МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Тогтолцоогоо өөрчилж, тогтвортой ажиллам...

Тогтолцоогоо өөрчилж, тогтвортой ажилламаар байна

1990-ээд оны эхээр социалист систем задран унаж, социалист гэгдэж байсан орнуудын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж билээ.  Түүний нэгэн гишүүн байсан Монгол оронд ч ардчилсан хувьсгал ялж, зах зээл гэгч рүү хөл тавьж байсан нь саяхан.

Үнэн
Админ

1990-ээд оны эхээр социалист систем задран унаж, социалист гэгдэж байсан орнуудын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж билээ.  Түүний нэгэн гишүүн байсан Монгол оронд ч ардчилсан хувьсгал ялж, зах зээл гэгч рүү хөл тавьж байсан нь саяхан.

Нийгмийн шинэ тогтолцоонд ороод монгол орон хөгжсөн үү, ард иргэдийнх нь амьдрал ахуй тэгш сайхан болсон уу. Миний л ойлгож байгаагаар олон намын тогтолцоонд орж, хүний эрх, эрх чөлөө чөлөөтэй бий болж, төлөвлөгөөт эдийн засгаа хувийн өмчид тулгуурласан хэврэгхэн бүтцэд шилжлээ гэж ойлгодог. Нийгмийн өөрчлөлтөө даган Үндсэн хуулиа өөрчилж, парламентын засаглалтай болсон билээ. Монголчууд бидэнд олзуурхан бахархах зүйл байгаа ч алдсан будилсан асар их зүйл байгааг үгүйсгэж зөвтгөх аргагүй юм. Юуны өмнө хүний эрх чөлөө гэдгээр халхавчлан дураараа авирлах, засаг төрийн тогтворгүй байдлыг бий болгон, авилга хээл хахууль газар авч байгаа нь харамсмаар.

Эцэг өвгөдийн маань захиас эвтэй бол хүчтэй гэсэн сургаалыг үл тоомсорлон нэг аймаг, сум, албан байгууллагын байтугай нэгэн гэр бүлийн хүмүүс намын үзэл бодлоор хуваагдан бие биедээ дайсагналцаж улс орноо хөгжүүлэх нь байтугай өөрсдийн амьдрал ахуйгаа өөдтэйхэн авч явжчадахгүйд хүрч байна. Улс төрийн намууд шинээр үүсэж байгааг буруутгаж болохгүй ч тэдний зорилго чиглэл нь улс орноо хөгжүүлэх, ард олныхоо амгалан тайван аж төрөхөд урвуу нөлөөлөл үзүүлж, тэдгээрийг удирдаж байгаа хүмүүс албан тушаал, ашиг хонжооны хойноос улайм цайм хөөцөлдөж байгааг олон баримтаар дурдаж болох юм. Зарим нам зөвхөн сонгуулийн үед “сэрж”, тэдгээрийн удирдагч нар ганц суудал олж авахын төлөө хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа нь нууц биш. Монголын хамгийн том нам МАН, АН хоёр төрийн эрхийг тасралтгүй барьж ирсэн ч хоорондоо төдийгүй нам дотроо бүлэг, фракц үүсгэн төрийн тогтворгүй байдлыг бий болгож ирсэн олон жишээ бий.

Монголын ард түмэн, сонгогч бид ч энэ байдлыг нүдээрээ үзэж, биеэрээ туулж яваа ч сонгууль болохын өмнөх хэдхэн хоногт огт биелэгдэхгүй сайхан амлалт, амьжиргаанд нь хэрэг болох цөөн төгрөгт хууртагдан зөв хүнээ сонгож чадахгүй байгаагаа хэзээ ойлгож, засаж залруулах юм бэ. Энэ бүхэнтэй холбогдуулан өөрийн саналаа уншигч тантай хуваалцахыг хүсэж байна.

