуулсан тайлан, илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, С.Замира, П.Батчимэг, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нөхцөлийг Засгийн газрын гишүүд, салбарын яам, төрийн байгууллагуудаас тодруулахын зэрэгцээ цаашид үүсээд буй асуудлыг хэрхэн засах талаар хариулт авав.
Дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар “Малчны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авсан арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийлээ
Тэрбээр мэдээлэлдээ Мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээнд хамруулах, Мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, Малчдыг амьдрах орчныг сайжруулах, ипотекийн зээлд хамруулах, хөнгөлөлт үзүүлэх, Эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, Гамшигт үзэгдлийн улмаас нас барсан малчны ар гэрт 1 удаагийн тусламж үзүүлэх, Гамшигт үзэгдлийн улмаас мал сүргээ алдсан өрхийг малжуулах арга хэмжээ авах нэг удаа нөхөн төлүүлэх, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил ажилласан малчны хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй сургах, Малчны хөгжлийн сан байгуулах зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлэх 10 арга хэмжээ тус бүрээр хэрэгжилтийг танилцуулав.
Онцлох мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Сангийн яам энэ хүрээнд цаашид “Орон сууцны зээл”-д хамруулах асуудлаар судалж, Монголбанктай хамтран ажиллах, “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг боловсруулж батлуулах, 10-аас доошгүй жил малчнаар ажилласан бол хүүхдийг нь “Их, дээд сургуульд үнэгүй сургах” боломжийг бүрдүүлэх, “Малчны дундын сан” байгуулах, зарцуулах, тайлагнах журмыг салбар дундын ажлын хэсэг байгуулж яаралтай боловсруулж батлуулна гэж байлаа.
Үргэлжлүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Цахим шилжилтийг малчны үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлж байгаа талаар” танилцуулсан.
Тэрбээр Малчны тухай хуулийн хүрээнд малчны ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй найман арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, Хөдөлгөөнт холбоо, телевиз, интернэт сүлжээний үйлчилгээний тухайд 21 аймаг 327 сумыг шилэн кабелиар холбосон бөгөөд энэ жил 2 сумыг нэмж холбоно гэв. Харин Хөвсгөлийн Ханх сумын тухайд газар зүйн алслагдсан байдлаас шалтгаалан шилэн кабель холбоход хүндрэлтэй байгааг онцолсон. Хүн амын 84 хувь нь интернэт ашиглаж байгаагаас өрхийн интернэтийн хэрэглээ 80 хувьтай, 2025 оноос бүх аймаг 5G сүлжээ орсон гээд телевиз орон нутгийн суваг дамжуулах үйлчилгээ идэвхтэй хэрэглэгчийн тоо 770 мянга орчим байна гэв.
Малчдад зориулсан цахим үйлчилгээний талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Ингээд дээрх илтгэлийн хүрээнд сонсголд оролцогч иргэд санал хэлсэн. Тухайлбал, хуулийн хүрээнд 11 журам боловсруулан батлагдах ёстой хэдий ч хоёрхон журам батлагдсан нь хэрэгжилт хангалтгүй байгааг онцлоод бүх журмыг хэдийд баталж дуусахыг, мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг яаралтай боловсруулж, ахмад настай малчдын тэтгэвэр авах эрхийг нээх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Г.Тэмүүлэн, Д.Жаргалсайхан, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд малын гаралтай түүхий эдийн бэлтгэх нийлүүлэлтийн боловсруулалтын түвшинг ахиулах арга хэмжээний явц ямар байгааг, сүүлийн хоёр жил мал аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй урамшуулал малчдад очихгүй байгаа шалтгаан нөхцөлийг илүүтэй лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун баруун бүсэд Ховд аймагт үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдээд, энэ жил ажил дуусна. Мөн төвийн бүсэд Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк дахь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтцийг нь шийдэж ингэснээр нийслэл хотод байгаа 13 арьс ширний үйлдвэрийг шилжүүлж, нэгдсэн байдлаар төвлөрүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийж байгааг тодотгов. Мөн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал ийнхүү нэмэгдэхээр анхан шатны түүхий эд бэлтгэл дагаад хөгжих нөхцөл бүрдэнэ гэж байлаа.
“Сүү, ноос, арьс ширний урамшуулал тухайн жилийн төсөвт тусгагддаг. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт олгож буй урамшууллын эхлэх, дуусах хугацаа тодорхойгүй байгаа юм. Зарим урамшуулал 10 жил үргэлжилж байх жишээтэй. Тиймээс Сангийн яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд энэхүү урамшууллын зорилтод бүлэг, хэрэгжих хугацаа, аргачлал зэргийг тодорхой болгох саналыг тавьж байгаа” хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар хариултдаа онцолсон.
Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн хэрэгжилтийг хангуулаагүй салбар хариуцсан сайд нарт хариуцлага тооцох, маргаашийн сонсголд биечлэн оролцуулах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Мандхай жалганд хаягдаж буй арьс ширийг “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой байтал, өнөө хүртэл байдал хэвээр байна гэдгийг салбар хариуцсан яамдуудад анхааруулж байлаа.
Дараа нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр “Малчны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, эрүүл мэндийн даатгал”-ын талаар илтгэл танилцуулсан.
Уг илтгэлд малчинд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 онд 36.9 тэрбум, 2025 онд 26.9 тэрбум, 2026 оны 6 дугаар сар хүртлэх байдлаар 5.0 тэрбум төгрөг тус тус олгосныг дурдсан байв.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.
2024-2026 оны байдлаар малчдад нийт 305061 тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 48.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс 2024 онд 165255 тохиолдолд 24.7 тэрбум, 2025 онд 117,994 тохиолдолд 19.7 тэрбум, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 21,812 тохиолдолд 3.6 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
2024-2026 оны байдлаар малчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол болон санхүүжилтийн дүнгээс үзэхэд амбулаторийн үзлэг, амбулаторийн үзлэг-оношилгоо-шинжилгээний багц үйлчилгээ нь хамрагдалтын хувьд хамгийн өндөр байгаа бол мэс засал болон эмийн эмчилгээ нь санхүүжилтийн хэмжээгээр тэргүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга илтгэлдээ онцолсон. Тухайлбал, амбулаторийн үзлэгт нийт 98.7 мянган тохиолдол, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээнд 78.3 мянган тохиолдол бүртгэгдсэн нь малчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны чиглэлд төвлөрч байгааг харуулж байна гэв.
Харин санхүүжилтийн хувьд мэс заслын тусламж, үйлчилгээнд нийт 16.8 тэрбум төгрөг, эмийн эмчилгээнд 11.6 тэрбум төгрөг зарцуулагдсан нь нийт санхүүжилтийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Мөн амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ. Энэ нь малчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээнд нэг талаас урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх тусламж үйлчилгээ өргөн хүрээг хамарч байгаа бол нөгөө талаас мэс засал, эмийн эмчилгээ зэрэг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ нийт зардлын голлох хэсгийг бүрдүүлж байгааг харуулж байна гэсэн байв.
Түүнчлэн цаашид салбарын яамны дүгнэлтэд малчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалт (2024-2025 онуудад) нийт гуравны нэг орчим хувийг хамарч, төлөвлөсөн түвшинд хүрээгүй байна. Хэдийгээр даатгалын шимтгэлээр 18.39 тэрбум төгрөг төвлөрсөн боловч хамрагдалтын түвшин буурсан хэвээр байгаа нь малчдын эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна гэж үзжээ.
Мөн явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 2024 онд 18707 хүн хамрагдсан нь алслагдсан бүс нутагт амьдарч буй малчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байна гэсэн байлаа.
Сонсгол Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайн “Бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулж, хэрэгжүүлэх хүрээний зарим асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.
Малчны тухай, Газрын тухай хуульд бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулах талаар эрх зүйн орчинд хэрхэн тусгасныг илтгэгч танилцуулахын зэрэгцээ Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 111551 байршилд 39313.2 га талбай бүхий газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн байна. Ялангуяа Малчны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 9299 байршилд 3224.35 га талбай бүхий газрыг эзэмшүүлсэн хэмээн танилцуулгад дурдсан байлаа.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мөн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бэлчээрийн асуудлыг цогцоор нь тусган ажиллаж байна. Бэлчээрийн фото мониторингийн үнэлгээний 2020-2026 оны үр дүнд үндэслэсэн “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан”-гийн 2 дахь тайланг боловсруулж байна. Тус ажлын үр дүнг “СОР17” хуралд танилцуулна. Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах журам, гэрээний загварыг боловсруулсан бөгөөд малчдын дунд хэлэлцүүлэг хийх, батлуулах ажлыг зохион байгуулж байна. Бэлчээр ашиглах, хамгаалах жишиг журмын төслийг 2025 онд боловсруулан орон нутагт хүргүүлсэн бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна хэмээн мэдээлэлдээ дурдсан байлаа.
Тайлан илтгэлтэй холбогдуулан гишүүд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал малчдын нуруун дээр явдаг тул хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хэрэгжихгүй байгаа шалтгаан нөхцөлийг засаж сайжруулах нь зүйтэй гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мандхай сонсголд тавьсан салбарын яамны тайлан мэдээлэлд дурдсан холбогдох тоо баримтууд харилцан адилгүй байхад энэ чиглэлийн бодлого, шийдвэр яаж зөв гарах вэ гэдгийг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь салбарын яам, төрийн байгууллагууд хэрэгжилтийн хангах хүрээнд ажлаа тааруу хийснийг харуулж буйг онцлов. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хүнээ хөгжүүлэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй тул мянган мэргэжлийн эзэн болсон малчин иргэдийнхээ хөгжил, боловсрол цаашлаад хуулийн хүрээнд боловсруулах журмыг батлан хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарах цаг болсон гэх саналыг хэлж байлаа.
Улсын Их Хурлын дэд дарга, сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ сонсголыг хааж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ өнөөдрийн сонсголоор нийт 7 илтгэл сонссоныг дурдаад Малчны тухай хуулийн аль зүйл, заалт нь дутуу хэрэгжиж, үүний цаана ямар учир шалтгаан байгаа талаар төрийн байгууллагууд тодорхой хэмжээнд хариулт өгсөн. Эл сонсголын үр дүнгээр шийдвэрийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн Засгийн газарт тодорхой шаардлагыг хүргүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу сонсголд оролцогчдоос бичгээр ирүүлсэн саналуудыг уншиж танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.