П.Гомболүүдэв: Дулаарал нэмэгдэхийн хэрээр цаг агаар улам тогтворгүй болно
Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, Монголд үзүүлэх нөлөө, цаашдын төлөвийн талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.ГОМБОЛҮҮДЭВ-тэй ярилцлаа.
Дэлхийн дундаж температур тасралтгүй өсөж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бүс нутаг бүрд өөр өөр хэлбэрээр илэрч байна. Монгол Улсад ч мөн адил хуурайшилт, ган, зуд, үер зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын хэв шинж өөрчлөгдөх хандлага ажиглагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, Монголд үзүүлэх нөлөө, цаашдын төлөвийн талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.ГОМБОЛҮҮДЭВ-тэй ярилцлаа.
-Дэлхийн дулаарал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв болоод байна. Цаг уурын шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ үйл явц хэзээнээс эхэлсэн бэ. Өнөөдөр ямар шатанд явж байгаа бол?
-Дэлхийн дулаарал бол сүүлийн хэдхэн жилийн асуудал биш. Эхлэл нь XVIII зууны сүүлчээс өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалтай салшгүй холбоотой. 1880-аад оноос нүүрс, газрын тос зэрэг малтмал түлшний хэрэглээ эрчимтэй өсөж, улмаар агаар мандалд хүлэмжийн хийн ялгаралт эрс нэмэгдсэн. Хүлэмжийн хийн хамгийн том бүрэлдэхүүн нь нүүрсхүчлийн хий (CO₂). Үүнээс гадна метан (CH₄), азотын исэл (N₂O) зэрэг нь дэлхийн дулааралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Эдгээр хий агаар мандалд аажмаар хуримтлагдсанаар дэлхийн гадаргаас сансарт алдагдах ёстой дулааныг барьж, дэлхийн дундаж температурыг өсгөх хүлэмжийн нөлөөг эрчимжүүлдэг. Эрдэмтдийн олон арван жилийн ажиглалтаар XX зууны төгсгөл, ялангуяа 1990-ээд оны эхэн үеэс дэлхийн олон бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү тод мэдрэгдэж эхэлсэн. Монгол Улсад ч мөн адил олон жилийн дундаж агаарын температур, хур тунадасны горим, улирлын хэв шинжид мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, урьд өмнө тогтвортой байсан уур амьсгалын төлөв өөрчлөгдөж эхэлсэн гэсэн үг.
Тиймээс 1990-ээд оноос дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Үүний үр дүнд 1992 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц батлагдаж, 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс эхлэн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон улсын хэмжээнд хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдсэн. Бид яг одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж буй үед амьдарч байна. Дэлхийн дундаж температур тогтмол өсөж, халалтын давтамж, ган, үер, хүчтэй шуурга зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим олон бүс нутагт нэмэгдэж байгаа нь үүний тод илрэл юм.
-Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал байгалиас явагддаг уур амьсгалын мөчлөгөөс юугаараа өөр вэ?
-Дэлхийн уур амьсгал түүхийн туршид байгалийн жамаараа дулаарч, хөрж ирсэн мөчлөгтэй. Тэр байгалийн мөчлөг дээр хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нэмэлт хүлэмжийн хийн ялгаралт давхар нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, нүүрсхүчлийн хий (CO₂) агаар мандалд байгалиасаа байдаг. Тодорхой хэмжээний агууламж нь дэлхий дээр амьдрал оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй. Хэрэв агаар мандалд хүлэмжийн хий огт байхгүй байсан бол дэлхийн дундаж температур ойролцоогоор -18°C орчим байх тооцоо бий. Харин байгалийн хүлэмжийн нөлөөний ачаар дэлхийн дундаж температур +15°C орчим байна. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийг амьдрах боломжтой дулаан орчин болгож байгаа хэрэг.
