МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Нөгөө ертөнц

Нөгөө ертөнц

Тихон өвгөн үхье гэж санажээ. Өвчин зовлонгоос болсон бус, саваагүй зандаа хөтлөгдөөд тэр. Үхлийн дараах амьдрал бий гэж ярьж бичих нь элбэг шүү дээ. Тэгээд тийм үгүйг шалгая гэж бодсон байна.

Үнэн
Админ

Тихон өвгөн үхье гэж санажээ. Өвчин зовлонгоос болсон бус, саваагүй зандаа хөтлөгдөөд тэр. Үхлийн дараах амьдрал бий гэж ярьж бичих нь элбэг шүү дээ. Тэгээд тийм үгүйг шалгая гэж бодсон байна.

Тихон Семёныч угийн сониуч хүн. Юу ч сонирхсон бай, дуустал нь явна. Хэдэн оных байлаа ч хамаагүй, гарт таарсан сонин сэтгүүл болгоныг А, Б-гүй уншина. Зурагтын бүх хөтөлбөрийг үзнэ. Хөгийн нэртэй гадаад зурагт саявтар хүү нь авч өгсөн юм. Харь хэл дээр юм чинь уншиж чадахгүй, гэхдээ хүү “Сам-сунь”* маягийн л юм хэлээд, удирдлага яаж ажиллуулахыг зааж өгсөн.

* сам сунь – өөрөө шургуул гэсэн утгатай. /орч./

Буйдан дээрээ хэвтчихээд, суваг эргүүлж хэвтэх сайхан. Урьд нь энэ удирдлага гэгчийг ач охин Анютка орлодог байв. Өвөөгөө дуудмагц зурагт руу гүйж хүрээд, баяртай нь аргагүй суваг сольж зогсоно. Төд удалгүй том болж, бие даасан авхай нэгдүгээр ангид орсноос хойш гэрт ирэх нь цөөрөв. Тэгэхээр нь Тихон өвөө шалны модоор сувгаа дардаг болжээ. Гэвч их зовлонтой, бараг босож очоод сольчихвол дээр. “Тохь тух гэж үүнийг л хэлнэ. Зайг нь солихоо мартахгүй байх хэрэгтэй” – гэж өвөө удирдлагаа барин хэвтэнэ.

Өвгөний нойр цайжээ. Насных л даа, гэхдээ эмгэн нь ханын цаана Илья Муромец баатар ирж хоносон шиг сүрхий хурхирахыг яана. Өөрөөс нь хоёр насаар эгч хүн шүү. Өвгөн яах билээ? Өглөө болтол зурагтаа үзнэ. Өөр хийх ажил олдохгүй. Шөнө дунд өнгөрөөж хачин жигтэй нэвтрүүлгүүд гардгийг олж мэджээ. Тайлагдашгүй үйл явдал, үл таних нисдэг биет, сүнс, үхлийн дараах амьдрал гэх зэрэг сэдвийг хөндөнө. Тихон гуай тэдгээрийг тун ч анхаарч үзэх бөгөөд гагцхүү сэтгэлийг нь бусниулж, сайхан аашийг эвддэг хоёр зүйл бий: хэтэрхий их зар сурталчилгаа, мөн эхнэр нөхрөө ар өврөөр нь тавихыг үзүүлж харуулсан кино сэлт. “Түй! Завхарсан юм! Бурхан тэнгэр минь, нүгэлт биднийг өршөө!” – гэж өвгөн загалмайлна.

Гэхдээ арай дөнгүүр гэгдэх нэвтрүүлгээр сүрхий чухал царайлсан нөхдийн ярьж суудаг юмсын дэргэд энэ юу ч биш. Сүүлдээ эрдэмтэд хүртэл нөгөө ертөнц гэж бий, тэнд очвол үхэгсдийн сүнс эндхээс илүү тухтай амьдардаг гэж ярьцгаах болжээ.

