С.Төмөр-Очир: Анх сайд болсноор улс төрд хөл тавьсан ч “гүн орчихлоо” гэж огт бодоогүй
УИХ-ын дарга асан, Шинжлэх ухааны доктор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш С.ТӨМӨР-ОЧИР “Ахмадууд ярьж байна” булангийн зочноор оролцож байна.
УИХ-ын дарга асан, Шинжлэх ухааны доктор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш С.ТӨМӨР-ОЧИР “Ахмадууд ярьж байна” булангийн зочноор оролцож байна.
-Юуны өмнө танаас УИХ-ыг даргалж байхдаа амжуулсан, одоо ч нийгэмд үр дүн нь мэдрэгддэг онцлох ямар шийдвэр гаргаж байв гэж асуух ёстой санагдлаа. Энэ асуултад хариулахгүй юу?
-УИХ улс орон, нийгэм эдийн засагт ач холбогдолтой олон асуудлыг хэлэлцэж байсан. Онцлоод дурдахад, боловсролын салбарыг зах зээлийн харилцаанд зохицон орших эрх зүйн шинэчлэлийг хийлцэж. 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжихтэй зэрэгцэн боловсролын салбарыг шинэ тогтолцоо руу хөтөлж оруулах шаардлага урган гарсан юм. Тэр үед Боловсролын яаманд манай эрдэмтэд, америк зөвлөхүүд, Питсбургийн их сургуулийн судлаачид оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Боловсролын сайдын хувьд би ахалж байлаа. Тухайн үед бид АНУ зэрэг зах зээлийн тогтолцоотой орнуудын боловсролын системийг авч хэрэгжүүлэхээр ерөнхий чиг баримжаагаа тодорхойлсон.
Харин дараа нь УИХ-ын даргаар ажиллахдаа энэ хуулийг УИХ-аар батлуулах үйл явцыг удирдаж, хууль батлагдсан тогтоолд гарын үсэг зурж байлаа. Энэ хууль боловсролын салбарыг шинэ тогтолцоонд оруулах эхлэл болж өгсөн. Хожим цөөнгүй удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Гэхдээ энэ нь анхны хууль муу байсанд биш. Нийгэм байнга хувьсан өөрчлөгдөж байдгаас урган гарсан асуудал. Үүнээс гадна миний үед хийж амжуулсан том ажлын нэг нь ЗХУ-ын үеэс хуримтлагдсан Монгол Улсын өрийг тэглэх үйл явц байсан. Энэ асуудлыг УИХ олон удаа хэлэлцэж, тодорхой чиглэл гаргаж, Засгийн газар идэвхтэй ажилласнаар олон жил хуримтлагдсан өрийн дарамтыг барагдуулах боломж бүрдсэн нь улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан шийдвэр байна. Тухайн үед “Энхийг эрхэмлэгч, цөмийн зэвсэггүй Монгол Улсыг ийм ажиллагаанд оролцуулах нь зөв, буруу” гэсэн маргаан өрнөж, олон талаас хэлэлцсэн. Бид тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нартай хамтран олон өдөр сууж, олон улсын нөхцөл байдал, эрх зүйн үндэслэлийг нарийвчлан судалсны эцэст шийдвэрээ гаргаж байв. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь зөвхөн батлан хамгаалах салбарт хамааралтай юм биш. Монгол Улсыг олон улсад таниулах, нэр хүндийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явц болсон. Энэ гурван шийдвэр Монгол Улсын цаашдын хөгжлийн чиг хандлагад тодорхой нөлөө үзүүлсэн гэж боддог. Дурдаад байвал олон чухал хууль, тогтоомжийн тухай ярьж болно. Хэтэрхий нуршсан ярилцлага болох байх.
-Улс төрөөс түр хөндийрч, танаас төрсөн нутаг, ээж аав, хүүхэд насны тухай асуумаар санагдлаа. Энэ тухай зурвас дурсамж хүүрнэхгүй юү?
