МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр О.Саранчулуун: Социал демократ хөгжлийн...

О.Саранчулуун: Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо шийдвэр гаргагчдад нөлөөлөх тогтолцооны томоохон гүүр нь болно

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга О.Саранчулуунтай ярилцлаа.

Үнэн
Админ

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга О.Саранчулуунтай ярилцлаа.

 -Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийн өмнө байгуулж байгаад хардах хүн нийгэмд олон байна. Тиймээс энэ холбоог яагаад одоо байгуулж байгааг ярилцлагын эхэнд танаас асууя?

-Нийгэмд ийм хардлага, ажиглалт байхыг би үгүйсгэхгүй, бас буруутгахгүй. Арга ч үгүй биз дээ, сонгууль дөхөхөөр л гэнэт "хайр зарлаж", элдэв хөдөлгөөн, холбоо олноор байгуулдаг жишиг манайд харагддаг шүү дээ. Тэгвэл би энэ удаад арай нухацтай учир шалтгаан дурдъя.

Нэгдүгээрт, олон улсын улс төрийн намуудын шилдэг жишиг: Дэлхийн өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудын томоохон намууд, тэр дундаа ХБИ-ий эрхийг тууштай хамгаалдаг Германы Социал Демократ нам (SPD)-ын дэргэдэх “Selbstaktiv” холбоо, эсвэл Шведийн Социал Демократ намын бүтцийг харж болно.  Эдгээр намын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь удирддаг албан ёсны холбоо, ажлын хэсгүүд байнгын, тогтвортой ажиллаж, намынхаа бодлогыг тодорхойлоход шууд оролцдог. Бид энэ л соёл, стандартыг Монголын улс төрд нутагшуулж байна.

Хоёрдугаарт, хууль эрх зүйн шинэ орчин, бодит шаардлага: Шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд дотоод бүтэцдээ нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, төлөөллийг заавал хангах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодлого боловсруулах түвшинд оролцуулах, тэдний улс төрийн оролцоог дэмжих тухай бодит заалтууд тусгагдсан. Тэгэхээр энэ холбоог байгуулж байгаа нь хуулийн энэ зохицуулалтыг амьдралд бодитоор хэрэгжүүлэх, намын институцийг шинэчлэх цаг үеэ олсон алхам юм. Бид хэдэн сарын өмнө АН ч холбоогоо байгуулсныг харж л байсан. Улс төрийн туршлагатай олон гишүүнтэй намуудын хувьд энэ байх л асуудал. Би бүр ХҮН нам хэзээ хийх нь үү гээд харж байгаа шүү дээ /инээв/.

Гуравдугаарт, бодлогын залгамж холбоо ба тогтолцооны шинэчлэл: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэдэг бол үндсэндээ сонгуульд ялсан, эсвэл засаг барих намын л мөрийн хөтөлбөр байдаг. Тэгвэл ХБИ-ий асуудлыг Засгийн газрын түвшинд бодитой ажил хэрэг болгоё гэвэл хамгийн түрүүнд намын мөрийн хөтөлбөрт уг асуудлыг шинжлэх ухаанч, судалгаатай, зөв суулгах ёстой. Энэхүү холбоог байгуулснаар намын гишүүдийн хандлага, ойлголтыг анхан шатнаас нь сайжруулах, улмаар батлагдсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн дунд, дээд шатны шийдвэр гаргагчдад нөлөөлөх тогтолцооны маш том гүүр бий болж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд манай парламент олон ургальч, төлөөллийн зарчмыг хангадаг болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл анх удаа хууль тогтоох дээд байгууллагад сууж байна. Энэ түүхэн боломжийг ашиглан бид зөвхөн нэг гишүүний дуу хоолойгоор хязгаарлагдахгүй, цаашдаа институцийн хувьд зохион байгуулалтад орж, хүртээмж, хөгжлийн бодлогоо урт хугацаанд тогтвортой авч явах хэрэгцээ үүсэж байгааг энд дурдах нь зүйтэй.

