МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ш.Гунгаадорж: Би албан тушаалаас илүү ам...

Ш.Гунгаадорж: Би албан тушаалаас илүү амьдралаа сонгосон хүн

“Ахмадууд ярьж байна” булангийн анхны зочноор Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөлмөрийн баатар, Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн Ш.ГУНГААДОРЖ-ийг урьж ярилцлаа. Түүний ажил амьдралын арвин туршлага, улс орны хөгжлийн түүхэн цаг үеийн дурсамж, он цагийн бодит дүр зургийг өгүүлсэн яриаг уншигч танд хүргэж байна.

Үнэн
Админ

“Ахмадууд ярьж байна” булангийн анхны зочноор Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөлмөрийн баатар, Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн Ш.ГУНГААДОРЖ-ийг урьж ярилцлаа. Түүний ажил амьдралын арвин туршлага, улс орны хөгжлийн түүхэн цаг үеийн дурсамж, он цагийн бодит дүр зургийг өгүүлсэн яриаг уншигч танд хүргэж байна.

-Та социалист нийгмийг удирдалцаж, 1990 оны нийгмийн өөрчлөлтийн үед зоригтой шийдвэр гаргалцаж, шинэ нийгмийн улс төрд амьдарч, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан намтар, түүх арвин улстөрчийн нэг. Гэсэн хэдий ч та хувийн ажил, амьдралын түүхээ төдийлөн нээж байсангүй. Энэ удаад таны дурсамжаас хуваалцаж, ярилцах бодолтой явна?

-Миний унасан газар, угаасан ус бол Дорноговь аймгийн Иххэт сум. Жирийн л нэг малчны хүү. Ээж минь дөрвөн хүүхэд төрүүлсэн ч хоёр нь бага байхдаа эндсэн тул миний ах Гунгаанамжил бид хоёр хүн болж торнисон. Ах багын л малд нүдтэй, морь малтай ноцолдож, хөдөө гадаа давхина. Би ээжийгээ дагаж араг, шээзгий үүрч, аргал, хоргол түүж өссөн. Миний ээж маш ой ухаан сайтай. Үдэш бүр унтахын өмнө “хүүхдийн ухаан тэлдэг” хэмээгээд “Агийн улаан хаан” баатарлаг туульс, “Бигэр Мижид хааны үлгэр” зэрэг эртний үлгэр, домгийг цээжээр хүүрнэдэг. Би тэрийг нь шимтэн сонсдог хүүхэд байв. Ээж минь ахыг малчин болгоно гэдэг байв. Ах маань мориноос унаж гараа гэмтээгээд дөрөвдүгээр ангиасаа сургуулиа орхисон. Тэр үед би нэгдүгээр ангид орж, боловсролын мөр хөөж билээ.

-Яагаад таныг онцлон сургууль соёлын мөр хөөлгөхөөр шийдсэн юм бол?

-Миний аав Чойрын хийдийн том маарамба байв. Орчин цагаар бол эмч хүн. Намайг дөнгөж ой найман сартай байхад хэлмэгдэж, Зүүнхараагийн хорих руу явсан байдаг. Манай гэр бүлд нэг содон дурсамж үлдсэн байдаг. 1930-аад онд Түвэдийн Сэмбээ рэнбүүчи гэдэг хувилгаан лам Ерөнхий сайд А.Амарын зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ. Тэр хүн 1937 оны хэлмэгдүүлэлт ойртож буйг мэдэрсэн ч юм уу, нутаг буцахаар шийдэж, замдаа миний төрсөн бууц “Мааньтын шанд”-аар дайрчээ. Ах бид хоёр тэнд төрсөн юм. Яагаад манайхаар дайрсныг мэдэхгүй. Зам нь тэгж таарсан ч байж болох. Юутай ч манайд тухлан хооллож, ундалж, аавтай нэлээн ярилцсан гэдэг. Тэр үед ах минь дөрөв хүрээгүй. Орж гарч тоглоод л... Аав намайг өвөр дээр суулгаад даахийг минь самнахад хувилгаан лам “Хоёр хүүхдийн нэр хэн бэ” гэж асуужээ. Аав “Гадаа гүйж явааг Их ухна, энэ хүүг Бага ухна гэдэг” хэмээн хариулсан байна. Манай говийнхон тэр үед хүүхдэдээ ийм нэр өгөх нь элбэг байж.

