СӨРЖ БИШ, ЗӨВШИЛЦӨЖ ДАВАН ТУУЛАХ НҮҮДЭЛ
“COP 17” нь уур амьсгалын бус, яг хөрсөн дээрх газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн менежмент, усны нөөцийн хамгаалалт, ган гачигт тэсвэртэй байдал, газрын нөхөн сэргээлт болон экосистемийн тогтвортой байдалд шууд төвлөрдөг олон улсын томоохон чуулган юм.
Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маяг, ёс заншилтай орны хувьд бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөллийг хамгийн гүнзгий мэдэрч байна. Хүний үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хийн ялгаруулалт эрс нэмэгдэж, дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн өмнөх үеэс хойш 1°C-ээр нэмэгджээ. Энэ байдал ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр үргэлжилбэл 2100 он хүртэл жил бүр дэлхийн ДНБ-ий тав орчим хувь нь алдагдах тооцоо гарч байна. Тиймээс улс орнууд энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температурыг +2°C-ээс доош, бүр түүнээс ч илүү +1.5°C-ээс доош байлгахад хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн билээ.
Далайн түвшин нэмэгдэж арлын орнууд усанд автаж байхад, Төв Азийн цээжинд орших Монгол орон бэлчээрийн доройтол, цөлжилт, ган зудад нэрвэгдсээр байна. Судалгаагаар манай нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа энэ цаг үед Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх сарын 17-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах түүхэн хариуцлагыг хүлээсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдлыг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг Монгол Улс хоёр жилийн өмнөөс хангаж, нийслэл болон улсын төсвөөс шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ирэх хоёр жил COP-ийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, чуулганыг даргалах, бодлогын хэрэгжилтийг хангах манлайллыг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү чуулган бол зүгээр нэг дипломат уулзалт, ярианы сэдэв биш. “Restoring Land. Restoring Hope” буюу “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор болох энэ удаагийн “COP 17” нь дэлхий нийтээрээ цөлжилт, хөрсний эвдрэлийн эсрэг хэрхэн нэгдэхийг тодорхойлох том эргэлтийн цэг болох ёстой. Сүүлийн жилүүдэд “COP” гэх нэр томьёо олон нийтэд түгээмэл болсон ч “COP 17” нь дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал, сэргээгдэх эрчим хүчийг хэлэлцдэг Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын чуулган буюу “COP 30”-аас зарчмын хувьд ялгаатай.
“COP 17” нь уур амьсгалын бус, яг хөрсөн дээрх газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн менежмент, усны нөөцийн хамгаалалт, ган гачигт тэсвэртэй байдал, газрын нөхөн сэргээлт болон экосистемийн тогтвортой байдалд шууд төвлөрдөг олон улсын томоохон чуулган юм.

Цөлжилтийн асуудлыг олон улсын түвшинд анх 1977 онд НҮБ-ын бага хурлаар хөндөж, Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж байв. Улмаар 1990-ээд онд газрын доройтол дэлхийн олон орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж эхэлснээр 1992 оны Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалтаас эхтэйгээр 1994 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD) батлагдаж, 1997 онд анхны COP хурал Италийн Ром хотод болж байсан түүхтэй. Өнөөдөр энэхүү конвенц нь 197 орон болон Европын холбоог нэгтгэсэн, газрын доройтолтой тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн үүрэг бүхий дэлхийн цорын ганц олон улсын гэрээ бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 15 дахь зорилго болох “Хуурай газрын экосистемийг хамгаалах” үйлсэд гол тулгуур болдог. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус бага хурал Монголд болох болсон нь санамсаргүй зүйл биш юм. НҮБ-ын COP хурлыг бүс нутгуудаар ээлжлэн зохион байгуулах зарчмын дагуу Монгол Улс 2022 онд Кот-д’Ивуарт болсон “COP 15”-ын үеэр 2026 оны хурлыг зохион байгуулах хүсэлтээ гаргаж, оролцогч талуудын бүрэн дэмжлэгийг авснаар Улаанбаатар хот сонгогдсон юм. Энэ нь сүүлийн жилүүдэд манай улсаас хэрэгжүүлж буй байгаль орчны идэвхтэй дипломат ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс танилцуулсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүн билээ.
Монгол орон бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн аюулыг хамгийн ихээр амсаж буй фронтын шугам дээрх, нутаг дэвсгэрийнх нь ихэнх хэсэг хуурай болон хагас хуурай бүсэд оршдог улс. Цөлжилтийн хурлыг яг ийм бодит сорилттой тулгарсан оронд хийх нь газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, практик туршлага солилцох боломжийг асар ихээр нэмэгдүүлнэ.
Түүнчлэн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдэлчин малчдын жил" (IYRP 2026) болгон зарласан нь “COP 17”-ийн ач холбогдлыг соёл болон агуулгын хувьд туйлын онцгой давхцал болгож байна. Монгол бол нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн цөөн орны нэг тул дэлхийн 197 орны төрийн тэргүүн, сайд нар, эрдэмтэд, иргэний нийгмийн 8,000–10,000 гаруй зочин төлөөлөгч Улаанбаатарт хуран цуглах үеэр дэлхийн 500 сая гаруй бэлчээрийн малчдыг төлөөлөн, газартай хамгийн ойр ажилладаг нүүдэлчдийн дуу хоолойг дэлхийн тавцанд гаргах чухал боломж олдож байна. Энэ нь уламжлалт мал ахуйн мэдлэг туршлагыг орчин үеийн байгаль хамгааллын бодлоготой уялдаж, цөлжилтийг сааруулах дэлхийн стратегид монгол загварыг шигтгэж өгөх давуу талтай юм.