-Одоогийн Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан сум хоёрын зааг бол миний төрсөн газар. Хуучнаар бол Ширээт гэгээний нутаг юм. Хуучин цагт Халхын тамгатай 13 хутагтын нэг Ширээт гэгээний нутаг одоогийн Архангай аймгийн Чулуут сум, Чулуут голын гүүрнээс дээш бараг сумын төв хүртэлх харьцангуй том нутаг дэвсгэрийг эзэлж байсан юм гэдэг. Нэг хамар жаахан илүүхэн явах зайгаар л хоёр сумын хил хязгаарлагддаг. Тиймээс миний аав, ээжээс өмнөх үеийнхэн Чулуутын улсууд. Төрөл садан ч энд бий. Аав, ээж минь насаараа мал малласан улс. Намайг сургуульд орох үед ихэнх айлууд хүүхдээ сургуульд сургах дургүй, сургуульд сурах нь төвөгтэй хэрэгт тооцогддог байсан. Багш нар айлуудаар явж сургуульд орох хүүхдийн бүртгэл явуулж, сургуульд суулгах зар өгдөг. Сумын сургуулийн багш нарыг хараад хүмүүс “Хүүхэд сургуульд хөөж явна” гэж ярьдаг, таатай хүлээж авдаггүй үе л дээ. Гэхдээ би 1959 онд найман настай сургуульд орсон. Бас яг ч есдүгээр сарын 1-нд ороогүй. Цагаан толгой үзээд нэлээд явчихсан байхад орж байсан юм. Намайг бас сургуульд явуулахгүй авч үлдэх шалтгаан манайханд байсан. Миний аав, ээж хоёрын аав нь, хоёр өвөө маань лам байсан улс. Гэсэн ч ийм үед сургуульд орж, харьцангуй гайгүй сурсан юм байлгүй. Долдугаар анги төгсөөд, 1966 онд аймгийн төвийн 10 жилийн сургууль руу шилжиж байв.
Архангай аймаг тэр үед аймгийн төвийн болон Тариат, Эрдэнэмандал сумын гуравхан 10 жилийн сургуультай. Манай сумын хүүхдүүд Тариатын 10 жилд сурдаг ч эмээ, өвөө хоёр миний нэгдүгээр ангийн багшийн нөхөр, манай сургуулийн захирал Дагва багшаар арын хаалгадуулж, аймгийн төвийг сонгож байсан юм. Ээжийн маань аав, ээж хоёр намайг нэгдүгээр ангид ороход л сумын төвд ирж, намайг харж, надтай амьдарсан. Тариат сум өвөлдөө маш хүйтэн тул хоёр хөгшин дэмий гэж үзсэн байх. Аймгийн төвийг сонгож, би тэр хоёртойгоо амьдарсаар 1969 онд 10 дугаар анги төгссөн.
-Таны намтраас математикч, Улсын багшийн дээд сургууль, МУИС-ийн философийн багш байсныг олж үзэж болно. Математикч болох эхлэлээ та хэзээ, хаана анх тавьсан юм бэ?
-Наймдугаар ангид орох жил манай ангийг А.Нямренчин гэж математикийн багш дааж авч байв. Математикт маш сайн, биднийг байнга олимпиадад бэлддэг. Би 8-10 дугаар анги төгстөлөө математикийн олимпиадын аварга болж байв. Багш надад “Чи математикийн багш болно. Өөр юм хэрэггүй” гэж хэлдэг. Намайг 10 дугаар анги төгссөн жил, 1969 онд Монгол Улс даяар анх удаа конкурс эхэлж байлаа. Тэр жил би хотод ирж, улсын математикийн олимпиадад оролцсон. Олимпиадын дараа Боловсролын яамны сайд Д.Ишцэрэн хүүхдүүдийг хүлээн авч уулзсан. Тэр хүүхдүүдийн олонх нь МУИС-ийн математикийн ангид элссэн юм. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөл гэж бас их сонин. Би санадаг юм. Баян-Өлгийгөөс ирсэн нэг казах хүү л “Малын эмч болно” гэж Хөдөө аж ахуйн дээд сургуульд элссэн. Ингээд конкурс зургаан сард эхэлнэ гэж байхад бид МУИС-д шалгалтгүй элсэх томилолт өвөртлөөд нутаг буцаж байв. Математикч болох суурь ингэж тавигдсан хэрэг.
Манай МУИС-ийн математикийн анги дан аймгуудын математикийн аварга 25 хүүхдээс бүрдсэн байсан. Тиймээс сурлага сайтай. Бидний үед “сонсогч оюутан” гэж нэг статус байв. Оюутан сонирхлоороо Боловсролын яаманд өргөдөл гаргаж, эхний жил тэтгэлэггүй сурч, сайжирвал тэтгэлэг авна. Манай ангид Улаанбаатараас элссэн 3-4 сонсогч оюутан орж ирсэн. Сайн хүүхдүүдээс бүрдсэн анги тул тэд шамдсаар төгсөхдөө биднээс ч дутахгүй, заримаас нь илүү болсон байж билээ. Математикт “Их тооны хууль” гэж нэрлэгддэг хууль байдаг юм. Олонх нь ямар байна цөөнх нь түүнийгээ дагадаг. Олонх нь сайн байвал хүүхдийн сурлага өсдөг. Тааруу бол дүн сулардаг. Ийм жишгээр сонсогч оюутнууд сайжирч төгссөн. Манай МУИС-ийн ангиас хожим найман доктор төрсөн. Долоо нь Гавьяат багш болсон юм. Сургуулиа төгсөөд олонх нь аймагтаа очиж, сурагчдаа олимпиадад бэлдэж, дараа нь Гавьяат багш болцгоосон хүмүүс.
