Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн таван намын төлөөллийн 19 гишүүнээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулсан.
Өнөөдөр Монгол Улсын иргэд банкны карттай, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Санхүүгийн хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан олон асуудал, гомдлыг цаашид хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул хуулийн төсөл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа, эсхүл авсан хувь хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг төсөл санаачлагч гишүүн Э.Болормаа энэ үеэр онцлов.
Иймд уг хуулийн төслийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх агуулгаар боловсруулсан гэж байлаа.
Тус хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаас, даатгалын компаниуд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг этгээдүүдэд мөн хамаарах аж.
Хуулийн төсөлд тусгагдсан зарим зохицуулалтдаас дурдвал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, нийт өртөг, түүний задаргаа, төлбөрийн хуваарь, онцлог, эрсдэл болон үр дагаврын талаар бүрэн гүйцэд, үнэн зөв, ойлгомжтой, харьцуулж болохуйц мэдээллээр иргэдийг хангах, санхүүгийн хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн гэрээний агуулга, нөхцөл, хүү, хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарлах үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа эдгээр мэдээллээр хангаснаа нотолж, зохицуулагч байгууллагаас баталсан хяналтын хуудсаар баталгаажуулах, улмаар зээл олгохдоо зээлийн бодит өртгийг танилцуулах үүрэгтэй бөгөөд зээлийн бодит өртөг нь зарласан хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн 365 хоногоор тооцсон хувиар илэрхийлсэн үзүүлэлт байна гэдгийг тодорхой тусгасан байна.
Харин зохицуулагч байгууллага нь бусад хуульд заасан чиг үүргээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.
Санхүүгийн хэрэглэгчийн өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон үйлчилгээг сонгох, санхүүгийн нөөцийг зохистой удирдах мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батлах бөгөөд, уг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын агуулга, төлөвлөгөөг зохицуулагч байгууллага болон салбар бүрийн мэргэжлийн холбоод хамтран баталж, хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын санхүүгийн үйлчилгээний талаарх маргааныг үнэ төлбөргүйгээр түргэн шуурхай, хараат бусаар шийдвэрлэх чиг үүргийг бие даасан, мэргэшсэн санхүүгийн омбудсман хэрэгжүүлж болох бөгөөд түүний эрх зүйн байдал, үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг мөн зохицуулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангах, улмаар уг зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх замаар тус салбарын урт хугацааны хөгжлийг дэмжиж, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.