МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Залуу лидер: НЭМЭХЖАРГАЛЫН ЛХАГВАБАЯР

Залуу лидер: НЭМЭХЖАРГАЛЫН ЛХАГВАБАЯР

Н.Лхагвабаяр:  Нийгмийн өөрчлөлт бидний оролцооноос эхэлж, олон хүний итгэл, хамтын шийдлээр урагшилдаг

Үнэн
Админ

“Монголын үнэн” сонин энэ дугаарынхаа “Залуу лидер”-ээр Социал демократ Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны хэлтсийн дарга Н.Лхагвабаярыг шинэ үеийн залуу манлайлагчдын нэгээр онцоллоо. Оюутны байгууллагын эгэл жирийн гишүүнээс эхлэн найман жилийн хугацаанд шатлан дэвшиж байгаа тэрбээр өнөөдөр СДМОХ-ны ес дэх Ерөнхийлөгчөөр 25 насандаа сонгогдон ажиллаж байна. МАН-ын Бага хурлын гишүүн түүнийг уншигчид 2024 оны “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлгийн үндэсний ялагч,  “Монгол HD”  телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгч, дижитал технологийн эриний залуу төлөөлөл гэдгээр нь андахгүй. Н.Лхагвабаяр МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, нийтийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө улсынхаа ууган сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр докторантаар суралцаж байгаа юм. Сэтгүүл зүй, нийтийн удирдлага, оюутны байгууллага, төрийн ажил, телевизийн хэлэлцүүлгийн туршлага нь түүнд нийгмийн асуудлыг олон өнцгөөс харах, судалгаа, оролцоо, шийдлийг холбох арга барил өгчээ. Нэмэхжаргалын ЛХАГВАБАЯРТАЙ ярилцсанаа хүргэж байна.

ЗАЛУУ ҮЕИЙН ОРОЛЦОО БА ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ЗАМ

-Дэлхийн улс төрд дижитал технологийн эриний төлөөлөл байр сууриа тогтоож байна. Монголд ч энэ шилжилт үргэлжилж буйн нэг илэрхийлэл нь таны үеийн залуус гэж харж болох байх. Анх намын дэргэдэх оюутны байгууллагад элсэхдээ зорилгоо хэрхэн тодорхойлж байв?

-Намын дэргэдэх оюутны байгууллага миний хувьд хүрээллээ тэлэх, хөгжих, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, оролцоогоо бодит ажил болгох талбар байсан. Залуус бид шүүмжлэхээс гадна санал гаргадаг, оролцдог, хариуцлага үүрдэг байх ёстой. Энэ үзэл бодлоороо  эхэндээ дотуур байранд тулгарч байсан асуудлаа хэлж, шийдэлд хүргэх хүсэлтэйгээр оюутны байгууллагын гишүүнээр элссэн бол цаашлаад үе тэнгийнхнийхээ дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх, үеийн залуусаа нийгмийн өөрчлөлтийн идэвхтэй оролцогч болгохыг зорьсон.

Дижитал үеийн залуус мэдээллийг хурдан авдаг, харьцуулж хардаг, шууд оролцохыг хүсдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын байгууллагууд судалгаанд суурилж, бодлогын санал боловсруулан,  нэгнээ шийдэлд татан оролцуулдаг хэлбэр рүү хөгжиж байна. Залуус бидний оролцоо асуудлыг судалж, шийдэл санал болгож, хэрэгжилтэд нь оролцох үед үнэ цэнтэй болдог. Миний хувьд оролцоо гэдэг бол үзэл бодлоо хэлэхээс эхлээд түүнийхээ төлөө ажиллах, үр дүн гаргах хүртэл үргэлжилдэг хариуцлага юм.

-Жендэрийн мэдрэмжтэй, бусдын сайн сайхны төлөө үйлдэл хийдэг залуучуудын нэгэн адил багаасаа үзэл бодлоо илэрхийлдэг байж. Энэ нь магадгүй таны гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх?

