Нисгэгчдийн сүлд дууны “автор”
Монголын Залуучуудын эвлэлийн Алтан медалиар энгэрээ чимсэн ИЛ-14 онгоцны залуухан дарга, дэслэгч Зулын Юра 1966 оны зун Завхан аймгийн төв рүү хуваарьт нислэгээ хийжээ. Зорчигчдоо буулгаж, Завханаас буцаад Улаанбаатар нисэхээр бэлтгэж байтал саяхан шинээр мэндэлж, залуусын сэтгэл зүрхийг гижигдсэн “Орь залуу нас” дууны аяыг бичсэн залуухан хөгжмийн зохиолч хүмүүс дагуулсаар онгоцонд орж ирж буйг харлаа. Юра экипажийн гишүүн Магванжавтаа авьяаслаг залуу хөгжмийн зохиолч агаарын хөлөгт орж ирснийг дуулгаад “Энэ залуугаас л Нисгэгчдийн сүлд дуу төрнө. Ярилцаад үзье” хэмээн тохирчээ.
Монголын Залуучуудын эвлэлийн Алтан медалиар энгэрээ чимсэн ИЛ-14 онгоцны залуухан дарга, дэслэгч Зулын Юра 1966 оны зун Завхан аймгийн төв рүү хуваарьт нислэгээ хийжээ. Зорчигчдоо буулгаж, Завханаас буцаад Улаанбаатар нисэхээр бэлтгэж байтал саяхан шинээр мэндэлж, залуусын сэтгэл зүрхийг гижигдсэн “Орь залуу нас” дууны аяыг бичсэн залуухан хөгжмийн зохиолч хүмүүс дагуулсаар онгоцонд орж ирж буйг харлаа. Юра экипажийн гишүүн Магванжавтаа авьяаслаг залуу хөгжмийн зохиолч агаарын хөлөгт орж ирснийг дуулгаад “Энэ залуугаас л Нисгэгчдийн сүлд дуу төрнө. Ярилцаад үзье” хэмээн тохирчээ.
Хэдэн хормын дараа Т.Насанбуян дээр онгоцны үйлчлэгч хүрч ирж “Таныг манай нисгэгч уулзъя гэж байна. Урлагийн хүмүүс, хөгжмийн зохиолч явж байгааг мэдээд манайхан баяртай байна” гэж хэлэв. Т.Насанбуян тэгэхэд гайхан алмайрсан гэдэг. “Намайг таниад хөгжмийн зохиолч гэж өргөмжилж байдаг, сонин юм аа” гэж бодсоор очлоо. Экипажийн дарга З.Юра, хоёрдугаар нисгэгч Магванжав нар Т.Насанбуянг тосон танилцаад “Хөгжмийн зохиолч хүн байна, нисгэгч бидний тухай нэг сайхан дуу хийж өгөөч. Бид түүнийг чинь дуулаад нисэж явъя” гэжээ.
Хэдхэн хоногийн өмнө. Улсын дуурь бүжгийн ансамблийн дэргэдэх Дуулаачийн сургуулийн авьяаслаг оюутан Т.Насанбуянг Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд, Уран сайхны зөвлөлийн дарга Ч.Лодойдамба өрөөндөө дуудаж, гадаадад хөгжмийн сургуульд сурдаг, сургуулиа төгссөн хэдэн залуутай Завханд очиж тоглолт зохион байгуулах үүрэг өгчээ. Тэд тоглолтоо хийж дуусаад хот руу буцах гэж байхдаа Юрагийн ИЛ-14 онгоцонд орж ирсэн нь энэ аж. Ийнхүү хөгжмийн зохиолч, нисгэгчдийн нөхөрлөлийн түүх эхэлж, цаг хугацаа өнгөрч байв. Нисгэгчийн дууны маш гоё ая олох, нисэхийг судлахын тулд Насанбуян заримдаа нисгэгчидтэй хамт нисэж, онгоцны жолоо ч сонирхоод үзжээ. Заримдаа Юра чөлөө авч Насанбуянгаа дагаад явна, Насанбуян ч Юрагаа дагуулаад явна. Гэвч тохирох сайхан аялгуу мэндэлдэггүй...