Хувилгаан лам гайхангуй харж “Ямар муухай нэртэй юм бэ” гэхэд аав маань “Миний хоёр хүүд та нэр хайрла” гэж хэлж амжсан байгаа юм. Тэгээд Сэмбээ рэнбүүчи хувилгаан ахад Гунгаанамжил, надад Гунгаадорж гэдэг нэр хайрлаад “Танайх бага хүүгээ ерөөсөө хорьж болохгүй. Их хол явах хүүхэд шүү” гэж хэлсэн гэдэг юм. Яагаад тэгж харсныг мэдэхгүй. Манайхан ч ихэд бэлгэшээж, хувилгааныг хүндэтгэн үдэж өгсний намар аав минь баривчлагдсан. Аавыг бариад явсан улс авдар, савыг нь хүртэл лацдахад аав гарахдаа ээжид “Модон орны хөл рүү мөнгөн аяга, алтан бөгж хоёр шидчихлээ” гэж сэмхэн шивнээд гарсан гэдэг юм.

Ингээд үлдсэн нь хөгшин эмээ, залуухан ээж, хоёр жаахан хүү. Ээж минь үнэхээр хатуу амьдрал туулсан. Аян жин тээнэ, өртөө улаа залгуулна, гадуурх бүх ажлыг өөрөө нугална. Харин ах бид хоёр эмээтэй үлддэг байв.

-Аав нь хоригдоод удсан, хоёр жижигхэн хүүхэдтэй эмэгтэй хүн амьдрах гэж их хичээсэн байх. Таны дурсамжид тэр жилүүд ямар байдлаар үлдсэн байдаг вэ?

-Аав арван жилийн ял авсан гэдэг. Миний ээж үнэхээр агуу хүн байсан. Дорноговиос Зүүнхараа хүртэл яваад аавыг эргэчихдэг. Одоотой адил хурдан унаа унаш гэж үгүй тул замчлах хүн хөлсөлж, хөтөлгөөтэй, ачаатай морьтой урт зам туулж очдог байж. Ээж намайг заавал сургуульд сургана гэж их зүтгэсэн. Би нэгдүгээр ангиа хэрхэн төгссөнөө сайн санадаггүй юм. Ямар ч байсан Дэлгэр хэтийн бага сургуульд очиход хоёрдугаар ангид орж байв. Намайг дөрөвдүгээр анги төгсөх жил ээж надад “Аавын чинь арван жилийн хугацаа дуусах дөхсөн. Ирэх жил чамайг аймгийн сургуульд явуулна. Түүнээс өмнө хүүгээ аавтай нь уулзуулна” гэж хэлээд дагуулаад Зүүнхараа явсан. Бид мориор арав гаруй хоног явж Зүүнхараад хүрсэн. Тэр өдрөө аавын танил айлд бууж, маргааш өглөө нь хоригдлуудын морины уяа руу аавтай уулзахаар очлоо.

Ээж намайг “Энэ олон хүн дундаас аавыгаа ол” гэж хэлээд эхний уяан дээр орхисон. Ой найм, есөн сартайдаа ааваасаа хагацсан хүүхэд яаж таних билээ дээ. Олон эгнээ уясан морь, морины хажууд зогсох хүмүүсийн дэргэдүүр яваад л байсан. Хамгийн сүүлийн эгнээний хамгийн төгсгөлд зогсох өндөр бор хүний өмнө очоод би зогсчихсон. Араас дагаж явсан ээжийг “Аавыгаа олсон уу” гэж асуухад “Энэ олон хүн дунд миний аав алга. Энэ өндөр хүн миний аав мөн бол мөн. Биш бол энд алга” гэж хэлж байснаа санадаг юм. Тэр хүн нь үнэхээр миний аав байсан. Хүний элэг гэж өөр юм билээ. Өөрийн эрхгүй татагддаг байх. Түүнээс биш хоёр ой хүрээгүй байхдаа үлдсэн хүүхэд юу мэдэх билээ дээ. Тэгэхэд би 12 настай байсан. Тэр намар аавын ял ч дуусаж, нутагтаа буцаж ирсэн. Аав ирээд л “Хүүгийнхээ сургуулийг таслахгүй. Хувилгаан ламын айлдварыг дагана” гэсэн. Ингэж ах бид хоёр нэг нь малчин, нөгөө нь сургуулийн мөр хөөж хоёр тийшээ салсан юм.

-Аав, ээжийнхээ хүсэлт, зүтгэлээр сургууль, соёлын мөр хөөсөн Гунгаадорж хүү ямархуу сурагч байв. Дунд сургуулиа төгсөөд ажил, амьдралын сонголтоо хэрхэн хийж, ямар шийдвэр гаргаж байв?

-Дотуур байранд нэг ч амьдарч үзээгүй. Аймгийн сургуульд орсноос хойш таних, танихгүй айлд сууж, сүүлд аавын хамаатан, аймгийн Эвлэлийн хорооны даргынд амьдарч байгаад сургуулиа төгссөн. Сурлага гайгүй, онц сурдаг. Тэр үед хөдөөний хүүхэд гадаадын сургуулийн хуваарь авах нь ховор тохиолдол. Зөвхөн онц сурсан хүүхэд л явна. Манай аймгаас гурван хүүхэд онц төгсөж, эмч, эдийн засагчийн хуваарь авсан. Миний бодол бол огт өөр. Гадаад явна, явж л байвал тогоочийн сургууль ч байсан хамаагүй гэж бодсон. Аав намайг Анагаахад оруулж, эмч болгох бодолтой байсан юм билээ. Тэр үед гадаадын сургуулийн хуваарь авсан хүүхэд бүртэй Намын Төв хорооны боловсон хүчин биечлэн уулздаг байв. Төрийн ордны гадаа хүүхдүүд хуваариа хүлээгээд, бараг нэг сар орчим дугаарласан.

Аз болоход би тэнцэж “Ташкентын Хөдөө аж ахуйн дээд сургуульд явах уу” гэхэд би шууд зөвшөөрсөн. Тэгээд Элчин сайдын яаман дээр яваад очтол Элчин зөвлөх Вандан гэдэг хурандаа миний материалтай танилцаад “Чамайг Ташкент явуулахгүй. Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө аж ахуйн академи гэж их том сургууль бий. Тийш яв” гэсэн. Гадаадад л явж байвал хаашаа ч хамаагүй, тогоочийн сургуульд ч хамаагүй явна гээд шийдчихсэн надад Тимирязев, Ташкент гэж юу болох. Аль нь илүү юм гэдэг огт сонин байсангүй.

Их азтай. Би ингэж Москвагийн тэр том академид элсэж, таван жил сураад төгссөн. Дунд сургуульд байхдаа Сурагчдын зөвлөлийн дарга, Сургуулийн эвлэлийн хорооны дарга хийж байсан би Москвад очоод Оюутны зөвлөлийг ахалсан. Сүүлд Хотын намын хорооны даргаар ажилласан Алтангэрэл Москвад манай сургуультай зэргэлдээ Хүнсний сургуульд сурна.

Тэр Москва дахь Монгол оюутнуудын зөвлөлийн дарга байв. Би зөвлөлийн гишүүн нь. Энэ бол Москвагийн бүх монгол оюутныг хариуцах алба. Миний удирдах ажлын зам үндсэндээ тэгж эхэлсэн. Найзууд заримдаа “Чи даргын тавилантай төрсөн хүн юм” гэж хэлдэг, тоглож наргидаг байлаа.

-Та ЗХУ-ын ХАА, агрономи, хөрс судлалын шинжлэх ухааны төвүүдийн нэг, 1865 онд байгуулагдсан ХААИС-ийг төгссөн. Ийм том сургууль төгссөн боловсон хүчнээ улс орон хаана хуваарилж, ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?

-Төгсөж ирэхэд сайд Рэнцэн гуай намайг Сангийн аж ахуйг удирдах газарт оч гэсэн. Энэ газрыг тухайн үед “алдарт” Лоохууз гуай удирддаг байв. Өрөөнд яваад ортол нүдний шилтэй хүн доошоо хараад юм уншаад сууж байсан. “Сайн байна уу” гэж мэндлэхэд дуугарсангүй. Бараг арваад минут зогссон ч толгой өндийж харсангүй. Намайг хашраасан уу, шалгасан уу мэдэхгүй. Тэгээд гэнэт хараад “Чи юу юм?” гэж асуусан. “Хүн” гэж хэлмээр байв ч том даргад хэлж зүрхэлсэнгүй. Дуугүй зогсож байтал “Чи хаана ажиллах уу” гэж байна. Шууд л “яаманд” гэчихлээ. Тэгтэл ганц муухай хараад “Битгий солиор. Чам шиг муу нусан жур төгсөж ирээд яаманд суудаггүй юм” гэж байна. Би ч дуугүй л зогсож байлаа. Тэгээд намайг “БНХАУ-ын тусламжаар байгуулагдсан, Улаанбаатар хотыг хүнсний ногоогоор хангах Амгалан дахь том аж ахуй бий. Хот орчмын фермүүдийг нэгтгэсэн газар. Чи тэнд Ерөнхий агрономоор яв, чадах уу” гэж байна. Би “Чадна аа” л гэсэн. “Чадахгүй” гэж хэлж яаж болох билээ. Очоод дарга нартай нь, ногоочидтой танилцаж, удалгүй би ажилдаа дурласан. Хоёр гурван сар болоод бүрэн дассан. Тэр үеийн Амгалан дахь Сангийн аж ахуй үнэхээр тохилог. Хятадууд маш сайн байгуулж өгсөн байдаг. Гурван давхар, төвлөрсөн халаалттай барилга. Тэр үед над шиг дөнгөж сургууль төгссөн залуу байтугай, дарга нар ч паартай байранд орж үзээгүй цаг байхгүй юу. Харин би очоод тийм байранд суусан. Тэр бол 1959 он. Ээж, аав хоёроо ч хөдөөнөөс авчирсан.

