Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөрийн (2026.05.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 13 асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороод 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдлаа.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Түвшин, Ж.Галбадрах нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүй нөхцөлд ямар үр дагавар үүсэхийг тодруулав.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, инфляц өндөрсөж, шатахуун 37 хувийн нэмэгдэлтэй байгааг дурдаад цаашдаа ойрхи дорнодын нөхцөл байдлаас бидний авах арга хэмжээ хамаарна. Хэрэв шатахууны үнэ нэмэгдэж, инфляц өсвөл яаралтай төсвийн тодотгол хийж хариу арга хэмжээ авах шаардлагатай. Ийм тодотгол хийхийг хориглосон гурван сарын хугацааг хүчингүй болгох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Хуулийн төсөл дэмжигдэхгүй нөхцөлд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын орон зай үгүй болж, ямар ч хөрөнгө оруулалт хийгдэхгүй хэмээлээ.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн.
Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авсны дараа “Байнгын хороодоос Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.
Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураав
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав. Тэрбээр Төсвийн байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсныг дурдсан. (дэлгэрэнгүйг эндээс)
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй есөн саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Тогтоолын төслийн 1.4, 1.5 дахь дэд заалтыг нэгтгэн “Улсын Их Хурлаар жилийн төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн бүх шатанд Төсвийн тухай хуулийн 291.4-т заасан цахим систем дэх мэдээллээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, үнэлэх, эрэмбэлэх, төлөвлөх, батлах үйл явцыг Улсын Их Хурлын гишүүд нээлттэй харах боломжийг бүрдүүлэх.” гэж өөрчлөх Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар зарчмын зөрүүтэй дөрвөн саналд гүйцээн боловсруулах чиглэл авлаа.
Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийн санал хураалтыг явууллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. (Дэлгэрэнгүйг эндээс) Иймд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4 жил...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.9 хувь нь дэмжлээ. Санал дэмжигдсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцов.
Үргэлжлүүлэн Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. (дэлгэрэнгүйг эндээс)
“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлахыг нийт гишүүдийн олонх буюу 66.1 хувь нь дэмжив. Ингээд Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлэв
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр нар тус тус танилцуулав.
Хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг хүүхэд бүрд бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах энэхүү анхдагч хуулийн төсөл 5 бүлэг, 20 зүйлтэйг төсөл санаачлагч гишүүн тодотгосон. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. Мөн хүүхдийг өөрийгөө хөгжүүлж бие даасан хувь хүн болж төлөвших, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэхийг зэрэгцээ үүнд зориулах тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, боловсрол сургалтын байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын олонх буюу 65.4 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 80.7 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, А.Ариунзаяа, Ө.Шижир, Х.Баасанжаргал, Т.Мөнхсайхан, Д.Энхтуяа, О.Батнайрамдал, П.Сайнзориг, Б.Жаргалан, О.Саранчулуун, О.Номинчимэг, Н.Наранбаатар, Ш.Бямбасүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн хөгжих, сурах тэгш эрх хангагдаж чадах эсэх, төслийн хамрах хүрээг зөвхөн 6-18 насны хүүхдүүдэд чиглүүлсэн шалтгаан нөхцөл, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хуулийн хэрэгжилтэд судалгаа хийсэн эсэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нарийвчилсан зүйл, заалтыг оруулсан эсэхийг тодруулж байлаа.
Төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан “Айл өрхийн амьжиргааны түвшнээс шалтгаалан хүүхдийн мөнгө харилцан адилгүй зарцуулагдаж байгаа тул төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулж болно. Тухайлбал, хүүхдийн мөнгийг ваучер хэлбэрээр өгч болох юм. Ингэснээр хүүхэд өөрийн карт, ваучераа сонирхсон дугуйландаа зориулбал тэдний 100 мянган төгрөг өрхийн хэрэглээ, бусад зүйлст зарцуулагдахгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнуудын хийсэн судалгаагаар манай улсын 6-18 насны таван хүүхдийн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан” хэмээн хариулав.
