МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын па...

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.05.27) Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдийн хамтаар Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 18 дахь зөвлөлдөх уулзалтад оролцож буй Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн, Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Өнөөдөр Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 18 дугаар зөвлөлдөх уулзалт болж, дэлхий дахинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, бүс нутгийн улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүчний асуудлаар хоёр талын гишүүд үр өгөөжтэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Улсын Их хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн энэхүү уулзалт нь Европын болон Монгол Улсын ард иргэдийн эрх ашгийг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд хэлэлцэж буй өндөр хэмжээний яриа хэлэлцээр боллоо хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

Түүнчлэн Монгол Улсын парламент Сайн парламент”-ыг төлөвшүүлэхээр зорин ажиллаж байгааг дурдаад талуудын хамтын ажиллагааны хүрээнд визний нөхцөлийг хөнгөвчлөх, Европын Холбооны гишүүн улс орнуудын парламентын ил тод нээлттэй байдлыг хэрэгжүүлдэг, зарчим, туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо уламжлав. Мөн Монгол Улс, Европын Холбооны хоорондын түншлэлийн хүрээнд Газар зүйн заалтын тухай хэлэлцээр”ийг байгуулах асуудлаар хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүслээ. Үүнээс гадна онлайн орчинд илт хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлд Европын холбооны туршлагыг судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ  илэрхийлэв.

 

Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчид, ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсаар бахархаж буйгаа тэмдэглээд Европын Холбоо, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих ихээхэн сонирхолтой байгаа бөгөөд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, инновац,иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн парламентын ардчиллыг бэхжүүлж, ил тод байдлыг хангах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа.

 

Мөн Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 18 дугаар зөвлөлдөх уулзалтаар стратегийн чухал олон асуудлаар хэлэлцсэнийг Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн Жүси Принчи онцолж байв. Тэрбээр, харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх, ил тод нээлттэй байдлыг хэрхэн хангах, нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх кибер аюулгүй байдал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт Европын Холбоо түүний гишүүн орнууд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх нь бид бүхний үүрэг гэж үздэг гэв.

 

Үүнээс гадна Монголын талаас дэвшүүлж буй визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд Европын комисс болон Европын зөвлөлд визний шаардлагаас хөнгөвчлөх хэлэлцээрийг эхлүүлэх хүсэлтийг тавьсан гэв. Үүнийг Казахстан улстай хэрэгжүүлсэн загвар дээр үндэслэн ажил хэрэг болгохоор зорьж байгаа хэмээн Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн Жүси Принчи хэлэв.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,Улсын Их хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.