-Эндээ хэр удсан бэ?

-Ажиллаад жил ч болоогүй байхад Лоохууз гуай дахин дуудсан. “Яаж уулздаг билээ” гэж бодоод очтол Орон сууцны Нанзад гэдэг том биетэй хүн “Чамайг Сангийн аж ахуйг удирдах газарт ажиллуулна, ажлаа ав” гэдэг юм. Би татгалзлаа. “Лоохууз дарга намайг аж ахуйд явуулсан. Би үйлдвэрлэл дээр баймаар байна” гэтэл юм хэлсэнгүй. Удалгүй дахиад дуудсан. Мөнөөх Нанзад гуай “Би мэдэхгүй, чи даргатай уулз” гэж хэлээд алга болсон. Лоохууз гуайн өрөөнд ортол бас л дуугардаггүй. Тэгж байснаа “Чи яв гэхээр явдаггүй, ир гэхээр ирэхгүй ямар сонин нөхөр вэ. Чамайг Сангийн аж ахуйг удирдах газарт дэвшүүллээ. Яасан заяа нь орхисон гуйлгачин бэ” гэж ирээд ширүүн загнадаг юм. “Би гуйлгачин биш” гэж хэлмээр санагдсан ч тэсээд өнгөрсөн. Тэгээд л Сангийн аж ахуйг удирдах газарт ирсэн дээ. Удалгүй 1961 онд Лоохууз гуай ЗХУ руу намын сургуульд явсан. Би харин буцаад Сангийн аж ахуйдаа очсон.

1967 оны нэг өдөр манай ногооны талбайгаар халзан толгойтой нөхөр өдөржин явлаа. Дарга нартай уулзаж, ногоочдоос юм асуугаад л яваа харагдах юм. Би Намын хорооны даргаас “Энэ хүн хэн бэ” гэж асуутал “Чамайг судалж яваа хүн. Төв хороо руу татах юм шиг байна” гэсэн.

Тэр бол Төв хорооны боловсон хүчний орлогч Лувсанцэрэн гэдэг хүн байсан юм билээ. Тэр үед хүнийг их нарийн судалдаг байж. Удалгүй би МАХН-ын Төв хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар очсон. Яг нэг жил ажилласан. 1968 онд төрийн байгууллагын өөрчлөлт хийгдэж Хөдөө аж ахуй, Усны аж ахуй, Хүнсний яамыг нэгтгэн том яам болгож, сайдаар нь манай хэлтсийн дарга Даш томилогдлоо. Намайг орлогч сайдаар томилсон.

-Орлогч сайдаас буугаад бүр Завханы Тэс рүү тэжээлийн аж ахуй руу томилогдсон тэр түүх хэзээ вэ?

-Орлогч сайдаар ажиллаж байх үед... Гэр бүлээ сольж, шинээр гэрлэх нь тухайн цаг үед нам, төрийн хэмжээнд яригдах том хэрэг. Одоо харахад хувь хүний амьдрал мэт боловч тэр цагт бол МАХН-ын Төв хороон дээр хэлэлцдэг байв. Тэр үед би таван хүүхэдтэй байсан ч Ц.Амгалантайгаа танилцаж, бид хамт амьдрахаар эрс шийдсэн байсан. Хүн нэг шийдвэл шулууддаг юм билээ. Би “Хийсэн сонголтдоо үнэнч байж, хариуцлагаа өөрөө үүрнэ” гэж л бодсон. Ингээд арга хэмжээ авахуулж, Завханы Тэсийн байгуулагдаад найман жил болсон ч нэг ч удаа ургац аваагүй газрыг өөд нь татах үүрэг авлаа. Байшин барилга, орон сууцанд их хөрөнгө зарсан ч ажил нь өөдлөөгүй газар руу намайг “Чи үнэхээр сайн юм бол тэр газрыг сэргээж ав” гэсэн маягаар л томилсон хэрэг. Хүмүүс янз бүрийн юм ярина. Ангийнхан хүртэл “Хотын ганган хүүхэн чамайг дагаад хаа байсан Тэс сум руу явахгүй. Чи газрын мухарт очиж дуусна” гэж загнасан.

 

Тухайн үед Жагварал дарга намайг дуудаад “Чи сайн бод. Чамд их ирээдүй бий. Нам чамайг дэмжинэ, байр суурь чинь энд байна” гэж ярилаа. Бид нэг ангийн хоёр л доо. Шууд хэлээгүй ч битүү үгээр “Чи бол Ерөнхий сайд ч болох хүн” гэж ятгасан. Би “Ажил бол олдоно. Гэргийгээ бол алдахгүй. Ийм бүсгүй надад олдохгүй” гээд шууд хэлсэн. Тэгтэл Жагварал намайг “Гар чи” гэж загнаад... Хожим сонсоход, намайг гарсны дараа Жагварал Даш сайд руу “Танай хүн өнгөрчээ. Ямар ч албан тушаал амлаад тоосонгүй. Ажил олдоно, авгай олдохгүй гэж хэлээд сууж байна” гэж утасдсан гэдэг юм.

Ингэж, би ханьтайгаа, ой найман сартай охиноо тэврээд Завханы Тэс сум руу нүүж, амьдралынхаа шинэ зам руу гарсан. Гэргий маань Архангайн Багшийн сургууль төгссөн, насаараа багшилсан хүн. Бид хамтдаа их олон бэрхшээл, зовлонгийн ард гарч, жаргахдаа жаргаж, хань минь 83 нас хүрээд тэнгэрийн орныг зорьсон доо.

Миний туулсан амьдрал, гаргасан шийдвэр тухайн цаг үедээ ховор байв. Олон хүн ийм сонголтын өмнө ирээд албан тушаал, амбиц хоёроо бодоод буцсан болов уу. Харин би ажил, амбицыг биш амьдралаа сонгосон. Би хоёр амьдралаас нийт долоон хүүхэдтэй. Эхний гэргийгээс тав, сүүлийн ханиасаа хоёр хүүхэдтэй. Энэ бол бахархаж буй хэрэг огт биш шүү, ойлгоорой. Нэг шийдсэн бол эргэж, буцдаггүй шийдэмгий хүний төрх гэдэг талаас хүлээж авахыг бодоорой. Тэр үед хэрвээ “Төв хороонд үлдэнэ, албан тушаал хөөнө” гэж шийдсэн бол миний хайртай гэр бүл, энэ амьдрал байхгүй байлаа. Ер нь энэ тухай өмнө нь би ярьж байсангүй. Хүн асуувал тойруулаад өнгөрдөг, дандаа ажлынхаа тухай л хүүрнэж байсан юм байна.

-Тэс яагаад ургац алдаад байсан юм бол. Тэнд таныг ямар амьдрал угтсан бэ?

-Технологи баримталж чаддаггүй байсан юм билээ. Ер нь зөв технологи мөрдвөл ургац авах боломжгүй хөрс гэж үгүй. Тэсийн хөрс үнэхээр муу. Цаг агаар таатай биш, салхи ихтэй. Ийм орчны хөрсийг доогуур нь хавж хагалж, боловсруулдаг. Ингэж байж хөрс үржил шимээ өгдөг. Тэр технологийг бид нэвтрүүлсэн хэрэг. Тэс рүү явахын өмнө ХАА-н яамны техник хариуцсан орлогч сайд байсны хувьд очих аж ахуйгаа урьдчилан сайн судалсан. Ямар техник хэрэгтэй, технологи ашиглаж, хэрхэн өөрчлөх ёстойг хүртэл тооцоод, хэрэгтэй машин техник, тоног төхөөрөмжийг цуваа цуваагаар ачуулсан. Тэсийнхэн “Манайд сайд дарга ирэх гэж байгаа гэнэ. Ямар их юм зөөдөг юм бэ” гэж гайхаж байсан гэдэг. Завханы Тэс сумын аж ахуй гурав дахь жил дээрээ Улсын тэргүүний аж ахуй болж, төвийн дөрвөн байгууллагаас өгдөг 150 мянган төгрөгийн шагналтай, өндөр босготой болзлыг хангаж, шагнуулж байлаа.

-Тэсээс дахиад Сэлэнгэ аймаг руу нүүсэн гэдэг. Яагаад таныг сэлгэн томилох болсон юм бэ?

-Орлогч сайд байхдаа би эрдмийн зэрэг хамгаалах ажлаа эхлүүлж, Москвад байсан багш маань тусалж байв. Гэвч амьдрал, гэр бүлийн асуудал, Тэсийн томилгоо гэж хойшлогдсоор сүүлд 1980 онд Москвад докторын зэрэг хамгаалсан. Тэр үед Сангийн аж ахуйн яам байгуулагдаж, намайг нэгдүгээр орлогч сайдаар томилдог юм. Гэвч удаагүй ээ, дөрөв, таван сарын дараа Сэлэнгэ аймгийн Намын хорооны даргаар томилсон. Намайг томилогдоход Цэдэнбал дарга надад “Чи ажил нь унасан Сангийн аж ахуйг өөд татсан. Одоо ажил нь унасан аймгийг босго. Сэлэнгийн ажил явахаа больсон. Хасбазар тэнд 15 жил болж, ажил ч хийхээ байсан. Хурлаа хийчихээд Буриадын Модгоевтой Тужийн нарсанд ирээд архиддаг болж. Тэднийг дагаад золтой л үхэлгүй ирлээ гэж Моломцамж ярьж ирсэн” гэж байв. Зэрэгцээд суусан Моломжамц гуай дуугүйхэн л инээж байсан.

 

Тэгээд Цэдэнбал дарга “Тэнд гурван хамуу байна, цэвэрлэ” гэсэн. Тариан талбай нь зэрлэгт баригдаад ургацгүй болж хамуурсан. Хоёрт, Орхон, Ерөө хонь зэрэг сайн үүлдрийн бүх мал хамуурлаа. Тэр хамууг салга. Гуравт, хариуцлага суларч, хүний хамуу нүүрлэсэн. Энэ гурван хамууг л эдгээчихвэл чи намын даалгавар биелүүллээ л гэсэн үг. Цаашдын зам чинь ч дурайна гэсэн. Намайг урамшуулж сэргээх гэсэн үү, яасан ингэж хэлээд үүрэг өгсөн.

Сэлэнгэ бол улсын эдийн засгийн гол төв. Сум болгон тариалангийн талбайтай, сайн үүлдрийн малтай. Тариалангийн хамгийн үржил шимтэй бүс. Ой модны үйлдвэрийн гол бааз. Улсын хамгийн чухал аж ахуй тэнд төвлөрсөн. Асар их хариуцлагатай ажил авлаа. Тэгж Сэлэнгэд ирсэн. Тэр үед нэг юмыг маш сайн ойлгож авсан. Хүнийг удирдах нь даргын сүр хүчийг харуулах биш юм байна. Хүнтэй ажиллаж, эвийг олж, зөв хүнээ зөв газарт нь тавьж, хөгшин залуу ялгахгүй ойлголцох ёстой юм байна гэдгийг... Ажил нь ахихгүй газар ихэнхдээ л хүний зохион байгуулалт, хандлага муудсан байдаг. Би тэнд зургаан жил болсон. Таван жилийн дараа Сэлэнгэ Улсын тэргүүний аймаг болж, Засгийн газрын төв дөрвөн байгууллагын шагналыг хоёр удаа авсан. Тэгэхэд л Цэдэнбал даргын өгсөн даалгаврыг биеллээ гэж бодож байлаа. Завханы Тэс сум, Сэлэнгэ аймагт ажиллахдаа би ер нь архидалттай л их тэмцсэн. Архи байгаа газрын ажил явдаггүй, амьдрал өөдөлдөггүй юм. Энэ бол миний сэтгэлд тод үлдсэн ойлголт. Хувь хүнийхээ хувьд би амьдралдаа тамхи татаж, архи хэрэглэж явсангүй.

 

-Төв хорооны даалгавар, даргын даалгавар биелсэн бол амлалт бас биелсэн байх тийм үү?

-Сэлэнгэд ажиллаж байх үед аймгийн Намын хороодын дарга нарыг Москва руу Коммунист намын дээд сургуульд 45 хоногийн курст явуулахаар болов. Би бэлтгэлээ базааж, хотод ирсэн. Нисэх буудал руу явахаар өглөө автобусанд суутал Төв хорооны боловсон хүчний хэлтсийн Жадамбаа гэдэг хүн автобусанд орж ирээд “Гунгаадорж гуай, та чемоданаа аваад буу” гэсэн. Сайн, сайхан юм ер бодогдсонгүй. “За баларч, юу болсон юм бол” гэж бодогдоод... Аймгийн дарга нар “Чамайг дэвшүүлэх нь” гэцгээж байв. Би гэж нэг царай нь барайсан хүн “Юу гэж ийм юм байх вэ дээ” гэж хэлээд хоцорлоо. Өдрийн 14:00 цагт намайг Улс төрийн товчоон дээр ир гэсэн учраас гэртээ харьтал гэргий маань нэлээн санаа нь зовсон.

Яг 14:00 цагт хүрээд очтол Цэдэнбал дарга “Чи унасан аж ахуйг гурван жилийн дотор босгосон. Унасан аймгийг таван жилийн дотор өөд нь татлаа. Одоо Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарыг өөд нь тат” гэсэн. Тэр үед төрийн бүтцийн том өөрчлөлт хийж, Хүнсний яам, Усны аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийг татан буулгаж, Хөдөө аж ахуйн яаманд нэгтгэж, улсын хэмжээнд байхгүй том яам байгуулж байв.

Сайдаар нь намайг томилсон. Гэхдээ жирийн сайд биш, эрх хэмжээг нь арай өндөр байлгаж, Сайд нарын Зөвлөлийн орлогч бөгөөд яамны сайд гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, бусад яамнаас арай дээгүүр түвшний эрх мэдэлтэй гэсэн үг. Цэдэнбал дарга надаас “Чадах уу” гэж асуухад нь би бас л “Чадна аа” гэсэн дээ. Чадахгүй гэж хэлж яаж болох вэ дээ. Ингээд 1986-1990 он хүртэл тэр том яамыг удирдаж, 1990 оны өөрчлөлтийн үеийг угтсан хэрэг.

-Сайд нарын Зөвлөлийн орлогч бөгөөд ХХАА-н сайдаар ажиллаж байх үед 1990 оны Монголын ардчилсан хувьсгал эхэлж таарсан. Тэр цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-1990 он бол үнэхээр бужигнаантай, ээдрээтэй үе байсан. Тэр үед би Д.Содном даргаас Ерөнхий сайдын ажлыг хүлээж авсан. Нийгэм учир зүйгээ сайн олохгүй, бүхэлдээ савлаж байсан үе. Төрийн ордны урд, Д.Сүхбаатарын талбайд хүмүүс олноороо цугларч, заримдаа Засгийн газрын ордон руу дайрна гэцгээнэ. Миний өрөө хоёр давхарт тул цонхоор нөхцөл байдлыг харна. Өрөөндөө хонож байв. С.Зориг үнэхээр онцгой залуу. Залуучууд үгнээс нь гарахгүй. Нэг хэсэг хүмүүс их хөөрч, уур амьсгал ширүүсэж, Сүхбаатарын хөшөө өнгөрөх үед С.Зориг “Суу” гэхэд сууна, “Тайван бай” гэвэл тайван болчихно. Хэрвээ ийм зохицуулалт, удирдах авьяастай хүн байгаагүй бол байдал эвгүйтэж мэдэхээр байсан. Тийм хүнд үеийг тайван замаар даван туулсан нь хамгийн чухал. Монголын ард түмний хувь заяа харсан байх. Эв зүйгээр асуудлыг шийдэж чадсан.

-Олон улс орныг хамарсан “Перестройка” буюу “Өөрчлөн байгуулалт” дотроосоо эхэлсэн жирийн нэг үйл явц биш. Нийгмийг өөрчлөх өрнөдийн оролцоотой акц байсныг өнөөдөр дэлхийн хэвлэлүүд нээлттэй мэдээлдэг болж. Мэдээлэл нээлттэй болохын хэрээр манай нийгэм ч үүнийг мэддэг болсон. Тэр үед төр, засгийн түвшинд ийм мэдээлэл ирж байсан уу?

-Тухайн үед ийм чимээ төдий мэдээ ирсэн. Миний хувьд мэдэрч байсан. Ажил хийж, хангалттай туршлага сууж амжаагүй, амьдрал үзээгүй, хүнтэй ажиллаж байгаагүй залуус, ардчилсан хүчнийхэн тухайн үед гэнэдсэн. Өнөөдөр ч гэсэн бужигнасаар байх ийм цаг үеийг авч ирнэ гэж тэд төсөөлөөгүй байх гэж би боддог. “Барууны чиг хандлага, үзэл бодол хамгийн сайн” гэж үзсэн. Аливаа юм сайнтай, муутай байдаг. Авах, даган дуурайх юм байлгүй яах вэ. Гэхдээ манай нийгэмд тохирох уу, үгүй юу. Авч хэрэгжүүлэх үү, авахдаа юуг ямар хугацаанд, ямар хэлбэрээр, хэрхэн авах вэ гэсэн шүүлтүүр тавиагүй. Энд ухаан заралгүй гэр, байшинд дээвэр нөмөргөж байгаа юм шиг шууд механик үйлдлээр хандсан. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг өвөрмөц соёл, төлөвшилтэй улс. Тэр төлөвшлийг эвдэнэ гэж үзээд өөр соёл оруулж ирээд наачихаар тэр нь яаж амилах билээ дээ. Энэ л хамгийн том алдаа байсан. Эндээс улс орны хөгжлийн темп алдагдаж, хурд нь саарсан гэж би хувьдаа хардаг.

Ингээд зах зээлийн эдийн засагт шилжиж, хуучин нийгмийн үед үр өгөөжөө өгсөн Сангийн аж ахуй, нэгдлүүд татан буугдаж, газар тариалан, мал аж ахуйн бүтэц задарч, салбар уналтад орж, маш хүнд цаг руу гулсаад орсон. Сэлэнгээр явж байхад тракторч нөхөр надтай уулзаад уйлж байсан юм. Манай Сангийн аж ахуйд Ерөнхий сайдын орлогч Да.Ганболд ирсэн. Усжуулалтын систем дээр ирээд “Энэ олон сарайсан юм чинь юу юм” гэхэд нь “усжуулалтын систем” гэж тайлбарласан.

Гэтэл “Үүгээр яадаг юм, зардлын гарз” гэж хэлээд тэр байгууламжийг буулгаж, төмрийг нь хятад руу ачуулчихлаа. Энэ сайхан аж ахуйг ганцхан хүн ирээд устгачихаад явлаа гэж халаглаж байсан юм. Энэ мэтээр маш олон аж ахуй үгүй болсон. Дотоодын үйлдвэрлэл саарч, хүнсний хангамжид доголдол үүсэж, өт хорхой, шавжтай гурил, будаа импортоор орж ирж байлаа. Энэ гашуун зовлонг ард түмэн л нуруундаа үүрч туулсан даа. Хэрвээ хуучны үеийн бүтцээ тордоод явсан бол өнөөдөр Монгол Улс газар тариалангийн бүтээгдэхүүнээ экспортолж байх түвшинд хүрсэн яваа гэж би хувьдаа үздэг.

-Та бол оюун санааны архив сайтай хүний нэг. Таны номын сан хэр арвин бэ. Хэрвээ танд хэн нэгэн Хөдөө аж ахуйн сайд зөвлөх минь болооч гэсэн санал тавибал хүлээж авахад бэлэн байна уу? 

-Хэдэн жилийн өмнө бол хэн нэгний зөвлөхөөр ажиллаж болох байлаа. Хааяа ганц хоёр хүнтэй уулзаж, ярьж хөөрч суух нь юу юм гэхээс биш одоо бол оройтсон доо. Өнгөрсөн өвөл ХХААХҮ-ийн сайд залуу, Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нөхөр өөрөө орон нутагт ажиллаж байсан болоод ч тэр үү, энэ хүнээс юм сонсох ёстой гэж бодсон юм болов уу манайд ирж уулзаад явсан. Удалгүй ажлаа өгсөн. Манайд одоо бол боловсон хүчнийг бэлтгэх, сонгох, тогтвортой ажиллуулах бодлого л хэрэгтэй байна. Номын сангийн тухайд надад маш их ном байсан. Өөрөө бүгдийг нь уншсан болохоор дахиж сөхөх хэрэг ч бараг алга. Тэгээд ХААИС-д гурван шкаф дүүрэн ном өгсөн. Ирээдүйн оюутнууд, эрдэмтэд ашиглаг гэж бодоод өгсөн хэрэг. Их дуртай хүлээж авсан.

Д.Отгонжаргал

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар

 

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.