-МУИС-ийн математикийн анги төгсчихөөд та яагаад тэс өөр философи хөөгөөд явчихсан юм бэ?
-Би нэлээд будилсан. Салаа замын уулзварт хэд хэд ирсэн хүн. МУИС-ийн математикийн ангид оюутан байхад Одон орон судлалын төвийн захирал Лхагважав гэж хүн уулзаж, ажилд авъя гэсэн. Би дотроо дуртай. Шөнөөр од дурандаж, жижүүр хийж, сар илүү явлаа. Хаанаас сонссон юм бүү мэд. Нэг өдөр тэнхимийн эрхлэгч Д.Шагдар багш “Чи одон орон руу очих гээд байна уу” гэж асуусан. “Лхагважав гэдэг доктор судалсан гэнэ. Тэнд ажиллаж болмооор санагдлаа” гэтэл Д.Шагдар багш “Чамайг ойлгож байна. Гэхдээ одон орны ажил гэж яваад дипломын ажлаа синус, косинусханы томъёогоор юм бичээд хамгаалбал сургууль төгсөж чадахгүй гэж мэдээрэй” гэсэн. Багш ер нь бараг “Дэмий, орхи” гэж хэлсэн дээ. Тэгээд орхисон. 1974 онд биднийг төгсөх жил ШУА-д Математикийн хүрээлэн анх байгуулагдсан. Багш намайг математикаар явуулж, тийш өгөх бодолтой явсан юм билээ.
Дипломын ажлаа хамгаалсны дараа Намын Төв хорооны Боловсон хүчний газрын Санжмятав гэдэг хүн дуудлаа. Тэгээд “Манайх голдуу социал асуудлын философийн чиглэлээр хүн бэлдсэн болохоос байгалийн ухааны философиор огт бэлдсэнгүй. Академичидтай ярилцсан. Чамайг философийн багш болгоно” гэв. Философийн талаар нарийн мэдэхгүйгээ хэлтэл “Бид судалсан. Намын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Р.Нансалтай уулз” гээд гаргадаг юм. Р.Нансал багш Москвагийн их сургууль төгссөн манай анхны таван философичийн нэг, Завхан аймгийн хүн. Р.Нансал багш надаас байгалийн шинжлэлд арай ойр В.И.Лениний "Материализм ба эмпириокрититизм" зохиолоос асуусан. Нарийн мэдэхгүй ч ерөнхийд нь хариуллаа. Тэгтэл Р.Нансал багш “Ер нь болмоор юм. Чи хэдэн онд намд элссэн бэ” гэж асууж байна.
Дөнгөж их сургууль төгссөн оюутан хэзээдээ намд элсэх билээ дээ. Р.Нансал багш ч “Манай сургуулийн багш нь байтугай, суралцагчид нь намын гишүүд байдаг юм. Бид хоёр будилж явна. Чи эргээд Санжмятав дээр оч” гээд буцаасан. Буцаад очиход Санжмятав гуай Улсын багшийн дээд сургуульд математик болон философийн багшийн орон тоо бий. Чамд би мэргэжил заахгүй томилолт бичээд өгье” гэсэн.
Багшийн дээд сургуулийн байранд яваад очтол зуны амралт эхэлж, Философийн тэнхимийн эрхлэгч С.Пүрэв (Москвагийн их сургууль төгссөн манай анхны таван философичийн нэг), Математикийн тэнхимийн эрхлэгч Д.Гаадагва гэдэг эрдэмтэн (дунд сургуулийн геометрийн сурах бичиг бичсэн) хоёул амраад явчихжээ. Наймдугаар сар нэлээд гартал Философийн тэнхимийн эрхлэгч С.Пүрэв багш анкет харж байснаа “Би Москвагийн их сургуулийн логикийн анги төгссөн. Логикийн нарийн судалгаа явуулах гэхээр надад математикийн боловсрол дутаад байдаг юм. Яаж нэг математикийн чиглэлтэй хүн авъя даа гэж бодоод байж байтал чи хүрээд ирлээ. Чамайг авна” гэж хэлээд философийн багшаар томилсон. Ийм гурав, дөрвөн юмны заагт ирж сонголт хийгдсэн юм.
Улсын багшийн дээд сургуульд гурван жил ажилласан. Би С.Пүрэв багшид “Би ер нь философийн багш болохоор шийдлээ. Одоо Москвагийн их сургуульд л сурмаар байна” гэхэд багш “Чамайг тэгж олон жил алдуулахгүй. Миний бодол өөр” гэж хэлдэг юм. Намайг аспирантурын шалгалтад оруулахаар төлөвлөсөн юм билээ. Удалгүй шалгалтад тэнцэж, аспирантурт суралцан эрдмийн ажлын замд орсон доо. Хүний тавилан гэдэг сонин. Тэр үеэс эрдмийн ажил тууштай хөөж, 1982 онд философийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 2024 онд социологийн чиглэлээр шинжлэх ухааны доктор (Sc.D.)-ын зэрэг хамгаалсан. Эргээд бодоход багшийн минь шийдвэр миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
-Хэзээнээс МУИС-даа багшилсан бэ?
-Аспирантурт суралцах хугацаандаа МУИС-д ажиллаж, “Социологийн тодорхой судалгаанд түүврийн аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэглэх нь түүний үр ашиг, чанарыг дээшлүүлэх чухал нөхцөлийн нэг мөн” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Хамгаалсан сэдэв маань Монголдоо анхдагч. Ер нь би МУИС-д багшаас эхлээд захирлыг нь хүртэл бүх шатанд ажилласан. Багшаар ажиллаж байгаад тэнхимийн эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч улмаар орлогч захирал, захирал болсон. Дараа нь төрийн алба руу шилжин Боловсролын яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга, сайд, УИХ-ын гишүүн, дарга болсон юм.
-Эндээс таны улс төрийн замнал эхэлсэн байх нь. Улс төрд орно, оролцоно гэсэн бодол танд ер нь байсан уу?
-Улс төрд орно гэж ер нь бодож яваагүй. Хичээлийн эрхлэгчээр ажиллаад, МУИС-ийнхаа өдөр тутмын сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулахад л оролцож явсан хүн. Тэр үед манай сургууль 500 гаруй багштай, ганцхан хичээлийн эрхлэгчтэй байлаа. Өнөөдрийнх шиг салбар бүр тусдаа бүтэцтэй биш, бүх ачаалал нэг дор төвлөрдөг байв. Хавар цагийн тооцоо, хичээлийн ачаалал, багш нарын зохион байгуулалт гээд бүгдийг зохицуулна. Яг л бужигнасан их ажил дунд явдаг байсан. Тэгээд яаманд очоод удаагүй 1995 онд, яг багш нарын ажил хаялтын үеэр сайд болсон. Тухайн үед багш нар Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан юм.
-Багш нарын 1995 оны жагсаал нэлээд ширүүвтэр болсон гэцгээдэг. Хэн таныг яагаад сайдаар томилохоор шийдсэн юм бол?
-Тухайн үед Боловсролын сайд Б.Өлзийхутаг багш огцорсон байв. Тийм үед Б.Даш-Ёндон багш (МАХН-ын дарга) намайг дуудаж “Салбарын сайд огцорсон тул орлох хүний талаар судалгаа хийж үзэхэд чамайг нэрлэж байна” гэж хэлсэн. Б.Даш-Ёндон дарга надаас өмнө МУИС-ийн Философийн тэнхимд багшилж байсан юм. Би даргад “Сайд болохгүй. Мэргэжлийн боловсролын газрын даргын ажлаа үргэлжлүүлээд, дараа нь МУИС-даа л эргэж очмоор байна” гэж хэллээ. Энэ бол миний зорилго байсан л даа. Тэгээд “Танд сайн хүн зааж өгье” гээд одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирлаар ажиллаж байгаа Б.Чулуундоржийг санал болгосон. Тэр үед Б.Чулуундорж МАХН-ын Төв хорооны Боловсролын хэлтэст ажиллаж байсан, надаас харьцангуй дээд шатны албан тушаалтай хүн байлаа. Б.Даш-Ёндон багш энэ саналыг сонсоод “Бодмоор юм байна” гээд үлдсэн. Маргааш нь Б.Даш-Ёндон дарга дахиад утасдаж, өөрийнхөө машиныг явуулж, мөн л сайдын томилгооны асуудлаа ярьсан.
Би дахин татгалзахад дотуур утсаараа нэг хүнтэй яриад “С.Төмөр-Очир бид хоёр тохирчихлоо” гэдэг юм. “Хүүе та тэгж хэлж болохгүй” гэтэл “Чи наад зовлонгоо Ерөнхий сайд П.Жасрай гуайд очиж хэл. Чамайг ойлгоно оо, ойлгоно” гэж хэлээд үлдсэн.