-Манай аав, ээж хоёр багш мэргэжилтэй. Ээж маань цэцэрлэгийн багш, аав волейболын спортын мастер, багш хүн л дээ. Төрж, өссөн гэр бүлийн орчин намайг багаас минь хөдөлмөрч, идэвхтэй, өөрийгөө аливаад сорьж үзэх тэмүүлэлтэй байхад сургасан. Би багадаа нийгмийн идэвх оролцооноос гадна урлаг, спортоор хичээллэдэг байлаа. Аавтайгаа хамт волейбол тоглож, улсын аварга болж, Монгол Улсын бадминтоны өсвөрийн шигшээд тоглож байсан. Спортоос тэсвэр хатуужил, багаар ажиллах, ялагдлаа хүлээж сурах, дахин босох сэтгэлийн хаттай байхад суралцсан. Урлагийн хувьд морин хуур тоглож, оюутан болоод сонирхлоороо хип хоп дуу хийснээ дүрсжүүлсэн нь МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн сүлд дуу байсан юм. Ер нь нэг үе “Урлагийн хүн болно” гэж мөрөөддөг байсан шүү (инээв).

2018 онд оюутан болсон үе маань өөрийгөө олон талаар сорьсон, хамгийн идэвхтэй цаг хугацаа байсан. Хичээлийнхээ хажуугаар МУИС-ийн оюутны байгууллагууд, сайн дурын ажил, урлаг, спорт, нийгмийн оролцоонд аль болох идэвхтэй байхыг хичээдэг. Тэр идэвх, хичээл зүтгэлийнхээ үр дүнд 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэгт оюутан, “Мицубиши” корпорацын олон улсын тэтгэлэгт оюутан болж, 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт оюутнаар шалгарсан. Эдгээр тэтгэлэг надад санхүүгийн дэмжлэг төдийгүй өөртөө итгэх итгэл, илүү их хичээх урам зоригийг өгсөн юм. Би СДМОХ-д найман жил ажиллаж байна. Оюутны дотуур байр, сургалтын төлбөр, цагийн ажил, дадлага, орлого олох хэрэгцээ, нийгмийн идэвх гээд оюутанд тулгардаг олон асуудлыг өөрөө туулсан учраас холбоондоо элссэн. Анх цалингүй, сайн дурын ажил хийгээд явахад гэр бүлийнхэн маань гайхдаг байлаа. “Их сургуулиа төгсөөд ажлын санал ирж байхад яагаад оюутны холбоо гээд яваад байна вэ” гэж асуусан. Харин жил ирэх тусам миний ур чадвар, хүрээлэл, хандлага, хийж буй ажлын үр дүнг хараад ойлгож, дэмждэг болсон.

-Намын дэргэдэх байгууллага гэхээр хөрөнгө мөнгөн дээр хөлбөрч ажлаа явуулдаг гэж ойлгодог хүн олон. Гэтэл ажлаа төлөвлөж, урагшлуулах гол хүч нь сайн сайхны төлөө зорьсон оюутан залуус байдаг. Та тэднийг хэрхэн нэгтгэдэг вэ?

-Залуусыг нэгтгэдэг хамгийн том хүч бол нэг үеийн найз нөхөд, утга учиртай оролцоо байдаг. Хүн өөрийн оролцоо бодит өөрчлөлтөд хүрч байгааг мэдрэх үедээ илүү хариуцлагатай, идэвхтэй болдог. Манай холбооны ажилд оролцож буй оюутан залуусын дийлэнх олонх нь сайн дурын үндсэн дээр цаг хугацаа, мэдлэг, чадвар, санаачилгаа зориулдаг. Бид тэдэнд “Ирээд ажил хий” гэж хэлэхээс илүү “Чамд ямар асуудал тулгарч байна, ямар асуудлыг шийдмээр байна, ямар санаачилга гаргамаар байна” гэж асуудаг. Өөрөөр хэлбэл, залуусыг гүйцэтгэгчээс гадна санаачлагч, хамтран бүтээгч гэж хардаг. Залуус итгэл хүлээж, шийдвэр гаргах боломж авахдаа өсдөг. Тиймээс бид ажлаа ил тод төлөвлөж, үүрэг хариуцлагаа тодорхой хуваарилж, хийсэн ажлынхаа үр дүнг хамтдаа дүгнэдэг. Байгууллагын соёл гэдэг дүрэм журмаар хязгаарлагдахгүй. Харин нэг нэгэндээ итгэх, боломж олгох, алдаанаас суралцах орчин юм.