“Өөрөө шалгаж нотлох хэрэгтэй. Энэ ертөнц дээр амьдарч, мэдэх юмаа мэдэж авч, харах юмаа харж, үр удмаа үлдээлээ. Боллоо. Өөр юу хэрэгтэй вэ? Бурхан надад сэтгэл хангалуун байгаа даг. Худал хэлж хулгай дээрэм хийсэнгүй, хүний муу үзэж матаж явсангүй... Дайны талбарт хүн буудсан явдал бий л дээ. Эх орны төлөө тулалдсан болохоор эрхбиш өршөөгдөх хэрэг. Намайг ч алахаа алдсан, энэ муу бэртэнги хөл одоо хүртэл бороо цаснаар янгинана” – хэмээн бодлоо.

- Тиша, чи унтчихаа юу? – гэсээр Груня эмгэн орж ирэв.

- Олон бодол орж гарах юм.

- Чиний толгой цэгцгүй болохоор элдвийн тэнэг юм бодогдож байхгүй юу. Ингэж хэвтэхийн оронд хэдэн хөдсөн дээл амбаарт оруулаад орхи. Наранд үдээр болчихно. Бороо орох бололтой, шоргоолжнууд нүхээ таглаж гүйлдээд уналаа.

- Жаахан байзнаад оруулъя.

- Үгүй ээ, одоо оруулаад аль!

- Яс амраахгүй юм, - гэж өвгөн үглэн, хашаан дээр сэврээх гэж тохсон хөдсөн дээлнүүдийг авахаар бослоо.

- Пинд гэрэл хийчих юм сан, харанхуйд бүдчих гэж хэцүү юм.

- Хэд хоногоос гэрэл авчраад хийчихье, - гэж өвгөн хэлээд, амбаарын хаалгаар орлоо.

- Хийнэ гээд долоо хонолоо! – хэмээн эмгэн дуугаа өндөрсгөж, - Харанхуйд тээглээд унавал хэдэн ясыг минь цуглуулж дийлэхгүй дээ, чи! – гэв.

- Чи харанхуйд битгий яв! – гэх өвгөний дуу гарч байна.

- Яаж гарч бие зас гээ вэ?

- Гэгээтэйд бие засахгүй юу. Зуны өдөр урт, - гээд өвгөн амбаараас гарч ирэв. – Эсвэл өөр өвгөн рүү шөнө гүйгээд байдаг юм уу?

- Гүйхээр барах уу даа!

- Дургүйцэх юм алга, харин ч дэмжиж байна. Сэтгэл нийлэх өвгөн олоод ав. Би удахгүй үхнэ.

- Түй, чамайг! Юугаа донгосно?

- Би шийдсэн, - гэж хэлээд өвгөн довжоо сандайлж, - Энэ насанд 40 гутал элээсэн шиг байна. Одоо болно. Нөгөө ертөнцөд зочилж үзье, сэтгэлд нийцэж магад, - гэлээ.

- Өнөөх чинь 40 гутал элээж гэнэ!

- Биш үү? Би тоолоод үзсэн, тийм тоо гарсан даа. Нааш цаашаа бага зэрэг хэлбэлзэж магадгүй юм. Тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ? Би ерөөсөө тийшээ явмаар байна.

- Тийшээ гэж хаашаа? – хэмээн эмгэн уцаарлав.

- Нөгөө ертөнц рүү.

- Ахиад өвчигнөж эхлэх нь үү? Муу ёрын өвгөн шүү. Бурхнаас эмээдэг болоосой.

- Хүмүүс юу яриад байна вэ гэхээр, хүний сүнс гээч юм үхдэггүй гэнэ. Дээшээ өөр амьдрал руу явдаг юм байна. Тэнд нь манай энэ хорвоогоос хамаагүй сайхан, мод нь илүү ногоон, тэнгэр нь гүн цэнхэр, ус нь тунгалаг, уул нь өндөр юм даг уу. Ийм л юм ярьцгааж байна! Чи харин энд миний бүрхүүлийг оршуулаад л болчихно. Бие гэдэг чинь сүнсний бүрхүүл төдий.