Ерөнхий сайд дуудахад очихгүй байх аргагүй шүү дээ. Намайг ороход П.Жасрай гуай “Сайн байна уу, Төмөр-Очир оо. Багш нарын ажил хаялт хэцүүхэн байна. Талбай дээр байгаа багш нарын олонх нь чиний шавь нар юм байна. Тиймээс бид ярилцаад чамайг сайдаар томилохоос өөр гарцгүй гэж үзлээ. Чи багш нартайгаа уулзаад ажлаа зохион байгуул” гэж даалгавар өгсөн. П.Жасрай гуай, Б.Даш-Ёндон багш хоёр хоорондоо ярилцсан бололтой. Шууд тэгж хэлсэн. Татгалзах боломж ч байхгүй болсон. Үнэхээр хариу хэлэх үггүй. Учир нь, тэр үед их, дээд сургууль төгсөх оюутнаас дандаа философийн шалгалт авдаг. Миний хичээл зааж, шалгалт авч байсан оюутнууд хүртэл талбай дээр байсан.
Тэр үед бид байнга л нэг тэмдэглэлийн дэвтэртэй явдаг. Ерөнхий сайдад юу ч хэлж чадалгүй, даалгаврыг нь тэр дэвтэртээ тэмдэглэж аваад гарч билээ.
-Багш нартай нүүр тулах үүрэг танд ногджээ. Нэлээд халуухан уулзалтууд болсон уу?
-Ажлаа аваад удаагүй байтал нэг өдөр нарийн бичгийн дарга орж ирээд “Сайд аа, талбай дээр байгаа бүх багш энд орж ирэх гэж байна” гэв. “Оруул, оруул. Гэхдээ би үдийн цайгаа уугаад амжчихъя” гээд сууж байтал багш нар пижигнээд орж ирлээ. Би цайгаа ууж дуусаад гарч ирэхэд нэг эмэгтэй “Сайд огцор, сайд огцор” гээд орилоод байсан.
Анзаараад хартал Багшийн дээд сургуульд 15 жилийн өмнө миний хичээл зааж байсан оюутан байх юм. Нэр нь Амина бил үү Марина. Тэгтэл нэр нь Амина гэж санаанд бууж ирлээ. Миний ой тогтоолт ерөнхийдөө гайгүй. МУИС-ийнхаа 500 гаруй багшийн овог, нэр, аль аймгийн хүн, гэр бүл нь ямар хүмүүс вэ гэдгийг бүгдийг нь мэддэг байсан хүн шүү дээ. Тэгээд Аминад хандаад “Миний хүү Амина, чи “Сайд огцор” гэж битгий орилоод бай. “Багш огцор” гэвэл харин багш нь огцорч магадгүй шүү” гээд хэлчихлээ. Мань багш ч олон хүн дундуур зүсээд гарч одсон. Хүн их сонин юм билээ. Түүнийг гараад явахад бүх багш дагаад гарсан. Хүн үлдээгүй. Хожим сонсох нь ээ, Амина “Багшийг танихгүй байх гэж бодтол таниад, нэрээр минь дуудлаа. Багшийн дээд, МУИС төгссөн багш нар сайдтай уулзаад хэрэггүй юм байна” гэсэн гэдэг.
-МУИС-даа эргэж очно, багшилна гэж байсан хүн улс төрд гүн орж, УИХ-д нэр дэвшиж, нэг хэсэг багшийн ажлаа та бүр мартсан байх. Ингэхэд УИХ-д яагаад нэр дэвших болсон юм бэ?
-Сайдаар ажиллаад шинэ он ч гарч, хавар нь УИХ-ын сонгуулийн ажил өрнөсөн. Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд 1996 оныг “Боловсролын жил” болгон зарласан байсан юм. Тэр хүрээнд нэлээд ажил өрнөсөн. Нэг удаа Ерөнхий сайд П.Жасрай гуай надад “Архангай аймгаар явж, боловсролын жилийн ажлын явцтай танилцаад ир. Замдаа өөрийнхөө нутгаар нэг орно биз” гэж хэлсэн. Тодорхой сум, чиглэл хүртэл зааж өгсөн. Ерөнхий сайдын даалгавар тул “явахгүй” гэж хэлж болохгүй шүү дээ. Удалгүй “Чамайг Архангайд нэр дэвшүүлнэ” гэсэн. Тэгэхэд л Ерөнхий сайдын үүрэг зүгээр нэг ажил шалгах асуудал биш, тойрогт танигдуулах, сонгуулийн бэлтгэл байсныг ойлгож билээ. Ингэж УИХ-ын гишүүн болж, УИХ-д орж ирсэн жилээ УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, 2000 онд УИХ-ын дарга болсон.