-Та СДМОХ-ны Ерөнхийлөгчийн тамгаа гардаж аваад хагас жил болж байна. Энэ албыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамгийн түрүүнд хариуцлага мэдрэгдсэн. Тамга гэдэг олон мянган оюутан, залуусын итгэл, хүлээлтийн илэрхийлэл юм байна гэж ойлгосон. Холбооныхоо ажлын албаны гишүүнээс эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл шатлан ажилласан хугацаанд олон арга хэмжээ зохион байгуулж, баг удирдаж, алдаж онож, түүнээсээ суралцсан. Тэр бүх туршлага өнөөдөр шийдвэр гаргах, бусдыгаа сонсох, багтайгаа хамт хариуц­лага үүрэхэд минь их нөлөөл­сөн. Ерөнхий­лөгчийн хувьд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох, хүмүүсийн итгэ­лийг авч явах хариуцлага илүү өргөн хүрээтэй байдаг. Энэ албыг би “Миний үе” гэж хара­хаас илүү “Манай үе юу үлдээх вэ” гэж харж байгаа. Бидний хийж байгаа ажил дараа­гийн залууст илүү сайн тогтол­цоо, илүү тодорхой стандарт, илүү хүчтэй оролцооны соёлыг үл­дээх ёстой.

Манай хол­боо анх удаа нээлттэй нэр дэвшүүлэх үйл явц зарлаж, мэтгэлцээн өр­нүүлж, сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгосон шинэчлэ­лийн цаг үед би 25 настайдаа ес дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ бол надад ирсэн боломж төдийгүй дараагийн залууст илүү нээлттэй, мерит тогтолцоо үлдээх үүрэг гэж хардаг.

 

СУДАЛГААНААС БОДЛОГО РУУ: НДШ-ИЙН ШИНЭЧЛЭЛ, STUDENT DAY, E-STUDENT

-Ажлаа улирлаар нь төлөвлөж, гүйцэтгэл хардаг танд хагас жил нүд ирмэх зуур л өнгөрсөн байх. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас алийг нь онцлох вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Student Day-2026” оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэдний хөдөлмөр эрхлэлт, дадлага, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг судалгаа, хэлэлцүүлэг, бодлогын саналын түвшинд гаргаж ирснийг онцолно. Бид Улаанбаатар хот болон орон нутгийн 20 гаруй их сургууль, коллежийн 5000 гаруй оюутантай уулзаж, 3500 гаруй оюутны цахим судалгаанд тулгуурлан бодлогын санал боловсруулсан. Энэ судалгаагаар оюутны хөдөлмөр эрхлэлт гэдэг “цагийн ажил хийх” хүрээнээс өргөн асуудал болох нь харагдсан. Үүнд НДШ-ийн өндөр ачаалал, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажлын цаг, дадлагын чанар, хөдөлмөрийн эрхийн мэдлэг, гомдол гаргах суваг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудал багтаж байна. Тиймээс бид оюутны хөдөлмөр эрхлэлтийг эрх нь хамгаалагдсан, гэрээтэй, хяналттай, ур чадвар хөгжүүлдэг тогтолцоонд шилжүүлэх санал дэвшүүлсэн.

-Оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар танай холбооны гаргасан санал Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, сонголттойгоор төлөх, тухайн үедээ төлөхгүй байх боломжийн талаар бид залуучуудын саналыг судалгаанд тулгуурлан гаргасан. Энэ чиглэлээр оюутнуудаас гарсан санал, бидний боловсруулсан бодлогын санаачилга Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оюутантай холбоотой зохицуулалт болж тодорхой хэмжээнд туссан гэж харж байна. Тодруулбал, хуулийн төсөлд 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсэгт 15-22 насны суралцагч хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа бол өөрөө хүсвэл нийгмийн даатгалын зарим төрөлд даатгуулахгүй байж болохоор тусгасан. Мөн 7.14 дэх хэсэгт тухайн үед төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ 25 нас хүрэхээс өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжийг тусгасан. 7.15 дахь хэсэгт нөхөн төлөх хүсэлт гаргасан тохиолдолд шимтгэл төлөх хугацаа, төлөлтийн хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай байгуулах гэрээгээр тохирохоор зохицуулсан. Энэ нь оюутанд нэг талаас өнөөдрийн санхүүгийн ачааллаа бууруулах боломж, нөгөө талаас ирээдүйн нийгмийн баталгаагаа нөхөн бүрдүүлэх сонголтыг олгож байгаа зохицуулалт юм. Хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжилтийн журам, мэдээлэл, хяналт, оюутанд ойлгомжтой зөвлөгөө маш чухал болно.

