МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр “Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал...

“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв

Үнэн
Админ


Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.04/ Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Р.Эрдэнэбүрэн, С.Зулпхар, Д.Батбаяр нарын 30 орчим гишүүн болон салбар хариуцсан яам, агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 118 гаруй хүн оролцсон.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлэлцүүлгийг нээж,  үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэхүү бодлогын хэлэлцүүлэг нь зөвхөн байгаль орчны асуудал бус, Монгол Улсын тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдлын суурь асуудлыг хөндөн хэлэлцэж буйгаараа онцгой ач холбогдолтой” гэдгийг онцлон тэмдэглэв.

Манай улсын хувьд ч усны нөөцийн жигд бус тархалт, газрын доорх усны хэт ашиглалт, хот суурин газрын ариутгах татуургын асуудал, хөдөө орон нутгийн малчдын ундны усны чанар зэрэг асуудлууд бодит эрсдэл болсоор байна. Ялангуяа усны эрүүл ахуйн асуудал нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Аюулгүй, цэвэр усны хүртээмж хангалтгүй байх нь нийгмийн тэгш бус байдлыг дагуулдаг. Иймээс усны чанар, аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг зөвхөн салбарын хэмжээнд бус үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд авч үзэх шаардлага улам бүр нэмэгдэж буйг Л.Мөнхбаясгалан гишүүн тодотгов.

Цаашид усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, ус хангамж, ариун цэврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, усны хэрэглээний зөв дадал, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, инновацид суурилсан шийдлийг дэмжих, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал байгааг онцлон тэмдэглээд энэхүү хэлэлцүүлгээс бодитой санал, шийдэл, хамтын ажиллагааны шинэ санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Усны нөөц хамгааллын бодлого, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр усны асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын үндсэн гол бүтээгдэхүүн болохыг тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 2.2 тэрбум хүн ундны усны дутагдалтай амьдарч байгаа бөгөөд  цаашид 2050 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь энэ нөхцөлд орно гэх судалгаа буйг дурдав.   

Монгол Улсын усны нөөцийн хамгийн сүүлийн үнэлгээгээр нийт 596.8 шоо километр байгаагийн 532 шоо километр нь буюу 89.1 хувь нь нуурын ус,  34.6 шоо километр нь гол мөрнийх 19.4 шоо километр нь мөнх цас, мөсөн хуримтлал, 10.8 шоо километр нь газрын доорх ус байгааг тэмдэглээд энэ нь хангалттай хэмжээний нөөц мэт боловч эдгээрээс эдийн засгийн эргэлтэд бодитоор ашиглах боломжтой нь ердөө 10.5 шоо километр байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт усны нөөцийн 2 хүрэхгүй хувь бодитоор ашиглагдах боломжтой  гэв.  

Мөн манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9  хувь нь ямарваа нэгэн хэлбэрээр цөлжилт газрын доройтолд өртөөд байгааг дурдав. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.58 градусаар өссөн гэдгийг тэрбээр илтгэлдээ дурдахын зэрэгцээ уул уурхай, эрчим хүч, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарууд усны хүртээмжээс шууд хамааралтай байдаг. Ялангуяа говийн бүсэд хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд газрын доорх усны нөөцөд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. Усны нөөцийн хомсдол нэмэгдэх нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа саарах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг удаашруулах зэрэг сөрөг нөлөөг үзүүлж байна  гэлээ.

Монгол Улсын усны салбарын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Усны тухай хууль нь салбарын үндсэн зохицуулалтыг тусгасан хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, саарал усны хэрэглээ, усны дахин ашиглалт, шинэ технологийн хөгжил зэрэг шинэ нөхцөл байдалтай уялдуулан боловсруулангуй болгох шаардлага тулгараад байгааг Ш.Батбаяр дарга илтгэлдээ онцлов.  

Дараа нь “Усны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгааны тайлан”-гийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр  илтгэлдээ танилцуулсан. 2004 онд Монгол Улсад анх удаа Усны тухай хууль батлагдсан бөгөөд 2012 онд томоохон өөрчлөлт хийсэн. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсад усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлсэн нь дэлхийд жишиг болохуйц хэмжээнд очсон гэдгийг тэрбээр онцолсон.  Мөн усны хамгаалалтын бүсийг тогтоосноор Усны тухай хуулийн хэрэгжилт амжилттай гэх боловч нөгөө талдаа чухал газрууд, тодорхой бүс нутгууд дээр хамгаалалтын бүс тогтоогоогүйгээс болоод хамгаалалтын болон ашиглалтын үйл ажиллагаа явахгүй байна гэж дүгнэж болохоор байна гэв. Тулгамдаж байгаа хамгийн том асуудал  нь уур амьсгалын өөрчлөлтийн аюул гэдгийг илтгэгч тэмдэглээд байдал энэ  хэвээрээ үргэлжилбэл 2050-2060 оны үед Их нууруудын хотгорт буй нуурууд ширгэх, мөнх цастай уул үгүй болох зэрэг биднээс үл шалтгаалсан усны нөөцийн хомсдол бий болох аюулууд нүүрлэнэ гэв.

Ус ашиглалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга М.Ням-Осор “Хот суурин газрын усан хангамж, ариутгах татуурга” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын 330 сумаас иж бүрэн ус хангамж, ариутгуурын шугам сүлжээтэй 117, ариутгах татварын сүлжээтэй 128, ус хангамжийн төвлөрсөн сүлжээтэй 200 сум байна гэлээ.

Мөн 2020-2025 онд нийт энэ чиглэлээр 452 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн гэв. Энэ талаарх тойм мэдээллийг доорхх зурагнаас харна уу.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд орон нутгийн хөгжлийн төвөөр тусгагдсан байршлуудад, түлхүү хөрөнгө оруулалт хийх, энэ хүрээнд тодорхой хэмжээний төлөвлөлтүүдийг хийхээр ажиллаж байна гэж байлаа.  

Үргэлжлүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэнд нөлөөллийн үнэлгээний албаны дарга А.Энхжаргал “Усны аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвээр тавьсан илтгэлдээ унд ахуйн усны эрүүл ахуй, аюулгүй байдал, чанартай холбоотой зүйлийг хөндөж, хүн амын унд ахуйд хэрэглэж байгаа усны аюулгүй байдал, эрсдэлийн түвшин,  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныт талаар дэлгэрэнгүй танилцуулав.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан судалгааны үр дүнгээс харахад Монголын хүн амын 86 хувь, хөдөө орон нутгийн хүн амын 63 хувь нь шаардлага хангасан унд ахуйн усаар хангагдаж байна гэж үзсэн тул бидэнд цаашид хийх ажил маш их байна гэлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.  

Тус илтгэлийн дүгнэлтэд төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн нянгийн бохирдол төвлөрсөн эх үүсвэрээс хоёр дахин өндөр буюу орон нутгийн иргэдийн унд, ахуйн усны эх үүсвэр шаардлага хангахгүй хэмжээнд байна. Ундны усны эх үүсвэр дэх хатуулаг, магни, төмөр, хүнцэл, хар тугалга, фторын агууламж стандартад заасан шаардлагыг хангахгүй байна. Улсын хэмжээнд хүн амын хэрэглэж буй унд, ахуйн усанд агуулагдах хүнцэл, хар тугалгын агууламж хүний эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд байна. Иймд эдгээр ундны эх үүсвэрийг яаралтай өөрчлөх, цэвэршүүлэх арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай төдийгүй нүхэн жорлон хөрсний бохирдол, унд ахуйн усны бохирдлыг нэмэгдүүлж байгааг анхааруулсан байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Мянганы сорилтын сангийн төслийн захирал Л.Өнөржаргал “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн талаар  танилцуулсан. Хөтөлбөрийн зорилго нь Нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэхэд чиглэжээ. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн талаарх доорх зурагнаас харна уу.

Хөтөлбөр төслийн хүрээнд Улаанбаатар хотын усны нөөцийг 2016 оны түвшнээс 72 хувиар нэмэгдүүлэв гэж илтгэлд дурдсан байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх илтгэл болон сэдвийн хүрээнд асуулт асууж, санал хэлсэн. Оролцогчид усны хайгуул хийвэл нөөц  нэмэгдэх боломжтой эсэх, усны нөөцийг ашиглаад эрчим хүч гаргах зорилтын хүрээнд усан цахилгаан станц барих нь хэр зохистой талаар, Монгол Улсад газрын доорх усны судалгаа, түүнийг хамгаалах, бохирдлыг нь арилгах асуудалд  холбогдох яам, агентлаг ямархуу арга хэмжээ авч байгаа талаар лавлаж байлаа. Мөн Усны тухай хуулийг шинэчилж, өөрчлөхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ уг төслийг  яаралтай өргөн мэдүүлэх, эл төсөлд мал аж ахуй, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын усны хэрэглээ, төлбөрийг тодорхой тусгах, дахин боловсруулсан буюу саарал усыг хэрэглэж болох бүх газарт нэвтрүүлэх, усны хэрэглээг нарийвчлан хянаж, бага хэрэглээтэй айл өрхүүдийг татварын  бодлогоор  дэмжих агуулгыг тусгах, Монгол орны бүх гол горхи, худаг, нуурын усны чанарын мэдээллийг нэгтгэсэн үндэсний дата төвийг бий болгож иргэдэд  нээлттэй болгох зэрэг асуудлыг хөндөж, санал хэлсэн.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ирээдүй үедээ экологийн сүйрэл биш, экологийн эрх чөлөө, экологийн аврал, экологийн бодлого, бид үлдээх ёстой гээд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа өгч, хамтран ажиллахыг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.