1.Улс орны хөгжил, ард иргэдийнхээ амьдралын олон талт асуудлыг зохицуулж байх хууль баталж хэрэгжүүлдэг УИХ-ын маань гишүүдийн тоог 126-д хүргэж нэмэгдүүлсэн ч намуудаас сонгогдсон гишүүдийн зөрчилдөөн үргэлжилсээр УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаа ч хийж чадахгүй төрийн ажил саатах зохисгүй байдал гарсаар байна. Зүй нь УИХ-ын гишүүдийн олонх нь намаас бус иргэдийн төлөөлөл болон сонгогдсоныхоо хувьд их хурлын чуулган, байнгын хорооны хуралдаа идэвхтэй сууж өргөн барьсан хууль, бусад асуудлаа хэлэлцэн шүүн тунгааж байх үүргээ өөрсдөө ухамсарлаж биелүүлж баймаар.

Намын бүлэг дээрээ хэлэлцэх асуудалд ямар байр сууринаас хэрхэн хандахаа урьдчилан тохиролцож, чуулган, хуралдаандаа сууж, хурлыг хаяж явах, шалтгаангүйгээр суухгүй байх нь УИХ-ын нэр хүндийг унагахад хүрч байгааг анхаарууштай. Хэлэлцэх асуудалд намын бүлгийн ганц нэг хүний саналаар биш ард иргэдээс сонгогдсон гэдгээ бодож өөрийн саналаа илэрхийлж байх нь шударга зарчимд илүү нийцнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж байгаагаа жирийн сонгогчийн хувьд илэрхийлж, яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын гишүүний нэрээр албан тушаал, хээл хахуулийн онц ноцтой, олон тэрбум, саяар яригдсан хэргийг мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж байх нь ард түмний хүсэн хүлээж байгаатай нийцэж, түүнийг таслан зогсоож болох бус уу.

Бүх шатны сонгууль, хурлуудын байгуулагдах тогтолцоог боловсронгуй болгож, УИХ-ын гишүүнийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын арван мянган хүн, бусад аймгуудын долоон мянган хүн тутмаас нэг хүнийг тухайн сонгуулийн санал өгөх иргэдийн олонхын ирцтэй хурлаас нэр дэвшүүлэн сонгож, УИХ-ын Төлөөлөгчдийн танхимыг бүрдүүлмээр байна. УИХ-ын гишүүдийн дундаас хуульчлан тогтоосон болзол, шаардлага хангасан 51-ээс илүүгүй, хуульч, эдийн засагч арай олон, бусад салбарыг төлөөлсөн хүмүүсийг сонгон Улсын Бага Хурлыг байгуулж, хоёр жил тутамд зохих хувийг нь өөрчилдөг заалтыг хуульчилж баталмаар байна. УИХ-ын гишүүдийг дээрх байдлаар сонгосноор жинхэнэ үлдвэрлэл дээр ажиллаж байгаа жирийн малчин, тариаланч, багш, эмч, уурхайчин, бусад мэргэжлийн хүмүүс сонгогдох боломжоор хангагдана. УИХ-ын чуулганыг жилд хоёроос илүүгүй удаа хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, Салбарын ерөнхий хуулиудыг батлах, Улсын Бага Хурал, Засгийн газар байгуулах, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хяналтын хороог байгуулж удирдлагыг нь батлах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дээрх байгууллага, албан тушаалтны мөрийн хөтөлбөр, үйл ажиллгааны тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгдөг байгууштай.