-Оюутнуудын ажил хийх боломжийг нэмэгдүүлэхэд НДШ-ийн зохицуулалтаас гадна ямар шийдэл шаардлагатай вэ?

-Залуусын ажил хийх боломжийг ажлын байрны тоогоор хэмжихэд хангалтгүй. Ажил нь гэрээтэй юу, цалин нь шударга уу, суралцах цагтай нь нийцэж байна уу, дадлага нь жинхэнэ ур чадвар олгож байна уу, эрх нь зөрчигдвөл хаана хандах вэ гэдэг нь илүү чухал. Тиймээс бид хэд хэдэн багц санал гаргасан. Нэгдүгээрт, “E-Student 2.0” төслийг эхлүүлж, оюутны цахим буланд E Work буюу оюутны цагийн ажил, дадлага, гэрээ, гомдол мэдээллийг нэг дор бүртгэх цахим систем бий болгох. Хоёрдугаарт, оюутанд тохирсон цагийн зохицуулалт хийх. Гуравдугаарт, дадлагын үндэс­ний стандарт батлах. Дөрөв­дүгээрт, дээд боловсролын хичээлийн хөтөлбөрт “Хөдөлмөрийн эрх ба ажлын байрны ур чадвар” нэг кредитийн хичээл оруулах. Тавдугаарт, оюутанд ээлтэй ажил олгогчийн индекс бий болгохыг хүссэн.

Оюутан ажиллаж болно. Гэхдээ суралцах боломж нь хамгаалагдсан байх ёстой. Орлого олох хэрэгцээтэй байж болно. Гэхдээ хөдөлмөр нь шударгаар үнэлэгдэх ёстой. Дадлага хийх нь чухал. Гэхдээ дадлага нь ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн өсөлтөд нь туслах зорилготой байх ёстой.

-Таныг “E-Student” оюутны цахим үйлчилгээний санаачилгад оролцсон гэж сонссон. Энэ ажлыг эхлүүлж, хэрэгцээт үйлчилгээг оруулах санаа хэрхэн төрж байв?

-2023 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Student Day-2023” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг ахлах боломж надад олдсон. Тухайн үед бид оюутнуудад хамгийн их тулгардаг асуудлын нэг нь төрийн болон сургалтын холбоотой үйлчилгээг авахад цаг хугацаа их зарцуулдаг, хэрэгтэй мэдээллээ нэг дороос авах боломж хязгаарлагдмал, хүнд сурталтай байдаг явдал гэдгийг харсан. Тэр үед Эстони улсын цахим үйлчилгээний системийг судалж байсан маань их нөлөөлсөн.

 Оюутан төрийн үйлчилгээг олон шат дамжлагаар авахын оронд нэг цахим цонхоор авах боломжтой байх ёстой гэж үзсэн. Ингээд ажлын хэсгийн хамт олонтойгоо “E-Mongolia” платформд оюутнуудад зориулсан “E-Student” цахим үнэмлэх, мэдээлэл, үйлчилгээний булан оруулах санааг боловсруулж, төсөл болгосон.

дүнд нь оюутнууд төрийн нэгдсэн системээс мэдээлэл авах, санал хүсэлтээ илэрхийлэх, өөрт хэрэгтэй үйлчилгээг цахимаар авах боломжийн эхлэл тавигдсан. Миний хувьд энэ ажлаас дижитал шилжилт гэдэг технологийн шинэчлэлээс гадна хүний цагийг хэмнэх, төрийн үйлчилгээг хүнд ойртуулах, залуусын оролцоог нэмэгдүүлэх бодлогын асуудал болохыг ойлгосон юм.

Одоо бид “E-Student”-ийг дараагийн шатанд гаргаж, оюутны хөдөлмөр эрхлэлт, дадлага, цагийн ажил, гомдол мэдээллийн сувгийг холбосон “E-Student 2.0” төслийг эхлүүлж, хэрэгцээт үйлчилгээг оруулах шаардлагатай гэж харж байна.

 

БОЛОВСРОЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ЗАЛУУСЫН БОДИТ БОЛОМЖ

-Монголд “Заавал их, дээд сургуульд сурах ёстой” гэсэн хандлага хүчтэй хэвээр байна. Оюутны байгууллагыг удирдан ажиллаж байгаа та үүнтэй санал нийлдэг үү?

-Монголд олон жил “Сайн сурвал их сургуульд орно” гэсэн нэг л ойлголт давамгайлсан. Гэтэл өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн залуусын ажлын байрны боломж, цалин хөлс илүү болж. Зарим салбарт ажил олгогчид онолын мэдлэгээс илүү мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг эрэлхийлэх болжээ. Дээд боловсрол чухал. Гэхдээ хүн бүр диплом авахын төлөө их сургуульд сурах ёстой гэсэн хандлагыг өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан шинэчлэх цаг болсон. Бидний харж байгаа нэг асуудал бол диплом авахыг зорилго болгосноос мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан бэлтгэл сулрах явдал.

Зарим судалгаанд их сургууль төгсөгчдийн 40 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байна гэдэг. Энэ нь хувь хүний сонголтоос гадна боловсролын чиг баримжаа, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, карьер чиглүүлгийн сул талтай холбоотой. Тиймээс сурагч, оюутнуудад “Их сургууль эсвэл МСҮТ” гэж нэгийг нь доогуур, нөгөөг нь дээгүүр тавихын оронд өөрийн сонирхол, чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ирээдүйн зорилготойгоо уялдуулж сонголт хийхэд нь туслах хэрэгтэй. Боловсролын үнэ цэн дипломтой болоход бус, хүний эзэмшсэн ур чадвар, бүтээмж, нийгэмдээ оруулах хувь нэмрээр хэмжигдэх ёстой.

-Орон нутгийн залуус, төгсөгчдийг хөгжлийн бодлоготой хэрхэн холбох ёстой вэ?

-Орон нутгийн уулзалтуудаар бид хамгийн түрүүнд залуусаа сонсохыг зорьдог. Улаанбаатарт ярьдаг асуудал, орон нутагт тулгардаг бэрхшээл хоорондоо ялгаатай. Орон нутгийн залуусын хувьд ажлын байрны сонголт, мэргэжлээрээ дадлага хийх боломж, мэдээлэлд ойр байх, хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж харьцангуй хязгаарлагдмал. Нөгөө талаас нутагтаа ажиллах, хувь нэмэр оруулах хүсэлтэй залуус олон бий. Тиймээс сургуулиа төгсөж байгаа оюутнуудыг орон нутгийн хөгжлийн бодлоготой холбох шаардлагатай. Аймаг, сумдын хөгжлийн зорилт, хүний нөөцийн хэрэгцээ, их сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын төгсөгчдийн мэргэжил, дадлагын тогтолцоо, нийгмийн баталгаат байдлыг уялдуулж чадвал залуус орон нутагтаа буцах бодит шалтгаан бий болно.

Орон нутгаа хөгжүүлэх хамгийн чухал нөөц бол тухайн газар орныхоо асуудлыг мэддэг, орчин үеийн мэдлэгтэй залуус юм. Тэдэнд итгэх, боломж олгох, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.

-Гадаадад суралцаж байгаа монгол оюутнуудыг эх оронтой нь холбох талаар танай холбоо ямар ажил хийж байна вэ?

-Гадаадад суралцаж байгаа монгол оюутнууд бол Монгол Улсын хүний нөөцийн маш чухал хэсэг. Тэд өөр орнуудын туршлага, хэлний мэдлэг, технологи, менежмент, соёлын ойлголтыг эх орондоо түгээх гүүр нь болдог. Бидний хувьд Хятадад болон бусад улсад суралцаж байгаа оюутнуудыг эх оронтой нь илүү ойр холбох, зуны амралтаараа мэргэжлээрээ дадлага хийх, байгууллагуудтай танилцах, ирээдүйн ажлын гараагаа Монголдоо эхлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр “100х100” эх орондоо дадлагажих хөтөлбөрийг зарлаад байна. Хөтөлбөрт шалгарсан 100 оюутан долдугаар сараас эхлэн найман долоо хоногийн хугацаанд эх орондоо дадлага хийнэ. Энэ бол сайн эхлэл. Цаашид үүнийг хувь хүний танил, тохиолдлын боломж хэлбэрээс илүү зохион байгуулалттай, бүртгэлтэй, мэргэжилтэй нь уялдсан тогтолцоо болгох хэрэгтэй.

Гадаадад сурч байгаа оюутан “Монголдоо очоод би хаана ажиллах вэ” гэж эргэлзэхээс илүү “Монголд миний мэдлэг хэрэгтэй, намайг хүлээж авах орон зай байна” гэж итгэдэг байх ёстой.

-Сурч байгаа сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд та “Дотоодын бүтээгдэхүүн”.  Хийхээр зорьсон ажил олон учраас гаднын улс оронд суралцах боломж гарахгүй байна уу, эсвэл таны итгэл үнэмшилтэй холбоотой юу?

-Би залуус дэлхийн боловсрол, туршлагаас суралцах ёстой гэж боддог. Харин надад нэг зорилт байдаг нь, би 30 нас хүртлээ Монголдоо ажиллаж, суралцаж, судалгаа хийж, эх орныхоо асуудлыг дотроос нь илүү сайн ойлгохыг хүсдэг. Монголын боловсролыг сайн эзэмших, энд тулгамдаж байгаа асуудлыг хөрсөн дээр нь судлах, төр, нийгэм, оюутны байгууллагын бодит орчинд ажиллаж үзэх нь надад чухал. Учир нь, гадаадад сураад ирэх үедээ би юу хийх гэж байгаа, ямар асуудлыг шийдэх гэж байгаа, ямар талбарт ажиллах гэж байгаагаа мэддэг байхыг хүсдэг. Суралцах гэдэг диплом авахаас гадна асуудлыг ойлгох, шийдэл боловсруулах, өөрийн оролцоог тодор­хойлох үйл явц. Тиймээс эхлээд Монголын хөрсөн дээр бодит асуудлаа судалж, дараа нь олон улсын мэдлэг, туршлагатай холбож сурах нь илүү үр дүнтэй гэж боддог.

 

ШИНЭ МЯНГАНЫ МАНЛАЙЛАЛ, SDCAMP БА ХАМТЫН ШИЙДЭЛ

-Та 2024 оны “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлгийн үндэсний ялагч болсон. Энэ туршлага таны улс төрийн талаарх ойлголтод шинэ бүлгийг нэмсэн байх?

-“Кандидат” нэвтрүүлэгт оролцсон нь миний хувьд  нэг сургууль төгссөнтэй адил. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны талаар олон нийтэд мэдээлэл өгөх, залуу улстөрчдийг таниулах зорилготой нэвтрүүлэг байсан. Тухайн үед би 23 настай, хамгийн залуу оролцогч нь. 500 гаруй хүнээс шилдэг 100-д багтаж, нэг сар гаруй хугацаанд олон үе шат, даалгавар давж үндэсний ялагчаар тодорч байв. Олон хүн улс төрийг “залуус хол байх орчин” мэтээр төсөөлдөг. Харин миний хувьд энэ нэвтрүүлгээр дамжуулж нэг зүйлийг харуулахыг хүссэн. Залуус улс төрд оролцож болно. Гэхдээ хий хоосон шүүмжлэлээс илүү судалгаанд суурилсан байр суурь, шинжлэх ухаанч хандлага, шийдэл дэвшүүлэх оролцоо чухал. Улс төрд нас, туршлага чухал. Үүний зэрэгцээ залуу хүний эрч хүч, шинэ өнцөг, сурах чадвар, хүсэл тэмүүлэл ч чухал. Миний хувьд оюутны холбоонд ажилласан туршлага маань нэвтрүүлэгт амжилттай оролцоход гол түлхэц болсон гэж боддог.

-Та “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг. Ингэж олон чиглэлд зэрэг ажиллах нь танд ямар ур чадвар суулгаж байна вэ?

-Шинэ мянганы залуусын нэг онц­лог бол олон талт ур чад­вартай бай­хыг эрмэлз­дэг явдал. Нэг мэргэ­жил, нэг орлого, нэг хү­рээнд хязгаар­лаг­дах­гүйгээр өөрийгөө олон чиглэлд сорьж, турш­лага хуримт­луулахыг хүс­дэг. Миний хувьд 2024 онд “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөт­лөг­чийн шалга­руулалтад оролцож тэнцсэн. Одоо хоёр жил орчим энэ нэвтрүүлэгт ажиллаж байна. Нэвтрүүлэг маань улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвээр нийгмийн олон салбарын төлөөлөлтэй хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдэд цэгцтэй мэдээлэл, оновчтой шийдэл хүргэхийг зорьдог. Хөтлөгчийн ажил гаднаас харахад зөвхөн асуулт асуух мэт боловч бодит байдал дээр маш их судалгаа шаарддаг. Зочдоо судлах, тухайн салбарын бодлого, тоо баримт, эсрэг байр суурь, шийдлийн хувилбаруудыг унших, асуултаа зөв дараалалтай бэлдэх хэрэгтэй. Энэ ажил надад мэдээллийг нэгтгэх, олон өнцгөөс харах, товч тодорхой илэр­хийлэх, олон нийтэд ойлгомж­той хэлээр хүргэх чадварыг өгч байна.

Олон нийтийн өмнө ярихдаа хүн хариуц­лага­тай байх ёстой. Нэг өгүүлбэр ч хүний ойлголт, итгэлд нөлөөлдөг. Тиймээс хэвлэл мэдээллийн туршлага надад бодлогын асуудлыг илүү ойлгомжтой тайлбарлах чадвар өгч байгаа гэж боддог.

-СДМОХ клубийн системтэй гэж хэлж болохоор харагддаг. Отгон клуб нь хиймэл оюун, технологийн чиглэлийнх гэж сонссон. Залуучууд олноороо сонирхож байна уу?

-“Гишүүн төвтэй E4 стратеги”-ийн хүрээнд хэрэгжиж буй клубийн систем бол залуусыг сонирхол, ур чадвар, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр нь хөгжүүлэх чухал хэлбэрүүдийн нэг гэж боддог. E4 стратеги нь залуусыг боловсрол, оролцоо, туршлага, хамтын хөгжлийн орон зайгаар дамжуулан чадавхжуулах холбооны дотоод хөгжлийн чиглэл юм.

Зарим залуус технологи, зарим нь урлаг, спорт, бизнес, нийгмийн судалгаа, сайн дурын ажил, манлайллын чиглэлээр хөгжихийг хүсдэг. Тиймээс бид клубүүдийг залуусын өөрсдийн санаачилгаар хөгжүүлж, тэдэнд орон зай, дэмжлэг, сүлжээ өгөхийг зорьдог. Хиймэл оюун, технологийн чиглэлийн клуб байгуулсан нь цаг үеэ мэдэрсэн алхам гэж харж байна.

Өнөөдөр хиймэл оюун ухаан мэдээллийн технологийн салбарын хүрээнээс хальж, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, төрийн үйлчилгээ, бизнес, хэвлэл мэдээлэл гээд бүх салбарт нөлөөлж байна. Тиймээс залуус энэ өөрчлөлтийн хэрэглэгч төдийгүй бүтээгч байх ёстой.

-Зуны өдийд танай холбоо залуусыг хамруулсан томоохон цугларалт зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ямар онцлогтой байх вэ?

-Манай холбооны уламжлалт томоохон арга хэмжээний нэг бол SDCAMP буюу Social Democratic Camp зуны цугларалт. Энэ арга хэмжээ нь 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн салбар холбооны залуучууд нэг дор цуглаж, сайн туршлагаа хуваалцах, хамтын ажиллагаагаа сайжруулах, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогоо хэлэлцэх, хамтдаа хөгжих орон зай болдог.

Энэ жил SDCAMP зохион байгуулагдаж эхэлснээс хойш 10 жилийн ой тохиож байна. Тиймээс бид энэ удаагийн арга хэмжээг өмнөх жилүүдийн уламжлалыг хадгалахын зэрэгцээ агуулга, оролцоо, үр дүнгийн хувьд шинэ түвшинд хүргэхээр төлөвлөж байна. Тухайлбал, гадаад улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл, холбооны дэргэдэх клубүүдийн залуучууд, орон нутгийн салбар холбоодын идэвхтэй гишүүдийг илүү өргөнөөр оролцуулна. Ингэснээр уулзаж танилцахаас гадна оюутан, залууст тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтдаа ярилцах, шинэ санаа санаачилга гаргах, бодит ажлын төлөвлөгөө боловсруулах боломж бүрдэнэ. Бидний хувьд SDCAMP-ийг залуусын амралт, цугларалтын хэлбэрээс илүүтэй утга учиртай оролцоо, хамтын шийдэл, бодлогын санаачилга гаргах талбар болгохыг зорьж байна. Энэ удаагийн 10 жилийн ой бол өнгөрсөн хугацаагаа дүгнэхээс гадна дараагийн 10 жилийн залуусын оролцоо, манлайллын чиглэлийг тодорхойлох чухал мөч гэж харж байна.

-Та нийгэм дэх хөгжлийн ялгаатай залуусын төлөө дуу хоолойгоо илэрхийлдэг, хамтдаа хөгжих зарчим баримталдаг. Одоо энэ чиглэлд юу хийхээр зорьж байна вэ?

-Хамтдаа хөгжинө гэдэг бол өөр өөр боломж, өөр өөр нөхцөлтэй залуусыг орхигдуулахгүй байх тухай ойлголт. Орон нутагт амьдардаг оюутан, хөгжлийн бэрхшээлтэй залуус, амьжиргааны түвшний хувьд хүндрэлтэй айлын хүүхдүүд, суралцахын зэрэгцээ ажил хийдэг оюутнуудын нөхцөл ялгаатай. Тиймээс бодлого ч мөн ялгааг мэдэрсэн байх ёстой. Цаашид бид оюутны хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн хамгаалалт, хөгжлийн ялгаатай залуусын хүртээмжтэй оролцоо, орон нутгийн залуусын боломж, гадаадад суралцаж буй монгол оюутнуудын эх оронтойгоо холбогдох сувгийг илүү тодорхой болгохоор ажиллана. Бидний баримталж байгаа зарчим бол залуусыг төлөөлөхөөс гадна тэднийг өөрсдийг нь шийдвэр гаргах, санал боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад оролцуулах явдал.

-Энэ цаг үед  залууст тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд юуг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой гэж боддог вэ?

-Залуусын асуудлыг “Боломжгүй байна” гэж ерөнхийлөхөөс илүү “Ямар тогтолцоо дутуу байна вэ” гэж харах хэрэгтэй. Залуус хөдөлмөрлөх хүсэлтэй, сурах хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Харин тэдэнд чиглэсэн тогтолцоо заримдаа удаан, уялдаа сул, мэдээлэл дутмаг байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийн жишээгээр хэлэхэд, бидэнд цагийн ажил байна.

Харин баталгаатай зуучлал дутмаг. Дадлага байна. Харин чанарын стандарт сул. Хөдөлмөрийн хууль байна. Харин залуус эрхээ мэдэх нь хангалтгүй. Нийгмийн даатгал байна. Харин анхны ажлын гараанд уян хатан зохицуулалт хэрэгтэй. Тиймээс залуусын бодлогыг халамжийн өнцгөөс илүү хөрөнгө оруулалтын өнцгөөс харах ёстой. Залуу хүнд өгч байгаа боломж бол ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, татвар төлөгч, манлайлагч, гэр бүл, нийгмийн тогтвортой байдалд хийж байгаа хөрөнгө оруулалт юм.

-Ярилцлагын төгсгөлд үе тэнгийн залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Би үеийн залуустаа итгэдэг. Бид өөрчлөлтийг хүлээдэг үе биш, өөрчлөлтийг хамтдаа бүтээх үе байх ёстой. Нийгэмд шийдэх асуудал олон байгаа ч тэр бүхний хариулт зөвхөн төрд, улстөрчдөд, эсвэл хэн нэгэнд байгаа юм биш. Бидний оролцоо, санаачилга, хариуцлага дотор ч бас бий. Тиймээс өөрөө оролц.

Үзэл бодлоо илэрхийл. Дотор нь орж үз. Судал. Санал гарга. Шийдэл боловсруул. Үеийнхэндээ итгэ.

 Бидний асаасан бамбар олон залуусын итгэл, оролцоог гэрэлтүүлэх хүчтэй. Ирж яваа цаг бол бидний хамтдаа бүтээх цаг. Залуу хүн мөрөөдөлтэй байх сайхан. Гэхдээ мөрөөдлөө зөвхөн өөртөө хадгалах биш, нийгэмдээ хэрэгтэй үйл хэрэг болговол илүү үнэ цэнтэй. Миний хувьд цаашид ч оюутан, залуусын дуу хоолойг бодлого, шийдвэрийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах болно.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.