Мөн төсөл санаачлагч гишүүн М.Бадамсүрэн хуулийн төсөлд хүүхдэд тэдэн төгрөг зарцуулна гэсэн зохицуулалтыг тодорхой тусгах боломжгүй гэв. Учир нь Хүүхдийн эрхийн тухай хуульд нэг хүүхдэд ногдох хүүхэд хөгжүүлэх үйлчилгээний зардал, нормативын хэмжээг Сангийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Энэ зохицуулалтаар зуны сургалт бусад хөгжлийн үйл ажиллагаанд дунджаар 71-105 орчим мянган төгрөгийг баталсан байгаа юм. Инфляцаас хамааран нэг хүүхдийг сургах зардлыг тооцож гаргадаг тул тодорхой мөнгөн дүнг төсөлд тусгах боломжгүй гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бусад хуультай сайтар уялдуулж ажиллахад анхаарах, төсөл нь тунхгийн шинжтэй байгаа тул процессын хэм хэмжээнүүдийг тусгах талаар санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хөгжсөн хүүхэд хамгаалагддаг, хамгаалагдсан хүүхэд хөгждөг гэх энэ ойлголт хортой, сөрөг үр дагавартай гээд хөгжсөн, авьяастай чадвартай сайн хүүхдүүд ч хүчирхийлэлд өртдөг олон тохиолдол байдгийг онцлов. Иймд хүүхдийн эрхийн үндсэн чухал асуудлаар буруу ойлголт төрүүлэх хандлагыг нийгэмд тарааж болохгүй, үүнд онцгой анхаарах шаардлагатайг сануулж байв.
Ингээд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг маргаашийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болсон.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцлээ. Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулгадаа дурдсан бол (дэлгэрэнгүйг эндээс) https://d.parliament.mn/tusul/1c04b85e-39f9-4354-a4b6-edb86efd0991 бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал (дэлгэрэнгүйг эндээс) https://www.parliament.mn/nn/77382/ танилцуулав.
Илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, Х.Баасанжаргал. Б.Уянга, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан, Д.Ганмаа, Б.Хэрлэн, О.Номинчимэг, Ж.Золжаргал нар нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ тэд энэ удаагийн 25 дугаар илтгэл сайн болсныг онцолж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан илтгэлийн хүрээнд жендерийн асуудалд эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хөндсөнд талархал илэрхийлээд өнөөдөр монголд амиа хорлох үзүүлэлт өндөр байгаа тул тайланд үүнээс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахаар тусгасан ч батлагдаагүй байгаа шалтгааныг тодруулав. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр хариултдаа, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг салбар дундын байдлаар боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас 2018-2024 оны хооронд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан баталдаг Улсын Их Хурлын тогтоол шийдвэрийн хүрээнд хяналт, үнэлгээ хийхэд хэрэгжилт 35.2 хувьтай байна. Иймд хэрэгжилтийг сайжруула, эрчимжүүлэх асуудалд Улсын Их Хурал онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж үүргийг биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцуулах саналыг Улсын Их Хуралд оруулах одоо хүртэл оруулж ирүүлэхгүй байгаад анхаарах нь чухал гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Улаанбаатар хотын удирдлагаас гэр хорооллын 180 мянган иргэнийг нүүрсээ авахын тулд зөвхөн нэг аппликэйшнийг татах асуудлыг тулгасантай холбогдуулан иргэд тус комисст гомдол хүргүүлснийг дурдаад үүнтэй холбогдуулан ХЭҮК-ийн шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлээгүй асуудалд хэнд хэзээ, ямар хариуцлага тооцохоор санал хүргэснийг тодруулав.