Анх сайд болсноор улс төрд хөл тавьсан байдаг юм. Гэхдээ тэр үед би “Бүр гүн орчихлоо” гэж огт бодоогүй. Оногдсон ажлаа л сайн хийх ёстой гэж бодож явснаас биш УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга болно гэж төсөөлж ч байгаагүй. Боловсролын яаманд ажиллахдаа ч сайд болно гэж бодож байсангүй. Харин УИХ-д орсныхоо дараа арай өөр түвшний, илүү өргөн цар хүрээтэй алба руу орж ирснээ ойлгосон. Монгол Улсын нийгэм, эдийн засгаас эхлээд бүхий л салбарын асуудал яригддаг учраас эхэндээ жаахан бэрхшээлтэй байсан. Гэхдээ өөрийгөө дайчлаад нэг жилийн дараа аяндаа цэгцэрсэн. УИХ-ын дарга болсны дараа илүү их хариуцлага мэдрэгдэж байсан.

-УИХ-ын дарга Л.Энэбиш нас барж, та УИХ-ын даргаар томилогдсон. Энэ санал, шийдвэр хэрхэн гарч байсан юм бэ?
-Л.Энэбиш дарга маань таалал төгсөж, улс төрд тодорхой нөхцөл байдал үүссэн. Тэр үед Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргаар ажиллаж байв. Нэг өдөр намайг дуудаад “Бид олон талаас нь судалж үзлээ. Та л УИХ-ын дарга болох нь зөв байна” гэж хэлсэн. Тухайн үед “Би энэ ажлыг хийж чадах эсэхдээ эргэлзэж байна. Миний өмнө Ж.Бямбадорж гэж хүн бий. Хууль зүйн салбарын туршлагатай, УИХ-ын дэд дарга хүн. Түүнийг байхад би урдуур нь орж, дарга болох нь зохимжгүй” гэж хэлээд татгалзсан. Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Д.Лүндээжанцан гэх мэт олон туршлагатай хуульч байхад энэ алба надад тохирохгүй гэж бодож байсан юм. Гэвч Н.Энхбаяр дарга “Ж.Бямбадоржтой ярьж үзсэн, тэр огт зөвшөөрөхгүй байна. Таныг л болгоё гэж нам дотор шийдсэн” гэсэн. Ингээд нэг ёсондоо ийм санал, шахалт хоёрын дунд шийдвэр гарсан хэрэг.
-Та улс төрөөс гарсны дараа МУИС-д эргэн ирж захирлаар ажилласан. Их сургуульдаа эргэж ирнэ гэдэг бодлоо тэр үед орхисон байсан уу?
-“Их сургуульдаа эргэж очих нь өнгөрлөө” гэж бодож явсан үе бий. Гэсэн ч надад МУИС-даа эргэн ирж, гурван жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах хувь тохиосон. Намайг сайд болсны дараа “Үнэн” сонин нэг ярилцлага авч байв. Тэр ярилцлагадаа би “МУИС-даа л эргэж очиж, тэндээс тэтгэвэрт гарах юм сан гэж боддог” гэж хэлж байсан юм. Хожим яг ийм хувь тохиол надад таарсан. МУИС бол миний амьдралын салшгүй хэсэг. Ажил хөдөлмөрийн минь олон он жил, сайхан мөчүүдтэй холбоотой. Одоо ч гэсэн би сургуулийнхаа урдуур нь явах болгондоо ормоор санагддаг. Орвол хуучин хамт олон, удирдлагуудтай уулзаж, сургуулийнхаа уур амьсгалыг мэдэрдэг. Сайхан байдаг юм. Ер нь хүний амьдралд ямар албан тушаал хаших нь чухал биш. Ямар мөр үлдээсэн нь чухал юм шиг санагддаг. Намайг хамт ажиллаж байсан улс төрийн хүрээнийхэн л “дарга аа” гэдэг юм шүү дээ. Харин хөдөө орон нутгийнхан, хот сууриныхан бол ихэвчлэн “багш аа” гэж дууддаг. Мэдлэг түгээж, хүний амьдралд мөр үлдээдэг учраас багшийн ажил гэдэг үнэхээр сайхан мэргэжил.
-Улс төр, төрийн ажилд тодорхой цаг хугацааг зориулчихаад эргээд их сургуульдаа ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ. Юуг өөрчилж, юуг хийж амжуулахыг хамгийн их хүссэн бэ?
-Намайг МУИС-д эргэн ирэх үед сургууль маань 70 жилийн ойдоо бэлдэж байсан. Сүүлд ажиллах хугацаандаа сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлд л нэлээд анхаарсан даа. Тухайлбал, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй холбох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах санаачилга гаргасан. Тухайн үед үйлдвэрийн захирал нь Ч.Ганзориг байсан. Түүнтэй ярилцаж, МУИС-ийн судалгааны ажлыг үйлдвэрийн бодит хэрэгцээтэй уялдуулах төсөл хэрэгжүүлсэн. Нийтдээ 800 орчим сая төгрөгийн төсөл хэрэгжиж, физик, хими, математик, эдийн засгийн багш нар оролцсон. Багш нарт судалгааны ажлын боломж олгож, төслийн санхүүжилтээс шууд оролцсон багш нартаа урамшуулал олгодог хэлбэр рүү шилжүүлсэн. Зорилго нь зөвхөн судалгаа байгаагүй. Багш нарын судалгааг бодит ажил болгож, санхүүжилттэй уяхыг зорьсон. Ингэснээр багш нар маань ч судалгаанд илүү идэвхтэй оролцдог болсон.
МУИС-ийн Хими, Химийн технологийн сургуулийн захирал асан, одоогийн МУИС-ийн захирал Б.Очирхуяг маань “Багш аа, энэ жил манайх төсөл авахгүй шүү” гэж байсан юм. “Яагаад” гэж асуухад “Манайх 20 багштай, 21 төсөлтэй болсон. Ажлаа дийлэхгүй байна” гэж хариулж билээ. МУИС-д судалгааны ажил маш сайн идэвхэжсэн. Өмнө нь манай багш нарын зарим судалгааны төсөлт ажил цаасан дээрээ л тайлан маягаар үлддэг байсан бол тэр үеэс бодитой ажил хэрэг болгох, эдийн засгийн эргэлтэд орох боломжууд нээгдсэн. Одоо бол улам л сайжирч байна.
-МУИС-ийг судалгааны их сургууль болгох санаачилга яригдаад байдаг. Үүнээс эхлэлтэй байх нь ээ?
-Захирлаар ажиллах үедээ миний бие “МУИС-ийг судалгааны их сургууль” болох зорилт дэвшүүлж, энэ чиглэлийн хөтөлбөр баталж байлаа. Судалгааны их сургууль болно гэдэг нь багш болгон зөвхөн хичээл заах биш, тогтмол эрдэм шинжилгээний ажил хийдэг зарчимд шилжинэ гэсэн үг. Тэр үедээ 12–15 жил ажилласан ч эрдмийн зэрэг хамгаалаагүй багш нарыг тодорхой хугацааны дараа ажлаас чөлөөлөх бодлогын санал хүртэл гаргасан. Энэ нь тухайн багш нарын хичээл заах чадварыг муу гэж үзсэн хэрэг биш. Багш нараа судалгааны ажилд заавал оролцуулж, түвшин ахиулах гэсэн санаа. Залуу багш нарыг эртнээс судалгааны орчинд оруулж, эрдмийн зэрэг хамгаалуулах соёлыг төлөвшүүлэх бодлого гэсэн үг.
Энд нэг зүйлийг дурдахад, Германд нүүрсний химийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хэд хэдэн багш манайд сургуульд байсан. Тэдний судалгааны ажил, туршилтын түүхий эдийн эх үүсвэр нь дотоодын уурхайн түүхий эд биш Германы Аахены уурхайгаас авсан материал ашигласан байдаг. Тиймээс гадаадад эрдмийн зэрэг хамгаалж буй багш нарыг заавал хоёр удирдагчтай болгох санал дэвшүүлж байлаа. Нэг удирдагч нь гадаад багш, нөгөө нь монгол багш. Ингэж багш нарынхаа судалгааг Монголын нөхцөлтэй уялдуулах бодлого барихыг хичээсэн.
-Сүүлд нэг хэсэг та Японы их сургуульд зочин, судлаачаар ажиллаж байсан. Яагаад тийш явахаар шийдсэн юм бэ?
-Тэтгэвэрт гарсны дараа би зүгээр суухыг бодсонгүй. Японы хөрөнгө оруулалттай “Соёл-Эрдэм” дээд сургуулийн захирлаар ажиллаж, Монголын залуучуудыг япон соёлтой танилцуулах, Японд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой хувь нэмэр оруулсан. Энэ сургуулийг төгссөн олон залуус Японд ажиллаж, амьдардаг. Зарим нь үргэлжлүүлэн суралцаж, дэлхийн түвшний мэргэжилтнүүд болсон. Тухайлбал, япон хэлний анги төгсөөд Японы Анагаахын сургуульд элсэж, өндөр түвшний эмч болсон залуус хүртэл бий. Дараа нь Японы 100 жилийн түүхтэй Оберлиний их сургуульд зочин судлаачаар хоёр жил ажилласан. Тус сургууль нь “Соёл-Эрдэм” сургуультай хамтын ажиллагаатай учраас удирдлагууд нь “Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын дарга байсан хүний туршлага бидэнд хэрэгтэй” гэж үзээд судлаач, профессороор ажиллах урилга өгсөн. Тэнд ажиллах хугацаанд судалгааны ажил хийх хангалттай боломж бүрдсэн тул Монгол, Японы боловсролын тогтолцоог харьцуулсан хоёр ч бүтээл туурвиж амжлаа.
-Одоо та юу хийж байна вэ?