Нэг ая бичигдсэн боловч Юрагийн сэтгэлд нийцсэнгүй. “Цэрэг, армийн айзам, хэмнэлтэй болж. Вальс маягийн өнгөнд оруулбал зүгээр юм уу” гэсэн санал хэлэв. Нэг жил өнгөрч, хоёр дахь жил рүүгээ ороход нисгэгч найзууд нь дурамжхан “Чи энэ дууг бичиж чадахгүй юм байна” гэдэг болов. Т.Насанбуян өөрөө ч шантарчээ. Нэг удаа нисэх орчихоод, хот руу буцах гээд автобус хүлээгээд зогсож байтал цагаан онгоц зурвасаас тасран тэнгэрт гялсхийн хөөрчээ. Жаргаж байгаа нарны алтан шар хөшгийг яран хөөрч буй мөнгөн цагаан хөлөг... Яг энэ агшинд хөгжмийн зохиолчийн зүрхэнд нэгэн тод аялгуу зурсхийн орж ирсэн гэдэг... Тэр дор нь нотлоод авчээ. Хөгжмөө биччихлээ... Одоо хэнээр шүлэг бичүүлэх вэ? Ингээд Т.Насанбуян тухайн үеийн хит дууны шүлгүүдийг тэрлэж байсан “хар” Дагвадорж дээрээ яваад очжээ. Найз нь:
“Жигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө нисээд ирэхээр
Мөнгөн цагаан хөлөг минь
Дүүлж явна аа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би...” гэсэн хүн төрөлхтний нисэх хүсэл, цаг хугацаа, орон зайг богино хугацаанд туулж буй нисгэгчийн амьдрал, хөх тэнгэрийг эзэгнэсэн тэдний бахархлыг өгүүлсэн шүлэг бичиж өгчээ. Нисгэгчдийн, нисэхийн салбарынхны сүлд дуу ийнхүү Зулын Юрагийн санаачилга, захиалгаар мэндэлсэн бөгөөд 1968 онд төрж, 1973 оны тавдугаар сард Радиогийн алтан фондод бичүүлсэн “Нисгэгчийн дуу” 57 дахь жилдээ эгшиглэж байна.
Юраг нисэхийн нэрээр нь дууддаггүй. Ижил нэртэй хүн байхгүй ч том жижиггүй Зулын Юра хэмээн аавынх нь нэртэй хамт дуудаж хэвшсэн байдаг. Тэрбээр 1960 онд дотоодод Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн харьяа Нисэхийн курс, Дадлага сургалтын эскадрильд суралцаж, нисгэгч болсон бөгөөд Нисэхийн сүлд дууг захиалах үедээ 26-хан настай, ИЛ-14 онгоцны капитан байв. 1962 онд Юра ИЛ-14 онгоцны хоёрдугаар нисгэгчийн курст орсон бол 1964 он гэхэд 24 настайдаа залуу нисгэгчдийн дундаас анхны ИЛ-14 онгоцны дарга болсон аж. Тээврийн эскадрилийн ахлах дэслэгч З.Юра, ахлах дэслэгч С.Цэрэндорж нар МХЗЭ-ийн Төв хорооны Тэргүүний ажилтан залуу Алтан медалиар шагнуулж, залуу нисгэгчдийн бахархал, үлгэр дуурайл болж, салбартаа од болон гялалзаж эхэлсэн байжээ.
