МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Сүүн цацалтай эмээгийн хөшөө

Сүүн цацалтай эмээгийн хөшөө

2017 оны намар юмсан. Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас баримтат киноны ажлаар аймгийн төв орохоор өглөө эрт хөдөлж, сумын зүүн урд талын дэнж дээр гарч ирэхэд нэгэн содон хөшөө нүдэнд тусав.

Үнэн
Админ

2017 оны намар юмсан. Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас баримтат киноны ажлаар аймгийн төв орохоор өглөө эрт хөдөлж, сумын зүүн урд талын дэнж дээр гарч ирэхэд нэгэн содон хөшөө нүдэнд тусав. Хан тэнгэртээ цацал өргөж байгаа нэгэн настай хүний дүр зураг харагдлаа. “Энэ сум-нэгдлийн анхны дарга нь эмэгтэй хүн байсан байж болох л юм. Гэхдээ хөшөөг нь заавал ахмад настай хүний дүрээр босгоод байхдаа яадаг байна аа” гэсэн шүү юм бодогдов. Хот хөдөөгүй, энд тэнд алдар гавьяатнуудын олон хөшөө байдгийг хүүхэд, хөгшидгүй мэднэ.

-Танай суманд яагаад эмээгийн хөшөө байдаг билээ хэмээн намайг хүргэж явсан Энхбат, С.Буянтогтох гэх гэр бүлийн хоёроос гайхширан асуухад:

-Насандэлгэр гээд манай сумын нэг залуу эмээдээ зориулж ийм хөшөө ойрмогхон босгосон юм. Тэр эмээ яг л ийм хүн байсансан. Ёстой андуурмаар адилхан. Эмээг нь Уртнасан гэнэ. Их сайхан сэтгэлтэй, хэн хүнийг хүндлэмтгий, унд ус сайтай, сэтгэлд дулаахан буянтай сайхан хөгшин байж билээ. Ёстой нөгөө кинонд гардаг “Өндөр ээж” л гэсэн үг. Нутгийн олон ч ихэд хүндэтгэн хайрлана. Уртнасан эмээ энэ хөшөөний дүр зураг шиг цай идээнийхээ дээжээ дөрвөн зүгтээ өргөж байдаг яг л ийм хүн байсан даа, хөөрхий. Тэр буурай манай сум-нэгдлийн сүү саалийн 10 удаагийн аварга болж байсан хүн дээ гэв. Үүнийг сонсоод хэдийгээр тэр залууг огт танихгүй ч эмээгийнхээ хөшөөг бүтээсэн түүгээр бахархах сэтгэл надад өөрийн эрхгүй төрж байлаа. Улмаар үргэлжлүүлэн,

-Та хоёр ахдаа туслаач. Би тэр Насандэлгэрийг олж уулзмаар байна гэж нөгөө хоёртоо хэллээ. Тэд ч зөвшөөрөв. Ташрамд хэлэхэд шинэхэн танилууд маань мундаг залуучууд байсан юм даа. Энхбат Хүрмэн сумын орлогч даргаар ажиллаж байсан юм билээ. Эхнэр С.Буянтогтох нь ээжийнхээ талын угийн бичгийг хөтөлж дөрвөн үеийнхээ намтар түүхийг бичээд тавьчихсан байсан даа. Тэд хэлсэн үгэндээ хүрч Б.Насандэлгэрийн сургийг надад гаргаж өгсөн юм. Сураглаж явсаар түүнтэй танилцаад нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ. Яриа хөөрөөтэй, илэн далангүй, инээж хөхөрсөн найзархуу, их тусархаг залуу байв. Энэ жил Уртнасан эмээдээ зориулан босгосон хөшөөний 10 жил, бас түүний үүсгэн байгуулсан компанийн 20 жилийн ой тохиож байгаа юм билээ. Б.Насандэлгэр компанийнхаа ерөнхий захирлаар олон жил үр бүтээлтэй ажилласан байдаг. Тэрбээр наймдугаар ангиа төгсөөд Дарханд техникумын оюутан болсон байна. Хар багаасаа эмээгийнхээ гар дээр өссөн учир гэрээ санана гэж жигтэйхэн. Нэг өдөр хичээлээ тараад явж байтал Өмнөговийн дугаартай “Зил-130” машин явж байгаатай тааралдаж сэтгэл нь хөдөлж дагаад гүйчихэж. Танихгүй жолооч юу гэж зогсох вэ. Насааг харсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Бүр холдоод явчихлаар нь уйлаад л хоцорч дээ. Энэ бол эмээгээ асар их санаж байсны илрэл байлаа. Тэр цагаас хойш олон намар, хавар ард хоцорчээ. Тэрбээр:

