МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн...

Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Үнэн
Админ


Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.06.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цаг байдаг бөгөөд энэ удаа “Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу” гэдэг сэдвийг хөндөж, энэ асуудалд Засгийн газраас баримтлах бодлогыг тодруулсан. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос долоо хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлсэн бөгөөд асуултыг нэгтгэн parliament.mn цахим хуудсанд байршуулсан байна.

Монгол Улсад нийгмийн хамгаалал, халамжийн асуудал нь тулгамдсан, ил тод болгох ёстой чухал сэдэв гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодотгоод сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг харахад нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нь нийтийн халамж болж хувирсан гэдэгтэй санал нийлж буй эсэхийг тодруулав.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд бид нийгмийн хамгаалал, халамжийг нэг саванд хийж явсантай санал нэгдэж байна гэв. Засгийн газраас уг асуудлыг шийдэхийн тулд “Чөлөөлье” гэдэг санаачилгыг дэвшүүлж энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг өрх рүү улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байна гэлээ. Нийгмийн хамгаалал, халамжийн хүрээнд жилд 2.4 их наяд төгрөгийг иргэдэд хүргэж байгаа. Үүний 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлого руу чиглүүлсэн байдаг. Тэгэхээр нийгмийн хамгаалал, халамж хоёроо салгаж ойлгох ёстой. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд үүгээр нийгмийн халамжаа нийгмийн хамгааллаас нь салгаж харах зорилгод чиглүүлж байгаа гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгөв.


Харин Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын 3.6 сая иргэний хөдөлмөрийн насных нь 2.3 сая байна. Үүнээс хүүхэд орохгүйгээр бараг 1 сая иргэн ямар нэгэн хэмжээгээр  халамжид хамрагдаж, 2.5 их наяд төгрөгийн мөнгөн дүнг зарцуулсныг багасгах, халамж хамгаалалаа хэрхэн ялгах вэ гэдгийг лавласан. Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн халамж нь нийгмийн хамгааллын нэг бүрэлдэхүүн хэсэг тул тусгай бодлоготой байдаг. Ядуурлыг бууруулахад зориулсан тусгай бодлогын хүрээнд 2.4 их наяд төгрөгийн нийгмийн халамж, хамгаалалд зарцуулагдаж байгаагийн 72 хувь нь хүн амаа өсгөх бодлогод чиглэж 1.7 их наяд төгрөгийг хүүхэд, эхэд олгосон. Үүнийг бид халамж гэж ойлгодог. 10 гаруй жилийн хугацаанд хүн ам 400 мянгаар өссөн тул Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль руу тусгаад энэ хөтөлбөрөө хэзээ дуусах вэ гээд гэдгийг томьёолох зорилттойгоор үзэл баримтлалыг нь углуургаар нь харж байгаа гэв. Мөн тэрбээр асуудлыг углуургаар нь харахгүй бол бүгд халамж хавтгайрлаа гэдэг атлаа иргэдээ хэзээ ядуурлаас аврах, хэзээ ажлын байран дээр бэлтгэх асуудал тодорхойгүй тул сонгуулийн өмнө дандаа олон нийтэд хайр зарлаж, найр тавьсаар энэ тогтолцоог эвдээд хаячихсан гэж байлаа.


Дараа нь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Ц.Баатархүү, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, П.Батчимэг, Б.Жаргалан, Н.Энхнасан, Г.Уянгахишиг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд Ерөнхий сайдаас сүүлийн 10 жил улс төрийн албан тушаал хашиж байсан хүний хувьд ядуурлыг хоёр дахин бууруулж, халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг уриа биелсэн эсэхийг, халамж асаргааны тэтгэмжид иргэд 480 мянган төгрөг авч байхад төрийн өмчит компанийн захирал ашиг муутай ажилласан хэрнээ 30 сая төгрөгийн цалин авч буй явдал, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулахад ямар арга хэмжээ авахыг, нүүрсний асуудалтай холбоотой далд халамжийг хэрхэн цэгцлэх талаар лавласан.

Засгийн газрын тэргүүн хариултдаа Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байгааг дурдаад төр, иргэддээ итгэж чаддагийн илрэлийг үзүүлэхээр зорьж салбар бүрийн суурь шинэчлэлийг хийхээр эхлүүлж байна гэлээ.


Энэ хүрээнд бизнесийн эрх чөлөө, татварын шинэчлэл, хагас хуримтлал руу шилжих суурь шинэчлэлүүдийг тусгасан хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж байна. Ялангуяа төрийн өмчит компаниуд ашиг орлого олоод баялгийн санд орлого төвлөрүүлээд бүтээмжтэй сайн ажиллавал урамшуулал цалингаа авна. Гэтэл алдагдалтай ажиллаж байгаа атлаа өндөр цалин авч байгаа байдлын эсрэг төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг батлах гэж байна. Үүнийг баталснаар авлигын индекс буурахад томоохон хувь нэмэр оруулж, засаглалыг хараат бус байлгах арга хэмжээг авах болно. Энэ мэт Улсын Их Хурлаас баталсан сайн хуулиудыг хэрэгжүүлэх ажил Засгийн газарт үлдлээ гэдгийг Ерөнхий сайд хариултдаа онцолж байлаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлшийг иргэдэд хямд үнээр зараад үлдсэнийг нь төсөвт ачаалал авч ирсэн. Багануурт үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, гаднаас түлш авах ажлыг зогсооход чиглэж ажиллана гэж байлаа.