Асуудал нь хүний үйл ажиллагаа, ялангуяа нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг малтмал түлшний хэрэглээ эрчимжсэнээр агаар мандал дахь CO₂-ын хэмжээ хэвийн түвшнээс давж эхэлсэн явдал юм. Үүний улмаас дэлхийн дундаж температур 1800-аад оноос хойш ойролцоогоор 1.2–1.3°C-аар нэмэгдсэн. Тооны хэлээр харахад бага мэт боловч дэлхийн хэмжээний дундаж температур ийм хэмжээгээр өсөхөд ган, халалт, үер, хүчтэй шуурга зэрэг эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим мэдэгдэхүйц нэмэгддэг. Хэрэв дулаарал цааш үргэлжилбэл байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, усны нөөцөд үзүүлэх эрсдэл улам өснө гэдгийг эрдэмтэд тооцсон. Энэ тухай хамгийн өргөн хүрээний үнэлгээг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газрын мэргэжилтнүүдийн бүлэг (IPCC) тогтмол хийдэг. Дэлхийн олон мянган эрдэмтэн оролцдог энэ байгууллага 5–7 жилийн давтамжтайгаар уур амьсгалын өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, эрсдэлийн үнэлгээний тайлан гаргадаг юм. Одоогийн байдлаар агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж 420 ppm (саяд эзлэх цхэсэг)-ээс давсан нь сүүлийн хэдэн сая жилийн хамгийн өндөр түвшний нэг гэж үзэж байна. Энэ нь дэлхийн дулаарал цаашид үргэлжлэх эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байгаа юм.
-Ойрын жишээгээр ярья. Энэ зун Европын олон оронд түүхэн халалт ажиглагдаж байхад Монголд зургадугаар сарын эхний 20 хоног сэрүүн байлаа. Дэлхийн нэг хэсэгт хэт халж, нөгөө хэсэгт сэрүүсэж байгаа энэ үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
-Юуны өмнө цаг агаар болон уур амьсгал гэсэн хоёр ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй. Цаг агаар бол өдөр, долоо хоног, сараар байнга өөрчлөгдөж байдаг богино хугацааны үзэгдэл. Харин уур амьсгал гэдэг нь тухайн бүс нутгийн 30-аас доошгүй жилийн ажиглалтын дундаж төлөв юм. Дэлхийн бүс нутаг бүр өөрийн гэсэн тогтсон уур амьсгалын онцлогтой. Жишээлбэл, Монгол Улс эрс тэс эх газрын уур амьсгалтай. Экваторын бүс нутаг халуун, чийглэг бол туйл орчмын бүсүүд хүйтэн уур амьсгалтай. Гэвч уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр энэ тогтсон хэв шинж алдагдаж, агаар мандлын ерөнхий эргэлтийн тогтолцоо илүү тогтворгүй болж байна.
Агаар мандлын урсгал шулуун биш, долгион хэлбэрээр хөдөлдөг. Энэ долгион өндөрсөж, хойд зүг рүү хүчтэй түрэхэд халуун орны агаар өндөр өргөрөг рүү нэвтэрч, удаан үргэлжилсэн халалт бий болдог. Харин хэвтээ чиглэл дэх хөдөлгөөн өмнө зүг рүү гүн сунах үед Арктикийн хүйтэн агаар дунд өргөрөг рүү түрэн орж ирснээр улиралдаа тохироогүй сэрүүсэл ажиглагддаг. Тиймээс дэлхийн нэг хэсэгт хэт халалт, нөгөө хэсэгт ердийнхөөс сэрүүн нөхцөл зэрэгцэн ажиглагдах нь уур амьсгалын өөрчлөлтийн нэг илрэл юм. Зургадугаар сард Европын олон оронд хүчтэй халалтын давлагаа үргэлжилж байхад Монгол орны дээгүүр Арктикийн сэрүүн агаарын урсгал зонхилж, олон жилийн дунджаас сэрүүн нөхцөл бүрдсэн. Гэхдээ ийм богино хугацааны сэрүүсэл нь дэлхийн дулаарал саарсан гэсэн үг биш. Харин агаар мандлын урсгалын хэлбэлзэл улам эрчимжиж, цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаагийн нэг жишээ гэсэн үг.
Өмнө нь энэ үзэгдлийг ихэвчлэн "дэлхийн дулаарал" гэж нэрлэдэг байсан бол өнөөдөр "уур амьсгалын өөрчлөлт" гэсэн ойлголтыг илүү өргөн хэрэглэдэг болсон. Учир нь энэхүү өөрчлөлт нь зөвхөн температур өсөхөөр хязгаарлагдахгүй. Халалтын давлагаа, эрчимтэй хур тунадас, ган, үер, хүчтэй шуурга, улирлын хэв шинжийн өөрчлөлт зэрэг олон төрлийн эрс тэс үзэгдлийг хамардаг. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт нь нэг бүс нутагт халалт, нөгөө бүс нутагт сэрүүсэл ажиглагдах нөхцөлийг бий болгодог.
-Ойрын хэдэн жил Монгол орны цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ямар байх таамаглалтай байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт аажмаар өрнөдөг учраас хүмүүс заримдаа ганц, хоёр жилийн цаг агаараар дүгнэх гэж андуурдаг. Нэг жил дулаан, хур бороо элбэг байвал "цаг агаар сайжирч байна" гэж ойлгодог. Гэвч дараагийн жил нь эсрэгээрээ хүчтэй ган, эсвэл зуд нүүрлэх тохиолдол улам олширч байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн онцлог. Цаашид ч бид илүү олон хуурай, гантай зун, зарим жил цас ихтэй хатуу өвөл, зарим жил харьцангуй дулаан өвлийг ээлжлэн үзэх магадлал өндөр байна. Энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын урт хугацааны төсөөлөл хоёр өөр ойлголт юм. Өнөөгийн шинжлэх ухааны түвшинд тодорхой газар нутгийн цаг агаарын төлөвийг хамгийн өндөр нарийвчлалтайгаар ойролцоогоор 10–14 хоногийн өмнөөс урьдчилан мэдээлэх боломжтой. Харин сар, улирал, жил, түүнээс урт хугацаанд тодорхой нэг өдөр ямар цаг агаар болохыг хэлэх боломжгүй. Ийм үед зөвхөн олон жилийн дундаж хандлага, өөрчлөлтийн магадлалыг тооцдог.
Тиймээс "2035 онд ийм өдөр ийм цаг агаар болно" гэж хэлэх боломжгүй ч XXI зууны дунд болон төгсгөл үеэр Монгол орны уур амьсгал ямар чиглэлд хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолох боломжтой. Уур амьсгалын загваруудын тооцоогоор хүлэмжийн хийн ялгаралт өндөр хэвээр үргэлжилбэл XXI зууны төгсгөл гэхэд Монгол орны жилийн дундаж агаарын температур өнөөгийнхөөс ойролцоогоор 6–8°C-аар нэмэгдэх эрсдэлтэй байна. Өвлийн улиралд хур тунадас илүү их нэмэгдэх төлөвтэй. Зарим бүс нутагт цасан бүрхүүл мэдэгдэхүйц өсөх боломжтой. Харин зуны улиралд хур тунадасны өсөлт харьцангуй бага байх төлөвтэй. Мөн агаарын температур эрчимтэй өсөхийн улмаас ууршилт илүү ихэсч, хөрсний чийг багасах учраас нийтдээ хуурайшилт, гангийн эрсдэл нэмэгдэх төлөв давамгайлж байна. Зуны хуурайшилт, ган нь өвөлдөө бэлчээрийн доройтол, тэжээлийн хомстолыг бий болгож, улмаар зудын эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн нэг улирлын асуудал биш, улирлууд хоорондоо харилцан уялдаатайгаар нөлөөлдөг урт хугацааны процесс гэж болж байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийг дагасан байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, энэ төрлийн судалгаа хийгддэг үү. Статистик мэдээллээс хуваалцана уу?
-Уур амьсгалын өөрчлөлтийн дагасан байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэн. Монгол Улсын олон жилийн ажиглалтын мэдээлэл, сүүлийн 30 жилийн статистикийг арван жилийн давтамжаар авч үзвэл, 1989–1998 онд жилд дунджаар 29 удаа аюулт болон гамшигт үзэгдэл бүртгэгдэж байсан бол 1999–2008 онд энэ үзүүлэлт 53 болж өссөн. Сүүлийн арван жилд бол жилийн дундаж давтамж 80 орчимд хүрсэн. Энэ нь зөвхөн тоон өсөлт биш, нийгэм, эдийн засагт учруулж буй хохирол ч улам нэмэгдсэн. Тухайлбал, 2001–2021 онд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Монгол Улсад 539 хүн амь насаа алдаж, 29.8 сая орчим толгой мал хорогдож, 681.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан байна.
Ирээдүйн уур амьсгалын загварууд ч эрсдэлийн түвшин буурахгүй, харин өсөх төлөвтэй байгааг харуулж байгаа. Тооцооллоор XXI зууны дунд үе буюу 2050 он гэхэд гангийн давтамж 5–45 хувиар, зудын давтамж 5–40 хувиар нэмэгдэх магадлалтай. Үерийн эрсдэл ч өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Судалгаагаар 1966 оны Улаанбаатар хотын томоохон үертэй дүйцэх хэмжээний хур тунадас орох тохиолдолд үерт автах талбай уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2050 он гэхэд өнөөгийн тооцооллоос ойролцоогоор 20.8 хувиар нэмэгдэхээр байна. Мөн хуурайшилт, температурын өсөлттэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж, түймрийн голомт үүсэх өндөр эрсдэлтэй бүс нутгийн хэмжээ ойролцоогоор есөн хувиар тэлэх магадлалтай байгаа. Эдгээр тоон үзүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгаль орчны асуудал биш, хүн амын аюулгүй байдал, эдийн засаг, мал аж ахуй, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг бүхий л салбарт нөлөөлөх үндэсний хэмжээний сорилт болсныг харуулж байна.
-Дэлхийн хэмжээнд авч үзвэл уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хүчтэй нөлөө аль бүс нутагт ажиглагдаж байна вэ?
-Агаарын температурын өсөлтийн хурдыг авч үзвэл хамгийн их өөрчлөлт Хойд туйлын бүсэд буюу Арктикт ажиглагдаж байна. Энэ бүс дэлхийн дунджаас хэд дахин хурдан дулаарч байгаа нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн тод илрэлүүдийн нэг юм. Арктикийн дулаарал эрчимжихийн хэрээр далайн мөс, мөн Гренландын мөсөн бүрхүүл хайлж, далайн түвшин нэмэгдэхэд нөлөөлж байна. Үүнээс гадна цас, мөсний талбай багассанаар нарны гэрлийг ойлгох чадвар буурч, дулаан илүү их шингээдэг тул дулаарал өөрөө өөрийгөө улам эрчимжүүлэх хандлага бий болдог. Үүнийг шинжлэх ухаанд Арктикийн өсгөлт (Arctic amplification) гэж нэрлэдэг.
Нөгөө талаар эх газар далай, тэнгисээс илүү хурдан дулаарч байна. Учир нь ус их хэмжээний дулааныг шингээж, удаан хугацаанд хадгалдаг бол эх газрын гадарга илүү хурдан халж, хөрдөг онцлогтой. Тиймээс хуурай газрын бүсүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг илүү тод мэдэрч байна. Ялангуяа өндөр болон дунд өргөрөгт орших улс орнууд, тухайлбал Монгол Улс, Оросын өргөн уудам нутаг, Европын хойд болон төв хэсгийн орнуудад агаарын температурын өсөлт, улирлын хэв шинжийн өөрчлөлт, эрс тэс цаг агаарын үзэгдлийн давтамж илүү тод ажиглагдаж байна. Халуун орны болон экваторын бүсүүд өндөр температурт байдаг байдаг тул уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тэнд бага байгаа ч хэт халалтын давалгаа, хүчтэй аадар бороо, хар салхи, ган, усны хомсдол зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа ч түүний хэлбэр, эрчим нь газарзүйн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй илэрч байна.
-Хиймэл оюун ухаан сүүлийн жилүүдэд бараг бүх салбарт хүчтэй нэвтэрч байна. Цаг уурын салбарт энэ технологийг хэрхэн ашиглаж байна вэ?
-Цаг уурын шинжлэх ухаан бол хиймэл оюун ухааныг хамгийн өргөн ашиглаж эхэлсэн салбаруудын нэг. Учир нь агаар мандал дангаараа ажилладаггүй. Агаар мандал газар, далай, мөсөн бүрхүүл, ургамалжилт зэрэг дэлхийн бүх системтэй байнга харилцан үйлчилж байдаг. Эдгээр олон хүчин зүйлийн харилцан нөлөөллийг нэгэн зэрэг тооцоолж байж цаг агаарын урьдчилсан мэдээ болон уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийг загварчилдаг. Ийм тооцоолол хийхийн тулд асар их хүчин чадалтай супер компьютер ашигладаг. Учир нь дэлхийн гадаргыг маш жижиг торон нүднүүдэд хувааж, тухайн цэг бүрийн температур, даралт, салхи, чийгшил зэрэг олон үзүүлэлтийг гурван хэмжээст орон зайд зэрэг бодох шаардлагатай болдог. Торон нүдний хэмжээ жижиг байх тусам тооцоолол илүү нарийвчлалтай болдог ч үүний хэрээр компьютерын хүчин чадлын хэрэгцээ эрс өсдөг.
Манай улс ч цаг агаарын тооцоололд супер компьютер ашиглаж байна. Одоогийн байдлаар үндэсний цаг уурын загварын орон зайн нарийвчлал нь ихэнх нутагт ойролцоогоор 2.5 км, Улаанбаатар хот орчимд нэг км байгаа. Өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал Япон, Европын зарим улс дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай супер компьютерын төвүүдийг ашиглан дэлхийн хэмжээний цаг агаар, уур амьсгалын тооцооллыг тасралтгүй хийж байна.
Д.Отгонжаргал
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.