- Хэн ийм юм чамд ярьдаг байна? Бүрхүүл гэнэ ээ? – гэж эмгэн уурлав. – Нэг мөсөн углаа даавуу, уут сав гэвэл таарна!

- Чи энэ амьдралаас юу ч ойлгохгүй ээ. Ухаантай, эрдэмтэн хүмүүс тэгж ярьж байна. Шинжлэх ухаанаар тооцоолсон. Бурхан хүнийг бүтээхдээ...

- Мич яасан бэ? Мичнээс хүн төрөлхтөн үүссэн гээгүй бил үү?

- Харанхуй бүдүүлэг гэдэг нь! Коммунистууд л биднийг бурханд итгүүлэхгүй гэж тийм яриа зохиосон. Чи тархиа жаахан нааш цааш болго, мичнээс бид гаралтай юм бол яагаад одоо тэр амьтад модонд дүүлсээр байна вэ? Аль эрт хүн болчих цаг нь болсон. Үгүй ээ, үгүй, Дэлхий гэгдэгч энэ гаргийн учир зүй арай өөр байна.

- Цэцэн загнасан тэнэгийг ээ! Үхэх боллоо гэнэ, хараад байгаарай!

- Үхэл гэж байхгүй ээ, чавганц минь! Бодоод үзэхгүй юу, бурхан хүнийг бүтээсэн гэж Библид бичсэн байдаг аа, мөн үү? Тэгвэл бүтээснээ үхүүлээд булчихдаг бурхан байх уу? Хайран хөдөлмөр байгаа даа. Бурхны эсрэг сөрж байгаа юм шиг тэгж бодож болохгүй. Нүгэл.

- Чи ер хачин булай юм ургуулж бодсоор солиорох дог шүү! Харж л байгаарай! – гэчхээд эмгэн гэртээ орлоо.

Тихон өвгөний хөл өглөөнөөс эхлээд янгинажээ. “Эмгэн үнэн хэлсэн байна. Тэнгэрийн хаяагаар л үүлшиж харагдана, гэхдээ удахгүй борооших юм байлгүй” – хэмээн бодов.

Удалгүй хуайс бутны оройгоор салхи дэгдлээ. Шатан дээр унтаж байсан Авдейка муур сэрж мяулсаар пинд орж харагдана. Тихон Семёныч өндийж, Авдейн араас дагая уу гэтэл хашааны хаалга чахран онгойж, зээ дүү Гоша орж ирэв.

- Сайн уу, Тихон ах аа? – гээд дүүрэн юм чихсэн аранз мөрнөөсөө мултлан мэндэллээ.

- Гошка юу даа? – гэж өвгөн гайхсанд:

- Яг тийм, Тихон Семёныч! – гэж хархүү цовоо дуугарав.

- Ямар салхинд туугдаад манай ийшээ ирдэг билээ хө?

- Аясын салхинд аа, өвөө, аясын салхинд, - гэж залуу гар барин мэндэллээ.

- Хөгшдөө эргэж яваа юм биз дээ? Удах уу?

- Гэрийн эзэд яаж тосохыг харъя аа.

- Алив, гэрт орж, эмгэнийг баярлуулъя.

Бага дүү Алевтинагийн хүүг хараад Груня эмээ учиргүй хөөрчээ.

- Ашгүй, пинд гэрэл тавиулах хүнтэй боллоо, энэ өвгөн хийж өгөхгүй юм.

- Дуртайяа.

Гошагийн гэнэт ирсэнд хоёр хөгшин сэргэж, аниргүй байшин нь амилсанд хэд хоногоос тэнгэрт халья гэж байсан Тихон өвгөн: “Ахиад жаахан амьд явъя. Гошкаг явтал” – гэж бодов.

- Эмгэн гуай, та цай тавьж ширээгээ зас. Замын тоосноосоо салаагүй хүнийг амраахгүй гэрэл чийдэн нэхээд л.

Цай ууж, яаралгүй ярилцан сууцгаалаа. Ар гэрийнхэн нь эсэн энх суугааг зээ дүү дамжуулж, үүргэвч дүүрэн хотын чихэр жимс задалжээ.

- Хүү минь, чи яажшуу аж төрж байна? Яагаад ганцаараа ирэв? – гэж Груня эмээ асуув.

- Юу гэмээр юм бэ дээ, - гэж Гоша дүлгэнээд, - Эхнэр байхгүй, - гэлээ.

- Тэнгэр минь, хаачаа вэ тэр чинь? – хэмээн эмгэн гайхаж гар зангав.

- Бид салсан. Москва руу явсан шүү, - гэж зээ дүү хуурмаг сэргэлэн дуугаар хэлсэнд:

- Удах юм уу? – гэж Тихон өвөө сэрэмжлэн асуулаа.

- Тэр чигтээ явсан байх аа.

- Гэгээн эцэг минь, яаж байгаа хүүхдүүд вэ? Үнэхээр хоёр тийш болж байгаа хэрэг үү? – гэж эмгэн дуу алдахад:

- Юунд хүн хоргоогоод унав? Чи бид хоёрт хамаагүй хэрэг, - хэмээн өвгөн ширүүхэн дуугарчээ.

- Зүгээр дээ. Марина ангийнхаа залуутай суусан. Тэр нь Москвад амьдардаг юм. Баян залуу. Би дургүйцээгүй.

- Хүүхэд ч гаргаж амжсангүй. Хэдэн жил хамт амьдарлаа? – гэж эмгэн гунигтай асуувал:

- Бараг 9 жил. Надаас залхаж гүйцээ байх. Эхлээд хүүхэд гаргамааргүй байна гээд, дараа нь жирэмсэлж чадахгүй болсон. Байдаг л нэг улиг болсон түүх, - гээд Гоша санаа алдав.

- Сайн л биз дээ, - гэж эмгэн ширээн дээрхийг хураангаа хэлээд, - Үргүй хүүхнээр яана? Арай залуухныг олж аваад, хүүхэд шуухад гаргахгүй юу. Манайд ирсэн чинь сайн хэрэг. Сэтгэл санаагаа амрааж ав, - гэлээ.

Тэнгэр бүрхэж, бороо хаялж эхлэв. Байшингийн дээвэр дээр хэдэн дусал тог тогхийж байснаа ширүүсэн бөмбөрдөж гарлаа. Зунжин орох ёстой бороогоо тэнгэр авхай ганц хормын дотор асгахаар шийдсэн гэлтэй.

- Сайхан, - гэж өвгөн цонхоор харан өгүүлэв. – Хагас сар нар шарж, газар хагар тусаад, төмс угаараа хатаж эхэлж байлаа. Эмгэн минь, талбайгаа услах хэрэггүй боллоо, баярлаж үз.

- Хэдэн ногоо минь усанд автчих вий. Ямар айхавтар асгарч байна вэ, - гэж Груня эмгэн сэтгэл зовон бувтнана.

- Ээ, авгай нар аа гэж. Юу ч байсан санаанд нь таарахгүй. Ингэсэн ч болохгүй, тэгсэн ч болохгүй!

Гэнэт бороон чимээ аяджээ... Аадар зогслоо гэж бодтол ахиад л шивэрч эхлэв. Энэ удаагийнх өмнөхөөсөө өөр, шүүрээр шүүх мэт зүсэрнэ. Модны мөчир, байшингийн цонх, мандлын цэцгийн дэлбээнд усан дуслууд бөнжийлдөн, энд тэндгүй шалбааг тогтож, эргэн тойрон амь орон амьсгаа татах шиг болов.

Цонхны дэргэдэх хусны мөчир дээр бяцхан болжмор ирж суугаад биеэ сэгсэрч, өд сөдөө хошуугаар цэвэрлэн, нэг дусал ус уулаа. Тэгснээ хоёр тийш харж, дахин нэг дуслыг уугаад, баяртай жиргэсээр зүсэр бороон дундуур зүсэн одно.

Удаж төдсөнгүй үүлс ярагдаж, тэнгэр цэлмэхэд нүд сохлом нарны хурц гэрэлд хашаа байшин, зам харгуй, тариан талбай гялтганан гялбалзав.

- Тихон ах аа, гарч тамхилъя, - гэж Гоша дуудлаа.

- Гаръя. Озон үнэрлэхгүй бол нүгэл болно, - гээд өвгөн хуучин саравчтай малгайгаа даран өмсөв.

Гэрийн үүдэнд гарахад монос, өвс цэцэг холилдон анхилж, хамар цоргисонд:

- Ямар сайхан юм бэ! – гэж зочин дуу алдлаа.

Өвгөн дотроо жуумалзаж, Гошкагийн юу мэдэрч байгааг ойлгон зогсоно. Хотод ийм хүчилтөрөгч байх биш. Энд бол балга балгаар залгилж болно.

- Тийшээ хар, - гээд өвгөн зүүн өмнө зүгийг заав. Гоша тийш хандвал, хараад хараад ханашгүй хамгийн гоё солонго татсан байжээ. Тосгоны цаадтайх хөндийг дамнасан шидэт нум өнгө өнгөөр ялгаран гэрэлтэхийг үзээд Гоша хүүхэд шиг дуу алдан баясаж, ийм гайхамшгийг анх удаа харсан мэт нүд салгахгүй шимтэн зогсоно.

“Энэ ертөнцөд бас муугүй л юм. Нүд сэтгэл баясгах юм олон байна. Байгалийн шидийг олж харж чадах нь хамгийн чухал. Үгүй бол ахуйн ажилд түүртсээр өдөр хоног өнгөрөхийг ч анзаарахгүй юм” – гэж өвгөн бодов.

- Гошка, хэдэн чийгний улаан өт ухаад ир. Орой хоёул нууранд очъё. Зутан чанаж идээд, түүдэг галын дэргэд сууж, аниргүйг чагная. Үүрээр загас дэгээдэж, шарж идье.

- За, - гэж залуу эр дуугарав. Сэтгэл нь дэндүү их хөдөлсөнд өөр үг гарсангүй.

Орой болоход эрчүүд нуурын зүг явахаар бэлдлээ. Эмгэн дургүйцэж: “Бороо устайд хонуутаар явдаг хүн байх уу? Нуруу бөөр чинь сүйд болно!” – гэсэн боловч тэд үгийг нь тоосонгүй. Тихон Семёныч хөдсөн дээлээ эгэлдрэглэж, Гошка зузаан ноосон цамц углаад, дээрээс нь өвгөний борооны цувыг нөмөрчээ. Эмгэн бэрзээнтэн дэвсгэр өгч явуулав. Тогоо, данх гээд загасанд явахад хэрэг болох зүйлсээ аваад гарлаа.

Өвгөн нууцхан тохойд зочноо аваачсан нь түүний ганцаараа ирж загасчилдаг газар гэнэ. Нутгийн харчуудыг дагуулаад очвол архидан согтуурч, хог ялгадсаар бохирдуулж, хараалцан бархиралдаад загас үргээчихнэ. Байгаль дэлхийд хог хаядаг, балай муухай үг шидэлдэг хүмүүст угаас дургүй юм.

Байгал далайн эрэг дээр шилмүүст ойн чөлөөнд буудаллаж, Тихон өвөө хаанаас олсныг бүү мэд, хуурай мөчир шажигнуулан ноцоож түүдэг өрдлөө. Хоёр лааз жигнэсэн мах задалж, гал дээр тогоонд ус буцалган, хажууд нь данхтай цай тавив. Өвгөн тогоондоо будаа, жигнэсэн мах нэмж давс цацаад, сонгино томхон хэрчин лаврын навчтай хийлээ.

Гоша хөдлөхгүй суусаар. Аниргүй нам гүм, түүдгийн цоролзох гал, анагаах шидтэй нутгийн анхилуун агаар, энэ бүхэн зөөлөн бүүвэйлэх мэт, эд эс бүхний завсраар урсан долгисно. Нуурын ус хааяа нэг цүл палхийж, ноцсон цучил үе үе чад пад үсчихээс өөр чимээгүй. Түүдгийн оч тэнгэрт цогшин хөөрч, тэр даруйд унтарна.

“Амгалан юм аа... Хамаг ажлаа хаяад, тосгонд хөгшчүүд дээрээ ирсэн нь сүүлийн үед хийсэн цор ганц зөв алхам боллоо” – гэж Гоша бодов.

Жаргах нарны туяанд төрсөн нутгийн бүлээн салхийг мэдэрч суух дэндүү их тансаглал ажээ. Сэтгэл догдлуулсан баяр төрж, сайхан мөрөөдөлд умбуулна. Амьдраад л баймаар!

“Өвгөн намайг шархадсан шувуу шиг гэрт нь орж ирэхийг мэдэрч дээ. Уг нь би чадлаараа өөдрөг байх гэж хичээсэн. Унаган байгальд уусан, санаа бодлоо цэгцэлж аваг гэж зориуд энэ гайхалтай үдшийг надад үзүүлсэн байжээ...” – хэмээн сая нэг таамаглав.

- Гошка, хоол бэлэн боллоо. “Ширээ”-нд суу, - гэх өвгөний дуунаар бодол тасарлаа.

Хоолоо аягалаад тавьжээ. Гоша амьдралдаа ийм сайхан хоол идэж үзээгүй мэт. Зутан гэхээр зутан биш, шөл үү гэхээр бас арай ч биш, нуурын эрэг дээр харуй бүрийд идэхэд яг тохирсон амттай хоол санж. Утаа үнэртсэн халуун цай оочилж суухад нойр хүрэх шинжгүй, бүх биеэр нь сэргэг хүч тархана. Тихон өвгөн залуу насаа дурсаж, Груня эмээтэй яаж танилцаж нэг гэрт орсон, үр хүүхдүүдээ хэрхэн өсгөсөн зэргийг хүүрнэв. Хөгшний намуухан өгүүлэх нь хариу нэхэх шиг, Гоша ч өөрийн мэдэлгүй уртаас урт яриа хөврүүлжээ. Өвгөн үгийг нь таслахгүй, юм ч асуулгүй сууж, галдаа хаа нэг гишүү нэмнэ.

Зуны шөнө богино. Нүд анив уу, үгүй юу л гэгээ орно.

- Ганц цаг дугхийе, - гэж өвгөн хэлэхэд түүдгийн дэргэд тус тусын бэрзээнтэн дэвсгэр дээр хажуулж, удаан сууснаас хөшсөн хөлөө таатайяа жийлээ.

Гошаг сэрэхэд Тихон өвөө цай буцалгаж суув.

- Даарч хөрөөгүй биз? – гэж асуухад нь:

- Үгүй дээ, - хэмээн хархүү цовоо цолгиун хариулаад, гар мөрөө хөдөлгөж, доороо хэдэнтээ сууж босоод, нуурын усанд нүүрээ угаахаар гүйн одлоо.

Цэнгэг хүйтэн ус нойрыг үлдэн хөөв. Чихэртэй халуун байхуу балгаж, давс багатай дарсан шинэ ургацын өргөст хэмх шажигнатал зажлан хөөмөл талхаар даруулаад, явахаар бэлдлээ. Түүдгийн цурмыг сайтар унтрааж, өвгөн хогоо уутанд хийн цүнхлээд: “Гэртээ аваачаад хогийн цэг дээр хаяя” – гэв.

Нуурын эрэгт очиход нар хэдийнээ хөөрчихсөн, тунгалаг усны гүн ёроол тодхон миегнэж үзэгдэнэ. Тихон өвгөн чийгийн өтнөөс бүдүүнийг нь шилэн авч уурганы дэгээнд гогодоод, хол оо гэгч нь даялуулан шидсэнд усны мандалд улаан алаг хөвүүр дугариг хээ татуулан бууж, тэрүүхэн тэндээ зөөлөн дайвалзав. Гоша өдий хүртэл ийм олз омогтой явж үзээгүй юм. Усан доороос үл үзэгдэх амьтан хөвүүрийг годхийтэл татаад цааш одоход уурганы үзүүр нумран, хормын дараа мөнгөлөг загас мурилзан гарч ирсэн нь хадар байв. Хөгшин тоосон шинжгүй дэгээнээс загасыг мултлан устай хувинд чулуудаад, өтөө тэгшлэн янзалж, ахин шидлээ. Аз ивээсэн өдөр байна. Хагас цагийн дотор төрөл төрлийн, том жижиг нийлсэн найман загас хувин дотор мурилзаж байв. Уурганы дэгээг хумин, өөшний шижмээр ороогоод Тихон Семёныч албархуу дуугаар: “Явъя!” – гэлээ.

Груня эмээ гал тогоондоо түжигнэж угтав. Халуун шарвингийн үнэр ханх тавьж, том ширээн дээр цахилгаан данх буцална. Тавганд овоолсон шарвин шаргалтан, дэргэд нь шавар аяга дүүрэн өтгөн зөөхий тавьжээ.

Эрчүүд хашааны тосгуурт гар нүүрээ угааж, цэвэр алчуураар аажуу уужуу арчингаа тамхи нэрж, хэдэн үг солих зуур эмгэн шинэхэн загас шарж амжив. Тос үсчсэн том хайруулын тавгийг энгэрэвчний хормойгоор жийрэглэж бариад, ширээний голд тавилаа.

Өглөөний өег хоолны дараа сэтгэл дүүрч, хөдөөний агаарт нам цохиулсан Гоша дэр шүргэмэгц баатар эрийн бөх нойроор нам унтжээ. Тихон Семёныч гэрийн ажлаа хийж, эмгэний шахалтаар дэлгүүрээс чийдэн авчрав.

- Битгий авир. Тогонд цохиулаад сандлаасаа өнхрөөд өгнө. Гошка сэрээд хийчихнэ, - гэж эмгэн хэлсэн ч өвгөн яалаа гэж үгэнд нь орох билээ, сандал дээр авирч гэрлээ эргүүлжээ.

Хархүү өдөржин үхсэн мэт унтаад, орой болоход өндийж ирлээ. Зуны оройн нар гудайж, моносын навчис салхины аясаар зөөлөн сэрчигнэн, цагаан мананд умбах цэнгэг нуурын үнэр цэцгийн балтай холилдон сэнхийх нь зүйрлэж хэлэхийн аргагүй ариун дагшин.

Цай уухаар сууцгаалаа. Нар уулын цаагуур шургаж, гурвуул цайлан, бүрий нөмөртөл хүүрнэлдэнэ... Амар амгалан, ажин түжин...

Тихон өвгөн энэ хорвоод хэсэг зуур үлдэхээр шийдэж: “За, яах вэ. Явдгаараа явж л байя. Бурхны тааллаар, заасан цагт нь одъё. Одоо ч муугүй л байна санж...” – хэмээн бодож суужээ.

 

Зохиолч: Татьяна Хамаганова

Д.Оюунгэрэл 

Ашигласан зураг: Байгал нуур, Ольхон арал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.