ТБХ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.13/ хуралдаан 14 цаг 35 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 17 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Х.Болормаа, Р.Батболд, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Д.Цогтбаатар нар хүрэлцэн ирснээр хуралдаан 56.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Хуралдааны эхэнд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал санал хэлэв. Тэрбээр Ерөнхий хяналтын сонсголыг санаачлан Улсын Их Хурлын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсныг дурдаад сонсгол даргалагчаар өөрийнхөө нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ сонсголыг зургадугаар сарын 16,17-нд зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ дагуу “Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх” ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургадугаар сарын 16,17-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалыг сонгохоор төсөлд өөрчлөлт оруулав.
Тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Г.Ганбаатар нар байр сууриа илэрхийлсэн. Мөн Байнгын хорооны тогтоолын төсөл дэмжигдээгүй тул энэ хүрээнд боловсруулсан “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй боллоо.
Хуулийн төслийн хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дөрөв хононгийн завсарлага авав
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын таван гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа, Уг хууль нь анх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг бүртгэхэд чиглэсэн татвар байсан. Гэвч өнөөдрийн байдлаар нийт татвар хураамжийн 20 хувьд хүрэхээр иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр дарамт болж хувирсан гэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 270 мянган аж ахуйн нэгж байгаагийн 116 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 80 мянга орчим аж ахуйн нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн боловч 50 сая төгрөгийн хязгаараас шалтгаалж ихэнх нь татвараа төлдөггүй гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлоод татварын хувь, хэмжээ өндөр байгаа учраас бараа бүтээгдэхүүнээ хууль ёсны дагуу бүртгүүлэн үйл ажиллагаа явуулахгүй байна гэж байлаа. Иймд уг татварыг 5.0 хувь болгон бууруулан буцаан олголт нь 2 хувь болгож үндсэндээ 3 хувийн татвар төлөхөөр болбол татварын бааз суурь өргөжинө гэв.
Хуулийн төсөл батлагдсанаар татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болно. Мөн улсын төсөвт орох татварын орлого нэмэгдэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Ж.Батжаргал нар санал хэлэв. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж. Батжаргал энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг 5 болгох ганцхан зохицуулалттай хуулийн төсөл гэдгийг дурдаад Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс уг асуудлаар дөрөв хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг мэдэгдэхэд, хуралдаан даргалагч зөвшөөрлөө.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улмаар Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг ангилан үзэхэд 2010 оноос хойш төсвөөс санхүүжүүлсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг алдагдуулахын зэрэгцээ цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж буй байдлыг залруулах шаардлага үүссэн тул төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл 4 заалттай бөгөөд заалт тус бүрээр танилцуулав. Үүнд,
1.Төслийн 1 дүгээр заалт нь дотроо 5 заалттайгаар боловсруулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж санхүүжүүлсэн хэдий ч анх батлагдсан төсөвт өртөг нь хүрэлцэхгүй болсон, хугацаандаа ашиглалтад орохгүй зогссон төсөл арга хэмжээнүүдийн талаар судалж, ашиглалтад орохгүй зогссон шалтгаан нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, улсын төсөвт үзүүлж буй ачаалал, дарамт зэргийг тодорхой үзүүлэлт аргачлалын дагуу төсөл арга хэмжээ бүрээр тус бүр тооцон тайланг 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;
2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн хэдий ч дуусгалгүй зогсоосон, цаашид улсын төсвийн хөрөнгөөр гүйцээн санхүүжүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн төсөл, арга хэмжээг хувьчлах, дуудлага худалдаагаар төр хувийн хэвшилд шилжүүлэх санал, дүгнэлтийг нэг бүрчлэн гарган 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;
3.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй барилга байгууламж бүхий төсөл, арга хэмжээ хугацаандаа оролгүй саатаж, анх батлагдсан төсөвт өртөг нь өөрчлөгдөж байгаа шалтгааныг судалж, төсөвт дарамт үүсгэж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээ авах;
4.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, эрэмбэлэх, төлөвлөх, батлах үйл явцыг бодит цагийн байдлаар харах, ашиглах боломжоор хангах, мэдээллийг нэгтгэсэн системд стандартчилах;
5. Улсын Их Хурлаар улсын жилийн төсөв хэлэлцэн батлах хугацаанд Төсвийн тухай хуулийн 29.4-т заасан систем дэх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүдэд бүхэлд нь харах боломжоор хангах асуудлыг тусгасан гэж байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар, Д.Батбаяр нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н. Алтанхуяг төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн муутай байгаа шалтгаан нь бүтээн байгуулалтын ажлыг олон жил дамнуулж хийдэгтэй холбоотой гээд 100 объектыг 5,6 жил барьж байхаар 30 объектыг хоёр жилийн дотор л барьдаг жишиг рүү орох шаардлагатай тул төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр тогтоолын төсөлд төсөл, арга хэмжээг 2-3 жилээс хэтрүүлэхгүйгээр барих зохицуулалтыг тусгах санал хэлсэн юм.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой төсөл арга хэмжээний төсвийг нь хувааж тавьж чадаж байгаа эсэхийг Сангийн яамныхнаас тодруулав.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал хариултдаа, Сүүлийн 2016- 2025 онд 3000 гаруй бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлсэн. Нийт төслийн 43 хувь нь ямар нэгэн байдлаар өртөг нэмэгдэж байж ашиглалтад орсон. 2022, 2023 онд Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалттай холбоотой гурван жилд багтаан дуусгах ёстой гэсэн зохицуулалт, шаардлагуудыг тусгаж өгсөн гэж байлаа. Мөн 2023 оноос эхлээд зохицуулалтын бодлого буюу нэг жил нь шинэ хөрөнгө оруулалтаа тэвчдэг, нөгөө жил нь хэрэгжиж буй төслүүдээ үргэлжлүүлэх ийм бодлогыг явуулж байна хэмээж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нийтдээ 522 төслийн 2.0 их наяд төгрөгийн асуудал яригдаж байгаа тул тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээстөсөвт өртгөө нэмээд байдаг төсал арга хэмжээний эцсийн өртгийг хэрхэн, яаж тогтоох талаар тодруулсан юм.
Төсөл санаачлагч гишүүн Пунсалмаа 2016-2025 оны байдлаар 2874 төсөл арга хэмжээг шилжих хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн. Эдгээр төслүүдээс нийтдээ 500 төсөл нь 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгааг дурдаад цаашдаа төсөл арга хэмжээнүүдийнхээ төсөв нь нэмэгдэж байгаа шалтгааныг нь олох, нийгэм, эдийн засагт үр ашиггүй гэж үзсэн төсөл, арга хэмжээнүүдийг гүйцээн санхүүжүүлэхгүй байх хэрэгтэй гэв. Түүнчлэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдээд байгаа шалтгаан нь хэрэгжүүлэх явцад 1-3 жил гацааснаас болж инфляц нэмэгдэхийн хэрээр төсөвт өртөг нь өсдөг үндсэн шалтгаан байна хэмээн тайлбарыг өглөө.
Ингээд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.