“COP 17”-г эх орондоо зохион байгуулж байгаа нь байгаль орчны салбараас гадна Монгол Улсын эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтад урт ба богино хугацааны асар том боломжуудыг нэгэн хамтад нь нээж байна. Богино хугацаанд 10 орчим мянган олон улсын зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид ирснээр зочид буудал, агаарын тээвэр, нийтийн болон хувийн тээвэр, зоогийн газар, аялал жуулчлал, гар урлал, үйлчилгээний салбаруудад шууд бэлэн мөнгөний урсгал орж, эдийн засгийн үлэмж идэвхжил үүснэ.
Урт хугацааны хувьд чуулганы хүрээнд Уур амьсгалын ногоон сан (GCF), Глобал байгаль орчны сан (GEF) болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас олон сая долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, ногоон санхүүжилтийг Монгол руу чиглүүлэх томоохон хэлэлцээрүүдийг хийж, цөлжилттэй тэмцэх, хөрс ба усны нөөцийг сэргээх, бэлчээрийн тогтвортой менежментэд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шууд хөрөнгө оруулалт болон тусна. Түүнчлэн манай орны бэлчээрийн мал аж ахуй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлан таниулах, олон улсын хэмжээний мега арга хэмжээ зохион байгуулах салбарын чадавхыг шинэ шатанд гаргах эдийн засгийн чухал хөшүүрэг болж байна.

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 25 орны нэг юм. Сүүлийн 80 жилийн хугацаанд манай орны дундаж температур 2.25°C-ээр өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. Улсын хэмжээнд бүх аймаг, сумдын эдийн засгийн 85 орчим хувь нь хөдөө аж ахуйд суурилдаг бөгөөд малчин өрхүүд Монголын хүн амын гуравны нэгийг эзэлж, хөдөө аж ахуйн салбарт ойролцоогоор 160,000 өрх буюу нийт салбарын 90 хувь нь ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшиг давтагдаж, температур огцом нэмэгдэн, ургацын хэмжээ буурч, бэлчээр доройтон цөлжилт эрчимжиж байна. Энэ нь хүн амын хоол хүнсний гол тулгуур болсон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны нийлүүлэлтийг багасгаж, үнэ өсөхөд хүргэж байгаа юм. Малчдад байгалийн нөхцөл байдалд дасан зохицох хангалттай мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь мал аж ахуйн зохисгүй арга барил, хэт өссөн малын тоо толгойтой хавсран эмзэг экосистемд давхар ачаалал учруулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь Монголын өвлийн нөхцөл байдлыг улам дордуулж, манай улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарладаг байгалийн томоохон үзэгдэл болох зудын давтамжийг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 2024 онд болсон зуд нь улсын малын 20 хувийг устгаж, хүн амын 28 хувь буюу гуравны нэгийг хохироосон байна. Инфляцын сагсанд хүнсний үнийн эзлэх хувь өндөр байдаг тул малын тоо толгой буурах нь богино хугацааны нийлүүлэлтийн талын инфляцын дарамтыг үүсгэдэг. Тухайлбал, 2023 оны зургадугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляц 7.1 хувьтай байхад зөвхөн хүнсний үнийн өсөлт 3.6 хувийг эзэлж, мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар өссөн байна. Ган гачгийн давтамж нэмэгдэж байгаа нь хүн амын 30 гаруй хувь нь ядуу амьдарч буй хөдөө орон нутагт хүндхэн сорилт болж байгаа бөгөөд бэлчээрийн талбай муудаж, хэт халуун өдрүүдийн тоо олширсны улмаас мал сүрэг зун, намрын улиралд таргалах чадвараа бүрэн сэргээж чадахгүй байгаа нь ган гачгийг тэсвэрлэх чадварыг нь эрс сулруулж байна.
Дэлхийн дахины анхаарлын төвд манай улс очиж буй энэ цаг үед байгаль хамгааллын бодит ахиц дэвшил нь зөвхөн төрийн шийдвэр, хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй. Иргэдийн байгаль хамгаалах ухамсарт эерэг өөрчлөлт гарч, өрх бүр хөрс, усаа хамгаалахын чухлыг гүн гүнзгий ойлгох нөхцөл бүрдэх нь энэ хурлаас үлдэх хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр юм. Хамгийн чухал нь Монгол Улс байгаль орчны салбарт шүүмжлэгч, ажиглагч биш, дэлхийн хэмжээний сорилтыг шийдвэрлэхэд манлайлагч, санаачлагч улс гэдгээ сурталчлах боломж олдож байгаа юм. Цөлжилт, газрын доройтол бол зөвхөн нэг малчин өрхийн, эсвэл нэг аймгийн асуудал биш бөгөөд хүнсний аюулгүй байдал, усны нөөц, уур амьсгал, биологийн олон янз байдалтай шууд холбоотой бидний ирээдүйн орчны асуудал билээ. Монгол Улс “COP 17”-г зохион байгуулан дэлхийн хамтын ажиллагааны төв цэг болж, байгаль дэлхийгээ аврах их үйлсэд түүхэн хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү тэмцэлд төр засаг, олон улсын байгууллагуудаас гадна иргэн бүрийн ээлтэй хандлага, оролцоо хамгийн чухал хөдөлгөгч хүч болох юм.
Судлаач Б.Болор-Эрдэнэ