Сургууль төгсөөд дөрөвхөн жилийн дотор онгоцны капитан болсон З.Юра, С.Цэрэндорж нар анхны бие даасан нислэгээ 1964 оны арваннэгдүгээр сарын 5-нд Хөвсгөлийн чиглэлд хийж байсан гэдэг. Тэднийг анхны бие даан нисэж байхад онгоцны радио холбоо тасралтгүй ажиллаж, аймгуудын Нисэх буудлаас, агаарт нисэх яваа агаарын хөлгүүдээс “Хамгийн залуу экипажид нислэгийн амжилт хүсэж” байв. Хүүхдээрээ шахуу хоёр залуухан нөхөд буцахдаа “Хөвсгөлөөс самар, жимс авна” хэмээн ярилцсаар онгоцноосоо буухад аймгийн Нисэх буудлын дарга Нацагдорж болон зорчигч иргэд угтаж, онгоцны даргын анхны бие даасан нислэгт баяр хүргэж, цэцгийн баглаатай угтжээ. Тэр агшныг гэрчлэх залуу нисгэгчдийн зураг өвгөн нисгэгчийн альбомд хадгалаастай байх агаад тэрхүү зураг Иргэний агаарын тээврийн ном, товхимлуудад ч үйл явдлын гэрч болон үлджээ.
* * *
Нисгэгчийн дуу захиалагдаж байсан 1966 оны зун, Улсын баяр наадам хаяанд ирсэн байв. Хөвсгөлийн Нисэх буудалд хэд хэдэн ИЛ-14 онгоц ар араасаа газардсан боловч Улаанбаатарын Нисэх буудал онгоц хүлээж авахгүй гэжээ. Улаанбаатарын цаг агаар тогтуун, салхины чиглэл хэвийн байсан ч онгоц авахгүй гэсэн хэвээр... Удалгүй нислэгийн чиглүүлэх станцын ажиллагаа саатсан тул нисэх шийдвэр өгтөл хүлээх ёстойг мэдээлжээ. Орой болж экипажууд Мөрөнд хоноглох ёстой болов. Тэдэнд аймгийн төвд хонох газар байсангүй. Настай хүмүүсээ онгоцонд үлдээн, “тамхи татах, бие засахдаа гарч болох” зөвшөөрөл өгч, бусад зорчигчдоо онгоцноос буухыг хүсэхэд хүмүүс “Онгоцонд ороод яах вэ, дулаахан байна, гадаа хоноцгооно” хэмээгээд гээд айраг махаа дэлгээд хоносон аж.
Мөрөнд өнжсөн экипажуудыг маргааш өдөр дунд Улаанбаатар хүлээн авахаа мэдэгдэхэд тэд ээлж дараалан хөөрчээ. Хотод дөхөөд ирэхэд цаг агаар сайхан хэдий ч Улаанбаатар нилдээ усанд автжээ. Экипажууд Улаанбаатарт тав таван минутын зайтай газардсан ч долоо хоногийн турш тасралтгүй үргэлжилсэн байна. Үерийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхний хүсэлтээр орон нутгаас ирсэн захиалгын дагуу яаралтай нислэг тасралтгүй үргэлжилж байжээ. Аль ч аймгийн Нисэх буудалд хямарсан хүмүүс олноороо угтаж, зорчих тийз ч амархан дуусаж байлаа. Энэ бол 1966 оны зун Улаанбаатарт буусан үерийн дараах дүр төрх...
* * *
Зулынх гэдэг айлынхан Говь-Алтайн уугуул хүмүүс. Зул Алтайгаас цэрэгт татагдаж, Баруун хязгаарын тулгаралтад оролцож, Байтаг богдод Гоминдан, Оспаны үймээнийг даралцаж явсан цэрэг эр. Халагдахдаа Алтангадас одонгоор шагнуулсан Зул нутагтаа ирээд Холбооны байгууллагад ажиллах болжээ. Гэргий нь хүндээр өвдсөн тул тэднийх Алтайгаас Улаанбаатарыг зорин нүүдэл хийв. 1952 онд зун Налайхын уурхайд ажиллах залуусыг авч явах машин Говь-Алтайгаас хот руу хөдөлсөн бөгөөд энэ машинаар тэднийх нүүж иржээ. Арваад хоног аян замд явсан хүмүүс Улсын баярын өмнөх өдөр хотын бараа харав. “Улаанбаатарт ойрхон ирлээ, буугаад түр амсхийж, биеэ хөнгөлж авцгаа. Хотын бараа тэнд харагдаж байна” гэх дуунаар жаалхүү Юра машинаас буусан ч жолоочийн заасан хотын барааг олж харсангүй. Харанхуйн дунд үзэгдэх үй олон гэрлийг харж зогссон холын аянчдын дэргэдүүр нэг урт хар юм “гүүүүг... гүүүүг...” хэмээн орилоод өнгөрчээ. Мэддэг нэг нь үүнийг төмөр замаар явдаг вагон гэж хэлэв. Юрагийнхан одоогийн нэгдүгээр сургууль, Төв шуудангийн урдхан байх авга ахындаа буужээ.
Өглөө сэрэхэд баярын парад... Нийслэл хотын төв талбай ахынх нь гэрийн дэргэд аж. К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин, И.В.Сталин, Х.Чойбалсангийн зурагтай самбар барьж, туг барьсан хүмүүсийн урт цуваа, циркийн тоглолт сэлтийг хашааны булангаас, дэргэдээс нь шахуу харж зогстол хүмүүсийн хойноос монгол гэж хэлэх аргагүй хэдэн сонин хүмүүсийн жагсаал орж иржээ. “Энэ юун хүмүүс вэ” гэж асуухад аавынх нь ах “Парадад оролцогч хятад ажилчид” гэв. Дөнгөж хоттой танилцаж буй хүүхдийн сэтгэлд энэ зураг тод үлээж, өвгөн нисгэгчийн амьдралын Улаанбаатар дахь түүх, дурсамжийн эхлэл болж үлджээ.
Юра Нийслэлийн гуравдугаар сургуульд элсэн орж, 1958 онд аравдугаар анги төгсөв. Багшийн дээд сургуулийн тоо физикийн багшийн ангийн хуваарь авчихаад “Улаанбаатар” рестораны дэргэдүүр өнгөрч явтал хотын Намын хорооны байр хэмээх хоёр давхар жижиг байшингийн үүдэнд зар наачихсан, хүмүүс үзэж байв. Очоод уншвал “Аравдугаар ангиа сайн төгссөн, эрүүл мэнд сайтай хүүхдүүдийг дотоодын Нисэхийн сургуульд авна” гэсэн зар, зарын доод буланд АЦХЭЯ гэсэн таван үсэг бичээтэй байх аж. Алтайд бага сургуульд байхад аймгийн төвд буусан хоёр далавчтай жижиг ногоон онгоцыг найзуудтайгаа очиж үзсэнээ саналаа. Гоё хувцастай нисгэгч ах нарын өгсөн чихрийг идэнгээ “Нисгэгч болж, та нарыг суулгаад аймаг, хот хооронд ниснэ” гэж найзууддаа хөөрөн ярьж, “Хоёрхон суудалтай онгоц яаж бид нарыг багтаах юм” хэмээн тэдэндээ шоолуулж байснаа ч саналаа.
Зөрж өнгөрсөн хүнээс “АЦХЭГ” гэж юу гэсэн үг болохыг асуутал “Ардын цэргийн хэргийг эрхлэх яам” гэж байгаа юм. Тэнд харагдаж буй Засгийн газрын ойролцоох газрыг хэлдэг хэмээн зааж өглөө. Ингээд тус газрыг зорин очив. Үүдэнд нь буу үүрэн зогссон харуулын цэрэг тоож ч харсангүй. Мэндлээд хэрэг зорилгоо хэлсэн боловч огт дуугарсангүй. Айх, гайхах хослон зогсож байтал харуулын хаалганаас өндөр офицер гарч ирээд “Ямар хэргээр явж байгаа нөхөр вэ” гэж асуужээ. Юра “Нисэхийн сургуулийн зарлалын дагуу явж байна” гэдгээ хэлэв. Харуулын цэрэг дотогшоо мэдэгддэг тусгай хонхоо дарж, офицер гарч ирсэн нь тэр аж. “Энэ нөхрийг оруул” гэх офицерын тушаалаар нэвтрэх үнэмлэх бичигдэж, Боловсон хүчинтэй уулзаж, эрүүл мэндийн комиссоор орохоор болжээ. Ийнхүү балчир насны мөрөөдөл биелэхэд нэг алхам ахив. Тоо, физикийн хичээлд толгой өвддөггүй Юраг Нисэхийн сургууль хурдан авав. Гэвч Багшийн сургууль араас нь чаргууцалдлаа. “Сургууль орхисон дураараа нөхөр. Эцэг эхээ дагуулж ир” гэж үүрэгдсэн ч АЦХЭГ-ын тушаалыг өөрчлүүлж чадалгүй Юраг алджээ. Аав нь хүүгийнхээ нисгэгч болох хүслийг дэмжсэн ч ээж нь харин жаахан дургүй. “Онгоц гэдэг юм дандаа дайн байлдаанд ордог. Дэмий биш үү” хэмээжээ.