Сонгууль ирж, буцах нь цаг хугацааны асуудал. Харин социал демократ үзэл баримтлалын суурь үнэт зүйл болох тэгш эрх, эв эе, нийгмийн шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн жинхэнэ амьд ардчиллыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад бодит нөлөөлөх бүтэц нь энэ холбоо юм.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд төлөөлөлтэй болж, өнөөдөр та тэдний дуу хоолой болон ажиллаж байна. Бодлого тодорхойлох түвшинд ажиллахад тулгарах асуудал олон байгаа нь мэдээж. Асуудлуудыг бодитоор харж, хүнд наалдсан ажил хийхэд дээрх холбоо нэг хөшүүрэг нь байх болов уу?

-Маш том хөшүүрэг, ар талын хүчтэй багана болно гэж харж байна. Төрд нэг төлөөлөлтэй болсноор бүх асуудал шийдэгдчихгүй. Төрийн ордонд сууж байгаа ганц гишүүн 110 мянган хүний өдөр тутмын амьдралын нарийн зовлон, бэрхшээл бүрийг ганцаараа тэмтэрч, олж харна гэдэг өрөөсгөл юм.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод зааснаар төрөөс шийдвэр гаргах, бодлого боловсруулах бүхий л шатанд тухайн иргэдийн өөрсдийнх нь идэвхтэй оролцоог хангах тухай тодорхой тусгасан байдаг. Энэ холбоог байгуулснаар конвенцын энэхүү суурь зарчмыг амьдралд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бодитоор, тогтмол төр засагт хүргэх гүүр болоод зогсохгүй, батлагдсан бодлого шийдвэрүүд хөрсөн дээрээ хэрхэн хэрэгжиж байгаад байнгын оролцоотойгоор хяналт тавих иргэний нийгмийн хяналтын тогтолцоо бүрдэж байгаа юм.

"Бидэнгүйгээр бидний тухай шийдвэр гаргаж болохгүй" гэдэг  алдартай зарчим яг үүн дээр л бодитоор хэрэгжинэ.

Энэ холбоо нь яг ийм эгэл жирийн гэр бүлүүдийн амьдралаас ургаж гарсан, салбар бүрийн, аймаг, сум бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит дуу хоолой, судалгаа, саналыг нэгтгэн зангидах "Мэдээллийн болон бодлогын зангилаа" байх юм. Энэ тохиолдолд яг өнөөдөр, ирэх хоёр жилдээ ч тэр миний зүгээс хууль тогтоогчийн хувьд хийж чадах хамгийн сайн ажил бол тэднээс ирж буй дуу хоолой, шийдлүүдийг УИХ-ын түвшинд олон дахин үржүүлж, нэмэгдүүлж, хууль тогтоомж болон төсөвт суулгах замаар эрх зүйн хувьд баталгаажуулж өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл, холбоо маань хөрсөн дээрх асуудлыг шүүрдэж, тогтолцооны хяналтаа тавина. Харин миний хувьд  байгаа хугацаандаа  тэрхүү хамтын дуу хоолойг парламентад хүчтэй цуурайтуулах баталгаа нь болж ажиллахыг зорьж байна. 

-МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ бодлогын 11 хороог байгуулсны нэг нь Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын  хороо. Та энэ хороог ахлах болсноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг бодитоор эрэмбэлж ажлаа эхлүүлээд байгаа. Тиймээс Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны бодлого, ажил нь илүү хурдан хугацаанд зорилтод бүлэгтээ хүрнэ гэсэн хүлээлттэй байна?

-Зөв л дөө, хүлээлт  байх нь. Ингэж байж л ажил хурдлах, урагшлах бодит хөрс бүрдэнэ. Өмнө нь хүлээлтийн тухай ойлголт ч бараг байдаггүй байсныг МАН-ын Удирдах зөвлөлийн гаргасан энэ шийдвэр өөрчилсөн.  “Хүмүүс харж байгаа юм чинь, за одоо юу хийх нь үү” гээд л харна.  Намын Удирдах зөвлөлөөс дэргэдээ бодлогын 11 хороог байгуулсан нь өнгөрсөн хугацаанд жагсаалтын гишүүдийг намтай нь бодлогын хувьд маш нягт холбосон, улс төрийн туйлын зөв, алсын хараатай алхам болсон юм. Жагсаалтаар сонгогдсон гишүүд бол аль нэг тойргоос биш, нийгмийн тодорхой салбар, бүлгүүдийн бодит төлөөлөл, дуу хоолой болж орж ирдэг онцлогтой. Эдгээр бодлогын хороог байгуулснаар салбар хариуцсан гишүүд зөвхөн хувь хүний зүгээс биш, намынхаа бодлогын томоохон институц, механизмаар дамжуулж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх амьд холбоо, талбар нь бүрдсэн. Бодлогын хороо болон шинээр байгуулагдаж буй Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ажлын хоршил, хурдыг энгийн жишээгээр зүйрлэвэл, гэр бүлд нэг хүн өвдөхөд аав, ээж хоёр нь дээрээс нь харж байгаад эм тарианы мөнгийг нь зохицуулдаг. Энэ бол манай намын бодлогын хороо буюу стратеги, төсвийн түвшин. Харин дэргэдэх ах, эгч нар нь яг аль эмийн сан руу гүйх үү, ямар аяга халуун шөл хийж өгөх үү гэдгийг гардан гүйцэтгэдэг. Товчхондоо энэ бол манай холбоо буюу хөрсөн дээрх гүйцэтгэл байх юм.

Намын дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог ахалж зургаан сар ажиллахдаа хэд хэдэн зүйлийг эхлүүлчихлээ. Нэгд нь, “Хүртээмжтэй намын хороо” удирдамж боловсруулж, шилдэг намын хорооны үзүүлэлтийг гаргаж уралдаан аян болгож зарласан. Хоёрт нь, “Гэрээсээ гарцгаая” хөдөлгөөнийг эхлүүлж бүх аймгийн Засаг дарга нарт өнгөрсөн жил боловсруулж өгсөн 32 үйл ажиллагааны гүйцэтгэлийг багцалсан хүртээмжийг хангах 13 шийдвэрийг “Ингэж хийнэ үү” гэсэн акцууд хийлээ. Түрүүчээсээ Засаг дарга нар ойлгоод аймаг орон нутагтаа өөрчлөлт ахиц гаргасаар байна. Манай бодлогын хорооны гишүүдээр ахлуулсан дэд баг үүсгэж “Шошго” төслийг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүний хийсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа гээд дурдвал ажил бий. Хүмүүс “Яагаад аян болчихов оо” гэж асуух байх. Шинэ хуулийн төслийг танилцуулж амьдрал дээр ямаршуу өөрчлөлт авчрах гээд байгаагаа туршилтын төслөөр үзүүлж байгаа гэх юм уу даа. Ингэж байж ойлголт, хандлагын хөрс бий болно. Харин Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо маань орон даяарх салбараараа энэхүү аян хөдөлгөөнүүдийг нутгийн удирдллагын түвшинд шаардах хэрэгжүүлэх, хянах бүрэн боломжтой.

-Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж мэдээлсэн. Тэгэхээр эдгээр хүмүүст чиглэсэн ажлаа юунаас эхлүүлэхээр болоод байна вэ?

-Миний хувьд том жижиг олон ажил эхлүүлсэн. Тэдгээрээс хам­гийн чухал  буюу  гурван зүйлийг онцолмоор байна. Өөрөөр хэлбэл, салбарын оролцоо шаардсан ажлууд байгаа юм. Үүнд,

Нэгдүгээрт, хүртээмжийн аудит ба дэд бүтэцийн суурь бий болгох. Өөрөөр хэлбэл, бүх түвшинд тайлбарлан таниулах ажлыг хийж байна. Барилга байгууламж, зам талбайн хүртээмжийг зөвхөн налуу шатаар төсөөлж болохгүй. Мэдээллийн хүртээмж маш чухал. Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй охин цахимаар төрийн үйлчилгээ авах гэтэл дохионы хэлний орчуулга байхгүйгээс заавал аав, ээжийгээ дагуулж очих хэрэгтэй болдог. Бид цахим болон орчны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах стандарт хэрэгжилтийг шахна.

Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн хараат бус байдал. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, халамж аваад гэртээ суух биш, сурч боловсрох, хөдөлмөрлөж, өөрийн орлогоороо амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлийг үнэлэх тогтолцооны шинэчлэл байх юм. Жил бүр эмнэлгийн комисс дээр очиж "Миний хөл ургаагүй хэвээрээ байна, миний хараа зүгээр болоогүй байна" гэж батлах гэж тарчилдаг тэр хүнд суртлын тогтолцоог хална. Зөвхөн эмнэлгийн оношоор биш, тухайн хүний нийгмийн оролцооны боломж, алдагдлаар нь үнэлдэг олон улсын жишиг рүү (ICF) шилжих ажлыг шуурхайлна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь өрөвдөхийн нэр биш, харин тэдний тэгш оролцоог хангахад оршдог. Үүний тулд тэдний эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь ойрын хугацаанд эхлүүлэх ёстой асуудлын нэг гэж бодож байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж, өрөвдөлт, эсвэл хэн нэгний нигүүлсэнгүй сэтгэл биш, ердөө л хүний эрх, тэгш боломж хэрэгтэй байгаа юм. Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль бий. Гэвч энэ хууль амьдрал дээр хэрэгжих санхүүгийн болон хариуцлагын механизм дутагдалтай байна. Бид эрх зүйн орчныг шинэчлэхдээ тунхаглалын шинжтэй заалтуудыг хасаж, хэрэв хүртээмж хангаагүй бол, эрхийг нь зөрчсөн бол ямар хариуцлага хүлээх вэ гэдэг механизмыг хуульчилж өгөх ёстой. Эрх зүйн шинэчлэл бол тэднийг нийгмийн идэвхтэй бүтээгч байх суурийг тавих хамгийн гол алхам мөн.

-Хүн бүр улстөрч болохгүй ч хүрээлэн буй орчиндоо бусдадаа үлгэр дуурайл үзүүлдэг манлайлагч нь байж болно. МАН-ын хүн төвтэй бодлоготой уялдуулан хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг хэрхэн хамруулах боломжтой гэж та бодож байна вэ?

-Төр ганцаараа зүтгээд нийгмийг тэр чигт нь өөрчилж, хандлагыг засаж чадахгүй. Энд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн гуравласан түншлэл маш чухал. МАН-ын "Хүн төвтэй" бодлогын цөм нь хэнийг ч нийгмийн хөгжлөөс гадна үлдээхгүй байх явдал юм.  Би энд нэг жишээ дурдъя. Миний мэдэх нэгэн жижиг нарийн боовны цех байдаг юм. Тэнд дауны хам шинжтэй хоёр залуу ажилладаг. Тэр компанийн захирал хэлэхдээ "Энэ хоёр хүүхэд манайд ажилд орсноос хойш хамт олон маань илүү зөөлөн, бие биедээ тусалдаг, яг л нэг дулаахан гэр бүл шиг болсон. Манай компанийн бүтээмж ч дагаад өссөн" гэж ярьж байсан.

Энэ захирал өөрөө улстөрч биш ч гхүрээлэн буй орчиндоо, бусдадаа маш том өөрчлөлт, үлгэр дуурайл авчирсан манлайлагч мөн үү гэвэл гарцаагүй мөн. Төгсгөлд нь хэлэхэд, Хувийн хэвшлийн хувьд бид тэднийг зүгээр л хуулиар шахаж, торгож шийтгэхээс илүүтэй яг ийм халуун сэтгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан, орчныг нь бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүдийг татварын болон бусад хөшүүргээр урамшуулах, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд "Нийгмийн хариуцлагатай бизнес" гэдэг брэндингийг нь дэмжих бодлого барих хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагуудын хувьд олон жил энэ чиглэлээр тууштай ажилласан ТББ-уудын туршлагыг үнэлж, төрийн зарим чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх, тэднийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах шаардлагатай байна. Нийгмээрээ нэгэн гэр бүл шиг бие биенээ дэмждэг, хүндээ наалдсан тэр соёлыг бид хамтдаа бүтээж байж эх орондоо сайхан амьдарна шүү дээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.