Тухайн аппликэйшний татахад иргэдээс гурван төрлийн мэдээлэл шаардсан. Иргэд цахим хаягаараа гар утсаар бүртгэл хийсний дараа ДАН системээр танин баталгаажуулж, улмаар цалин орлого, албан тушаалаа бичиж байж нүүрс авах мэдээллийн сан үүсгэж байсан. Энэ дагуу бид зөрчлийг арилгуулахаар нийслэлд албан шаардлага өгсөн. Хариу авах хугацаа хараахан болоогүй байна хэмээн ажлын хэсгээс хариулав. Мөн хүний хувийн мэдээлэл эмзэг мэдээллийг задалсантай холбоотойгоор зөвлөмж, шаардлагын хүрээнд зарим албан тушаалтнуудад сахилгын болон сануулах арга хэмжээнүүдийг авсан гэж байлаа.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Үргэлжлүүлэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.7 дахь заалтад заасны дагуу "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирүүлснийг хэлэлцэн, Байнгын, дэд хорооноос гаргасан саналыг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгаж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэж байлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар хүүхэд хамгаалал, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрх, мэдээлэл авах эрх, хүний эрх хамгаалагчийн эрхийн баталгаа, жендэрийн эрх тэгш байдал зэрэг асуудлаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, төрийн байгууллагын уялдаа, хариуцлагыг сайжруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн тогтоолын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг хавсралтаар баталснаар хэрэгжилтийн үр дүнг бодитой үнэлэх, хяналт-шинжилгээ хийх, төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзлээ. Мөн өмнөх жилүүдэд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлтэй холбогдуулан баталсан Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тусгасан нь хүний эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, үр нөлөөг бодитой үнэлэх, хэрэгжилтэд тулгарч байгаа хүндрэл, шалтгааныг тодорхойлох, хүний эрхийн асуудлаар гаргасан шийдвэрийн тасралтгүй, үр дүнтэй хэрэгжилтийг хангах ач холбогдолтой гэдгийг танилцуулгадаа онцолсон.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг тодотголоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлсний дараа уг тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-т заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах өргөдлийг 100187 иргэн зургаан хоногийн дотор дэмжсэн гэдгийг тодотгоод дэмжигчдийн 84 мянга нь 18-40 насны залуус, 57 хувь нь эмэгтэйчүүд байсан нь иргэдэд татварын хувь, хэмжээг бууруулах асуудал нь ус, агаар мэт хэрэгтэйг харуулж байна гэлээ.
Татварын бодлогын хувьд Монгол Улс өнөөг хүртэл иргэдийн орлого, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр татвар хуримтлуулах замаар төсвийн зарлагаа санхүүжүүлэх чиглэл нь давамгайлж иржээ. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого 6 их наяд төгрөгөөс 33.5 их наяд төгрөг болж 5.5 дахин өссөн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн голч цалин ердөө 3.2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, өнөөдөр хөдөлмөр эрхэлж шударгаар татвар төлж буй цалинтай иргэд дундаж давхаргын жишгээр хуримтлал үүсгэж хөрөнгөжиж чадахгүй, эсрэгээрээ инфляц, зээлийн дарамт, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалалд хамгийн их өртөж, өрнөөс өрний хооронд амьдарч буйг дурдаад хуулийн төсөл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах агуулгатай гэв. Энэхүү өөрчлөлтөөр иргэдийн гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэн, худалдан авах чадвар сайжирч, хөдөлмөр эрхлэх идэвх нэмэгдэнэ. Мөн цалингаа нуух, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг сүүдрийн эдийн засаг хумигдана. Хувиараа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, дундаж давхаргыг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн татварын таатай орчин нь жижиг, дунд бизнес үйлчилгээний салбарын орлогыг дэмжсэнээр татварын бааз суурь нэмэгдэж эдийн засаг дахь цусны эргэлт сайжрах ач холбогдолтой гэж байлаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэдгийг онцолж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, С.Цэнгүүн, Х.Ганхуяг, М.