-Эмээ маань намайг өглөө хичээлдээ явах болгонд дандаа л сүү өргөнө. Эргэж харахад сүүгээ өргөж л зогсож байх. Хичээлтэй өдөр болгон ингэнэ шүү дээ гэж Насандэлгэр надад хуучилж байсныг яагаад ч мартах аргагүй. Болсон явдал, түүний ярьсныг сонсоод би Уртнасан эмээгийх нь хөшөө хэрхэн бий болсон тухай “Сүүн ээж” нэртэй 20 минутын баримтат кино хийж өгсөн юм.

Б.Насандэлгэр Дарханы техникумыг онц дүнтэй төгсөж техникч, дараа нь Политехникийн дээд сургуулийг төгсөж цахилгааны инженер мэргэжилтэй болсон сэргэлэн залуу. Тэрбээр сум, аймгийн алдарт уяач, Монгол Улсын зөвлөх инженер хүн юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж “Алтангадас” одон, 2023 онд Хүрмэн сум байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Эхнэр Ц.Цэцэгжаргал нь ааш ааль сайтай, “Алтангадас” одонгоор энгэрээ чимсэн бас л мундаг бүсгүй байдаг. Бас компани толгойлдог. Энэ хоёр гурван сайхан хүүхдийн ээж, аав. Тэднийгээ дээд боловсролтой болгосон. Ижлээ гэх хүү нь том зураач. Гол төлөв бурхан зурна. Эрдүк гэх хүү нь компанийн ерөнхий захирал. Аймгийн алдарт уяач болсон байх. Бага охин нь Японд 6-7 жил сурсан. Эдүгээ Европын нэгэн оронд эрдэм  номынхоо ажлыг үргэлжлүүлж яваа.

Эх орондоо, тэр тусмаа төрөлх сум болох Хүрмэнд эмээдээ зориулж анх удаа хөшөө босгосон хүний намтар түүх товчхондоо ийм бөлгөө. Хүрмэн сумын зүүн урдах дэнж дээр сүндэрлэх уг хөшөөг одоо олон хүн мэддэг болсон байна.Түүгээр зам зуур өнгөрөх хүмүүс идээ будааныхаа дээжийг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Зарим нь бүр машинаасаа бууж тойрч байгаа ч харагдана.

Б.Насандэлгэр эмээгийнхээ өвөр дээр эрхлэн тоглож, хайр хүндлэлийг нь хүлээж өссөнөө сэтгэлдээ ийнхүү тээж явна гэдэг бахархал. Эх хүний элгэн халуун хайр шингээсэн эмээдээ, түмэн олныхоо мянга мянган эмээг төлөөлөн сүрлэг сайхан хөшөө бүтээсэн нь эх орондоо анхдагч буянтан билээ. Уртнасан гуай үнэхээр буянтай буурал байж дээ. Б.Насандэлгэрээс санаа авсан уу, аль эсвэл өөрөө бодож санаж сэтгэсэн үү, ямартаа ч эмээдээ зориулж босгосон бас нэгэн хөшөө Хэнтий аймгаас Сүхбаатар орох замд байдаг юм. Хэн гэдэг аавын хүү хийж бүтээснийг олж мэдэж чадаагүй л байгаа.

Эмээ гэдэг ачлал ихтэй, нөмөр нөөлөгтэй, ач, зээ нарынхаа төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй агуу хүмүүс байдаг. Зүс царай, гоо сайхнаараа залуудаа гайхагдаж явсан мянга мянган бүсгүйчүүд үрийн заяа хайрлаж, аз жаргал гийж, тэднийгээ ангир шар уургаараа өсгөн хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэн эцэс сүүлдээ үр хүүхдүүдийг нь асран жаргал тээсэн насан буурал эмээ нар болдог нь хорвоогийн жам ёс юм даа. Тэдний сүү мэт цагаан замтай өлзийт үйлс нь дэлгэрч байг. Нар шиг төөнөсөн халуун сэтгэлтэй, сар шиг гэрэлтсэн сайхан буурал эмээ нараа хайрлаж, халамжилж яваарай. Хэрэв зээ эмээ тань тэнгэрт хальсан бол хойноос нь сүү, цайныхаа дээжийг өргөж буян үйлдэхээ бүү мартаарай.

Ц.Төрмандах /Сэтгүүлч, УИХ-ын анхны гишүүн асан/

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.