-Намайг сайдаар ажиллахаас өмнөх үе бол нийгэм бүхэлдээ зах зээлийн эдийн засагт шилжиж, хүн болгон “Хэрхэн амьдрах вэ” гэдэг асуултад хариу хайж байсан үе. Надтай хамт сурч, ажиллаж байсан хүмүүс ч “Бид багшаас өөр хийж чадах зүйл байхгүй юм байна” гэж ярилцаад хувийн сургуультай болцгооё гэж зорьсон. Тэгээд хамтдаа өнөөгийн “Хангай” сургуулийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Эхэндээ сургууль хэвийн, тогтвортой ажилласан ч хэсэг хугацааны дараа хүмүүсийн оролцоо суларч, надаас өөр хүн үлдсэнгүй. Нэгэнт байгуулсан юмыг тараалтай биш гээд дунд сургууль, Монгол-Туркийн сургууль, Технологийн коллежид дэд захирлаар ажиллаж байсан эхнэрээ ажлаас нь гаргаад хариуцуулсан. Хожим охин маань япон хэлний багшаар төгсөж, магистр хамгаалж, дараа нь БНСУ-д боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалаад ирсэн. Одоо сургуулиа аваад явж байна.
Анх бид оюуны төлбөрийг аль болох бага байлгаж, хөдөө орон нутаг, малчны хүүхдүүдэд суралцах боломж олгохыг зорьсон. Гэвч бага төлбөртэй сургуулийг хүмүүс “чанаргүй” гэж ойлгох хандлага гарсан тул сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээнд зохицуулалт хийсэн. Сургалтын чиглэлээ мэдээллийн технологид тулгуурлан хөгжүүлж байна. Аялал жуулчлал, хэвлэлийн дизайн, компьютерын программ хангамж, мэдээллийн технологи, цэцэрлэг, бага ангийн багш, нягтлан бодох зэрэг мэргэжлээр элсэлт авч, дадлагад суурилсан сургалт явуулдаг болсон нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлсэн.
Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил хурдтай өөрчлөгдөж, хиймэл оюун ухаан боловсролын салбарт зайлшгүй шаардлагатай чиглэл болж ирлээ. Тиймээс БНСУ-ын түнш байгууллагуудтай хамтран Хиймэл оюун ухааны лаборатори байгуулж, тусгай анги нээсэн. Манай оюутнуудын сургалтын үр дүн ч боломжийн сайн гарч байна. Өнгөрсөн жил бид Мэргэжлийн боловсролын газартай хамтран дроны чиглэлийн улсын хэмжээний уралдаан зохион байгуулсан юм. Тэр тэмцээнд манай оюутнууд ШУТИС-ийн оюутнуудтай өрсөлдөж, бараг ижил түвшний оноо авч чадсан нь бидний хувьд урамтай үзүүлэлт болсон.
Мөн саяхан бакалаврын түвшний мэргэжлийн боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан улсын хэмжээний уралдаанд манай суралцагчид амжилттай оролцож, I, II, III байр эзэлж, багш нар маань бэлтгэл, сургалтын арга зүйгээ өндрөөр үнэлүүлж, тусгай шагнал авлаа. Манай практик сургалт, шинэ технологид суурилсан хөтөлбөрүүд зөв чиглэлд хөгжиж явна. Мөн бид Боловсролын салбар болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан хиймэл оюун ухааны гурван шатны сургалт зохион байгууллаа.
Эхний шатанд Монголын бүх аймгаас багш нарыг хамруулж суурь мэдлэг олгосон бол хоёр дахь шатанд Солонгосын багш, мэргэжилтнүүдтэй хамтарсан сургалт явуулж, гурав дахь шатанд нь багш нар БНСУ-д зохион байгуулсан сургалтад хамрагдаж, “Хиймэл оюун ухааны сургагч багш” гэсэн олон улсын ISO сертификаттай төгсгөж байна. Өнөөдөр байгууллагууд ISO стандартыг аж ахуйн нэгжийнхээ түвшинд нэвтрүүлж байна гэж ярьдаг бол БНСУ-д тухайн мэргэжилтэн, багшийн ур чадварыг баталгаажуулсан сертификатыг хувь хүнд нь олгож байна. Ийм сертификат авснаар багш нар хиймэл оюун ухааны чиглэлээр сургалт зохион байгуулах, энэ чиглэлийн мэдлэг, ур чадварыг бусдад түгээх эрх, боломжтой болж байгаа юм. Мөн Солонгосын тал “Хангай” сургуульд STEM лабораторийг дэмжин хөгжүүлэх санал гаргаж, хамтын ажиллагаа өргөжиж л явна.
Д.Отгонжаргал
Гэрэл зургуудыг Д.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар