Троллын хамгийн том хохирогч нь үнэн юм
XXI зууны хамгийн том ардчилсан талбар нь сошиал сүлжээ болжээ.
XXI зууны хамгийн том ардчилсан талбар нь сошиал сүлжээ болжээ. Өмнө нь телевиз, сонин, радио мэдээллийн урсгалыг тодорхойлдог байсан бол өнөөдөр Facebook, X, TikTok, YouTube зэрэг платформ дээр хэн бүхэн үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл түгээж, төр засгаа шүүмжилж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой болсон. Энэ бол мэдээллийн ардчиллын хамгийн том ололт юм. Гэвч энэхүү эрх чөлөөтэй зэрэгцэн нэгэн ноцтой үзэгдэл дэлхий нийтийн анхаарлыг татах болов. Энэ нь тролл, бот, зохион байгуулалттай мэдээллийн манипуляц юм.
Өнөөдөр троллын асуудал зөвхөн олон нийтийн цахим маргаан биш, үндэсний аюулгүй байдал, шударга сонгууль, ардчиллын чанарт хүртэл нөлөөлөх хэмжээнд хүрснийг Европын холбоо, АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг улс орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum) хүртэл худал мэдээлэл, мэдээллийн манипуляцыг ойрын жилүүдэд хүн төрөлхтөнд тулгарах хамгийн том эрсдэлийн нэгээр нэрлэсэн байдаг. Гэхдээ "тролл" гэж яг хэнийг хэлээд байна вэ?
Тролл гэдэг нь эрх баригчдыг шүүмжилдэг иргэнийг хэлдэггүй. Өөрийн гэсэн байр суурьтай хүнийг ч хэлдэггүй. Харин зориудаар бусдыг өдөөн хатгах, хуурамч мэдээлэл тараах, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх, зохион байгуулалттайгаар худал ойлголт бий болгох зорилготой хувь хүн эсвэл сүлжээг хэлдэг.
Орчин үеийн тролл өмнөх үеийнх шиг нэг хүн байдаггүй. Нэг оператор хэдэн арван хуурамч хаяг ажиллуулдаг. Зарим тохиолдолд хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг, видео, текст ашиглан жинхэнэ хүн мэт дүр эсгэдэг. Нэг мэдээллийг хэдэн зуун хаяг яг ижил утгаар түгээж эхлэхэд олон нийт "олон хүн ингэж ярьж байгаа юм чинь үнэн байх" гэсэн сэтгэгдэлтэй болдог. Үүнийг сэтгэл судлалд social proof буюу олны баталгаа гэх үзэгдэлтэй холбон тайлбарлах нь бий.
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын "Internet Research Agency" гэх байгууллага олон мянган хуурамч хаягаар дамжуулан Америкийн сонгогчдын дунд үзэл бодлын хуваагдал бий болгохыг оролдсон тухай АНУ-ын мөрдөн шалгах байгууллагууд болон Сенатын тайлангуудад дурдсан байдаг. Тэд зөвхөн нэг намыг дэмжээгүй. Харин нийгмийг аль болох талцуулж, хүмүүсийн хоорондын үл итгэх байдлыг нэмэгдүүлэхийг зорьсон нь тогтоогдсон.
2021 онд “Facebook”-ийн толгой компани “Meta” дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн зохион байгуулалттай нөлөөллийн сүлжээг устгасан тухай тайлан гаргасан. Эдгээр сүлжээ улс төр, бизнесийн өрсөлдөөнд нөлөөлөх зорилгоор олон мянган хуурамч хаяг ашиглаж байсан нь илэрсэн юм.
Мөн 2022 онд Орос Украинд халдсаны дараа Европын холбоо, НАТО, Европын Гадаад үйл ажиллагааны алба (EEAS) олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой зохион байгуулалттай худал мэдээллийн кампанит ажил эрчимжсэн талаар удаа дараа анхааруулсан. Хуурамч зураг, эвлүүлэг, хуучин бичлэгийг шинэ мэтээр түгээх, эсрэг тэсрэг мэдээллийг зэрэг тарааж хүмүүсийг эргэлзүүлэх зэрэг арга өргөн хэрэглэгдсэн байна.
Троллын хамгийн аюултай тал нь хүмүүсийг ямар нэгэн зүйлд итгүүлэхээсээ илүүтэйгээр юунд ч итгэхээ больтол нь төөрөгдүүлдэг явдал юм. "Үнэнийг мэдэх боломжгүй", "Бүгд худлаа ярьдаг" гэсэн сэтгэхүй бий болох үед ардчиллын хамгийн том хамгаалалт болох бодит мэдээлэл үнэгүйдэж эхэлдэг. Ийм учраас Европын холбоо 2022 онд Digital Services Act (DSA)-ийг баталж, томоохон платформуудад хууль бус контент, зохион байгуулалттай мэдээллийн манипуляц, автомат ботын эрсдэлийг үнэлэх, ил тод тайлагнах, эрсдэлийг бууруулах үүрэг ногдуулсан. Энэхүү хууль нь үзэл бодлыг хориглоогүй. Харин хуурамч зохион байгуулалттай ажиллагаатай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Австрали мөн eSafety Commissioner хэмээх бие даасан байгууллагаараа дамжуулан цахим дарамт, хүүхдийн цахим аюулгүй байдал, хуурамч мэдээллийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлж байна.
Их Британи Online Safety Act-ийг баталж, платформуудыг хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй болгосон. Канад улс ч хиймэл оюун ухаанаар бүтээсэн төөрөгдүүлсэн контент, сонгуулийн үеийн мэдээллийн манипуляцын эсрэг шинэ зохицуулалт боловсруулж эхлээд байна. Эдгээр орны нэг нь ч "Төрийг шүүмжилж болохгүй" гэсэн агуулгатай хууль батлаагүй. Харин "Хуурамч хаяг ашиглан олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэхийг хязгаарлана" гэсэн зарчмыг баримталжээ. Энэ бол хоёр өөр ойлголт юм. Өөр нэг жишээ бол “COVID-19” цар тахлын үе байлаа.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага тухайн үед зөвхөн цар тахал бус, инфодеми буюу мэдээллийн тахал давхар өрнөж байгааг анхааруулсан. “Вакцин хүний ДНХ-г өөрчилнө, 5G сүлжээ вирус тараадаг, эмнэлгүүд зориудаар худал мэдээлэл тарааж байна” гэх мэт ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл хэдхэн цагийн дотор дэлхий даяар сая сая хүнд хүрч байв. Зарим улс оронд үүний улмаас хүмүүс вакцин хийлгэхээс татгалзаж, эрүүл мэндийн байгууллагуудад үл итгэх байдал нэмэгдсэн.Троллын хамгийн том хохирогч нь улстөрчид биш. Үнэн өөрөө байдаг.
Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага хэдэн долоо хоног судалгаа хийж, баримт цуглуулж, олон эх сурвалжтай тулган байж нэг нийтлэл гаргадаг. Харин түүнийг нийтлэгдсэнээс хойш хэдхэн минутын дотор хэдэн зуун хуурамч хаяг "худал", "захиалгатай", "Үүнийг хэн захиалгаар бичүүлэв" гэх мэт ижил утгатай сэтгэгдлээр булж орхидог. Ингээд хүмүүс тухайн нийтлэлийн агуулгыг бус, доорх хэрүүл маргааныг нь илүү санадаг.Reuters Institute-ийн жил бүр гаргадаг Digital News Report-д хүмүүсийн онлайн орчин дахь мэдээлэлд итгэх итгэл буурч байгааг онцлох болсон. Сүүлийн жилүүдэд судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь онлайнаар үзэж буй мэдээний үнэн бодит эсэхэд тогтмол санаа зовдог гэж хариулжээ. Энэ бол зөвхөн технологийн биш, ардчиллын асуудал юм.
Учир нь, ардчилал зөвхөн санал өгөх төдийхнөөр хэмжигддэггүй. Иргэд бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах боломжтой байх нь ардчиллын хамгийн чухал нөхцөл. Хэрэв мэдээллийн орчин зориудаар бохирдож, хүмүүс үнэнийг ялгаж чадахаа боливол ардчиллын үндэс ганхаж эхэлдэг. Гэхдээ троллтой тэмцэх нэрээр үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах нь мөн адил буруу. Эрх баригчдыг шүүмжилсэн хүн бүрийг тролл гэж нэрлэх нь ардчиллын эсрэг өөр нэг туйлшрал болно. Шүүмжлэл бол ардчиллын амин сүнс.
Харин хуурамч хаяг ашиглан зохион байгуулалттай гүтгэх, заналхийлэх, айлган сүрдүүлэх, олон нийтийн санаа бодлыг зориудаар төөрөгдүүлэх ажиллагаа бол ардчиллын дайсан юм. Монголд ч энэ асуудлыг үл тоох аргагүй болсон. Сонгуулийн үеэр төдийгүй улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, урлаг, спортын салбарынхан хүртэл зохион байгуулалттай цахим дайралтын бай болж байна.
Заримдаа бодит шүүмжлэл, зохион байгуулалттай троллын ажиллагааг ялгаж салгах аргагүй болтлоо холилдох тохиолдол ч гардаг. Энэ нь зөвхөн хууль эрх зүйн бус, мэдээллийн боловсролын асуудал болжээ.
Иймээс Монгол Улсад платформуудын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хуурамч хаяг, автомат ботын хэрэглээг бууруулах, хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг тодорхой тэмдэглэх, иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бодлого боловсруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.Эцэст нь хэлэхэд, сошиал сүлжээ бол хэрүүл маргааны талбар биш, үзэл бодлын индэр байх ёстой. Тэнд өөр өөр байр суурь дэвшүүлж болно. Хатуу шүүмжлэл ч байж болно. Гэхдээ тухайн үзэл санаатай өрсөлдөх зүйл нь баримт, нотолгоо, үнэн байх ёстой болохоос хэдэн зуун хуурамч хаягаар давтагдсан худал мэдээлэл байж болохгүй.Үзэл бодлын олон ургалч байдал бол ардчиллын үндэс. Харин троллын сүлжээ бол ардчиллын шимэгч юм. Тиймээс сошиал орчинд шүүмжлэл байх ёстой, мэтгэлцээн байх ёстой, харин троллуудын орон зай байх ёсгүй.
Б.Хонгор
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар