М.Дорждэрэм: Дэлхийн мисстэй болох чинь улсаараа хийдэг ажил байхгүй юу
“Мисс Монголиа” холбоо, “Эвэнт мастерс энтертаймэнт” ХХК-иас зохион байгуулсан 22 дахь удаагийн "Мисс Монголиа 2026" үндэсний ялагч, титэм гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Монгол охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, авьяас чадвар, оюун билгийг олон улсын тавцанд таниулсаар ирсэн “Мисс Монголиа-2026” шалгаруулалт, түүнтэй хамтатган зохион байгуулсан “International awards-2026” наадамд дэлхийн 11 орны мисс, модель, уран бүтээлчид хүрэлцэн ирснээрээ онцлог боллоо. Үүгээр олон улсын үнэлэмжээ тэлсэн гэхэд болно. Түүнчлэн “Miss Global 2025” Олон улсын уралдааны ялагч Nguyen Dinh Nhu Van хүндэт зочноор оролцож, “Мисс Монголиа-2026” тэмцээний тэргүүн мисст титэм гардуулсан нь сонирхолтой байлаа.
“Мисс Монголиа” холбоо, “Эвэнт мастерс энтертаймэнт” ХХК-иас зохион байгуулсан 22 дахь удаагийн "Мисс Монголиа 2026" үндэсний ялагч, титэм гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Монгол охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, авьяас чадвар, оюун билгийг олон улсын тавцанд таниулсаар ирсэн “Мисс Монголиа-2026” шалгаруулалт, түүнтэй хамтатган зохион байгуулсан “International awards-2026” наадамд дэлхийн 11 орны мисс, модель, уран бүтээлчид хүрэлцэн ирснээрээ онцлог боллоо. Үүгээр олон улсын үнэлэмжээ тэлсэн гэхэд болно. Түүнчлэн “Miss Global 2025” Олон улсын уралдааны ялагч Nguyen Dinh Nhu Van хүндэт зочноор оролцож, “Мисс Монголиа-2026” тэмцээний тэргүүн мисст титэм гардуулсан нь сонирхолтой байлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүн дүнг зарлахад, энэ жилийн Тэргүүн мисс, “Miss International Mongolia 2026” шалгаруулалтын үндэсний ялагчаар Ширэндэв овогтой Хүслэн тодорч, Монгол Улсаа дэлхийн тайзнаа төлөөлөх эрхийн эзэн болсон юм. "Mrs Mongolia / Миссис Монголиа” буюу нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн Гоо бүсгүйн шалгаруулалтын төрөлд үзэсгэлэнт ээж Т.Уранзүү тодорлоо. “Мисс Монголиа” үндэсний уралдаан зөвхөн гоо үзэсгэлэнгээр өрсөлддөг тайз бус, эмэгтэйчүүдийн боловсрол, төлөвшил, ур чадвар, манлайлал, нийгмийн оролцоог үнэлдгээрээ үнэ цэнтэй. Энэ жилийн оролцогчид үндэсний хувцасны болон чөлөөт үзүүлбэр, авьяас, загварын алхаа, асуулт, хариултын шат зэрэг олон сорилд өрсөлдсөнийг онцлох нь зүйтэй. Энэ тухайд “Эвент мастерс” ХХК-ийн захирал, продюсер М.Дорждэрэмтэй ярилцлаа.
-Он цагаас хуримтлуулсан туршлагаар танай арга хэмжээ улам л сайжрах тал руугаа явж байгаа харагддаг. Энэ жилийн тэмцээн, мөн авардсын дараа та ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-Сэтгэл маш хангалуун байна. “International awards” нэрийн дор зохион байгуулсан тул миссийн тэмцээн, модель авардс, фэйшн шоу, Азийн хэмжээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа гээд цогц арга хэмжээ боллоо. 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Asian tours brand авардс” гээд Азийн томоохон хотууд болох Токио, Сөүл, Шанхай хотуудаар зохион байгуулагддаг Азийн шилдэг компани болон брэндүүдийг тодруулах зорилготой арга хэмжээг зэрэг зохион байгуулсан. Анх удаа энэ нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Азийн шилдэг компаниудыг зах зээлд илүү таниулах, олон улсад гарц нээх, зар сурталчилгаа гээд олон зүйлд бодит нөлөө үзүүлэх зорилготой. Сүүлийн хэдэн жил судалж байж арга хэмжээг нэгтгэсэн. Монгол, Солонгос, Америк, Орос, Вьетнам, Тайланд, Япон улсын мисс, модель, дизайнер, инфлюнсерүүд, тухайн орондоо мисс, моделийн тэмцээн зохион байгуулдаг ерөнхийлөгч, захирал, продюсерууд хүрэлцэн ирлээ. Арын алба, зочидтой нийлээд энэ сарын 15-нд “Хүн” театрт шалгаруулалтаа хийж, “Чингис хааны музей”-д хэвлэлийн хурал боллоо. Соёлын яамны танхимд туузаа гардууллаа. Дэлхийд бид монгол нэрийг дуурсгахын тулд бүх зүйлд ач холбогдол өгч, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Арга хэмжээний нээлт, хаалтаар үндэсний язгуур урлаг, хувцас дизайнаа сурталчлахыг зорьсон.
-Жил жилийн “Miss Mongolia” шалгаруулалтын сурталчилгаанд ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Энэ жил “ТВ 8” телевизийнхэн таниулах ажлыг амжилттай зохион байгуулчихав уу даа?
-“Miss Mongolia”-г сурталчилгаа тал дээр жаахан дутагдалтай гэж ярьдаг. Үндсэн зорилго нь нэг ч гэсэн аймгийг алгасчихгүйхэн шиг төлөөлөл оролцуулж, ялагчийг тодруулах. Ер нь энэ тэмцээн Монголд анх зохион байгуулсан явдал Япончуудтай холбоотой. 22 жилийн өмнө Японы соёлын нийгэмлэгийн оролцоо их байсан. Иймд PR чухал биш, миссийн тэмцээндээ түлхүү анхаарч ирсэн. Сүүлийн жилүүдэд медиа багаа сайжруулаад явж байна. Энэ жил “Эрхэт монгол” групп багаараа ажлуудыг маань чамбайруулаад медиа, контент тал дээр мэдээлэл түгээж сайхан ажиллалаа. Х.Мандахбаяр захирал болон “ТВ8” телевиз, “Channel 11” телевиз, Zindaa.mn сайтын хамт олонд талархсанаа илэрхийлье.

-Нийт хэдэн оролцогч бүртгүүлсэн бэ?
-Анхан шатанд 100-гаад оролцогч бүртгүүлсэн.
-Эцсийн шатанд үлдсэн 15 оролцогчийн туузыг ССАЖЗ-ын яамны байранд гардуулсан нь шүүмжлэл дагуулсан. Таны сошиалаар яамны удирдлагуудад хандсан мэдэгдэл үр дүнд хүрэхээр байна уу?
-Оролцогчид “Яамны байранд туузаа гардуулаад ямар гоё хүндэтгэлтэй юм бэ” гээд их талархсан. “Төрийн яамны байранд нүцгэн зураг хөргөө авахууллаа” гээд хүмүүс чинь сайхан сэвдэг юм байна. Соёлын яаманд монгол хүн битгий хэл гаднын зочин гийчин ч ороод зургаа авахуулах эрх нь байдаг л юм билээ. Хиймэл оюун ухаанаар нүцгэн мэт харагдуулах зэргээр бүгдийг л хийж байна шүү дээ. Бидэнд тийм ёс зүй байхгүй. Тэрнээс болж дэмжсэн, тусалсан хүмүүс маань шүүмжлүүлээд ажлаасаа халагдахад хүрсэн нь харамсалтай байна. Яаманд ажлаа хийдэг, төрийн төлөө нойр хоолгүй явдаг хүмүүс бий. Олон жил хамтарч ажиллахдаа чадвар, сэтгэлгээг нь хүндэлмээр ажилтнуудыг таньдаг болсон.
-Үндэсний ялагч Ш.Хүслэнг өмнөх жилүүдийн титмийн эзэдтэй та харьцуулбал?
-Ер нь мисс болъё гэж орж ирээд болчихдоггүй. Маш их хөдөлмөрлөдөг гэдгийг харуулсан хүүхдүүд сүүлийн хоёр жилд шалгарлаа. Тэмцээнд хоёр, гурав оролцож байж өнөөдрийн энэ амжилтад хүрнэ гэдэг чинь дор хаяж таван жил бэлтгэгдсэн гэсэн үг. Хүслэнгийн хувьд ноднин тавдугаар байрт орж байсан. Зорилгынхоо араас тууштай явж байж амжилтаа ахиулсан. Яаж хөдөлмөрлөж, ямар амжилт гаргасныг тэр бүр сошиалын араас мэдэхгүй. “ТВ8”, “Channel11” телевизээр удахгүй контентууд гарна. Үзэгч, уншигчид эерэг, нэг бодолтой байгаасай. Дэлхийд монгол мисстэй болчихсон гэдэг зорилгыг минь ойлгоод урмын үг хайрлаж байгаарай.
-Япон улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнд та бүхэн хамт явах уу?
-Холбоо эхлээд тэмцээний франчайз гэрээнүүдийг хийдэг юм. Тэмцээн бүр харилцан адилгүй. Зохион байгуулагчийн таксаа тушаана. Тухайн оролцогчийн төлбөр хураамжийг төлнө. Зочид буудал, хоол унд, угтах үдэх үйлчилгээ, үзвэр, мэргэжлийн фото зураг, видео гээд зардал өндөр тусдаг. Энэ бүхний ард гардаг монгол миссүүдийг эсрэгээрээ дэмждэг байгаасай. Энэ хүмүүсээр нүүр царай болгоод маркетинг дээр хамтарч ажилладаг байгаасай. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсад сурталчилдаг болоосой гэж хүсдэг. 70-80 улсын мисс, оролцогчдод бүтээгдэхүүнээ танилцуулах боломж бий. Бид амжилттай оролцсон миссүүддээ төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авч үзээгүй. Энэ жилээс төр бодлогын дэмжлэг үзүүлж байна.

-Бусад орны миссийг улс нь дэмждэг үү?
-Дэлхийн мисстэй болох чинь улсаараа хийдэг ажил байхгүй юу. Нэг холбоо хүчрэхгүй. Бусад орны миссүүд ямар ч стрессгүйгээр өөрийгөө хөгжүүлдэг. Олон улсад миссийн тэмцээнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээл дор, Соёлын яам, Аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр санхүүжилт босгож хийдэг. Манайд бол хувийн байгууллага олохын тулд мань мэтийн продюсер, менежерүүд үхтлээ гүйдэг байхгүй юу.
-Үндэсний брэнд үйлдвэрлэгчдэд уг нь таатай боломж юм даа?
-“Бүүвэй” кашмерын хамт олон Монголын нүүрийг дэлхийд тахлах чанартай бүтээгдэхүүнтэй. Энэ чадварлаг хамт олон “Мисс монголиа” тэмцээнд дэмжигч байгууллагаар хамтран ажилладаг. 40-өөд гаднын зочдод гарын бэлэг өгсөн та бүхэнд баярлаж байгаагаа энэ ташрамд илэрхийлье. Мөн ивээн тэтгэгчээр Soliltsoo.mn гэдэг байгууллага ажилласан. Эд сошиал орчинд дэлхийн бүх улс орноос хүн бүхэнд гарсан хэрэгцээг танилцуулан, зарж борлуулж, бартерын харилцааг зохицуулдаг юм билээ. Ерөнхий спонсороор “Синделла бьюти” оролцсон. Албан ёсны эрхтэйгээр Солонгосын зах зээл дээрх бүх гоо сайхныг монголдоо хамгийн хямдаар шууд нийлүүлдэг байгууллага. Дурдвал олон компани бий.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.