2.УИХ, Засгийн газрыг байгуулж, Ерөнхий сайдыг томилох бөгөөд Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр сайд нараа томилж, чөлөөлж, УИХ-д танилцуулдаг байх нь зүйтэй юм. УИХ-ын болон Засгийн газрын гишүүнд олон түмэнд танигдсан, эрхэлсэн ажил албандаа чин сэтгэлээсээ хичээн зүтгэдэг, мэргэжлийн мэдлэг, боловсрол сайтай, ашиг сонирхлын зөрчилгүй, ямар нэг хэрэг төвөгт нэр холбогдож байгаагүй хүнийг сонгож, эдгээр хүммүс нь сонгогчид, ард олондоо авсан амлалт, хийсэн ажлаа танилцуулж, олны саналыг хүлээн авч, оновчтой саналуудыг төр засгийн дээд түвшинд тавьж шийдвэрлүүлдэг, эргэх холбоо сайтай ажилладаг байвал төрийн ажил бүтэмжтэй, тухайн хүн ч нэр хүндтэй байх болно. УИХ, Засгийн газрын хуралдаанд үзэл бодлын хувьд санал зөрөх, маргаж мэтгэлзэх асуудал байх нь мэдээж боловч төрийн алба хашиж байгаагаа ухамсарлан элдэв доромж үг хэрэглэлгүй, хүндэтгэлтэй хандаж байх, зүй зохисгүй хандсан явдалдаа тухай бүр нь уучлалт гуйдаг ёс суртахуунтай баймаар. Ухаант мэргэдээс уламжлагдан ирсэн удирдах, удирдуулах, бусдыгаа хүндлэх ёсыг бүх шатны удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс алхам тутамдаа анхаарч байхын хамт энэ талаар бүсийн болон улсын чанартай сургалт хэлэлцүүлэг явуулдаг болох нь зүйтэй. Өнөөдөр нутгархах байдал газар авч, тэр нь танил тал, өөрийн гэсэн хүмүүсээ татах, албан тушаалаа буруу ашиглан хуйвалдан авлига авч өгөлцөх, гэмт үйлдэл өдүүлэхэд нөлөөлж байна.

Социалист тогтолцоонй үед амаг, сумдын дарга нарыг өөрийн аймаг, сумаас томилон ажиллуулдаг байсан нь томилогдсн хүнийг бусармаг үйл явдлаас хамгаалдаг, хөндлөнгөөс хяналт тавих сайн талтай байсан. Шинээр томилогдсон удирдах ажилтан тухайн газар очингуутаа хамт олонтойгоо танилцан хэнтэй яаж ажиллахаа анзаарч авдаг, халаа сэлгээг хөдөлшгүй баримт, бодол дүгнэлтэд тулгуурлан хийдэг байсан. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараа олонхын суудал авсан нам өмнө нь ажиллаж байгаад ялагдсан намын харьяаны хүмүүсийг хоморголон халж, төрийн тухайн албаны мэдлэг дадлагагүй, хүнтэй ажиллах арга барил дутмаг, ёс суртахууны дутагдалтай өөрийнхөө талын хүмүүсийг томилдгоос ажил цалгардах, ард иргэдийнхээ дэтжпэгийг авч чадахгүйд хүрдэг байна. Ялагдсан сөрөг хүчин болон өөр намын харьяаны хүмүүсийн дунд ажлын дадлага, мэдлэг, хүнтэй ажиллах туршлагатай хүмүүс цөөнгүй байдагч хоморголсон халаа сэлгээнд өртсөн хүний амьдрал ахуйд ч, төрийн алба ажилд ч хохирол учирдгийг байнга анхаарч байгууштай.

3.Өнөөдөр Монгол оронд дагаж мөрдвөл зохих хууль хэдэн зуугаар, түүнийг хэрэгжүүлэх заавар, журам олон мянгаар тоологдохоор байна. Харин түүний хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр өгөөж хир байдаг бол гэдэгт сэтгэл зовних юм. Батлагдан гарсан хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд эхлээд сайн хууль боловсруулж, нухацтай хэлэлцэн батлах, нэгэнт батлагдсан хуулиа сурталчлах ажлыг тодорхой үе шат, дэс дараалалтай зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг байнга дүгнэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг цаашид шинэ арга барилаар явуулах арга замыг тодорхойлж баймаар. Байдлаас ажиглахад баталсан хуулийн заалтаа бараг мартчих шахдаг юм биш байгаа гэсэн бодолтой явдгаа нуух юун.

Хуучин тогтолцооны үед нам, эвлэл, үйлдвэрчний улс төрийн сргууль, дугуйлан гээд долоо хоногийн ажлын бус цагаар хичээл сургууль явуулдаг байв. Энэ үйл явцыг сэргээж хууль сурталчлах хөтөлбөр боловсруулан долоо хоногийн хоёроос доошгүй өдөр зориуд бэлтгэсэн багштайгаар зохион байгуулдаг болмоор байна. Ингэснээр хүн бүр хуулийн зохих мэдлэгтэй болж, хэрэгжилт нь илүү байх болов уу. Эдийн засгийн ийм сургалтыг ч нэгэн адил явуулахад илүүдэхгүй. Хуулиа дээдэлж, аливаад арвич хямгач байж эдийн засгийн хувьд хүчирхэг байх нь иргэний болон улс нийгмийн үндсэн зорилт болохоор төр засгийн бодлогын төвд байх асуудлын нэг зайлшгүй мөн.

Хуулийн байгууллагуудын /цагдаа, прокурор, шүүх/ажилтны хууль зүй, эдийн засгийн мэдлэг, мэдрэмж өндөр, нэгэнт батлагдсан хуулийнхаа заалтыг ягштал баримталсан шударга, хүнлэг, зрчимч чанарыг эзэмшсэн, гаднын ямар нэгэн нөлөөнд автдаггүй дадал заншилд хэвшүүлэхэд төр засгаас илүү анхаарал тавьж, ажлыг нь үнэлдэг, гаргасан алдаанд нь хатуу хариуцлага тооцдог тогтолцоо үгүйлэгдэж байна.

4.Төрийн болон олон нийтийн хяналт шалгалт бол бидний амьдрч байгаа ороо бусгаа нийгмийн зүг чигийг зааж залуурдах чухал зүйл хэмээн боддог юм. 1970-аад оны эхээр Ардын хяналтын тогтолцоо бий болж, 20-оод жилийн хугацаанд багагүй зүйлийг хийсэн дээ. Хяналт шалгалтад төрийн зүгээс төдийгүй ард иргэдийг өргөн оролцуулж байснаараа давуу талтай байсан бөгөөд бүх асуудалтай хутгалдаж, дотоодын хяналтыг орлох сул тал байсныг ч хэлэх нь зүйтэй. Дараа нь мэргэжлийн хяналтын алба бсйгуулагдан цөөхөн жил ажиллаад бас л татан буугдсан. Манай төр засгийн удирдлагууд хяналт шалгалтаас зайлсхийж байсан нь өөрсдөө албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдож байгаа базаахгүй явдал нөлөөлдөг тал ч байж болох юм. Төр, олон нийтийн хяналт шалгалтыг хязгаарласнаар авилга хээл хахуулийн болон өмч хөрөнгө ашиглаж үрэгдүүлсэн гэмт хэрэг газар авч үнэн хэрэгтээ нийгмийн архаг өвчин болоод байна. Мэргэжлийн хяналтыг татан буулгаж, оргүй дээр гэдгийн үлгэрээр яамдад хяналт шалгалтын ажлыг шилжүүлсэн нь үр дүн багатай байх нь мэдээж шүү дээ. Энэ асуудлыг ярихаар Төрийн аудитын газрыг өмнөө барих байх л даа. Тайлан тэнцэл, бичиг цаасандаа дарагдсан энэ газар анхан шатны нэгж дээр, амьдралын гүнд орж шалгалт хийж чаддаггүй нь бичиг цаасны ачаалал ихтэй байдгийнх биз. Улс орны нийгэм эдийн засгийн одоогийн байдал, сахилга харицлага, өмч хөрөнгөнд хандаж байгаа байдлыг нухацтай эргэн харж төрийн хяналтын албыг дахин шинээр байгуулж, мэргэжлийн, шударга боловсон хүчнээр хангах нь зүйтэй.

Төрийн тогтолцоог өөрчилж, тогтвортой, үр дүнтэй ажилладаг болгон, төсөв зардлыг үр ашигтай, ард олондоо нээлттэй зарцуулдаг болсноор сахилга хариуцлага бүх шатандаа дээшилж, албан тушаалд шунахайрах, авилга хээл хахуульд автах ёс бус гажуудал арилж, улс орны маань хөгжил, хүн ардын маань амьдрал ахуй дээшилнэ гэдэгт итгэл төгс байна.  

А.Цоож /Монгол Улсын гавьяат эдийн засагч/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.