МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Уул уурхайн хөгжлөөр бүтсэн Эрдэнэтийн и...

Уул уурхайн хөгжлөөр бүтсэн Эрдэнэтийн ирээдүй

Уул уурхайн салбараа түшиглэж, үйлдвэр, дэд бүтэц, орон сууц, нийгмийн үйлчилгээг хамруулсан цогц бүтээн байгуулалтыг бий болгосон хамгийн том жишгээр 50 жил нэрлэгдэж буй тус хот хагас зуун жилийн дараа ч өөрийн үнэ цэнээрээ нэгд бичигдсээр буй юм.

Үнэн
Админ

Эрдэнэт хот хэдхэн хоногийн дараа 50 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Уул уурхайн салбараа түшиглэж, үйлдвэр, дэд бүтэц, орон сууц, нийгмийн үйлчилгээг хамруулсан цогц бүтээн байгуулалтыг бий болгосон хамгийн том жишгээр 50 жил нэрлэгдэж буй тус хот хагас зуун жилийн дараа ч өөрийн үнэ цэнээрээ нэгд бичигдсээр буй юм. 

1976 онд Монгол, Зөвлөлтийн Засгийн газрын хамтарсан шийдвэрээр уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажил эхэлж, Эрдэнэт хотыг байгуулах эхлэлийг тавьж байв. Үүнээс хойш Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам татаж, Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам баригдаж, Салхит-Эрдэнэтийг холбосон 168 км төмөр зам, хивсний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, I, II, III бичил хорооллын орон сууцны цогцолборууд ээлж дараалан бий болж, шинэ хот өөрийн өнгө төрхөө олсон байдаг. Үүнээс гадна уурхайчдын гэр бүлийг ажлын байраар хангахын тулд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулж, хотын хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор Улаантолгойн сангийн аж ахуйг, мах, үр тарианы хэрэгцээг хангахаар Бургалтайн сангийн аж ахуйг байгуулж байсан бол Эрдэнэт өнөөдөр 100 гаруй мянган хүн амтай, нийслэл Улаанбаатарын дараа орох хоёр дахь том хот болон сүндэрлэжээ.

Хотын хөгжлийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын бодлого, хөрөнгө оруулалтаас ангид авч үзэж болохгүй. Тус үйлдвэр 50 жилийн турш Орхон аймгийн хамгийн том хөрөнгө оруулагч, хотын хөгжлийн гол түшиг болж явна. Үйлдвэр ковид дэгдсэн цар тахлын жилүүдэд Монгол Улсын нийт иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн ачааллыг хуваалцсан бол сүүлийн таван жилд Орхон аймгийн хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжил, нийгмийн үйлчилгээний чиглэлд томоохон төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт шийдэн, хотынхоо өнгө төрхийг сэргээжээ. Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хийсэн төсөл, хөтөлбөрөөс онцлон хүргэе. 

Усны хангамжийг баталгаажуулсан 65 км шинэ шугам

 

Эрдэнэт хотын хөгжил шинэ барилга, бүтээн байгуулалтаар хэмжигддэггүй. Хотын өдөр тутмын амьдралыг тасралтгүй авч явдаг хамгийн чухал дэд бүтцийн нэг нь ус хангамжийн систем юм. Хүн ам өсөж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа аж. Тиймээс ирээдүйн хэрэгцээг урьдчилан тооцож, усны найдвартай эх үүсвэр, дамжуулах сүлжээг шинэчлэх шаардлага бий болжээ.

Энэ зорилтын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” өөрийн хөрөнгөөр цэвэр усны гурав дахь шугамыг байгуулсан нь хотын хөгжлийн стратегийн чухал бүтээн байгуулалтын нэг болсон байна. Эрдэнэт хотын ус хангамжийн систем Сэлэнгэ мөрнөөс эх авдаг. Усан сан хүртэлх 65 километрийн урт хос шугамаар дамжин хэрэглэгчдэд хүрдэг аж. Ус хангамжийн цехийн энэхүү систем нь хоногт 62 мянган шоо метр цэвэр ус татан авч, үйлдвэр болон хотын иргэдийн хэрэгцээг хангаж эхэлжээ.