Мандхай, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн иргэдийн бодит орлого, худалдан авалтыг хэрхэн нэмэгдүүлэх, мөнгөний ханшийн уналтаас яаж хамгаалах вэ гэдэг зорилгод чиглэсэн тул хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан гээд иргэд татвар төлөөд үлдсэн нь ахуй амьдралд нь хүрэлцэхгүй болохоор татвар төлөх сонирхолгүй болж, далд эдийн засгийг бий болгоод байна. Иймд уг б нэг хувь болгосноор тэрхүү далд эдийн засгийг ил гаргахын зэрэгцээ дундаж давхаргыг дэмжинэ гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг олон орны татварын хуулиудыг судлахад энэ татварын тухайд шатлалтай байх нь зөв. Дундаж орлоготой иргэдийг татварыг шатлалаар нь тэглэж, өндөр орлоготой иргэд, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний татвар ногдуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай уялдуулахгүй бол татвараас зайлсхийх асуудал хамгийн түрүүнд хийнэ гэдгийг анхааруулж байлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт бага орлоготой иргэд багыг, их орлоготой нь илүүг төлөх нь зүй ёсны хэрэг бөгөөд татвар нь нийгэмд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг бий болгох зорилгод нийцэхгүй байгааг дурдаад бид бага орлоготой иргэдээ илүүтэй дэмжих хэрэгтэй гэв. Орлого бага байх тусмаа татвар нь бага, орлого нэмэгдэх тусам татвар нь үе шаттайгаар нэмэгддэг ийм уян хатан татварын систем тогтоовол шударга болно гэсэн саналыг хэлж байлаа. Хуулийн төслийг дэмжвэл ийм уян хатан, шаталсан татвартай болохыг төсөл санаачлагчаас тодруулж, хариулт авсан.
Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Энэ талаарх хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцснийг дурдаад, дараах санал, дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнд:
1.Хуулийн төсөл дэх "Цахилгаан скүүтер", "Цахилгаан дугуй", "Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл" гэсэн нэр томьёог хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх хүрээнд "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж өөрчлөх;
2.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохоор;
3.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын дагуу бүртгүүлдэг байхаар;
4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг ердийн мөн хуулийн этгээдийн даатгал болон Автотээврийн тухай журмаар дагаж мөрдөхөөр, хуульд заасан бүртгэлтэй холбоотой журмыг хэрэгжүүлэх зохицуулалтыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр;
5.Хуулийн төслийн 11 дүгээр зүйлийг нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд аймаг, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэхээр өөрчлөн найруулахаар:
6."Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хэмжээни тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулж, тогтоолд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмыг шинэчлэн батлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгах зэрэг асуудлыг тусгасан гэдгийг онцлов.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.25 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэнийг тодотгож байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун скүүтерийн тухайд олон улсад хэрэгжүүлж буй хамгийн үр дүнтэй зохицуулалтыг лавлахын зэрэгцээ энэ талаар төсөлд туссан зохицуулалтыг хэрэгжүүлэх дэд бүтцийг шийдвэрлэсэн эсэх, мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, санал авсныг тодруулж, хариулт авсан.
Хуулийн төслийн талаарх 17 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг Улсын Их Хурлын маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн танилцуулсан.
Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлэв
Хуралдаан Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн тогтолцоо, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн. (дэлгэрэнгүйг эндээс)
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Булган аймгийн төвд булшилсан аюултай хог хаягдлын цэгийг хэзээ, хэрхэн цэвэрлэж, төвөөс холдуулах талаар тодруулахад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тус аймгийн төвд буй аюултай хог хаягдлын цэгийг саармагжуулах ажлыг Олон улсын байгууллагын төслийн хүрээнд нэг удаа хийсэн гэв. Мөн одоогоор аймгуудын төвүүдэд байгаа аюултай хог хаягдлыг төвлөрүүлэх цэгүүдийн төслийн ажил хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү цэг баригдсаны дараа тухайн аюултай хог хаягдлын дарж булшилсныг нүүлгэх ажлуудыг эхлүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. (дэлгэрэнгүйг эндээс) Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, холбогдох хуулиар 2022 оноос 6-12 дугаар ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамруулах зохицуулалтай ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг дурдаад хуулийг хэрэгжүүлэхийн тулд төсөв санхүүгээс гадна чөдөр тушаа болж буй зарим зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрдлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай энэхүү тогтоолын төсөлд төсөв нэмэх тухай бус хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг бий болгох шаардлагатай байгааг хөндөж байв.
Ингээд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо. Үүгээр хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.