МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэл...

ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэлцээр, Протоколыг соёрхон батлах тухай болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.05.28)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 71 гишүүний буюу 56.3 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нарын энэ сарын 21-нд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл тус тус өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд, Засгийн газраас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, мөн энэ сарын 26-нд Засгийн газраас Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад боддлогын байнгын хороонд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус шилжүүлжээ.

Энэхүү Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газраас ирүүлсэн байна. Хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд санал хураалт явуулав. Санал хураалтад 86 гишүүн оролцсоноос 34 нь дэмжиж, олонх нь дэмжсэнгүй. Иймд төслүүдийг ердийн горимоор хэлэлцэхээр боллоо.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнгөрөгч 2025 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Засгийн газраас, дөрөвдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдах хууль нэмж өөрчлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, энэ 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нар тус тус татан авч байгааг танилцуулав.

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 15-ны өдөр Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тавилаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2024 оны есдүгээр сард байгуулсан тус хэлэлцээрт манай улсад нийлүүлэх агаар хөлгийн түлшний нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалтууд тусгагдсан байна.

Хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын Байнгын хороодоор хэлэлцүүлж, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу ОХУ-ын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн тухай сайд илтгэлдээ танилцуулж, үүний үр дүнд хэлэлцээрийн үндсэн эх болон түүнд өөрчлөлт оруулах  зургаан зүйл бүхий протоколын төслийг эцэслэн тохиролцсон гэдгийг мэдээлэв. Засгийн газраас эрх олгосны дагуу протоколд энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан байна.

Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр, агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх, төрийн өмчийн компаниуд хамтарсан компани байгуулж нисэх буудлын шатахууны хангамжийн байгууллагын үйл ажиллагааг хариуцан менежментийг удирдан зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дурдлаа. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн түлш шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Хэлэлцээр болон протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин газрын тос боловсруулах үйлдвэрийг хэлэлцээрт цогцолбор, протоколд байгууламж гэж нэрлэснийг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл зах зээлийн болон биржийн үнийн алинаар агаарын хөлгийн түлшний үнийг тооцох, газрын тосны бусад төрлийн бүтээгдэхүүний асуудлаар гэрээ, хэлэлцээр байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа дундын зуучлагчгүйгээр хамтарсан компани байгуулах болон шатахууны сав, байгууламжийн асуудал туссан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат энэ төрлийн гэрээ хэлэлцээр заавал хийх шаардлагатай эсэх, бусад улсын сайн жишгийг судлах, түлш хадгалах сав, байгууламжийн талаар, мөн Бүгд Найрамдах Казахстан Улсаас түлш авах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр хэлэлцээрийн нэр томьёо алдаатай байгааг засаж, нэг мөр болгох, мөн өмчлөх асуудал тусгагдсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нэг эх үүсвэрээс түлш авахаас гадна олон эх үүсвэрээс авах асуудлыг судалсан эсэх, онгоцны билетийн үнэд өөрчлөлт орох эсэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн уг асуудлыг хэлэлцэх хэлэлцүүлгийг хаалттай явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй байна.

Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид гэрээ, хэлэлцээрийг тохирохоос өмнө Улсын Их Хуралд танилцуулж, чиглэл авч байх, Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой чиглэл өгч байх, ОХУ-тай хийх энэ төрлийн гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат гэрээ хэлэлцээр байгуулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр тодорхой нөхцөлтэйгөөр уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал, газрын тосны бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт болон Гадаад харилцааны яам цаашид хоёр талт болон олон улсын гэрээний асуудлыг Улсын Их Хуралд урьдчилан мэдээлж байхад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар гишүүдийн хэлсэн саналыг анхаарч ажиллах, хэлэлцээрийн төслийн нэр томьёог жигдлэх нэг мөр болгоход анхаарах талаар санал хэлжээ. Хэлэлцээр болон Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Туваан, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцээр соёрхон батлах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, газрын тосны импорт, хангамж, нийлүүлэлт болон газрын тос боловсруулах үйлдвэр, ОХУ-ын талтай хамтарсан компани байгуулах, улс орны түлш, эрчим хүчний аюулгүй болон найдвартай байдал, энэ талаарх олон талын хамтын ажиллагаа бий болгож, түлш, шатахууны олон эх үүсвэртэй болох зэрэг асуудлуудыг хөндөв.

 

Үндсэн хуулийн цэцийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийг Байнгын хороод дэмжжээ

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. Монгол Улсын иргэн Д.Отгонбат Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасныг уг нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөөгүй байна гэжээ.