Анхны шугамуудыг 1976, 1988 онд барьж, ашиглалтад оруулснаас хойш олон жил өнгөрч, инженерийн байгууламжуудын насжилт нэмэгдэн, шинэчлэл хийх шаардлага тулгарсан үед “Эрдэнэт үйлдвэр” 65 км урт, 820 мм-ийн голчтой ган хоолой бүхий гурав дахь цэвэр усны шугамыг барьж ашиглалтад оруулсан нь энэ аж. Энэ бол ирэх хэдэн арван жилийн турш Эрдэнэт хотын усны аюулгүй байдал, үйлдвэрлэл, иргэдийн амьдралын баталгааг хангах томоохон хөрөнгө оруулалт болж чаджээ. Дэлхийн хотуудын хөгжлийн гол шалгуурын нэг нь усны найдвартай хангамж байдаг. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн энэхүү бүтээн байгуулалт нь 50 жилийн түүхтэй хотын айсуй хагас зуун жилийн хөгжлийн суурийг бэхжүүлсэн стратегийн алхам болж чадсан гэж хэлж болох юм. 

“Уурхайчин хороолол”

 Аж үйлдвэрийн хотын хөгжлийн чанар нь хөгжлийг хөдөлгөж буй хүмүүсийнхээ амьдрах орчин, нийгмийн баталгааг хэрхэн бүрдүүлж буйгаар тодорхойлогддог. “Эрдэнэт үйлдвэр” ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулах, хотын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн шийдэл бүхий “Уурхайчин-1” орон сууцны хорооллыг байгуулжээ. Өнөөдөр тус хороололд үйлдвэрийн ажилтнууд төдийгүй Эрдэнэт хотын 375 өрх ая тухтай, эрүүл, тохилог орчинд амьдарч байна. “Уурхайчин-1” хороолол нь өнөөдөр уурхайчид, тэдний гэр бүл, хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэгд тооцогдож байна. 

40 жилийн насжилттай шугамыг шинэчилжээ

 Хотын хөгжил газрын дээрх бүтээн байгуулалтаас гадна газрын доорх дэд бүтцээс эхэлдэг. Эрдэнэт хотын төвийн инженерийн шугам сүлжээ олон жилийн турш хотын амьдралыг тасралтгүй хангаж ирсэн ч цаг хугацааны эрхээр насжилт нь нэмэгдэж, шинэчлэл хийх шаардлагатай болсон байна. Ялангуяа 40 гаруй жилийн ашиглалтын түүхтэй төв шугам сүлжээг шинэчлэх ажил нь хотын ирээдүйн аюулгүй байдалд чиглэсэн томоохон шийдэл болж чаджээ. “Эрдэнэт үйлдвэр” энэ ажлыг гүйцэтгэхийн тулд цар тахлын хүнд үе, эдийн засгийн олон сорилттой тулгарсан ч хөрөнгө оруулалтаа зогсоолгүй үргэлжлүүлж, 12 тэрбум төгрөгөөр Эрдэнэт хотын төв шугам сүлжээг бүрэн шинэчилжээ. Хуучирч элэгдсэн шугамуудыг орчин үеийн шаардлага хангасан ган хоолойгоор сольсноор:

•Инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа сайжирч,

•Аваар, гэмтлийн эрсдэл буурч,

•Хотын дулаан, ус, үйлчилгээний тогтвортой байдал нэмэгдсэн байна.

Хотын иргэдийн өдөр тутмын амьдралд тэр бүр анзаарагддаггүй ч хамгийн чухал дэд бүтэц бол газрын доорх энэ систем. Энэхүү шинэчлэлийн үр дүнд Эрдэнэт хотын төв шугамын ашиглалтын баталгаат хугацаа дахин 40 жилээр уртасгаж, оршин суугчдадаа ирээдүйн хөгжлийн баталгааг бий болгож амжжээ.

 

“Эрдэнэт” ой генетик нөөцийн төв

Уул уурхай, үйлдвэрлэлийн хөгжлийн зэрэгцээ байгаль орчны тэнцвэрийг хадгалах нь өнөөдрийн дэлхийн хамгийн чухал зорилтуудын нэг болж байна. 

Энэ чиглэлд “Эрдэнэт үйлдвэр” анхаарч, байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгууллаа. Тус төв нь 1000 тонн үр хадгалах хүчин чадалтай бөгөөд модлог ургамлын генетик нөөцийг хамгаалах, судлахын зэрэгцээ эдийн өсгөврийн аргаар үржүүлэн тарьц, суулгац үйлдвэрлэх аж.

Энэ төв нь зөвхөн мод тарих ажилд зориулагдаагүй. Монгол орны ой, ногоон байгууламжийн ирээдүйн суурийг бүрдүүлэх шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны хөрөнгө оруулалт болж чаджээ. Цаашид тус төвөөр дамжуулан Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүс нутаг болон шинэ Хархорум хотын ногоон хөгжлийг дэмжих, гол мөрний эхийг хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг тарьц, суулгацаар хангах, сургалт зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм байна. 

Хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээний “Эрдэнэт медикал” төв

 

Иргэдийн эрүүл мэнд бол хотын хөгжлийн хамгийн чухал хэмжүүрийн нэг. “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, “Эрдэнэт Медикал” эмнэлгийг байгуулсан нь бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болсон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдааны шийдвэрээр тус эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэхээр болсон юм.

Ингэснээр зөвхөн Орхон аймаг төдийгүй Хөвсгөл, Булган, Сэлэнгэ болон хойд бүсийн иргэд хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагтаа ойр, цаг алдалгүй авах боломж бүрдэх юм. Тус төвөөр дамжуулан жилд 50 мянга орчим иргэн хавдрын тусламж, үйлчилгээ авах боломжтой болох тооцоо бий. Энэ нь бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд хийж буй томоохон өөрчлөлт авчирчээ. 

“Cu Mo” Арена

 Орхон аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг угтаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн санаачилга, уурхайчдын хөдөлмөр зүтгэлээр бүтэж буй “Cu Mo” Арена цогцолборыг ашиглалтад оруулахад дөхөж байна. Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн энэхүү цогцолборын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй яваа аж. Олон мянган хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай “Cu Mo” Арена нь Орхон аймгийн 50 жилийн ойн баярын хурал, урлаг соёлын арга хэмжээ, хүндэтгэлийн үйл ажиллагааны гол талбар болох юм байна.

Түүхэн ойг угтсан энэхүү томоохон бүтээн байгуулалтын сүүлийн шатны ажлуудыг хугацаанд нь дуусгахын тулд одоогоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтцийн нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж буй аж. Тайз, гэрэлтүүлэг, дэлгэц, дууны систем, гал тогооны тоног төхөөрөмж, дотоод тохижилт зэрэг ашиглалтад бэлдэх эцсийн ажлууд эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд өдөр бүр 130 гаруй ажилтан талбай дээр ажиллаж байна.

Мөн барилгын гадна тохижилт бүрэн дуусаж, дотор заслын ажлуудыг үндсэндээ бүрэн хийжээ. Харин сүүлийн шатанд техникийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтад бэлдэх нарийн ажлууд үргэлжилж буй аж. “Cu Mo” Арена-д энэ зун Орхон аймгийн 50 жилийн ойн баярын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Эрдэнэт хотын цаашдын хөгжилд чиглэсэн спорт, урлаг, соёл, олон нийтийн үйл ажиллагааны шинэ орон зай болох юм байна. Хотын дараагийн 50 жилийн өнгө төрхийг тодорхойлох энэхүү цогцолбор нь уурхайчдын хөдөлмөр, үйлдвэрийн нийгмийн хариуцлага, хотын хөгжлийн шинэ үеийн бэлгэ тэмдэг болон сүндэрлэж байгаа аж.

 

 

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 47.9 сая тонн хүдэр олборлон, 39.9 сая тонн хүдэр боловсруулж, 600.0 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5.0 мянга гаруй тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг. “Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан юм.

1972 онд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ батлагдсан ба 1973 оны хоёрдугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм. 

“Эрдэнэт үйлдвэр” нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. “Эрдэнэт үйлдвэр” нь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, ерөнхий захирлын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Финландын “Оутокүмпү” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брүк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпорац зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна. 

Г.Ёндон: Үйлдвэрийн амжилт бол уурхайчдын хамтын хөдөлмөрийн үр дүн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 21-нд болж, үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажил болон эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд нийт уурхайчдын нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Г.Ёндон энэхүү шагналыг зөвхөн өөрийн хөдөлмөрийн үнэлгээ бус, олон мянган уурхайчны олон жилийн хичээл зүтгэл, хамтын бүтээлийн үр дүн хэмээн онцоллоо. Тэрбээр уул уурхайн салбарт 35 жил ажиллах хугацаанд салбарын эрх зүйн шинэчлэл, уул уурхайн биржийн тогтолцоо, тээвэр логистикийн шинэчлэл зэрэг олон чиглэлд хийсэн ажлуудын үр өгөөжийг төрөөс өндрөөр үнэлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хяналтыг эрчимжүүлэв 

Зөвлөгөөний үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлсэн ажлуудыг танилцууллаа. Өндөр эрсдэлтэй таван ажлыг аюулгүй гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт хийжээ. Энэ долоо хоногоос дөрөвдүгээр шатны хяналт шалгалтыг Геологи, хайгуулын экспедицийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн байгаль орчны чиглэлээр борооны дараах нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж, хүчиллэг усны асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн долдугаар сарын 11-нд гарсан далангийн гэмтлийг богино хугацаанд засварлаж, эрсдэлийг бүрэн хяналтад авсан байна.

 Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажил үргэлжилж байна 

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн бэлтгэл ажлын талаар мөн мэдээлэл өглөө. Ойн арга хэмжээний бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж, үйлдвэрийн бүтцийн бүх нэгж идэвхтэй оролцож байна. Ойн хүрээнд “Cu Mo” арена цогцолбор, төв талбай, стадион болон бусад байгууламжийн тохижилтын ажлуудыг хийж байгаа бөгөөд ойн төв арга хэмжээг долдугаар сарын 23-нд зохион байгуулна. Мөн хүүхдийн зуслангийн засвар, тохижилтын ажлыг батлагдсан төсөвт багтаан бүрэн хийж, зуны ээлжийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгааг мэдээллээ. 

Үйлдвэрлэлийн гол үзүүлэлтүүд төлөвлөгөөнөөс давжээ 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийг хугацаанд нь нэгтгэн тайлагнахыг Ерөнхий захирал үүрэг болголоо. Тэрбээр эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт, хөрс хуулалт, хүдэр боловсруулалт зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд төлөвлөгөөг давуулан биелснийг онцлов. Харин молибдений ачилт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй ч зэсийн үнийн өсөлтөөр эдийн засгийн үзүүлэлтүүдийг нөхсөн байна. Нийт орлого, цэвэр ашиг, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөрийн төлөвлөгөө давж биелсэн бол зардлын өсөлтөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон дизель түлшний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Зэсийн зах зээлийн таатай нөхцөлийг ашиглан баяжмалын экспортыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн үр дүнд чухал нөлөө үзүүлснийг онцоллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны эхний хагасыг үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ амжилттай хангаж, хотын хөгжил, уурхайчдын нийгмийн баталгааг дэмжсэн бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 

Он цагийн товчоо:

1978 он: Анхны баяжмал гарган авч, жилд дөрвөн сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав. 

1980 он: Жилд найман сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулав. 

1981 он: Үйлдвэрийн дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулж, жилд 16 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов. 

1989 он: Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтад оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая.тонн хүртэл нэмэгдүүлэв. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш нэг сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв. 

1994 он: Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ыг баталсан бөгөөд “Тэсрэх бодисын үйлдвэр”-ийг ашиглалтад оруулснаар гадаадаас энэ төрлийн туслах бүтээгдэхүүн авахыг зогсоов. 

1995 он: Баяжуулах фабрикийн VI секцийн баяжуулах машинуудад техникийн бүрэн шинэчлэл хийж, Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өрмийн шинэ машин нэвтэрч эхлэв. 

1996 он: Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгжиж буй хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ыг авч хэлэлцээд үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухай Засгийн газрын 05 тоот тогтоол гаргав. Catterpillar фирмийн 136 тн даацтай, БелАЗ-7512 маркийн 120 тн даацтай өөрөө буулгагч машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ОХУ-аас эрчим хүч импортолж эхлэв.

1997 он: Хүдрийн ил уурхайд шинэ маркийн ЭКГ-10 экскаватор нэвтэрч эхэлсэн бөгөөд үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш хоёр сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв. 

2000 он: “Эрдэнэт үйлдвэр”-т 15-аас дээш жил ажилласан хүмүүст амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэрийг гаргав. Дараа нь Зөвлөлийн 31 дүгээр хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх ажилчныг дээрх шийдвэрт хамааруулахаар шийдвэрлэв. Мөн хам хөвүүлэн баяжуулах хэсгийг ашиглалтад оруулж, жилд 24 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов. 

2001 он: Нэгдүгээр хосолсон секцийн техникийн шинэчлэлийг бүрэн дуусгаснаар тус секц нь 10 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов. 

2002 он: Авто тээврийн байгууллагад БелАЗ-75145 маркийн 130 тонн даацтай өөрөө буулгагч нэвтэрч эхлэв. 

2005 он: Хүдрийн ил уурхайд “Liebherr” фирмийн 18 метр куб эзэлхүүнтэй шанага бүхий экскаватор үйлдвэрт ашиглаж эхлэв. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гурван сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв. 

2006 он: Баяжуулах фабрикийн V ээлжийг бүрэн шинэчилснээр төслийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, зургаан сая.тн хүдэр боловсруулах боломжтой болов. 

2008 он: Монголд анх удаа 15 куб метр хүдэр ачих боломжтой ЭКГ-15 гинжит экскаваторыг ашиглалтад хүлээн авав. “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхний ээлж ашиглалтад орсны 30 жилийн ойн баярын хурал 2008 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болов. 

2010 он: Жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн III секцийг ашиглалтад оруулав. 

2011 он: Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах IV секцийг шинэчилж ашиглалтад оруулав. 

2012 он: Хүдэр боловсруулалт 26 сая.тонн-д хүрэв. 

2013 он: Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах VI секцийг шинэчилж ашиглалтад оруулав. 

2014 он: “Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ анх удаа 640 цооног тэсэллээ. 

2015 он: Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа. 

2016 он: “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын үндэсний үйлдвэр боллоо. 

2017 он: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын турбингенератороор өргөтгөж, эрчим хүч үйлдвэрлэгч боллоо. 

2018 он: Монгол Улсын хөгжилд “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээлч хамт олны оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, компанийн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.СҮХБААТАРЫН ОДОН-оор шагналаа. Ийнхүү, “Эрдэнэт үйлдвэр” хос одонт үйлдвэр боллоо. 

2019 он: Зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэн, 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 961.8 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. 

2020 он: Улс орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт боллоо. 

2021 он: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Улсын баатар үйлдвэр” цолоор шагналаа. 

2022 он: Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүллээ. 

2023 он: Эрдэнэтийн-Овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ой боллоо. Энэ түүхт ойн жил мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч Азийн анхдагч загвар байгууллага болж, “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаран, Үндэсний чанарын “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр анх удаа тодорч, төрийн өмчит компаниудаас “ТОП 10” жагсаалтыг манлайлан, гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ гардаж, уурхайчдын “Эрдэнэсийн цом”-ын эзэн боллоо. 

2024 он: 41.0 сая тонн хүдэр олборлож, 38.0 сая тонн хүдэр боловсруулан түүхэн дээд амжилт тогтоолоо.

Д.Жаргалан

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.