Шатахуун яагаад хомсдов
Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 бензин хязгаарлаж лимиттэйгээр худалдаалах, урт дараалал үүсэх, улмаар үнэ нэмэгдэх үзэгдэл гарч байна.
Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 бензин хязгаарлаж лимиттэйгээр худалдаалах, урт дараалал үүсэх, улмаар үнэ нэмэгдэх үзэгдэл гарч байна. Иргэдийн дунд "Шатахуун дахин тасарчихлаа" гэсэн болгоомжлол бий болж, олон хүн автомашиныхаа савыг дүүргэхээр яарав. Гэвч энэ удаагийн хүндрэл үнэхээр шатахуун дууссанаас болсон уу, эсвэл өөр шалтгаантай юу? Хариулт нь хоёулаа гэхээсээ илүүтэй нийлүүлэлт, импортын өртөг, хэрэглэгчдийн сэтгэлзүй зэрэг хэд хэдэн хүчин зүйл нэгэн зэрэг давхцсанаас үүдэлтэй гэж хэлж болно. Юуны өмнө Монгол Улс шатахууны хэрэглээгээ бүхэлд нь импортоор хангадаг. Албан ёсны мэдээллээр газрын тосны бүтээгдэхүүний 95-97 хувийг ОХУ-аас нийлүүлдэг бөгөөд үндсэн нийлүүлэгч нь "Роснефть" компани юм. Өөрөөр хэлбэл, Монголын шатахууны зах зээл үндсэндээ нэг улсын нийлүүлэлтээс хамааралтай хэвээр байна. Ийм бүтэцтэй зах зээлд гадаад нөхцөл өөрчлөгдөхөд дотоодын нийлүүлэлт, үнэ шууд савладаг.
Энэ удаагийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь ОХУ-аас нийлүүлэх шатахууны импортын үнэ өссөнтэй холбоотой. Учир нь, сүүлийн нэг сарын хугацаанд Украины дронууд ОХУ-ын зарим томоохон газрын тосны үйлдвэрүүдийг бөмбөгдсөн юм. Манай Улс 2023 оноос хойш АИ-92 шатахууныг тогтворжуулсан үнэ буюу тонн тутмыг 705 ам.доллароор худалдан авч байсан боловч дэлхийн газрын тосны үнэ хэдэн сарын турш огцом өссөнөөр гэрээний нөхцөлийн дагуу шинэ үнэ тохирох шаардлага үүссэн байна.
Ингэснээр импортын үнэ тонн тутамд 800 ам.доллар орчимд хүрч, жижиглэнгийн үнэ литр тутамд 250-300 төгрөгөөр өсжээ. Үнэ өссөнтэй зэрэгцэн зах зээл дээр өөр нэг үзэгдэл өрнөв. "Шатахуун ховордоно" гэсэн мэдээлэл түгмэгц олон жолооч автомашиныхаа савыг дүүргэж, зарим нь канистраар хүртэл нөөцөлж эхэлсэн. Ийм үед бодит хэрэглээнээс хэд дахин их эрэлт богино хугацаанд бий болдог. Үүний улмаас шатахуун түгээх станцуудын өдөр тутмын нөөц хурдан шавхагдаж, дараалал уртсаж, зарим салбар борлуулалтаа түр хугацаанд хязгаарлахад хүрдэг. Энэ бол эдийн засагт "сандралын худалдан авалт" (panic buying) гэж нэрлэгддэг үзэгдэл юм. Хомсдолын тухай мэдээлэл өөрөө эрэлтийг огцом өсгөж, тэр нь бодит хомсдолыг улам хурцатгадаг. Гэхдээ энэ нь Монгол Улсад шатахуун бүрэн дууссан гэсэн үг биш.
Өнгөрсөн сарын эхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам улсын хэмжээнд АИ-92 бензиний 33 хоногийн, АИ-95-ын 44 хоногийн, дизель түлшний 27 хоногийн нөөц байгаа гэж мэдээлж байсан. Мөн импорт хэвийн үргэлжилж байгаа, цаашид БНХАУ болон БНСУ-аас нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн. Харин энэ удаагийн үйл явдал Монголын шатахууны зах зээлийн хамгийн том эмзэг талыг дахин харууллаа. Бид газрын тос олборлодог мөртлөө боловсруулах үйлдвэргүй учраас түүхий тосоо экспортолж, боловсруулсан шатахуунаа өндөр үнээр буцаан импортолдог. Үүнээс гадна импортын ихэнх нь нэг улсаас хамаардаг тул нийлүүлэгч талын үнэ, логистик, экспортын бодлого өөрчлөгдөх бүрд Монголын зах зээл доргилт авдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хомсдол зөвхөн шатахуун түгээх станцын асуудал биш, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал юм.
Ийм нөхцөл байдал давтагдахгүйн тулд стратегийн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, агуулахын хүчин чадлыг өргөжүүлэх, хамгийн гол нь дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх газрын тос боловсруулах үйлдвэрийг санаачлан, бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй билээ.
Шатахууны хомсдол гэдэг зөвхөн автомашинтай иргэдийн асуудал биш. Шатахууны үнэ өсөхөд хүнсний бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, ачаа тээвэр, барилга, уул уурхай гээд эдийн засгийн бараг бүх салбарын өртөг нэмэгддэг. Тиймээс шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдал нь зөвхөн зах зээлийн асуудал биш, үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхойлох стратегийн хүчин зүйл болж байна.
М.Гал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №028/24703/