Анхны жил нисэхийн онол, жагсаал, буудлагын бэлтгэл, ерөнхий цэргийн мэдлэг дээшлүүлэх хичээл үзлээ. Хоёр жил сурахын хажуугаар ээлжээр цэргийн байрны галаа түлж, нүүрсээ шигшиж, түлээгээ хөрөөдөж, шөнөөр онгоцоо манаж бүх л аж ахуйн ажлыг хийж байв. Хичээлүүд тусгай бэлтгэсэн үзүүлэн, онгоцны хөдөлгүүр макет эд анги дээр явагдаж, Эскадрилийн дарга Х.Сэнгээ, Улстөрийн орлогч Дэмбэрэлдорж, Л.Лхамсүрэн, Ж.Магсаржав нарын туршлагатай мэргэжлийн офицерууд хичээл зааж байлаа. Ийнхүү Г.Намхайдорж, Л.Лувсанням, Д.Дамдиндорж, Ч.Нэргүй, С.Жанар, Д.Чодин, Ц.Гомбосүрэн болон Ц.Гуахүү, Ч.Дашдорж гэх хоёр бүсгүйгээс бүрдсэн нэг ангийнхан нисгэгчдийн эгнээнд орж иржээ. Зулын Юра дэслэгч цолтой, сургуулиа онц төгсөж, Жанжин тугийнхаа дэргэд татуулсан зургаа гэрэл зургийн альбомдоо нандигнан хадгалсан байсан юм.
Анх хүүхэд байхдаа Алтайд харсан онгоцоороо Хоролын Дорж багштайгаа нисэж, дараа нь ПО-2, ЯК-12, АН-2, ИЛ-14, АН-24 онгоцоор эх орныхоо цэлмэг хөх тэнгэрт хэдэн мянган цаг ниссэн Юра гуай нисгэгч хэмээх эрхэм хүндтэй хариуцлагатай, хүнээс зориг авхаалж самбаа, бие бялдрын агуу хөгжил шаардсан мэргэжлийг эзэмшихэд тусалж, асар их туршлага, уйгагүй хөдөлмөрөө зориулсан багш нисгэгчдээ дурсав. Х.Сэнгээ, Х.Дорж, Д.Мөнхөө, С.Ишдорж, Д.Жамбалдорж, Д.Цэрэндорж, Г.Раднаа, Р.Жамъян, Т.Бадарч, Ж.Ёндон зэрэг миний багш нисгэгчид, цэлмэг хөх тэнгэрийн зоригт бүргэдүүд, нислэгийн баялаг туршлагатай монголын жинхэнэ “АС” нисгэгчид хэмээн тодорхойлсон юм.
1969 оны зуны нэг өдөр. Нисгэгчид нэлээн олуулаа Тэрэлжид амарч байтал амралтын газрын талбайд вертолёт ирж буужээ. Нисдэг тэрэгний нисгэгч эндээс нисгэгч Зулын Юраг авч явах үүрэгтэй ирсэн байв. Тэгээд “Б.Цог генерал таныг олж ирэх үүрэг өгсөн. ЗХУ-ын Москвагийн Агаарын цэргийн академид явуулахаар шийдэж байгаа юм шиг байна” гэсэн хэл дуулгажээ. Юра Иргэний нисэхийн онгоцоор нисэх хүсэлтэй, Агаарын харилцааны газарт үлдмээр байв ч генералын үгийг эсэргүүцэж болохгүйг ойлгож байв. Ийнхүү тэрбээр Агаарын цэргийн нисэх хүчний академид сурахаар Москваг зорьж, 1973 онд төгсөж ирээд Зэвсэгт хүчний жанжин штабын Оперативын газарт Нисэхийн төлөөлөгч, албаны дарга, Батлан хамгаалах яамны 27 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.
Академид очиход Сансрын нисгэгч Ю.А.Гагарин ослоор өөд болж, Москвагийн Нисэхийн академийг түүний нэрэмжит болгосон байв. Энэ академийг 1940 онд С.Лхагважав, Г.Раднаа, Д.Цэрэндорж нар төгссөнөөс хойш монголчууд очоогүй, олон жилийн завсарласны дараа Зулын Юра, Я.Рэнцэн хоёр очжээ. Академид сурч байхад нь оросууд Юрагаас “чи яагаад Юра” нэртэй болсон юм гэж их асуудаг байж. Багш нар нь 1940-өөд онд сурч байсан С.Лхагважав, Г.Раднаа, Д.Цэрэндорж нарыгаа бас сураглана. Оюутны амралтаараа Монголд ирэхэд С.Лхагважав дарга нь З.Юратай академийнхаа тухай ярилцаж, Юра багшийгаа Ленинградаас тосож, Москва дахь академидаа аваачиж байсан гэдэг.
Юра найз нөхөд олонтой. Чой Нэргүй, С.Тамир нартай найзалдаг байв. Чой Нэргүйтэй бол Нисэхийн сургуулийн нэг ангийн хоёр. Тэр хоёр 1960 оны тавдугаар сард Нисэхийн баярын өмнө сургуулиа төгсөхөд Сасовоос С.Тамирын ангийнхан төгсөөд ирж байжээ. Агаарын харилцааны газрын дарга генерал Б.Цог “Сасовоос ирсэн нөхөд цэрэг болоогүй байна. Ёсолж байгаа нь хүн зодох гэж байгаа юм шиг. Орос, монголоор хольж ярьсан нөхдийг зарчимд сурга”, ерөнхийдөө бол “дэглэ” хэмээгээд нэг сар карантинд оруулчихсан” хэмээн өвгөн нисгэгч Юра залуу насаа дурсан инээж байлаа.
Мөн АН-24 онгоцны хоёрдугаар нисгэгчээр нь нисэж байсан Магванжавынхаа тухай дурслаа. Тэд одоо ч найзууд. Магванжавын гэргий Цэргийн хувцасны үйлдвэрт ажилладаг, Төв хорооныхон, сайд дарга нарын хувцсыг оёдог уран бүсгүй байжээ. Нисгэгч Дамдиндорж Хилийн цэргийн Нисэх анги руу даргаар очсоны дараа Юра хэдэн нөхдийнхөө хамт Цэргийн хувцасны үйлдвэрээр оржээ. Магванжавын гэргий “За нисэхийнхнээр сонин юу байна. Дарга нар юу захиалах вэ. Наадуулынхаа хэмжээг авчих” хэмээн оёдолчиндоо хэлснээ “Танайхан формоо өөрчилж, ногоон формтой болоо юу” хэмээн асуужээ. Нисгэгчид “Манайхны зарим нь Хилийн цэргийн нисэх ангид очсон” л гэжээ. Тэгтэл өнөө бүсгүй “Өө бурхан минь дээгүүрээ Дэжид, доогуураа Дорж явж байгаа юм байна” гэж хэлээд бөөн инээдэм болгоод тавьчихжээ. Магванжавын гэргий үнэхээр хошин, хөгжилтэй хүн байсан хэмээн өвгөн нисгэгч инээж байв.
Юра нисэх дуртай ч Москвагийн академийг төгсөж ирээд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ирсэн тул бараг ниссэнгүй. Гэхдээ Б.Дорж генералын тушаалаар жил гаруй нисээд нислэгээ бүр мөсөн зогсоожээ. ЗХЖШ-ын Нисэхийн авиаци, Батлан хамгаалах яамны Нисэхийн хэлтэст алба хааж байсан өвгөн нисгэгч Зулын Юра нисгэгч ИЛ-14 онгоцондоо хамгийн хайртай. Бөөрөнхий, гөлгөр бие нь агаарт зүсэн орохдоо жигүүрээ хөндлөн дэлгэсэн дэглий шиг харагддаг тул учраас нисэхийнхэн ИЛ-14-төө “Дэглий цагаан” гэж нэр оноосон аж. “Дэглий цагаан”-аар нисгэгчид олон жил орон нутгийн болон олон улсын нислэг хийсэн. ИЛ-14 онгоц цаг хугацааны уртад халагдав.
Түүний оронд АН-24 хэмээх шинэ онгоц “тэнгэрийн ээлж”-ийг авч баяр гуниг, бахархал, залгамж халаа зэрэгцэн агаарын хөлгийн түүх солигдож, “Дэглий цагаан” нь нутаг буцжээ. Энэ үед нисгэгчид сүүнийхээ дээжийг өргөн, оросуудад сэтгэлийн үгээ хэлж үлдсэн гэдэг. Энэ агшинд Юра даргын бортмеханик нь “Хэдэн хүүхдээ “Дэглий цагаан”-аараа тэжээж явлаа” хэмээн нулимс дуслуулж байсан гэдэг. Энэ уяхан хүний үр Доржийн Эрдэнэбилэг хожим нисгэгч болсон бөгөөд илүү том агаарын хөлгийн даргаар ниссэн аж. Харин хурандаа Р.Жамьян санаачилга гаргаж 104 дугаартай ИЛ-14 агаарыг хөлгийг авч үлдэн хөшөө босгосон байна. Тэрхүү онгоц одоо ч хэзээ мөдгүй нисэх гэж буй мэт даль жигүүрээ дэлгэн Буянт-Ухаа дахь мөнхийн зогсоолдоо ихэмсэг оршиж буй.
Юра дарга тэтгэвэрт гарсныхаа дараа Г.В.Пелхановын нэрэмжит сургуульд нэлээн хэдэн жил жижүүр хийжээ. Түүнийг энэ сургуульд ажиллаж байхад сансрын анхны нисгэгч Юрий Гагарины охин Улаанбаатарт ирж, Г.В.Пелхановын нэрэмжит сургуулиар ороод гарчээ. Сургуулийн захирал нэг өдөр Зулын Юра гуайд “Маргааш цэргийн формоо өмсөөд, бүх медаль тэмдгээ зүүгээд ирээрэй” хэмээн аминчлан захисан гэнэ. Захирлын хэлснээр цэрэг формоороо гоёод очтол одоо Москвагийн Кремлийн музейн Ерөнхий захирлаар ажиллаж буй Елена Юрьевна Гагарина тус сургуулиар зочлон иржээ. Захирал нь Юра гуайг сансрын нисгэгчийн охинтой уулзуулж, Юрий Гагарины нэрэмжит Москвагийн Агаарын цэргийн академийг төгссөн монгол хурандаатай Елена Юрьевна Гагарина төгссөн сургууль, амьдрал, ахуйн талаар ярилцаад амжсан байна.
Нисгэгч Зулын Юра хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүдийнх нь ээж Хоролгарав 1969 оноос Агаарын харилцааны газрын олон улсын нислэгт үйлчлэгчээр нисэж байсан. Нисэхийн үйлчлэгчдийн анхны дүрэмт хувцасны загварыг гаргаж урласан уран бүсгүй байв. Юра гуай Нисэх хүчний 100 жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор шагнуулсан бөгөөд түүний энгэрт Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон болон бусад ойн медалиуд гялалзаж байдаг. Өдгөө 87 насыг зооглож буй өвгөн нисгэгч Улаанхуаранд хүүхдүүдтэйгээ энх тунх амьдарч байна.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.