Үргэлжлүүлэн олонхын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон, амь насаа алдсан 112 иргэний тэтгэмжийг Засгийн газар олгох шүүхийн шийдвэрийг өнөө хүртэл хэрэгжүүлээгүй шалтгааныг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсрлын салбарын шинэчлэл судалгаанд суурилаагүйг тодотгоод багшийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн барилга нэмж барих асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж хариулт авав.

Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэй танилцлаа

Дараа нь “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Сонсголын тайланг parliament.mn цахим хуудсанд бүрэн эхээр нь байршуулсан.

Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д заасны дагуу "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах эсэх асуудлаар санал хуралт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь буюу олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Д.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа тодотгов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Алдаржавхлан, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд эхлэх гэж буй “Улаанбаатар трамвай” төслийг зогсоох эсвэл, үргэлжлүүлэх эсэхийг, нийслэлийн төсвийн алдагдлыг хязгаарлах, тэнцвэржүүлэхэд чиглэсэн саналыг тогтоолын төсөлд тусгасан талаар, мега төслүүдийн санхүүжилт, бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай байсныг тодруулсан.


Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хариултдаа энэ сонсгол ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг зогсооход чиглээгүй гээд трамвай, метро, дүүжин тээвэр, тусгай замын автобус гээд тээврийн 7 төслийг хэрхэн зангидах вэ гэсэн бодлогын асуудалд Зам, тээврийн яам хариулт өгч чадаагүй. Учир нь хариулт байхгүй байсан гэлээ. Мөн нийслэлийн тээвэртэй холбоотой төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүйн зэрэгцээ энэ бүхнийг эрэмбэлээгүй байсан тул үүнийг дүгнэлтдээ тусгасан гэв.

Харин уг сонсголын шинжээч Б.Энхбаяр хариултдаа “Нийт 28.9 их наяд төгрөгийн төсөвтэй 16 мега төсөл нь 2026 оны 6 дугаар сарын 12-ны байдлаар 1.4 их наяд буюу 5 хувийн гүйцэтгэлтэй байсан. Үүнд нь техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ боловсруулах, зөвлөх үйлчилгээ авах, боловсон хүчин бэлтгэх, барилга угсралтын зардал хамаарч байна. Нийт төслийн явц 14.3 хувьтай, үүнээс 19.1 их наяд төгрөгийн санхүүжилт нь одоогоор шийдвэрлэгдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд хугацаа сунах эрсдэл үүснэ гэж үзсэн” гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Үргэлжлүүлэн ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хуралд 2026 оны 06 дугаар сарын 02, 11-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулав.


Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат шүүхийнхний цалин нэмэх асуудлыг 10-хан хоногийн дотор шийдэж байгаа нь холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй эсэхийг тодруулав.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч болон шүүгч бус гэсэн гишүүдээс бүрддэг. Шүүхийн цалин нэмэгдэхээр шүүгч гишүүдийнх дагаад өснө. Харин шүүгч бус гишүүдийн хувьд адилхан ажил хийж байгаа атлаа өөр хэмжээний цалин авч байгаа юм. Энэ нь хүний эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан байдлыг үүсгэх тул уг асуудлыг оруулж ирсэн. Төсөв дотроо шийдэх боломжтой юм билээ гэсэн тайлбарыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэллээ.

Тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь дэмжлсэн.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Хуралдаан  Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хууль зүйн байнгын хороо 2026 оны 06 дугаар 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хийлээ.
Тэрбээр танилцуулгадаа, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгосон. Ингээд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав. Хууль санаачлагч 1992-2025 оныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод олгосон газар олголтын шийдвэрүүд хууль журамд нийцсэн эсэх, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал, дүгнэлт гаргах зорилгоор хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг тодотгов.


Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг баримтлан тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл түр хороонд орсон гишүүдийн нэрс өөрчлөгдөх болсон тул тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргахад хуралдаан даргалагч хоёр хоногийн завсарлага өгөв.


Мөн өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбат нараас санаачлан боловсруулсан Эдийн засгийн эрх ашгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчийн зүгээс татан авсан гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

Хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураав

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан /дэлгэрэнгүйг эндээс/

Иймд хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн санал хураалтаар үргэлжлэв. Байнгын хорооноос бэлтгэсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Мөн өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг /дэлгэрэнгүйг эндээс/ явуулсан.

Үдээс хойших хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх Байнгын хорооны горимын саналыг дэмжих, эсэх санал хураалтыг тус тус явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг /дэлгэрэнгүйг эндээс/ явуулсан.

Үдээс хойших хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Дээрх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үдээс өмнөх хуралдаанаар/дэлгэрэнгүйг эндээс/ явуулсан.

Үдээс хойших хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх Байнгын хорооны саналыг дэмжих эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийн талаар нэг саналаар санал хураав

Мөн өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг эндээс/ хийсэн.

Хуралдаан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэсэн санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 6 дугаар зүйлийн 6.5.10 дахь заалтыг хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 хувь нь дэмжсэн. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.