Иргэний энэхүү мэдээлэл үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц энэ сарын 08-нд хийсэн дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дээрх заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаас дүгнэлтийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар нар үг хэлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна. Санал хураалт явуулахад Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.1 хувь нь дэмжжээ.

Мөн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулжээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, О.Алтангэрэл нар үг хэлж, байр суурь илэрхийлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Батбаатар, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн батлах ажлыг яаралтай зохион байгуулах, хуулийн нийцэл хангагдаагүйгээр үүсэж болзошгүй эрх зүйн эргэлзээтэй нөхцөл байдлыг даамжруулахгүй байх, бусад хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх болон Үндсэн хуулийн цэцээс улс төрийн шийдвэр гаргах явдлыг хязгаарлах, Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн орон гарсан тул хуулийн дагуу даруй нөхөн томилох зэрэг олон асуудлаар байр суурь илэрхийллээ.

 

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал хийв. Хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 6.3 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувь байхаар тооцсон байна. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2027 онд 34 их наяд 780 сая төгрөг буюу ДНБ-ий 30.4 хувь, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 36 их наяд 493 сая 400 мянган төгрөг буюу ДНБ-ий 31.9 хувь байхаар, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 тэрбум 713 сая 400 мянган төгрөг буюу ДНБ-ий 1.5 хувьтай, Засгийн газрын өрийн дээд хэмжээг 57 их наяд 114 сая 900 мянган төгрөг буюу ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэхээр тус тус төлөвлөсөн байна.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой” компанийн тайлантай холбогдуулан тус компани ноогдол ашиг хуваарилах боломжтой эсэх болон менежментийн төлбөр, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тооцоолсон инфляц нь бодит нөхцөлтэй харьцуулахад зөрүүтэй байгааг дурдаж, 2029 онд инфляцыг 5.0 хувьд хүргэх боломж байгаа эсэх, томоохон орд газруудын төрд авах ноогдол ашиг, улсын төсөв төвлөрүүлэх орлогын төсөөлөл, мөн төрийн худалдан авах авалттай холбоотой төсвийн хөрөнгө оруулалтын зардлын өсөлт болон үр өгөөжийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналгүй тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргаагүй байна.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Сайнзориг, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, М.Мандхай, Н.Алтанхуяг Г.Уянгахишиг, О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсвийн бодлогыг хөгжилд чиглүүлж, төсөл, арга хэмжээг эрэмбэлэх шаардлагатайг онцолсон бол богино, дунд хугацааны төсвийн бодлого, төсөөллийг олон улсын геополитикийн нөхцөл байдал, нөлөөллийг харгалзан төлөвлөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх боломжийг хэрхэн ашиглахаар тооцсон тухай Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асууж, хариулт авсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан бодлогын зорилтуудыг төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн асууж, төсвийн хуулийн төслүүдийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцүүлж боловсруулахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлснээс болж улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэж байна гэсэн өнцгөөс асуудалд хандахгүй байх, иргэд, даатгуулагчдын шимтгэлээр бүрддэг Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалыг төсвийн урсгал зардалд оруулж тооцохыг дуусгавар болгох, тэтгэврийн тогтолцоог эрүүлжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг бүрэн авдаг байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар дунд хугацаанд төсвийн зардлыг бууруулах боломж байгаа эсэхийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Оюутолгой ХК-ийн 2026 онд авах 5.2 тэрбум ам.долларын ашгийн 34 хувьд ногдох 6.0 их наядын ногдол ашгийг авахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдан авалтад ногдуулж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувь буцаан олгох саналыг унагасанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг улсын төсвөөр дамжуулан ард иргэдийн амьдрал, амьжиргааг сайжруулах, хүн амын орлогыг дэмжих бодлого явуулах ёстойг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг төсвийн хүрээ, төсөөллийг төлөвлөхдөө орон зайн хүчин зүйлийг тооцох, төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхдээ төсвийн хүрээг өөрчлөхгүй байх, татварын болон бусад орлогыг тооцохдоо хүчин төлөвдөр хууль, тогтоомжийг мөрдөх тухай, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг татварын хуулиудад оруулах өөрчлөлтийг тусгах, орлогын төлөвлөгөө хангагдахгүй байх тохиолдолд уг орон зайг хэрхэн нөхөх талаар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс тодоохой хариулт авав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дэрэв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал хураалтуудыг 16.00 цагт явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.