МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ӨБХ: Ерөнхий боловсролын сургуулийн хоол...

ӨБХ: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.27/ хуралдаан 14.24 цагт Х.Жангабыл, Д.Рэгдэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах, С.Замира, О.Саранчулуун, Ж.Батсуурь, Д.Ганмаа, М.Сарнай, О.Номинчимэг нарын гишүүд ирснээр ирц бүрдэн эхэллээ.

Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д “Холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.” гэж, 13.9-д “Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо нь Засгийн газар, төрийн бусад байгууллагын хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Боловсролын яамнаас хийсэн үр дагаврын үнэлгээний тайлан болон Өргөдлийн байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдан хийлгэсэн үр дагаврын үнэлгээний тайланг хамтатган хэлэлцэх гэж байгааг Байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдааны эхэнд танилцуулсан юм.  

Боловсролын яамны Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний эхний тайланг танилцуулав.

Тэрбээр, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдан 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд хамрах хүрээ нь 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулж, шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнсээр үйлчлэхээр заасан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын Байнгын хорооны болон Засгийн газрын тогтоол, хуульд заасан дүрэм, журам, стандарт зэрэг 30 гаруй баримт бичиг энэ хугацаанд батлагдсан. 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 1-5 дугаар ангийн 340 гаруй мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаад явж байна. Хуульд заасны дагуу 2023-2024 оны хичээлийн жилд 6-12 дугаар ангийн бүх хүүхдүүдийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах ёстой байсан ч хойшлуулсаар өдийг хүрсэн гэлээ.

Боловсролын яамнаас үнэлгээ хийхэд хуулийн хэрэгжилт 34,6 хувьтай гарсан гээд, дээрх хууль Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиас салбарласан учир тэдгээр хуулийн хэрэгжилттэй шууд холбоотойг тодотгов. Хууль дагаж эрх зүйн баримт бичиг, тогтоол шийдвэрүүд хангалттай гарсан ч хэрэгжүүлэх үе шат дээр оновчтой, тодорхой үр дүн гаргаж хэрэгжээгүй гэдгийг онцолсон юм.

Хуулийн хэрэгжилтэд нөлөөлсөн голлох зүйл нь сургуулийн гал тогоо, хүний нөөцийн асуудал гээд, цаашдаа 6-12 дугаар ангийн хүүхдүүдийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахад гал тогоо, хүний нөөцийн асуудал тулгамдсаар буйг дурдсан. Түүнчлэн хоол зүйч, хүнсний ханган нийлүүлэлт, санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны тендерт оролцох аж ахуйн нэгжүүд тендерийн босгыг давдаггүй зэрэг асуудлуудыг дурдаад, зах, худалдааны төвөөс худалдан авалтыг хийснээр халдвар, аюулгүй байдлыг хангуулахад эрсдэл учруулж байгааг жишээлсэн.  

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдан хийлгэсэн үр дагаврын үнэлгээний тайланг Монголын Хуульчдын холбооны судлаач О.Энххүслэн танилцуулав.

Тэрбээр хуулийн хэрэгжүүлэх зорилгод хүрсэн түвшнийг БНСУ, Япон Улсын туршлагатай харьцуулсан байдал, төсөв санхүү, хяналтын тогтолцоо, шим тэжээл, илчлэгийн байдал хүртээмжийн талаарх судалгааг танилцуулж, ямар дүгнэлт, зөвлөмж гаргаснаа мэдээлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа мөн судалгаа танилцуулсан юм.

Монгол Улсад хамгийн их өвчлөлд хүргэж байгаа асуудал нь хоол тэжээл дэх зохисгүй харьцаа гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганмаа тэмдэглээд, яагаад баяжуулсан хоол хүнсийг төрийн худалдан авалтад оруулах шаардлагатай вэ гэдгийг тодотгосон хэд хэдэн судалгааг толилуулав. Анх үдийн цай хөтөлбөр эхлэх гэж байхад судалгаагаа хийж байснаа тэмдэглээд, монгол хүүхдүүдийн 80 хувь нь Д витамины дутагдалтай байна хэмээлээ. Баяжуулсан сүү энэ асуудлыг маш хурдтайгаар шийдэх боломжтойг тэрбээр онцолсон. 28 хоног Д витаминаар баяжуулсан сүүг хүүхдүүдэд өгөхөд эрэгтэй хүүхдүүдийн өндөр 1 см-ээр, эмэгтэй хүүхдүүдийнх 1,1см-ээр нэмэгдсэн, ингэхдээ жин нэмэгдээгүй гэж байлаа.  

Тэрбээр Д витамин дутагдахад үүсэх үр дагаврын талаар танилцуулж, үүнийг баяжуулсан хүнсээр хэрхэн шийдэж болох талаар жишээлэн тайлбарлав.

Дээрх тайлан, танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Рэгдэл, О.Саранчулуун, Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ж.Батсуурь, О.Саранчулуун, П.Сайнзориг, П.Мөнхтулга нар байр сууриа илэрхийллээ.

Мөн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, хооллох зөв дадал төлөвшүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал танилцуулав.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, М.Сарнай, Ч.Ундрам нар ажилласан юм.   

Ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудыг хуралдаанд оролцуулан шаардлагатай тайлбар, мэдээллийг авч, гаргасан судалгаатай танилцжээ.     

Ажлын хэсгийн хуралдаанаар гишүүд холбогдох албан тушаалтнуудын Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан мэдээллийн хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа энэ хугацаанд Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал тусгагдаж байгаа эсэх асуудлыг хөндөн, төсөвт тусгагдсан тохиолдолд хуулийн хүрээнд асуудал хариуцсан салбарын яамд урьдчилан бэлтгэлээ хангасан эсэх, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, шим тэжээлийн дутагдлын судалгааны үр дүн, сургуулийн хүнсний ханган нийлүүлэлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, эрүүл ахуй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал зэрэг тулгамдаж буй асуудлын талаар асуулт асууж, хариулт авч, санал солилцсон байна.

Мөн ажлын хэсгийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдийн хүсэлтээр Эрүүл мэндийн яамны “Хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт”, “Өсвөр үеийнхний хоол тэжээлийн байдал, тулгамдаж буй асуудал”, Боловсролын яамны хийлгэсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны боловсруулсан хүнс бэлтгэлийн зураглалтай тус тус танилцаж, эдгээр мэдээлэл нь тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл  боловсруулахад үндэслэл болсон гэдгийг ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал дурдсан.

Тэрбээр танилцуулгадаа, 2019 онд Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 53 дугаар тогтоол тус тус батлагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлсэн байна.

“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 53 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 2 дахь дэд заалтад “... дунд ангийн сурагчдыг 2022-2023 онд, ахлах ангийн сурагчдыг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлүүлэн хамруулах” гэж тусгагдсаныг Улсын Их Хурлын 2022 оны 70 дугаар тогтоолоор “дунд, ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үе шаттайгаар тус тус хамруулах” гэж өөрчлөлт оруулан өнөөдрийг хүртэл гал тогооны орчин нөхцөл, хүний нөөц, төсөв санхүүжилт, хүнсний хангамжийн тогтолцоо бүрдээгүй шалтгаанаар ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн суралцагчид “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамрагдаагүй байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд суралцагчдыг тэгш хамруулах зарчмын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн суралцагчдыг үе шаттай бүрэн хамруулах асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцын түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батлах;” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Хүнс, импортын бараа, түлш, эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан 2025 оны 10 сард инфляцын түвшин өссөн байх тул хоолны зардлын нормативыг өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэн шинэчлэн батлах шаардлагатай.

Сургуулийн хоолны үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах чадварт эерэг нөлөө үзүүлэх тул сургуулийн хоолны үйлчилгээнд баяжуулсан хүнс (гурил, сүү, цагаан идээ)-ийг үе шаттайгаар хамруулж, эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийг стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, ундны цэвэр усаар хангах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоо, хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан 5 бүлэг, 14 зүйлтэй батлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд хуулийн хэрэгжилтийг 3 бүлэг, 7 зүйл, 83 заалтын хүрээнд гаргахад нэгдсэн үнэлгээгээр 34.6 хувьтай гарсан байна гэлээ.

Тиймээс ажлын хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

1.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар бүрэн хамруулж, нэг хүүхдэд ноогдох хоолны норматив зардлыг инфляцын түвшин, шим тэжээлийн хэрэгцээг харгалзан нэмэгдүүлэх;

2.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийг эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцүүлж, шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

3.Хүүхдийн өвчлөл, эрүүл мэндийн байдал, хоол, шим тэжээлийн судалгаанд тулгуурлан зохистой, эрүүл хооллолтын дадал хэвшүүлэх, сургуулийн хоол хүнсний эд, бүтээгдэхүүнийг эрдэс амин дэмээр баяжуулж, баяжуулсан болон органик хүнсээр ханган нийлүүлэх арга хэмжээг авах;

4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй механизмыг бүрдүүлэх;

5.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн уялдааг хангах;

6.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа, холбогдох судалгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулах;

7.Хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг бий болгож, орон нутгийн хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоодыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах зэрэг саналыг тусгажээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцээд, Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасан гэдгийг төгсгөлд нь танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Ажлын хэсгээс танилцуулсан саналуудыг тусгасан бөгөөд төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.